2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04239

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 13

191/ШШ2025/04239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: **дүүрэг, * дүгээр хороо, ** дугаар хороолол, * дүгээр байр, **тоотод оршин суух,  Ж.Б /регистрийн дугаар:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***** дүүрэг, * дүгээр хороо, *** гудамж **,  М ХХК /регистрийн дугаар:**********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 99.120.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов. Хариуцагчийн эзгүйд хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 99.120.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Улаанбаатар хот, ** дүүрэг,* дугаар хорооны нутаг дэвсгэрт байх **** хотхоны ** блок, *-р орц, *-н давхар,*** тоот 41.3 мкв орон сууцыг иргэн Ш.Б Орон сууц захиалан байгуулах гэрээ-г 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулж төлбөрөө 100 хувь төлсөн. Гэрээний хугацаа 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусч орон сууцны түлхүүр гардахаар очиход захиалгат орон сууц баригдаж ашиглалтад ороогүй орон сууцны барилгын суурь нь ч тавигдаагүй байсан. Ийм хариуцлагагүй барилгын компаниас орон сууц захиалга-ын гэрээнээс татгалзаж буй талаар, компанийн холбогдох бүх дарга нарт мэдэгдсэн. Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, орон сууц захиалгын төлбөрөө буцаан авах мэдэгдлийг Монгол шуудангаар болон биеэр очиж шаардсан боловч орон сууц захиалгын гэрээгээр 100 хувь төлсөн төлбөр 66.080.000 төгрөг, алданги 33.040.000 төгрөг, нийт 99.120.000 төгрөгийг одоог хүртэл төлсөнгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Монгол шуудан ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18/244, 18/245 тоот албан бичиг, Орон сууц захиалан бариулах гэрээ, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, гүйлгээний баримт, тооцооны үлдэгдэлийн баталгаа, гэрэл зураг зэргийг ирүүлжээ. /хх 3-20/

Хариуцагчаас: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /хх-33-35/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч Ж.Б нь М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 99.120.000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: 2022 оны 9 дүгээр сард гэрээ байгуулагдсан. Гэрээгээр тохирсон хугацаанд барилга ашиглалтад ороогүй тул гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардан авч, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэж баримтаар баталгаажуулсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Нэг талаас Ж.Б, нөгөө талаас М ХХК нар 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь ** дүүрэг, * дугаар хорооны нутаг дэвсгэрт*** хотхоны *блок * дүгээр орц, * дугаар давхар, *** тоот, 41.3 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барьж дуусган худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нэг мкв-д 1.600.000 төгрөгөөр тооцон нийт үнэд 66.080.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, хүчин төгөлдөр болсноор төлөхөөр тохирч ПЗ-С-01/33-161 тоот Орон сууц захиалн бариулах гэрээ-г байгуулжээ. /хх 8-10/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

4.2.Хэрэгт авагдсан төлбөр шилжүүлсэн дансны хуулга, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар нэхэмжлэгч орон сууцны үнэд 66.080.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон. /хх 13, 18-20/

 

5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хоорондох гэрээний 3.2-т орон сууцны барилгыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон байна.

Гэвч худалдагч тал орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон, улмаар мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлээр гэрээ цуцалсныг шүүх буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн хэргийн баримтаар гэрээг цуцалж болохгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан нөхцөл тогтоогдоогүйгээс гадна хариуцагчийн зүгээс шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойшхи хугацаанд аливаа эсэргүүцлийг гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зохицуулсан.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээг цуцалснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч орон сууцны үнэд хүлээн авсан 66.080.000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

6.Талуудын хоорондох гэрээний 2.2.4-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлнө гэж тусгасан, дээрх тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээ цуцлах хүртэлх хугацаанд мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

Иймд шүүх гэрээний 3.1-д заасан ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа болох 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх 430 хоногт ногдох алдангид 14.207.200 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

/430 хоног *66.080.000 *33.040 нэг хоногт =14.207.200 /

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас 80.287.200 /66.080.00+14.207.200/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар М ХХК-иас 80.287.200 /Наян сая хоёр зуун наян долоон мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, Ж.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18.832.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 633.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 559.386 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ