Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0454

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У*******,*******” ТӨҮГ /РД:*******/, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Ц.О,

Хариуцагч: Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Л.Ж, Ц.Х, Х.Б нарын хоорондын “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 тоот албан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, Төвийн Төрийн банкин дахь 102220 дугаар бүхий төслийн дансыг гүйлгээ хийх эрхийг олгож, тус төвийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, П.Э, Ц.Ж, Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/07 дугаар “буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн зарцуулалт үр дүнтэй зарцуулагдсан эсэх, төслийн худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсан эсэх, төслийн тайлан илтгэл зэргийг хугацаанд нь гаргаж дүгнэж биелэлтийг тооцсон эсэх, төслийн ажилтнуудын томилгоо, хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөн, албан тушаал бууруулсан эсэх, шаардлагатай бусад” гэх чиглэлээр хяналт шалгалт хийхээр удирдамж баталсан байна.

1.2. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ерөнхий хянан шалгагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 дугаар албан шаардлага гаргасан.

1.3. У*******,*******” ТӨҮГ-аас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 тоот албан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.

1.4. 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналт шалгалтын багийн ахлах хянан шалгагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Угийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/07 тоот “Хяналт шалгалтын удирдамж”-н дагуу тус газрын хянан шалгагч-ахлах референтийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Э, хянан шалгагч-ахлах шинжээч Б.Б, хянан шалгагч-ахлах мэргэжилтэн Х.Б нар тус төвийн 2019-2024 оны баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтын дүгнэлтийг төвийн захирал Ж.Ч*******, хуулийн зөвлөх Ч.О нарт 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр амаар танилцуулсан.

Хяналт шалгалтын дүгнэлтийг бичгээр өгөх боломжгүй гээд өгөөгүй. Тус шалгалтын хүрээнд 5 шаардлага бүхий Албан шаардлага өгсөн. Тус албан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хяналт шалгалтын удирдамжийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан чиглэлийнхээ хүрээнд дүгнэлт гаргаагүй, төвийн үйл ажиллагаанд хамааралгүй журмыг баримталсан, гарсан зөрчил дутагдал гэх үйл баримтын он, цаг хугацааны дараалал тодорхой бус, зөрчил дутагдал гаргасан албан тушаалтны нэр тодорхойгүй, төвтэй Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан хүмүүсийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа маргаантай асуудлыг шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилж шийдвэрлэхийг эрмэлзсэн, тус албан шаардлагыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт мөн өгсөн зэрэг нь тус төвийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, байгууллагын бизнесийн болон захирлын ажил хэргийн нэр хүндэд муугаар нөлөөлж, байгууллагын болон төвийн захирлын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байгаа тул дээрх “Албан шаардлага”-ыг хууль зүйн үндэслэлгүйд тооцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. “НҮБ-ын *******ийн (НҮБУАӨСК) хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төслийн төсвөөс ТӨААТҮГ-ын захирлын цалинд 119,568,8 мянган төгрөг олгосон нь “Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан” Засгийн газрын “Гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.3.4 болон 9.2.28 заалтуудыг зөрчсөн гэж үзжээ.

Энэ төсөл нь Даян дэлхийн Байгаль хамгаалах сангийн буцалтгүй тусламжаар НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөрөөр дамжуулан 2019-2023 онуудад хэрэгжсэн. Төслийн гэрээг тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр байгуулж, төслийн ажилчдыг яам сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллуулж байсан.

“У*******,*******” ТӨААТҮГ нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулж, дүрмийг хавсралтаар баталснаар төвийн үйл ажиллагаа 2021 оноос эхэлж, яам дээр хэрэгжиж байсан дээрх төслийн чиг үүрэг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын (хуучин нэрээр) 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/37 тоот тушаалаар, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/160 тоот тушаалаар дээрх төслийн үлдэгдэл санхүүжилт болох 760,391.72 төгрөгийг төвийн тус төслийн Төрийн банкин дахь 1060******* дугаар бүхий дансанд шилжүүлсэн байдаг.

Буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл нь Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-аар зохицуулагддаг. Тус журамд заасны дагуу төслийн санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг Төслийн удирдах хороо баталж, зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьдаг.

Хяналт шалгалтаас төслийн санхүүжилтээс төвийн захирлын хэдээс хэдэн оны хооронд хэнд олгосон гэдгийг тодорхой дурьдаагүй бөгөөд Төслийн удирдах хорооноос батлагдсан тухайн оны санхүүгийн төлөвлөгөөнд дээрх цалингийн асуудлыг тусгасан эсэхийг тодруулаагүй.

Төслийн санхүүгийн баримтаас шүүж үзвэл:

Төвийн захирлаар 2021-2022 онд ажиллаж байсан Б.Е*******өд 70,502,164 төгрөг, 2022-2023 онд ажиллаж байсан Б.Э*******т 32,000,000 төгрөг нийт 102,502,164 төгрөг олгосон байна. Албан шаардлагад дурьдсан 119,568,800 төгрөгийн зөрүү 17,066,636 төгрөг хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй байна.

Тус төвийн одоогийн захирал Ж.Ч******* нь 2023 оны 10 дугаар сард томилогдон ажиллаж байгаа бөгөөд тухайн төслийн төсвөөс цалин олгоогүй байна. Тухайн төслийн данс болох Төрийн банкны 1060******* дугаар бүхий дансанд санхүүжүүлэгч байгууллагаас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 19,000 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 64,248,850 төгрөг орж ирснээс, төслийн ажилчдын 2023 оны 10,11,12 дугаар саруудын ажлын хөлсөнд 26.535.750 төгрөг НДШ-д 11.160.000 төгрөг, ХАОАТ-д 4.025.250 төгрөг тухайн ажилчдын түрээсэлж байсан өрөөний түрээсэнд 12.269.100 төгрөг, төслийн санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн “И*******” ХХК-д 11,000,000 төгрөг, өдрийн мэдээ сонинд Аудитын зар тавьсан зардалд 250,000 төгрөг гарч, тухайн төслийн санхүүжилт бүрэн зарцуулагдаж дууссан.

2. “НҮБ-ын *******ийн хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төслийн ажилчдын тухайд 2019 оноос яаман дээр ажиллаж байсан бүрэлдэхүүнээрээ төслийг хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд ажилласан.

Тухайн төслийн хугацаа 2023 оны 6 дугаар сарын 30-нд дуусгавар болсон боловч, нэмэлт санхүүжилтгүйгээр 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна.

Нэмэлт санхүүжилтгүй гэдэг нь санхүүжүүлэгч байгууллагаас хугацаа сунгаснаас үүдэн гарах зардлыг нэмж санхүүжүүлэхгүй гэсэн үг юм. Тухайн төсөл дээр ажиллаж байсан ажилчидтай төв нь Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ын 15 дугаар зүйлд заасны дагуу “Хөлсөөр ажиллах” гэрээ байгуулж, гэрээг дүгнэх журамтай.

Санхүүжүүлэгч байгууллагаас тухайн төслийг нэмэлт санхүүжилтгүй сунгасан учир 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш ямар ч санхүүжилт олгоогүй. Төв нь санхүүжүүлэгчээс олгох санхүүжилтийн хүрээнд багтаан тус төслийн ажилчидтай 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төслийг дуусгаж, хаалтыг хийлгүүлэхээр Хөлсөөр ажиллах гэрээг дээрх хугацаатайгаар байгуулсан боловч, тухайн төслийн ажилчид өнөөдрийг хүртэл төслийн хаалтыг хийгээгүй, гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээлгэж өгөөгүй, гэрээгээ дүгнүүлээгүй байна.

НҮБ-ын *******ийн хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн захирал Ш.Цын 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 04/267 тоот чиглэл, шахалт, шаардлагын дагуу дээрх төслийн ажилчидтай 2024 оны 1 сарын 2-ноос 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар мөн л дээрх төслийг дуусгаж, хаалтыг хийлгүүлэхээр Хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан боловч, гүйцэтгэсэн ажлын тайлан өгөөгүй, гэрээгээ дүгнүүлээгүй, төслийн хаалтыг хийгээгүй байна.

Энэ нь гэрээний үүргийн биелэлтээс үүдэлтэй иргэний эрх зүйн маргаан төдийгүй, төслийн ажилчид хийгээгүй ажлынхаа хөлсийг нэхэмжилж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд энэ асуудлыг хяналт шалгалт хийсэн багт удаа дараа тайлбарлаж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөөр байтал энэ асуудалд хамааралгүй Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйл, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар батлагдсан Засгийн газрын Гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 9 дүгээр зүйлийн 9.3.4 болон 9.2.28 заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгааг хяналтын шалгалтын баг энэ асуудалд хэт нэг талыг барьж, хувийн ашиг сонирхлоор хандсан гэж үзэж байна.

Хяналт шалгалтын баг төслийн ажилчдтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, шинээр гэрээ байгуулсан Иргэний хуульд заасан “Гэрээ дуусгавар болох”, “Гэрээ байгуулах” асуудлыг ажилчдыг чөлөөлсөн, томилсон гэж дүгнэсэн нь хууль эрх зүйн мэдлэг, ойлголт дутууг харуулж байгаа төдийгүй цалингийн өглөг үүссэн зөрчлийг арилгах гэсэн шаардлага өгч байгаа нь төв дээр хэрэгжиж байгаа бусад төслийн санхүүжилтийг зориулалтын бус зүйлд зарцуулахыг шахаж байгаа нь нэг талыг барьж асуудалд хандаж байгааг харуулж байна гэж үзэж байна.

3. Төв нь төслийн гэрээ, захирлын 2024 оны А/73 тоот тушаалаар батлагдсан худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан үр дүн, арга хэлбэр, ажил үйлчилгээ нь өөр өөр арга хэмжээг төлөвлөгөөнд тусгагдсан дүнгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулсан. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй.

Гэтэл хяналт шалгалтаас: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно” Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалын 7.10.8.2-т заалтыг зөрчсөн гэж бичсэн нь шалгаж буй асуудал материалаа бүрэн шалгалгүй, шалгаж байгаа баримт материалын санхүүжилтийн эх үүсвэрийг хольж хутган Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтууд болон Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаал “ЗГ-ын Гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, тэдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх” гэсэн заалттай хамааруулан бичсэн нь мөн л хууль тогтоомжийг санаатай буруу дурьдсан үйл гэж үзэж байна.

4. Худалдан авалтын төлөвлөгөөний дагуу 2024 онд 6 арга хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөснөөс 5 арга хэмжээ зарлагдаж, үр дүн гарсан бөгөөд төслийн санхүүжилт оройтож хийгдсэнээс болж 1 арга хэмжээг зарлагдаагүй. Иймээс ажлын үр дүн гарах хугацаа болоогүй байхад урьдчилсан дүгнэлт гаргасан нь хяналт шалгалт явуулсан этгээдийн ашиг сонирхол, мэргэжлийн ёс зүйгүй байдлыг харуулж байна. Төв дээр 2024 оноос шинээр хэрэгжсэн төслийн санхүүжилт 2024 оны 9 дүгээр сард орж ирсэн, НҮБУАӨСК-н нарийн бичгийн дарга нарийн газар руу 2024 оны 12 дугаар сарын 31-ны дотор Хоёр жил тутмын Ил тод байдлын анхдугаар тайланг явуулах Монгол Улсын гэрээгээр хүлээсэн үүргийг богино хугацаанд биелүүлэхээр ажилласан зэрэг нөхцөл байдлыг авч үзэлгүй ингэж дүгнэж байгаа нь мөн хяналт шалгалтын үйл ажиллагаа нь нэг талыг барьсан, үндэслэлгүй шалтгаанаар худалдан авах үйл ажиллагаа буруу болгох оролдлого гэж үзэж байна.

Тендер шалгаруулалтыг талаар дурдахдаа өнөөдөр боловсруулагдаж байгаа тавдугаар тайлантай холбоотой асуудлыг хөндөж тендерийн баримт бичгийг цахим системд байршуулаагүй нь худалдан авах үйл ажиллагаа үр дүнгүй болсон гэж үзсэн мөн л хяналт шалгалтын ажиллагаа нь төвийн тендертэй холбоотой 2019 оноос хойш бүх Материалыг хянах гэж авсан боловч урьд онд явагдсан тендерийн материалтай бүрэн танилцалгүй зөвхөн 2024 оны 4 улиралд явагдсан тендерийн талаар зөрчилтэй гэж бичсэн мөн нэг талыг барьсан дутуу шалгалт хийгдсэн гэсэн хардлагыг төрүүлж байна.

5. Ажлын байрны сул ороон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахдаа “Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах нийтлэг журам”-ын 3,4 дүгээр заалтуудыг зөрчсөн тухай нь одоо ажиллаж байгаа ажилтнуудад хамраалтай бол тодорхой жишээгээр дурьдаж болох байсан ч ерөнхий үгээр зөрчилтэй байна гэсэн хяналт шалгалт явуулах зарчмын ил тод байдлын заалттай зөрчилдөж байна.

6. 2022-2024 онд “У*******,*******” ТӨААТҮГ нь гүйцэтгэлийн тайлангаа үнэлж дүгнүүлээгүй улмаас үйл ажиллагаандаа хяналт шинжилгээ хийлгээгүй зөрчлийг арилгах гэсэн нь хяналт шалгалтын ажлын дутуу хийснээс үүдэлтэй шаардлага гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт төвийн 2022 оны жилийн эцсийн тайланг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 88 тоот албан бичгээр, 2023 оны хагас жилийн тайланг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 120 тоот албан бичгээр, 2023 оны жилийн эцсийн тайлангаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Гоцбаярт болон мэргэжилтнүүдэд яамны бусад албадын хамт хэлэлцүүлэгт орж оны ажлын тайлангаа хамгаалсан. 2024 оны гүйцэтгэлийн тайланг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 337 тоотоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Б.Бэд хүргүүлсэн байхад тайлангаа огт өгдөггүй мэтээр дүгнэсэн нь одоо ажиллаж байгаа захиралд буруу өгөх нэг талыг барьсан шударга бус хандлага гэж үзэж байна.

Хууль зүйн үндэслэлгүй “Албан шаардлага”-с үүдэлтэй байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, захирлын ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн байдлыг дурдвал:

1. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хууль бус “Албан шаардлага”-аас болж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дахин шалгалт хийгдэж байгаа бөгөөд энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан хяналт шалгалтыг давхардуулахгүй гэсэн зарчим алдагдаж, шалгуулсан асуудлаа дахин шалгуулахаар хяналт шалгалтаас шаардсан баримт материалыг бэлдэж, цаас, хор зарцуулж, ажилчдын ажлын цагийг хяналт шалгалтын багийнханд асуугдах, архив, баримт материал шүүх, гаргаж өгөх зэрэгт зориулсан.

2. Хариуцагчийн “Албан шаардлага”-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт өгснөөс байгууллагын болон захирлын ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй байгуулагдах шатандаа явж байсан 15,000 еврогийн санхүүжилттэй гэрээ, Азийн хөгжлийн банк (ADB)-гийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн байсан 200,000 ам.долларын гэрээ тус тус цуцлагдаад байна.

3. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хууль бус шаардлагыг үндэслэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Маас төслийн үйл ажиллагаа, зарлагын гүйлгээг зогсоох албан бичиг ирж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тус төсөлд ажиллаж буй хүмүүсийн цалинг өгөх боломжгүй, гэрээт ажлуудын төлбөрийг төлөх боломжгүй болсон.

4. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газраас манай төвтэй хамтын ажиллагаатай олон улсын байгууллагуудад захирал болон тус төвтэй хамтран ажиллахгүй байх талаар уулзалт зохион байгуулж, и-мэйл явуулсан зэрэг нөхцөл байдлууд нь байгууллагын бизнесийн нэр хүнд болон захирал Ж.Ч*******ын ажил хэргийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна.

5. Албан шаардлага нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тус төвийн үйл ажиллагаа болон, захирлын хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд сөргөөр нөлөөлөх юм.

Иймд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ны Өдрийн 01/16 тоот Албан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, Төвийн Төрийн банкин дахь 102220 дугаар бүхий төслийн дансыг гүйлгээ хийх эрхийг олгож, тус төвийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн гаргасан албан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Тус албан шаардлагад дурдагдсан 5 асуудлыг хууль зөрчсөн байдлыг нэхэмжлэлдээ тодорхой тайлбарлаж бичгээр илэрхийлсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэж нэхэмжлэлээ гаргасан.

Нэхэмжлэгч Уур амьсгалын өөрчлөлтөд судалгаа******* ТӨААТҮГ-н бүтэц зохион байгуулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталдаг. 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тушаалаар манай бүтэц орон тоог батлагдсан байдаг. Батлагдсан бүтэц орон тоогоор төв нь захирал, шинжлэх ухааны зөвлөх, судалгаа шинжилгээний хэлтэс, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хэлтэс, захиргаа удирдлагын хэлтэс, төсөл хөтөлбөр зохицуулалтын хэлтэс гэсэн 4-н хэлтэстэй 37 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулахаар батлагдчихсан. Тэгэхээр бид батлагдсан бүтэц орон тооныхоо хүрээнд ажилтан албан хаагчдаа авч ажиллуулдаг. Одоогийн байдлаар манай 4-н хэлтэс 17 ажилтан ажиллаж байгаа. Ямар үндэслэлээр энэ бүтэц орон тоондоо байхгүй ажилтан алба хаагчдыг авч ажиллуулсан гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Тухайн яригдаад байгаа төслийн тухайд 2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр энэ төсөл 2019-2023 оны хооронд хэрэгжиж байсан юм. Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэсний байгууллагын Байгаль орчны хөтөлбөртэй гэрээ байгуулаад төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулаад энэ гэрээний дагуу хэрэгжиж байсан төсөл. Манай байгууллага Засгийн газрын 2020 оны А/181 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагдсан. Ингээд үйл ажиллагаагаа 2021 оноос эхэлж явуулж эхэлсэн. Манай байгууллага байгуулагдсан оноос хойш чиг үүргийн байгууллага байгуулагдсан учраас Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хөтөлбөрийг энэ байгууллагаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм байна гэж тухайн үеийн яамдууд үзээд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/37 тоот тушаалаар төсөл хэрэгжүүлэх нэгж түүний бүрэлдэхүүн чиг үүргийг хэрэгжүүлэх тухай тушаал гарсан. Тэгээд тухайн яригдаад байгаа энэ төсөл манай дээр төслийн нэгж хэлбэрээр шилжиж ирсэн. Төслийн нэгж хэлбэрээр шилжиж ирэхдээ энэ гомдол гаргагч этгээдүүд тухайн үед буюу 2019 онд яамтай гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулахдаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилладаг, хөлсөөр ажиллах гэрээ яагаад байгуулсан гэхээр Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан гадаадын буцалтгүй тусламж авах, захиран зарцуулах хэрэгжилтэд хяналт тавих журмын 15 дугаар зүйлд заасны дагуу тухайн төслийн ажилчидтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулна гээд заачихсан байдаг. Тус журмын дагуу яаман дээр төслийн нэгж хэлбэрээр ажиллаж байхдаа гомдол гаргагч этгээдүүдтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилласан байдаг. Ингээд манайд 2021 онд сайдын тушаалаар шилжиж ирэхдээ нэхэмжлэгч байгууллага төсөл хэрэгжүүлэх нэгж хэлбэрээр шилжиж ирсэн учраас мөн хөлсөөр ажиллах гэрээгээрээ үргэлжлүүлээд ажиллаж байсан байгаа юм. Тэгэхээр шалгагч этгээдүүд маань өөрсдөө төслийн нэгжид ажиллаж байсан хөлсөөр ажилладаг ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан бүтцэд хамаарах үндсэн ажилтан хоёрын ялгааг сайн ойлгоогүй учраас ийм заалт бичжээ гэж ойлгож байгаа.

Хяналт шалгалт нь 11 сард хийгдсэн шүү дээ. Тухайн худалдан авах ажиллагаа нь жилийн эцсээр 12 дугаар сарын 31-ний өдрөөр төлөвлөгддөг. Тэгэхээр зарлагдаагүй байсан худалдан авах ажиллагааг байршуулаагүй гэж дүгнэсэн байгаа. Энэ төсөл нь Нэгдсэн Үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөртэй 2024 оны 5 дугаар сард байгуулагдсан. Төсөл хэрэгжүүлэх нэгжийг манайх руу шилжүүлсэн сайдын тушаал 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Ингээд энэ төслийн санхүүжилт нь 9 дүгээр сарын сүүлээр орж ирсэн. Тэгэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тухайн жилийн өөрөөр хэлбэл 2024 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшин худалдан авах ажиллагааныхаа төлөвлөгөөг батлуулж явдаг. Энэ төлөвлөгөөгөө 2023 оны 12 дугаар сард батлуулсан. 2023 оны 12 дугаар сард 2024 оныхоо төсвийг батлуулсан гэсэн үг. Тэгэхэд 2023 оны 12 дугаар сард энэ төсөл манай дээр хэрэгжих эсэх нь тодорхойгүй байсан.

2023 оны тайланг хүргүүлсэн. Манай үндсэн дүрэм дээр тухайн жилийн үйл ажиллагааныхаа тайланг жилийн эцэст Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын хяналт шинжилгээ үнэлгээний газарт хүргүүлнэ гэсэн заалт байдаг. Үүнийхээ дагуу 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлсэн байдаг. Хүргүүлсэн албан бичиг нь шүүхэд нотлох баримтаар өгөгдсөн байгаа. Бид дүрэмд заасан чиг үүргээ зөрчөөгүй. Манай байгууллагын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.8-д заасан байгаа. Нөгөө талаар төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар төсөвт биш Улсын төсвөөс нэг төгрөг ч авдаггүй. Тэгэхээр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан гаргаж өгөх эрхтэй байгууллагуудад манай байгууллага хамаарахгүй байсан юм шиг санагдаж байна. Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, хянуулах батлуулах чиг үүрэг бүхий байгууллагын тоонд манай төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хамаарахааргүй байсан. Засгийн газраас баталсан журам байдаг юм байна.

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд маань төслийн хамтын ажиллагааны гэрээ буюу Нэгдсэн Үндэсний байгууллагын Байгаль орчны хөтөлбөртэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний үр дүн болгоноор буюу ажил бүрээр нь төсөлтэй нь тухайн ажлын нэршилтэй нь заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр бид зааж өгснийх нь дагуу худалдан авах ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулаад худалдан авалтаа зохион байгуулдаг гэсэн үг. Хариуцагч ямар үндэслэлээр ингэж дүгнэснийг ойлгохгүй байна” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайд ирүүлсэн шаардлагуудыг тус бүрд нь танилцуулж бичгээр тайлбар өгсөн. Тус шаардлагууд дотор яг манай байгууллагатай холбоотой яг ямар алдаа дутагдал гаргасан, бид ямар үүрэгтэйгээр засаж сайжруулах талаарх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байгаа. Тодруулбал, хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан, удааширсан, үр дүнгүй болох эрсдэл үүссэн гэдэг. Өнөөдрийн байдлаар манай байгууллага хяналт, шалгалт явагдаж байхад Үндэсний 4-р тайлан буюу 2 жил тутмын 2 тайлан хэвийн хэрэгжээд явчихсан. Дараагийн 5-р тайлан энэ оны сүүлээр тайлангаа боловсруулаад бүрэн өгчихсөн ийм байдалтай байхад, төсөл хэрэгжүүлэлт үндэслэлгүй үр дүнгүй болох эрсдэл үүссэн гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Үүнийг бид дүгнэлт л гэж ойлгож байна. Ингээд төслийн гэрээ дууссан ажилтнууддаа цалингийн өр үүсгэсэн зөрчлөө арилга гэдэг нь манай байгууллагын талаас үүсгэсэн зөрчил буюу үүсгэсэн асуудал огт биш. Бид нотлох баримтаар анхнаасаа хэрэгжиж явсан Олон улсын төсөл маань тухайн үедээ өөрөөр хэлбэл 4-р тайлан илтгэлийг боловсруулах явцдаа гаргасан төсвийн хугацаа дууссан төсөвт зарцуулах санхүүжилт бүрэн зарцуулагдаад, авах эзэнтэй, цалин хөлсөө бүрэн төлөгдөөд явсан. Дараа нь сунгасан асуудал нь зөвхөн үйл ажиллагаагаа тайлан боловсруулалт болон хаалтын гэрээ бусад хэвлэн нийтлэх, тараахтай холбоотойгоор үүссэн сунгалттай байгаа. Энэ ажилласан хугацааныхаа цалинг эдгээр хүмүүс нэхэмжлээд байгаа бид үүнийг шалгалтын бүрэлдэхүүнд тодорхой тайлбарласан. Нотлох баримт нь юу гэхээр төслийн дараа нэмэлт өөрчлөлт гэсэн нэмэлт гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээ санхүүжилтгүй хийгдсэн гэрээ тухайн үед Англи хэл дээр байсан байх одоо албан ёсны орчуулгын товчоогоор орчуулаад цалингийн өр нэхэх үндэслэл байхгүй байна үүнийг эргэж хараач гэдгийг бид анхнаасаа танилцуулж байсан. Мөн яригдаад байгаа 55 сая төгрөгийн асуудал нь зөвхөн 2-р тайлантай холбоотойгоор үүссэн зөрчил байна энэ зөрчлийг арилга гэдэг. Манай байгууллагаас энэ зөрчлийг арилгах ямар ч үндэслэл байхгүй хэрвээ шаардлагатай бол Олон улсын байгууллага нь эдгээр хүмүүсийг ажилласан гэж үзээд санхүүжилтээ бүрэн оруулаад ирвэл бид ирсэн санхүүжилтийг эдгээр хүмүүст шилжүүлж өгөх боломжтой. 2025 оны 01 дүгээр сард Байгаль орчны яамны дотоод хяналтын газар шалгалтынхаа удирдамжид зааж шалгаж үзсэн.

Мөн хяналт шалгалтын танилцуулга дотор Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл биднээс мөнгө нэхэмжлээд байгаа тэдгээр хүмүүс бусдад гэм хор учруулсан бол ажил олгогч төлөхөөр байна. Гэтэл манай тохиолдолд төслийн багт ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө цалингаа өгөхгүй байна гээд нэхэмжлээд байгаа нь ялгаатай асуудал.

Албан шаардлагад захирлын зардал 119 сая 582 мянган төгрөгийн зардлаас хэтэрсэн байна гэж оруулаад байгаа юм. Үүнийг яаж ялгах ёстой гэхээр тус зардлууд болон цалин хөлс нь тухайн байгууллагад урьд нь ажиллаж байсан н.Е*******, н.Э******* нартай холбоотой асуудал байгаа. Гэтэл өнөөдөр ажиллаж байгаа Ж.Ч******* захирал энэ цалинг авсан мэтээр ойлгогдож байна. Шинээр томилогдсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон удирдах албан тушаалтай хүмүүс манай байгууллагын санхүүгийн зөрчил мэтээр үндэслэж танилцуулсан. Шалгалт хийж байгаа хүмүүс хэн нь ямар цалин авсан гэдгийг тусад нь бичих юм бол ойлгогдоно.

Мөн 4-р тайлантай холбоотой Олон төслийн ажлуудыг бид тодорхой хоёр байгууллагын жишээгээр авахад нийтдээ 592 сая төгрөг буюу хагас тэрбум төгрөгийн ажил тендерийн асуудлыг шалгачихсан байна. Энэ асуудлыг хөндөж гаргаж ирээд шалгаад оруулж байгаа атал 2024 оны 09 дүгээр сараас хойш хийгдсэн тендерийн асуудалд бид гол анхаарлаа хандуулсан. Үүнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өөрсдөө аудит оруулдаг. Мөн бид аливаа худалдан авах ажиллагааг явуулахдаа эхлээд жилийн төлөвлөгөөгөө батлуулаад үйл ажиллагаануудаа явуулж байгаа. Нэг ч өөрийн санаачилгаар дур мэдэн тендер, худалдан авуулах ажиллагаа явуулаагүй. Санхүүгийн зөрчлийн асуудал шалгалтын явцад гарч ирэхэд бид ерөөсөө буруу зөв гэж үзэхгүй яагаад гэвэл шалгах хүмүүс гаргаад ирж байна. Тэгтэл яагаад бусдыг нь гаргахгүй буюу томоохон зөрчил байгаад байхад орхигдуулж өнөөдрийн байгаа захирлын нэр хүндэд маш их хортойгоор нөлөөлж байгаа. Ямар ч хяналт тавьж чаддаггүй шинээр томилогдсон хүмүүс ингэж нөлөөлж байгаа. Эдгээр дүгнэлтүүдээс болж энэ байгууллагын бизнес үйл ажиллагаа зогссон. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллагаас гаргасан дүгнэлтийг яамны дотоод хяналтынхан удирдамждаа удирдлага болгож оруулсан. Хамгийн гол асуудал нь хяналт шалгалт явуулах үйл ажиллагаатай холбоотой хууль зүйн үндэслэл бүхий баримт бичиг болох удирдамжийн талаар хэдэн үг хэлэх ёстой. Яагаад гэвэл удирдамж нь зорилго зорилтдоо үндэслэлтэй байсан уу, хууль, дүрэм тогтоомжоо зөв хэрэглэсэн үү, яг удирдамжийнхаа дагуу хяналт шалгалтаа явуулсан уу, гэдэг асуудал урган гарч ирнэ. Удирдамж батлах тухайгаа удирдамжийнхаа заалтад оруулаад эхэлж байгаа. Тус удирдамжийг ямар учиртай удирдамж гээд үзэхэд удирдамжийн 1.1 маш тодорхой Засгийн газрын хяналтын тухай хуулийн 11-д заасан өргөдөл гомдлын мэдээллийн дагуу, 13.1 буюу өөрийнхөө үүрэгт хамаарах асуудлаар, 20-д заасан буюу хянан шалгагчийн эрх үүрэг гэж байгаа, мөн дотроо Хяналт шалгалтын тухай хуулийн 20.3, 20.3.1-д заасан удирдамж батлах гээд удирдамж батлах тухайгаа удирдамжийнхаа заалтад оруулаад эхэлж байгаа юм. Хяналт шалгалтын удирдамжийн 1.2-т хяналт шалгалтыг Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 33 дугаар зүйлийн 33.11-д заасныг болон Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хууль, Захиргааны хууль гээд Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг гээд нийтийн албаны болон орон нутгийн тухай гээд төсвийн хуулиуд нягтлан бодох гэх мэтчилэн маш олон хуулийн заалтуудыг баримтлаад шалгалтын удирдамжийн дагуу гүйцэтгэнэ гэж бичсэн байна. Засгийн газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажлыг нэгтгэн удирдана” гэж заасан. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хууль дүрмийг бэхжүүлэх Засгийн газрын бүрэн эрх гэсэн хуулийн заалттай.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын бүрэн эрхийг баримталчихсан байгаа юм. Хэрэв хяналт хэрэгжүүлэх гэж байгаа бол зарим тодорхой заалтуудыг удирдамждаа оруулах ёстой байсан. Энэ бүгдээс харахад удирдамж ийм хууль зүйн алдаатай хяналт шалгалт хийх хүрээ ойлгомжгүй болно. Мөн манай байгууллагын үйл ажиллагаа захирлын ажлыг бодитоор бүрэн тусгасан нь эргэлзээтэй, байгууллагын олон захирлууд дамжсанаас үүссэн ололт болон алдааг ялгаж дүгнэлт гаргасан эсэх нь эргэлзээтэй байдаг. Мөн албан шаардлагуудаа хольж хутгаад ойлгомжгүй, уялдаагүйгээр гаргасан жишээлбэл албан шаардлагын 5-д арга хэмжээ авах тухай заалтыг бичээд байгаа боловч хэнд ямар зөрчил гаргасанд арга хэмжээ авах эсэх нь ойлгомжгүй. Биднээс хариулт болгож янз бүрийн юм зохиогоод бичиж болох боловч Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага өндөр түвшний хяналт шалгалт явуулдаг байгууллага гэж ойлгож байгаа. Гэтэл ийм бөөрөнхий байдлаар бичсэнээр бид ажил гүйцэтгэхэд үнэхээр хүндрэл бэрхшээл үүсэж байгаа. Хэнд арга хэмжээ авах, ямар хуулийн заалтаа засаж залруулах цаашдаа бид юунд анхаарч ажиллах зэрэг ямар ч ойлгомжгүй. Иймд маргаан бүхий албан шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Бидний зүгээс шалгалт хийгдсэн юм бол тодорхой албан тушаалтныг зааж өгөх хэрэгтэй байлаа гэж үзэж байгаа. Гэтэл ямар албан тушаалтанд ямар асуудлаар хариуцлага тооцох тухай танилцуулга, албан шаардлага дээрээс харах боломжгүй. Ийм учраас бид хэнд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм, Олон улсын төсөл хэрэгжүүлж байгаа энэ хүмүүст алдаа дутагдал байгаад байгаа юм уу, эсхүл манайд хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа албан хаагчид дунд энэ талаар доголдол гаргасан хүн байгаад тэрийг бид илрүүлээд тэрэнтэй холбоотой юм байгаа юм уу, ямар ч ойлгомжгүй байгаа” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт нэр бүхий 4 иргэнээс 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа “У*******,*******” ТӨААТҮГ-ын үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан өргөдлийг Засгийн газар дах хяналтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасны дагуу хүлээн авч хянан судлахад гомдолд дурдагдсан байгууллага нь Засгийн газар дах хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “...яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулна” гэх заалтад хамаарч байх тул дээрх төвийн үйл ажиллагаанд Ахлах хянан шалгагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/07 дугаартай Хяналт шалгалт явуулах тухай удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулсан.

1. Гомдол, нэхэмжлэл гаргах хугацааны хувьд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... шалгалтын дүгнэлтийг төвийн захирал Ж.Ч*******, хуулийн зөвлөх Ч.О нарт 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр амаар танилцуулсан. Хяналт шалгалтын дүгнэлтийг бичгээр өгөх боломжгүй гээд өгөөгүй. Тус шалгалтын хүрээнд 5 шаардлага бүхий "албан шаардлага” өгсөн” гэжээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, тайлан дүгнэлтийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дээрх албан тушаалтнуудад танилцуулж тайланд гарын үсэг зуруулж, албан шаардлагыг гардуулан өгсөн бөгөөд уулзалтын тэмдэглэл хөтөлсөн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан ба нэхэмжлэгч нь 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна. Тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд хугацааг тодорхойлох талаар заасан бөгөөд 33.3.Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно, 33.4.Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж тус тус заасан тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн эцсийн өдөр 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байна.

Дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу шүүгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна.

2. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд:

Нэхэмжлэл гаргаж байгаа байгууллага нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэх заалтын дагуу гомдлоо хянан шийдвэрлүүлэх эрхтэй байсан болно. Гэвч хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд “У*******,*******” ТӨААТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 дугаар албан шаардлагатай холбогдуулж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У**************ийн дүрмээр эрх олгосон албан тушаалтан Төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр уур амьсгалын өөрчлөлтийн талаар тогтоол шийдвэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төрийн үйл ажиллагааны чиглэл бүтцэд нийцүүлэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах ажилтныг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, илэрсэн зөрчилгүй тутамд заасан үндэслэл шийтгэлийн үе шатанд оногдуулах замаар байгууллагын хэвийн үйл ажиллагаа тохиолдолд орох үүрэгтэй. Онцгой дутагдалтай байхад удирдах захиргааны хэмжээний шинжтэй акттайгаар үүсэж болох нөхцөл байдал эрсдэлийг тооцоогүй, хууль зүйн гүйцэтгэлийн шийдвэр гаргаж байгаа гээд шаардлага дээрээ заасан. Бүтцэд нийцүүлэн гэдэг нь ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг баталсан ажлын байрны тодорхойлолттой нийцэхгүй хүмүүс томилогдоод ажилласан буюу мэргэжлийн бус хүмүүс ажилласан байдаг.

Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийн хуулийн этгээдийн ажлын байрны сул орон тоог нээлттэй сонгон шалгаруулалтын нийтлэг журмын 3.4-т сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд хүргэх гэж заасны дагуу зохион байгуулах ёстой. 2023-2024 онд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг байгууллагынхаа 2 цахим хаягаар зохион байгуулах арга хэмжээг авсан гэж байгаа юм. Энэ талаар тайлан дээрээ тусгасан байдаг. Сүүлд шүүхэд хүргүүлсэн тайлбар, материалаар хүмүүсийн нэрсийг нь өгсөн.

2022 оны Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/548 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс эрхлэх асуудлын хүрээнд 60 байгууллагын 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх зорилгоор хийсэн ажлын үр дүнгийн танилцуулга байгаа. Үүнд у************** төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг 79 хувиар үнэлсэн байгаа. Харин 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/610 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс эрхлэх асуудлын хүрээнд мөн 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийсэн ажлын танилцуулгад тус төвөөс тайлангаа ирүүлээгүй тул хяналт шинжилгээ үнэлгээ хийгдээгүй талаар тусгаж дүгнэсэн.  2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/417 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс эрхлэх асуудлын хүрээнд 2024 оны хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дүгнэхэд тус бүр тайлангаа ирүүлээгүйгээс хяналт шинжилгээ үнэлгээ хийгдээгүй болсон болохыг ажлын хэсгийн ахлагч болон гишүүдээс салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт танилцуулж баталгаажуулсан баримт бичгийн мэдээллийг ирүүлсэн. Иймд тухайн байгууллага нь гүйцэтгэлээ үнэлүүлж дүгнүүлээгүй учраас хяналт шинжилгээ хийгдээгүй зөвлөмж өгөгдөөгүй байна. Энэ нь дутагдалтай байна төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу нэхэмжлэгч байгууллага дүгнүүлээд байдаг. Байгаль орчны яам руугаа дүгнүүлээгүй байна гэсэн асуудлыг зөрчил гэж авч үзээд шаардлагад дурдсан юм. Ж.Ч******* захирлын хувьд бидэнтэй хийх уулзалтын үеэр 2024 оны 06 дугаар сард бүх газрууд очиж тайлангаа хамгаалсан гэж ярьдаг. Хяналт шалгалтын хүрээнд байгуулагдсан Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас нь харьяа байгууллагынхаа үйл ажиллагааг дүгнэсэн бол дүгнэсэн мэдээллийг ирүүлнэ үү гэхэд 2022 онд дүгнэсэн, 2023, 2024 оны хагас жил хүртэлх хугацаанд 2 удаа дүгнэгдээгүй байна. Сүүлд маргаантай үүссэнтэй холбоотой асуудлаар 2024 оны жилийн эцсээр мөн адил үйл ажиллагааг нь дүгнэсэн үү гэхээр дүгнээгүй, үнэлүүлээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн байгаа. Үүнийг үндэслээд албан шаардлагад зөрчил болгож дурдаж оруулсан.

5-н зөрчлийн хүрээнд зөрчил тус бүр дээрээс илэрсэн зөрчил болон ийм алдаа дутагдал байна. Үүнийг засаж залруулах арга хэмжээ аваач ээ. Хэрэв буруутай албан тушаалтан тогтоогдсон бол тухайн албан тушаалтанд нь хариуцлага тооцъё л гэсэн санаагаар явуулсан юм. Нэхэмжлэгч байгууллага маань хэн гэдэг албан тушаалтанд ямар хууль тогтоомж буюу ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ үүргээ биелүүлээгүй бол ямар хүнд хариуцлага тооцох гэдгийг дэлгэрэнгүй тодорхой дурдах ёстой байсан гэж ярьж байгаа. Жишээлбэл хүний нөөцийн бүрдүүлэх чиглэлээр сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг нь томилогдсон байгаа ажлын хэсгээс ажлын байрны сул орон тоо зарлагдсан тохиолдолд тухайн албан тушаал дээр тавигдах тусгай шаардлага шалгуурыг хангаагүй хүнийг шалгаруулаад тэнцүүлээд тухайн ажилд авсан зөрчил дутагдал илэрч байгаа. Жишээлбэл хүлэмжийн тооллогын чиглэлээр мэргэшсэн байх гэсэн асуудал дээр шаардлага хангахгүй албан тушаалтан томилогдчихсон ажиллаж л байгаа. Энэ нь эргээд зөрчил болж байгаа учраас ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан сонгон шалгаруулж ажилд томилсон тэр хүмүүст хариуцлага тооцъё гэсэн санаа явж байгаа. Нөгөө талдаа худалдан авах ажиллагаанд мөн адилхан худалдан авах ажиллагааны үйл ажиллагаа төлөвлөгөөнд заасны дагуу жилийн эцэс болж байхад тухайн хугацаатай заасан төслүүд нь хэрэгжээгүй байгаа нь цаашдаа хэрэгжих боломжгүй хор уршиг, үр дагавар үүсэж болзошгүй байна хяналтаа тавьж ажиллаагүй этгээд тухайлбал байгууллагын албан тушаалтан өөрөө юм уу, эсвэл худалдан авах ажиллагааг хариуцах ёстой мэргэжилтэн юм уу, ажилтан юм уу хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцуулах агуулга явж байгаа. Үүнтэй уялдаатайгаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам руу ажлыг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцъё гэсэн санал нь давхар явсан байгаа” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн зарыг оруулсан байгаа боловч тендерийн баримт бичгээ хавсаргаж оруулаагүй байгаа юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.1-д хуулийн үйлчлэх хүрээг буюу Улсын Их хурал болон Төрийн аудитын байгууллага нутгийн захиргааны удирдах байгууллага гэх мэтээр хуульчилсан. Засгийн газрын хяналт шалгалт гэдэг бол өөр ойлголт мөн хуулийн 3.2-т төрийн үйлчлэхгүй асуудлыг нь зааж өгсөн байж байгаа. Энэ үйлчлэхгүй асуудал дээр энэ төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.1 дурдагдчихсан байж байгаа энэ хоёр шалгалт хоёр өөр шалгалт шүү гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг нэхэмжлэгч талаас тайлбарласан. Тэгэхээр манайх Засгийн газар дахь хяналтын тухай хууль гээд 2022 онд батлагдсан хуулийн дагуу байгуулагдсан байгууллага байгаа. Тухайн Засгийн газар дахь хяналтын тухай хуульд манай байгууллагын чиг үүрэг болон өргөдөл гомдолд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын хүрээ хянан шалгагч нарын маань эрх үүргийг тодорхой зохицуулчихсан байдаг. Тэр хүрээндээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу заавал улсын байцаагчийн эрхтэй байна гэсэн асуудал нь хамаарахгүй.

Манай албан шаардлага нь ерөнхийдөө Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 15.3-т заасныг баримталсан. Албан шаардлага ерөнхийдөө манай хянан шалгагч нар хяналт шалгалтаа хийчхээд ахлах болон ерөнхий хянан шалгагчдаа танилцуулаад албан шаардлага гардаг. Манай байгууллага тухайн хяналт шалгалтын албан шаардлагыг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Төрийн өмчийн зохицуулалтын газарт хүргүүлсэн байгаа. Албан шаардлага маань ерөнхийдөө мэдээлэл маягаар тухайн байгууллагуудад очсон ямарваа нэгэн тухайн байгууллагад чиглэсэн зохицуулалт агуулаагүй эрх зүйн ямар нэгэн шууд үр дагавар бий болгоогүй. Нэхэмжлэгч талаас яам дахин хяналт шалгалт хийгээд манай төвийн захирлыг 0 гэж үнэлсэн, захирлын хувьд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байна гэсэн, мөн гэрээ байгуулах боломжгүй болгож байгууллагын болон бизнесийн нэр хүндэд халдсан манай эрх ашиг хөндөгдсөн гэсэн тайлбарыг хэлж байна. Яамнаас хийсэн үйл ажиллагаа буюу эрх зүйн үр дагавар нь яам үүсгэсэн үйл ажиллагаа. Тэгэхээр манай албан шаардлага хуулийнхаа дагуу тухайн байгууллагуудад хүргэгдсэн. Яаманд ямарваа нэгэн хяналт шалгалт хийсэн нь тухайн байгууллагынх нь өөрийнх нь үйл ажиллагаа. Мөн албан шаардлага маань ямарваа нэгэн хориглосон болон эрх олгосон зөвшөөрсөн журамласан зүйл байхгүй бөгөөд энэ нь захирамжилсан шинжийг агуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д энэ талаар зохицуулсан байгаа” гэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 онд хэрэгжих нь 352 мянган ам.доллар байгаа. Үүнд 50 саяын 2 ажил байгаа юм. Энэ төсөвт өртгийн худалдан авах ажиллагааг тендер.мн дээр байршуулж зарлачихсан байх ёстой байтал байршуулаагүй байна гэдэг зөрчил юм. Тус 2 худалдан авах ажиллагааны талаарх баримт 2 дахь боть-н 111 дүгээр хуудас дээр авагдсан байгаа.

Ерөнхийдөө эхний 50 сая сүүлийн  батлагдсан төсөв хуваасан гэх, 352 мянган ам.доллартай 2-р тайлан, үндэсний 5-р тайлан илтгэлтэй тайлангийн асуудал яригдаад байгаа.

Нэхэмжлэгчээс хяналт шалгалтын удирдамжийг ярьж байна. Хяналт шалгалтын удирдамжид бид зорилгоо тавиад урьдчилан сэргийлэх үйлчилгээгээ үзүүлэхдээ өргөдөл гомдлын дагуу мэдээллийн дагуу хяналт шалгалтаа хийнэ гэж дурдсан байгаа. Засгийн газрын тухай хуулийн 14, 33 бусад хуулийг шалгуур үзүүлэлтүүдийг тавьж өгсөн. Хяналт шалгалтыг удирдамжийн дагуу хийгдсэн гэж үзэж байна. Удирдамж нь 5 асуудлын хүрээнд авч үзсэн. Үүнд:

Буцалтгүй тусламжаар хийгдсэн төсөл төслийн зарцуулалт үр дүнтэй зарцуулагдсан эсэх, худалдан авах ажиллагааны үр дүнтэй зохион байгуулагдсан эсэх, төслийн тайлан илтгэл зэргийг хугацаанд нь гаргаж дүгнэж биелэлтийг тооцсон эсэх, төслийн ажилтнуудын томилгоо хууль бусаар халагдсан чөлөөлөгдсөн эсэх, шаардлагатай бусад гэсэн ийм 5-н чиглэлийн хүрээнд бид хяналт шалгалтаа хийсэн. Удирдамж дээр энэ шалгуурын дагуу хийнэ гээд заагаад өгсөн байхад ойлгохгүй байна гэж асуугаад байгааг би гайхаж байна. Удирдамжийн 10.1.3-д бид хуулиа үндэслэн хяналт шалгалт явуулна гээд заагаад өгчихсөн, 1.2 дээр шалгуур болон баримтлах хуулийн дагуу шалган гээд заагаад өгчихсөн байхад энэ удирдамжийг ойлгохгүй байна гэдэг нь өрөөсгөл асуулт байна.  Мөн төслийн нэгж нь төсвийн тухай хууль буюу толгой хуулиа баримтлах ёстой ийм төсвийн тухай хуульд заасан зарчмыг бариад ажиллаач гэдэг зүйлийг хэлмээр байна” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “У*******,*******” ТӨҮГ-аас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргад холбогдуулан “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 тоот албан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүйд тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах” гэж тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлээ

  • Удирдамж үндэслэлгүй, батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын хэрэгжүүлээгүй
  • Хяналт шалгалт хийх хүрээ тодорхойгүй,
  • Шаардлага ойлгомжгүй, ямар хариу авах гээд байгаа нь тодорхойгүй,
  • Гомдол гаргасан этгээдүүдээс дэмжлэг авч нэг талыг барьсан дүгнэлт гаргасан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

3. Шүүх нэхэмжлэгчээс тодруулсан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Маргааны үйл баримтын тухайд:

4.1.  Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/07 дугаар “буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн зарцуулалт үр дүнтэй зарцуулагдсан эсэх, төслийн худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсан эсэх, төслийн тайлан илтгэл зэргийг хугацаанд нь гаргаж дүгнэж биелэлтийг тооцсон эсэх, төслийн ажилтнуудын томилгоо, хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөн, албан тушаал бууруулсан эсэх, шаардлагатай бусад” чиглэлээр хяналт шалгалт хийхээр удирдамж баталсан байна.

4.2. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ерөнхий хянан шалгагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 дугаар албан шаардлагын ШААРДАХ нь хэсэгт:

1. Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “У*******,*******” ТӨААТҮГ-ын дүрмээр эрх олгогдсон албан тушаалтан нь төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх тогтоол, шийдвэр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төвийн үйл ажиллагааны чиглэл, бүтцэд нийцүүлэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, илэрсэн зөрчилд хууль тогтоомжид заасан үндэслэлээр шийтгэлийг үе шаттай ногдуулах замаар байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүргээ хэрэгжүүлэх ажиллагаа дутагдалтай байх тул удирдлагаас захиргааны хэм хэмжээний шинжтэй актыг гаргахдаа үүсэж болох нөхцөл байдал, эрсдэлийг тооцон хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргаж байх,

2. Хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулаагүйгээс төслийн зарцуулалтын төлөвлөгөө, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө уялдаагүй, тайлант онд хэрэгжиж эхэлж, дуусах төслийн санхүүжилт удааширч хэрэгжилт үр дүнгүй болох эрсдэл үүссэн, төслийн гэрээний хугацаа дууссан ажилтан нартай гэрээ байгуулж цалингийн өр үүсгэсэн зөрчлийг арилгах талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах,

3. ТӨААТҮГ-ын 2022-2024 оны гүйцэтгэлийн тайланг үнэлж дүгнүүлээгүйгээс улмаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийгдээгүй зөрчлийг арилгах,

4. Төсөл хөтөлбөрийн батлагдсан төлөвлөгөөг шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хуваахгүйгээр, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг бодитой боловсруулан, худалдан авах ажиллагааг хуульд нийцүүлэн үр дүнтэй зохион байгуулах,

5. Цаашид үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, зөрчил, дутагдлыг гаргахгүй байхад анхаарах чиглэлээр холбогдох албан тушаалтанд чиглэл, зөвлөмж хүргүүлж, мэргэжил арга зүйгээр хангах” гэжээ.

            4.3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 03/58 тоот албан бичигт “... Хоёр жил тутмын ил тод байдлын анхдугаар тайлангийн боловсруулалт, үүнтэй холбоотой санхүүжилтийн зарлагын гүйлгээг түр хугацаагаар зогсоохыг үүгээр мэдэгдье” гэжээ.

            4.4. Төрийн банкны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12в/2475 тоот албан бичигт “... 1060*******, 1060 тоот данснуудын эзэмшигч “У*******,*******” ТӨҮГ /РД:*******/ нь Банкны бүртгэлд Улаанбаатар, Сүхбаатар, 8 дугаар хороо хаягийг гар утасны 99 дугаарын хамт бүртгүүлсэн байна. 1 дүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээдээр нягтлан бодогч Ж.Ч******* /РД:ЧП/ бүртгүүлсэн байна” гэсэн,

 

            5. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэнэ” гэж, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ”  гэж, Засгийн газрын 2020 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан ““У*******,*******” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын  дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.2-т ““У*******,*******” Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (цаашид “төв” гэх) нь Улсын Их Хурал, Засгийн газар, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий, өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг, бие даан иргэний эрх зүйн харилцаанд ордог аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар мөн” гэж заажээ.

            6. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хэдийгээр аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын статустай боловч “уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан төрийн бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах” үндсэн чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээд байна.

            7. Энэ тохиолдолд тухайн хуулийн этгээдийн захиргааны актыг эс зөвшөөрч гаргах нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” гэж заасан хүрээгээр хязгаарлагдана.

            8. Тухайн тохиолдолд хууль зөрчигдсөн, нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээр дурьдсан чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Тодруулбал,

9. Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулиар яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан /цаашид “байгууллага, албан тушаалтан” гэх/, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбогдсон харилцаа”-г зохицуулахаар, 10 дугаар зүйлийн 10.1.4-т зааснаар хяналт шалгалтыг “өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалтыг хэрэгжүүлэх”-ээр, 18 дугаар зүйлийн 18.4-т “...гомдлыг шийдвэрлэх, хариуг зохих журмын дагуу өгөх талаар ахлах хянан шалгагчийн албан шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлэх”-ээр хуульчилснаас үзвэл, хариуцагч нь хуулиар хүлээсэн төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийн хүрээнд маргаан бүхий албан шаардлагыг гаргасан байх тул хууль зөрчигдсөн гэж үзэхгүй.

10. Мөн дээр дурьдсанчлан нэхэмжлэгч хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн этгээд болохынхоо хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн хийгээд тусгай зарчмууд, тэр дундаа 4.2.1-т нь заасан “хуульд үндэслэх” зарчмын хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, хариуцагчаас маргаан бүхий шаардлагаар хууль хэрэгжүүлж ажиллах ерөнхий чиглэлийн шаардлагыг хүргүүлсэн байх тул уг албан шаардлагын улмаас нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн, байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээргүй байна. Үүнд:

10.1. Хариуцагч захиргааны байгууллагаас хэрэгжүүлсэн хяналт шалгалтын явцад “Нэгдсэн Үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төслийн нэр бүхий 4 ажилтныг 2 жил орчмын хугацаанд 3 удаа томилж, 2 удаа чөлөөлсөн болох нь “У*******,*******” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б/23, 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/14, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/16, 05 дугаар сарын 30-ны өдрийн А/46 дугаар тушаалууд гарснаар тогтоогдож байх тул хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргахыг, мөн гэрээний хугацаа дууссан ажилтан нартай гэрээ байгуулж цалингийн өр үүсгэсэн зөрчил тогтоогдсон байх тул зөрчлийг арилгах талаар хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээ авахыг тус тус шаардсан шаардлагыг хүргүүлснийг хууль бус гэж үзэх боломжгүй.

10.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-д “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна”, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан ба ийм төрлийн гэрээнүүдийн хугацааг талууд хуульд зааснаар, эсхүл тохиролцон тогтоох, мөн сунгах, цуцлах боломжтойгоор хуульчилсан байхад нэхэмжлэгч нь хуулийн эдгээр зохицуулалтуудыг оновчтой хэрэглээгүй байна.

10.3. Хэрэвзээ дээрх ажилтнуудыг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн харилцаа нь уг гэрээний зүйл, хугацаагаар тодорхойлогдох тул ажилд томилох тушаал гаргах шаардлагагүй ажилтнууд нь тухайн байгууллагын үндсэн ажилтанд тооцогдохгүй тул гэрээний хугацааг тухай бүрд нь сунгах замаар уг харилцааг зохицуулах боломжтой.

10.4. Харин Нэгдсэн Үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төслийн ажилтан Х.У, Ш.Г, Б.Б, Ө.Д нарын эрхэлж байсан ажлууд нь “У*******,*******” ТӨААТҮГ-ын байнгын ажлын байрны шинжтэй байх тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн шинэчлэн байгуулах замаар ажилтны эрх зүйн байдлыг тодорхой болгох нь бодит нөхцөлд илүү тохирохоор байсан байх тул маргаан бүхий албан шаардлагад “төвийн үйл ажиллагааны чиглэл, бүтцэд нийцүүлэн ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах” гэснийг буруутгах боломжгүй байна.

 

11. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд”-ийг төсвийн шууд захирагч, 4.1.53-т “олон улсын байгууллага, түнш орноос Засгийн газрын шугамаар, эргэн төлөгдөх нөхцөлгүй, хүмүүнлэгийн болон буцалтгүй, техник туслалцааны хэлбэрээр Монгол Улсад олгож байгаа хөрөнгийн эх үүсвэр”-ийг гадаадын тусламж гэж тодорхойлсон, 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасан.  

12. “Нэгдсэн Үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төсөл нь Нэгдсэн үндэсний байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн (S1-32GFL-) буцалтгүй тусламжаар хэрэгжсэн байна.

13. Энэ тохиолдолд Сангийн сайдын 2021 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаадын зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-аар зохицуулагдах ба журмын 7.11.4-т “Төсөл хэрэгжүүлэх нэгж нь бүтцийн хувьд Төсвийн тухай хуулийн 17.1-д зааснаар төсвийн байгууллага байх ба түүний үйл ажиллагааг санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран энэ журмаар зохицуулна” 9.3.3-т “Үйл ажиллагааны зардалд дараах урсгал зардлууд багтана: ”, 9.3.3.1-д “цалин хөлс”, 9.3.4-т “Төсөл, арга хэмжээний хүрээнд үйлчилгээ үзүүлэх гэрээт ажилтан болон бие даасан зөвлөхүүдийн цалин, аудитын төлбөрийг зээлийн гэрээнд тусгайлан заагаагүй бол төсөл хэрэгжүүлэх нэгжийн урсгал зардлын төсвөөс санхүүжүүлэхгүй” гэж журамласны дагуу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан захиргааны байгууллага нь төсвийн буюу гадаадын тусламжийн хэлбэрээр олгогдсон санхүүжилтийг зарцуулахдаа Төсвийн тухай хууль болно энэхүү журамд заасан зохицуулалтыг баримтлах үүрэгтэй.

13.1. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээр дурьдсан нэр бүхий ажилтнуудын цалингийн өглөг үүсгэсэн, дансанд тусгасан талаараа нэхэмжлэгч маргахгүй атлаа “... тухайн төслийн ажилчид өнөөдрийг хүртэл төслийн хаалтыг хийгээгүй, гүйцэтгэсэн ажлын тайланг хүлээлгэж өгөөгүй, гэрээгээ дүгнүүлээгүй” гэх агуулгаар албан шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа нь өөр хоорондоо зөрчилтэй, өөрөөр хэлбэл, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны байдлаар цалингийн өглөг үүсгэсэн нь уг цалинг олгоно гэсэн агуулгыг илэрхийлэхээр байхад ямар санхүүжилтээр олгох нь тодорхой бус(төслийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ээр дуусгавар болсон, хэрэгжих хугацааг нэмэлт санхүүжилтгүйгээр сунгасан) байх тул “...цалингийн өр үүсгэсэн зөрчлийг арилгах талаар холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах” гэснийг мөн буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн “хэт нэг талыг барьж хандсан” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

13.2. “Уур амьсгалын өөрчлөлт судалгаа,*******” ТӨААТҮГ-ын захирлын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/73 дугаар тушаалаар батлагдсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 35 ажлыг шууд худалдан авалтаар худалдан авахаар, 6 ажлыг харьцуулалтын аргаар худалдан авах зарыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний дотор гаргахаар төлөвлөсөн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгүй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно”, 10.3-т “Захиалагч шууд худалдан авах, харьцуулалтын аргыг хэрэглэх зорилгоор батлагдсан төсөвт өртгийг хувааж худалдан авах ажиллагаа зохион байгуулахыг хориглоно”, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар/20 сая төгрөг/-ыг хэтрүүлсэн болох нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон, энэ талаарх шалгалтын тайланг хариуцагчаас нэхэмжлэгчид танилцуулсан байх тул албан шаардлагын 4 дэх заалтыг хууль бус гэж үзэхгүй. Тодруулбал,

13.3. 78,750 ам.доллар(266,041,125 төгрөг)-ын санхүүжилт бүхий “Хүлэмжийн хийн үндэсний зөвлөх баг” шалгаруулах ажлын төсвийг

- Хоёр жил тутмын ил тод байдлын тайлангийн хүлэмжийн хийн тооллогод ашиглагдах Монгол орны хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын салбаруудын цаг хугацааны цуваа тоон мэдээллийг баталгаат эх үүсвэрээс цуглуулж үндсэн ангиллын /key catgery analysis/ болон тодорхойгүй байдлын дүн шинжилгээ хийх, 13,650,000.00 төгрөг,

- Хоёр жил тутмын ил тод байдлын тайлангийн хүлэмжийн хийн тооллогод ашиглагдах Монгол орны эрчим хүч, аж үйлдвэр хог хаягдлын салбаруудын цаг хугацааны цуваа тоон мэдээллийг баталгаат эх үүсвэрээс цуглуулж үндсэн ангиллын /key catgery analysis/ болон тодорхойгүй байдлын дүн шинжилгээ хийх, 13,650,000.00 төгрөг,

- Хоёр жил тутмын ил тод байдлын тайлангийн хүлэмжийн хийн тооллогод ашиглагдах Монгол орны эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын 1990-2022 оны тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, 9,250,000.00 төгрөг,

- Хоёр жил тутмын ил тод байдлын тайлангийн хүлэмжийн хийн тооллого хийх хууль эрх зүйн орчин инстуцийн бүтцийг тодорхойлж чанарын шалгалт баталгаажуулалт хийх,12,600,000.00 төгрөг,

- Гэрээ-Энхдөл, 4,900,000.00 төгрөг,

-  Хоёр жил тутмын ил тод байдлын тайлангийн хүлэмжийн хийн тооллогод ашиглагдах газар ашиглалт/газрын бүрхэвчийн өөрчлөлтийн мэдээллийг IPCC-ийн ангиллын дагуу бэлтгэж, мэдээллийг шалган баталгаажуулна. Үр дүнгээр газрын бүрхэвчийн өөрчлөлтийн матрицыг бэлтгэнэ, 11,200,000.00 төгрөг,

- Хоёр жил тутмын ил тод байдлын тайлан, үндэсний тавдугаар тайлан илтгэл боловсруулах төслийн бүх салбарын үндсэн ангилал болон тодорхойгүй байдлын нэгдсэн дүн шинжилгээ хийх, ҮТХН-ын зорилтын хүлэмжийн хийн тооллого, хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ гаргах ажил, 41,150,000.00 төгрөг гэсэн 7 ажилд болгон хувааж шууд худалдан авалтын аргаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, харьцуулалтын аргаар худалдан авахаар төлөвлөсөн 6 ажлын 2 тендер шалгаруулалт хийгдэж үр дүн гарсан, 4 тендер төлөвлөсөн хугацаанд зарлагдаагүй байсан нь төрийн худалдан авах ажиллагааны системд бүртгэгдсэн байдлаар тогтоогдож байна/ https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1731907801651 /.

 

            14. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хүргүүлсэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт”, “Харьяа 8 байгууллагын 2024 оны хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт”, “Харьяа 8 байгууллагын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт”-д “Уур амьсгалын өөрчлөлт судалгаа,*******” “тайлан ирүүлээгүй” гэжээ. 

15. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт  2022-2024 оны тайлангуудыг хүргүүлсэн хэмээн дурьдсан боловч 2023, 2024 онуудын жилийн эцсийн тайланг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй тул албан шаардлагыг 3 дахь заалтыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ““Нэгдсэн Үндэстний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төслийн захирлаар ажиллаж байсан Ш.Цын шахалтаар төслийн ажилчдын гэрээний хугацааг сунгасан, өмнө ажиллаж байсан төслийн захирал н.Е*******, н.Э******* нар нь өөртөө илүү цалин гаргуулж авсан, мөн төслийн санхүүжилтийг захирал Ж.Ч******* захиран зарцуулах эрхгүй, төслийн санхүүжилт төвийн данснаас шууд төслийн дансанд шилждэг байсан” зэргээр тайлбарлах боловч Байгаль орчин, аялал жуулчлал/хуучин нэршлээр/-ын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаар тушаалаар дээрх төслийг хэрэгжүүлэхийг, мөн оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/160 дугаар тушаалаар төслийн дансны үлдэгдлийг тус тус У*******,*******д шилжүүлсэн байх тул төслийн хэрэгжилт болон төсвийн зарцуулалтыг нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцах үндэслэлтэй.

17. Нэхэмжлэгч талаас “Удирдамж үндэслэлгүй, батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын хэрэгжүүлээгүй” зэргээр маргах боловч удирдамжийг танилцуулсан даруйд энэ талаараа тодруулаагүй, удирдамжийн дагуу хяналт шалгалт явагдахгүй байгаа талаар хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн албан тушаалтны удирдах албан тушаалтанд гомдол хүсэлт гаргаагүйн зэрэгцээ 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01/07 тоот удирдамжийн “Дөрөв” хэсгийн 4.1.1-т “буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн зарцуулалт үр дүнтэй зарцуулагдсан эсэх”, 4.1.2-т “төслийн худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсан эсэх”, 4.1.3-т “төслийн тайлан илтгэл зэргийг хугацаанд нь гаргаж дүгнэж, биелэлтийг тооцсон эсэх”, 4.1.4-т “төслийн ажилтнуудын томилгоо, хууль бусаар халагдсан, чөлөөлөгдсөн, албан тушаал бууруулсан эсэх”, 4.1.5-д “шаардлагатай бусад” гэж хяналт шалгалтын чиглэлийг тодорхой дурьдсан байх тул “хяналт шалгалт хийх хүрээ тодорхойгүй” гэх гомдол үндэслэлгүй.

18. Маргаан бүхий акт нь бүтэц, найруулгын цэгцтэй томъёологдоогүйгээс алдаатай уншигдахуйц байж болохоор бичигдсэн байна. Тодруулбал, албан шаардлагын 1 заалтад олон агуулгыг багтаасны зэрэгцээ агуулгыг хэт ерөнхийлөн томъёолсон, түүнчлэн шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг албан шаардлагын тодорхойлох хэсэгт хэт товчлон бичсэнээс шаардлага нь дангаараа шууд ойлгогдоход төвөгтэй, хяналт шалгалтын материалд авагдсан болон нэхэмжлэгчид хүргүүлсэн албан шаардлагууд зөрүүтэй/хавтаст хэргийн 14-17 дахь талд үдэгдсэн 01/16 тоот албан шаардлагыг нэхэмжлэгчид гардуулсан болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны явцад зөвшөөрсөн/ байх тул нэхэмжлэгч талын “яг юу шаардаад байгаа нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан”-ыг буруутгах үндэслэлгүй.

19. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналт шалгалтын ажлын тайлан”-д шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар тодорхой дурьдсан, хууль тогтоомжийн аль заалт хэрхэн зөрчигдсөн нь тусгагдсан байх ба уг тайланг нэхэмжлэгчид танилцуулсан байх тул маргаан бүхий актыг агуулгын хувьд бүхэлдээ ойлгомжгүй гэж үзэхээргүй, “...шаардлага ойлгомжгүй, ямар хариу авах гээд байгаа нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй.

20. Нэхэмжлэгч талаас “төслийн дансны гүйлгээг зогсоосон, захирал Ж.Ч*******тай гэрээ байгуулахгүй байгаа” зэрэг тайлбарыг гаргаж байгаа нь маргаан бүхий актыг гаргасан Засгийн газар дахь хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагаатай хамааралгүй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргасан шийдвэрүүд байх ба нэхэмжлэгчээс тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 925 дугаар захирамжийн “Төвийн төрийн банкин дахь 102220 дансны гүйлгээ хийх эрхийг олгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан заалтад гомдол гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “БОУАӨЯ-ны хяналт үнэлгээ, аудитын газрын дарга Б.Бийн 2025.01.31-ний өдрийн танилцуулга, БОУАӨС-ийн 2025.04.07-ны өдрийн 01/1658 дугаар дүгнэлт, яамны 2025.01.28-ны өдрийн хяналт шалгалтын ажлын танилцуулгыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл захиргааны хэргийн бүртгэл хяналтын системд бүртгэгдсэн байх тул энэхүү шийдвэрээр уг тайлбарт дүгнэлт хийх үндэслэлгүй.

21. Түүнчлэн тус төвийн захирал Ж.Ч******* маргаан бүхий албан шаардлагад дурьдагдсан алдаа зөрчлүүд нь өөрийнх нь захирлаар ажилласан хугацаанд хамааралгүй, гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус гэж үзвэл бие даан гомдол, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй, харин тус төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа тус төвийн хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын байгууллагаас хуульд нийцүүлж гаргасан албан шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодруулга авч биелүүлэх үүрэгтэйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1.4, 18 дугаар зүйлийн 18.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38, 4.1.53,  6 дугаар зүйлийн 6.4.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У*******,*******” ТӨААТҮГ-аас Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргад холбогдуулан “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/16 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ