Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 117

 

 

 

 

                                                 

 

 

 

                                                  

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ч-т холбогдох эрүүгийн 1810000640083 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг /томилолтоор/, хохирогч Н.Т, түүний өмгөөлөгч С.Одгариг, шүүгдэгч О.Ч, түүний өмгөөлөгч Б.Туяажаргал нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч О.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” бааранд “эхнэртэйгээ юм ярьж байхад дундуур орлоо” гэх шалтгаанаар иргэн Н.Т-г зодож эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дух, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч О.Ч-оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Миний холбогдсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр  мэдүүлсэн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйл байхгүй байна. Тухайн хэрэг гардаг өдөр эхнэр бид хоёр байгууллагын шинэ жилийн баярт оролцоод, би нилээн согтсон байсан. Би согтуурсан үедээ хохирогчийг зодсон байсан. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Би анх н.Г гэдэг залуугаас хууль зүйн туслалцаа авах гэхэд тэр “би хохирогчийг таних юм байна, би чамд тусална аа гээд намайг хохирлын мөнгө төлөх хэрэгтэй” гэхэд нь би эхнэр А-ын дансаар дамжуулан, хохирол барагдуулах зорилгоор Гантамирын дансанд 2.850.000 төгрөг шилжүүлэн төлсөн боловч уг мөнгийг хохирогч Т-д төлөөгүй байсан. Хохирогчид хохирол хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй. Манай эхнэрийн дансаар н.Г-ын данс руу мөнгө шилжүүлсэн банкны хуулга баримтыг шүүхэд өгсөн. Би сард 550.000 төгрөгийн цалин орлоготой. Би буруу зүйл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Н.Т-гээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Mint клубд найзуудын шинэ жилийн баярт очсон. Би гарч явахад нэг эмэгтэй хүн зодуулж байхыг хараад иргэний үүргээ биелүүлж, салгах зорилгоор очоод шүүгдэгч Ч-т зодуулсан. Ч нь эмчилгээний зардал төлж барагдуулаагүй. Тухайн үед эмчилгээний зардлыг би өөрөө төлсөн. Хавтаст хэрэгт эмчилгээнд 354.000 төгрөг гарах юм байна гэсэн “Гранд Мед” эмнэлгийн баримт авагдсан. Уг эмчилгээний төлбөрийг би төлсөн санхүүгийн баримт хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан байгаа.  2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсад очиж хамарны томографийн зураг авхуулна.

Одоогийн байдлаар шүүгдэгчээс нотлох баримтын хүрээнд 354.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Шүүгдэгчийн хувьд надаас уучлалт гуйсан нь үнэн. Яриад байгаа н.Г гэдэг хүн нэг удаа манай ажил дээр ирж байсан, над руу өчигдөр орой утсаар ярьж, Чоос мөнгө авсан гэдгээ хэлж, хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд эмчилгээний зардал хохирлоо нөхөн төлүүлээгүй учир гомдолтой байна. ” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810000640083 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Н.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт нэртэй бааранд найзууд дээрээ очсон. Ингээд найзуудын хамт уг бааранд найзуудын шинэ жилээ хийцгээсэн. Тэгсэн уг баарны VIP нэртэй зааланд зөөгч хийдэг миний зүс таних эмэгтэй А-ыг, үл таних эрэгтэй үснээс нь зулгаан цохиж байсан. Тэгэхээр нь би өнөөх зодож байсан эрэгтэй дээр очоод түүний зүүн мөр орчим газраас нь болиулах гэж гараараа татсан. Тэгтэл өнөөх эрэгтэй эргэж хараад миний зүүн шанаа орчим газар гараараа хэд хэдэн удаа цохисон.

Энэ хооронд тэр эрэгтэй бид хоёр хөл алдаад газарт унасан юм. Намайг босох гэж байхад өнөөх эрэгтэй надаас түрүүлж босоод баруун хөлөөрөө миний хамар орчим газар нэг удаа өшиглөсөн. Энэ үед баарны хамгаалагч, мөн менежер гэх хүмүүс ирээд нөгөө эрэгтэйг надаас холдуулж, намайг дагуулан нэг өрөө рүү оруулсан. Ингээд удалгүй гаднаас цагдаа нар ирж бид хоёрыг дагуулан Цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Цагдаагийн байгууллагад ирсний дараа намайг цохиж зодсон эрэгтэйг Ч гэж мэдсэн.

Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан юм. Намайг цохиж зодсон гэх Ч нь архи согтууруулах ундаа хэрэглэж нилээн согтолттой байсан. Өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. Би эмчилгээний зардал болон ажил алдагдуулсны зардлыг Ч-оор барагдуулмаар байна.

Миний хамарны баруун болон зүүн таславч яс хугарсан байсан. Чийг эмэгтэй хүн зодож байхыг хараад түүн дээр очиж болиулах гэснээс намайг цохиж зодсон. Ч нь ямар шалтгааны улмаас А гээд эмэгтэйг цохиж зодож байсныг би мэдэхгүй байна. А гэх эмэгтэйг цохиж зодож байхыг ойр орчимд хүн харж байгаагүй. Миний хувьд Ч-ийг цохиж зодсон асуудал байхгүй. Намайг цохиж зодож байхыг А болон баарны хамгаалагч нар харж байсан. Би 2014 оноос Минт баартай хамтарч ажиллаж байгаа тул А гэх эмэгтэйг таних болсон юм.

...Би одоогоор 354.000 төгрөгийн эмчилгээг хийлгээг хийлгээд байна. Цаашид таславч ясны далийлт хочрыг нэг мөр эмчлүүлэх шаардлагатай. 4 сарын Монголд эмчилгээнд орвол 3-5 сая төгрөгийн эмчилгээ хийгдэнэ, Солонгос руу явбал багадаа 10.0 сая орчим төгрөгийн зардал гарах байх. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Гомдолтой.” гэсэн мэдүүлэг /хэргийн 6-7х, /,

 

2. Гэрч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний ажилладаг Минт бааранд А зөөгч хийсэн. Тэгсэн А надаас “8 хүн оруулаад өгөөч” гэж гуйхаар нь би оруулсан. Тэр хүмүүсийн дунд Аын нөхөр Ч байсан. Тэгээд Ч над дээр ирээд “захирал маань 10-уулаа ирж байна, таксгүй оруулаад өгөөч” гэж гуйхаар нь тэр хүмүүсийг нь оруулж өгсөн. Тэгээд 02:00 цагийн үед манай зөөгч, “Ч-г хүн зодоод байна” гэж хэлэхээр нь би VIP заалны үүдэнд очиход Ч байсан. Тэгэхээр нь би Ч-д хандаад “яасан гэж хүн зодоод байгаа юм” гэж асуусан чинь “эхнэр Ааа хардаад эхнэрээ олж зодно” гээд байсан. Тэгэхээр нь би “ах нь учрыг олоод өгье, энэ ширээн дээр тайван сууж бай” гэж хэлээд цаашаа явж байсан чинь манай баартай хамтарч ажилдаг “Т менежерийн өрөөнд зодуулсан байна” гэхээр нь яваад очсон чинь Т-гийн хамарнаас цус гарсан, хамар нь баруун талруугаа нэлээн далийсан байсан. Тэгээд Т-гээс “хэнд зодуулсан” гэсэн чинь “танайд хуучин ажиллаж байсан залууд зодуулсан” гэж хэлэхээр нь би Чг дуудаад “энэ хүнийг яагаад цохиж байгаа юм” гэсэн чинь Ч Т рүү ахиад дайрахаар нь би дундуур нь ороод Ч-гийн чихэнд “маш их согтсон байна, одоо явж амар” гээд хамгаалалтын залуусаа “Ч-г авч гар” гэж хэлээд гаргуулсан. Тэр үед Ч “намайг хутгална, чи яагаад намайг гаргуулж байгаа юм” гэж заналхийлсэн. Тэгээд Т-г яаралтай Гэмтлийн эмнэлэг явах шаардлагатай гээд явуулсан. Тэрний дараа нэг үйлчлүүлэгч “курткаа алга болгочихлоо” гэхээр нь дагуулаад явж байсан чинь гэнэт Ч гарч ирээд миний нүүр лүү хоёр удаа цохиод өшиглөсөн. Тэгээд хамгаалалтынхан салгаад Цагдаа дуудсан.

Чгийн бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, бид нар Ч л гэж дууддаг юм. Ч эхнэрээ хардаад Т-г цохисон, би Чг хөөж гаргасан болохоор өширхөөд намайг цохисон байх. Миний зүүн шанааруу Ч гараараа 1 удаа, баруун шанаа руу 1 удаа цохисон. Миний зүүн жавж сэтэрсэн, зүүн хацар хавдаад зулгарсан байна. Цохиулсандаа гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-13х/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 554 тоот дүгнэлтэд:

1. Н.Т-гийн биед хамар ясны хугарал, дух, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 28х/,

 

4. Шүүгдэгч О.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт нэртэй бааранд орсон юм. Тэгээд уг баарнаас “Балантаянс” 0.75 литрийн дарс авч уусан. Ингээд байж байтал 01:00 цагийн орчим эхнэр Атай гэр бүлийн маргаанаас болж хоорондоо маргалдсан. Эхнэр А нь уг Минт нэртэй бааранд зөөгч ажилтай юм. Тэгээд маргалдаад зогсож байтал зүс мэдэх Т гэх эрэгтэй бид хоёр дээр ирээд “Та хоёр боль” гэж хэлээд Т миний мөрнөөс татсан. Тэгэхээр нь би түүн лүү эргэж хараад “Чамд хамаагүй” гэж хэлээд, түүний нүүрний зүүн хацар орчим гараараа нэг удаа цохисон. Энэ хооронд уг баарны менежер Г бид хоёр дээр ирж болиулаад Т бид хоёрыг дагуулан нэг өрөө рүү оруулсан. Өрөөнд ороод Г намайг “Чи хүний хамар цохидог нь яаж байгаа юм” гэж хэлээд уурлаж миний зүүн нүд орчим газар гараараа нэг удаа, мөн зүүн хөлийн подъём хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд намайг тэр өрөөнөөс гаргасан. Өрөөнөөс гараад  би эхнэр А-тай уулзах гээд баар дотор хайгаад явж байтал баарны тамхины өрөөний үүдэнд менежер Г-тай дахин таарсан. Тэгэхээр нь би түүний нүүрний зүүн хацар орчим газар нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед нилээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

Хохирогчид учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Миний учруулсан гэмтэл мөн. Надад ямар нэг учирсан гэмтэл байхгүй. Би Т-г хоёроос гурван удаа цохисон байх, яг сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 48-49х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/, хохирогч Н.Т-гийн “Гранд Мед эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн 354.000 төгрөгийн эмчилгээний зардлын баримт /хэргийн 40х/, Чийн Эрдэм 2016 оны 08 сарын 03-нд төрснийг 2016 оны 08 сарын 16-нд бүртгэж төрсний гэрчилгээ олгосон хуулбар баримт /хэргийн 61х/ Моннис Моторс компанийн тодорхойлолт баримт /хэргийн 62х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн №554 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч Н.Т, гэрч Х.Г нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, хэргийн талаар нотолвол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.   

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудыг шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Ч-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.     

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч О.Ч нь 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө, согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд, тус бааранд зөөгчөөр ажиллах эхнэр Б.А-тай маргалдан зүй бус харьцах явцад нь “боль” гэж шаардлага тавьсан хохирогч Н.Т-д “чамд хамаагүй” гэж эсэргүүцэн, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, биед нь “хамар ясны хугарал, дух, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Н.Т-гийн шүүх хуралдаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Х.Г-ын мэдүүлэг, хохирогч Н.Т-гийн биед “хамар ясны хугарал, дух, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдсон талаархи ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 554 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч О.Ч-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжигдсэн дээр дурьдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Н.Т-гийн биед учирсан “хамар ясны хугарал, дух, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч түүнийг эхнэртэйгээ юм ярьж байхад дундуур орлоо гэснээр шалтаглан цохиж зодсон гэмт үйлдэл, үр дагавар /хохирол/ шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч О.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцад /хэргийн 48-49х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус илэрхийлснийг /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тэмдэглэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйгээр болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Н.Т-гийн биед учирсан “хамар ясны хугарал, дух, хамар, зүүн нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Ч нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр /цохиж зодсон/ халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой учир Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг болох юм.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас О.Ч-ийн хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч О.Ч-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Н.Т-гийн биед учирсан хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндийн хөнгөн хохирол нь  тухайн гэмт хэргийн шууд хохиролд, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.   

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах  үүрэгтэй гэж, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол тэжээл өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.  

 

Хэргийн шүүгдэгч О.Ч нь хохирогч Н.Т-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээний зардалд “Гранд мед” эмнэлэгт эмчилгээ хийлгэж төлсөн 354.000 төгрөг /хэргийн 40-41х/, цаашид зайлшгүй хийгдэх эмчилгээний зардлыг тус тус нэхэмжилнэ хэмээн мэдүүлсэн ба шүүгдэгч О.Ч нь хохирогчийн нэхэмжилж буй эмчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлөх үүргээ ойлгосон хэмээн төлж барагдуулахаа илэрхийлсэн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Түүнчлэн шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульч гэж өөрийгөө танилцуулсан гэх н.Г гэгчээр дамжуулж хохирол нөхөн төлөх зорилгоор шилжүүлсэн гэх 2.850.000 төгрөгийг н.Г гэгч нь хохирогч Н.Т-д хүлээлгэн өгөөгүй байсныг хожим мэдсэн гэсэн тайлбар гаргаж буй хэдий ч энэ нь тухайн хэрэгт хамааралгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлж арилгасан гэж дүгнэх хуулийн үндэслэл болохгүй.

 

Иймд шүүгдэгч О.Ч-оос баримт бүхий эмчилгээний зардлын 354.000 төгрөгийг  гаргуулж, хохирогч О.Ч-т олгон гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Т-гээс цаашид ямар эмчилгээ хийлгэх болон эмчилгээний зардлын талаар эмнэлгийн байгууллага, эмчлэгч эмчийн гаргасан эмчилгээ үйлчилгээний үнийн талаарх баримтат мэдээллийг хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх түүний цаашид гарах эмчилгээний зардлыг тооцож эрүүгийн хэргийн хамт нэг мөр хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймээс хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа жич бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.    

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч О.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод тус тус нийцүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

 

Шүүгдэгч О.Ч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн /хэргийн 37х/ байгаа нь тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.       

 

Шүүх, шүүгдэгч О.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан О.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт О.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. О.Ч-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Ч-ийг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Ч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Ч-оос гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцон 354.000 /гурван зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Н.Т-д олгож, Н.Т нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа жич бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт О.Ч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД