Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

   2024        02           02                                          2024/ДШМ/07

 

 

Н.З-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Д.Чулуунпүрэв,

Шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч С.Тэгшжаргал /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/269 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.З-д холбогдох эрүүгийн 2139002760046 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.З- нь "жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл гаргана, ...манай ах нар жижиг, дунд үйлдвэрийн яаманд ажилладаг, ...гаргасан зээлийн 10 хувийг авна" гэж жижиг, дунд үйлдвэрийн газрын албан хаагч биш, зээл гаргах эрхгүй атлаа хохирогч М.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкны дундын эзэмшлийн дансаараа хохирогч М.Э-аас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч, /Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэр "Х" ATM806-с шилжүүлсэн/, түүнд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс шүүгдэгч Н.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.З- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

 - Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.З-аас 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Э-т олгож шийдвэрлэжээ.   

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс  зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай:

1.1 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэх зарчмын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн үйл байдал, хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэн байна.

 Өөрөөр хэлбэл Н.З- нь “жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл гаргаж өгнө” хэмээн хохирогч М.Э-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч энэхүү үйл байдлыг хохирогчийн мэдүүлэг, түүний хамаарал бүхий гэрч Э.А-ын мэдүүлгээс өөр ямар баримтаар тогтоосон нь эргэлзээтэй байна.

Гэм буруугийн талаарх дүгнэлт гаргахдаа "Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж" гэх байдлаар дүгнэлтээ хийсэн атлаа миний үйлчлүүлэгч Н.З-ыг үнэхээр “зээл гаргаж өгнө” хэмээн эсвэл “зээл байдлаар мөнгө авсан” эсэх талаар ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч М.Э- нь зээл хөөцөлдөж байсан эсэх, ямар нөхцөлөөр хэрхэн баримт материал бүрдүүлж зээлийн бүрдүүлэлт хийсэн талаар баримт хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байхад шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах, гэм буруутай байдлыг хөдөлбөргүй тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэргийн байдалд дүгнэлт хийсэн байгаа нь харагдаж байна.

1.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.З- нь М.Э-аас зээлдэж авсан мөнгөө Э.А-ын эзэмшиж байсан түүний аав болох Ж.Э-ын дансаар дамжуулж М.Э-т өгсөн, мөн эхнэрийнх нь дансаар М.Э-т мөнгө шилжүүлсэн талаар удаа дараа тайлбарлаж, энэ талаар баримт гаргаж өгөөд шалгуулах хүсэлт гаргаад байхад ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй бөгөөд гаргаж өгсөн баримт дээр нь дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна.

Үүнээс үзэхэд прокурор болон шүүхийн хэргийн талаарх дүгнэлт хийсэн байдал процессын хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан заавал хянавал зохих үүргээ биелүүлээгүй улмаас хавтаст хэрэгт авагдсан баримт нь 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлыг хангахгүй нөхцөл байдал, мөн гэмт хэрэг гарсан байдал, хохирол, хор уршиг тогтоосон байдал, хэргийн байдлыг бүхэлд нь дүгнэсэн эсэх, хэрэгт авагдсан нотлох баримт, нотолгооны эх үүсвэртэй нийцсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд нотлох баримтыг харьцуулах, эх сурвалжийг магадлах асуудлыг хуульд заасан бөгөөд энэхүү шаардлага хангаж шийдвэрлэх шаардлагууд зөрчигдсөн байна.

1.3 Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүй хэт таамаглал бүхий нотолгоо хөдөлбөргүй тогтоогдсон байх үндсэн зарчимд харшилсан дүгнэлт болсон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан нотолгооны үндсэн стандартыг зөрчөөд зогсохгүй, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зайн харилцан хамаарал, үйлдэл холбогдлыг нэгтгэн дүгнэж тодорхойлж чадаагүй байгаа хэрэг дээр гэм бурууг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл эрүүгийн процесс ажиллагаа нотолгооны шаардлага хангаагүй байгаа нь материаллаг эрх зүйн хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэх гэм буруу, үйлдэл, хор уршиг, шалтгаант холбоог илэрхийлэх боломжгүй байдалд хүргэж буй тул анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн байдал: Гэм бурууг тогтоох хангалттай баримт бүрдсэн эсэх талаар:

2.1 Хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд нь зөрүүтэй, эргэлзээ бүхий байхад анхан шатны шүүх тухайн баримтыг зөвтгөж үзэх өөр нотолгооны эх сурвалж байгаа эсэх талаар шийдвэрийнхээ үндэслэлд тусгаагүй байгаа нь анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болж чадаагүйг илэрхийлж байна.

Өөрөөр хэлбэл онолын болон хууль зүйн хувьд "Хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах" нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ. Энэхүү зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж хуульчлан тогтоосон байгааг ноцтой зөрчсөн байгаа нь анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэлд шууд нөлөөлсөн гэдгийг онцгой анхаарах шаардлагатай.

2.2 Н.З-д холбогдох гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй.

Тухайлбал: Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Э.А-, аав Ж.Э-ын дансыг ашиглаж Н.З-аас шилжүүлсэн мөнгийг М.Э- луу шилжүүлсэн эсэх, М.Э- нь Н.З-д зээлдүүлсэн мөнгөө эхнэрийнхээ дансаар авсан эсэх, М.Э- үнэхээр зээл гаргуулах талаар хөөцөлдөж байсан эсэх гэх мэт.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс Н.З-ын үйлдлийг залилах гэмт хэрэг гэж тогтоосон.

Хохирогч М.Э-, гэрч Э.А-, Н.С- нарын мэдүүлгүүд, хохирогч болон шүүгдэгч нарын дансны хуулгууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын албан бичгүүд болон яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан 11 төрлийн бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хууль зүйн  дүгнэлт хийсэн. Эдгээр нотлох баримтууд үндэслэлтэй, хууль зөрчсөн баримт байхгүй байна гэж үзэж байна.

Гэрч Э.А-ын мэдүүлгээс гадна дансны хуулга, хохирогчийн мэдүүлэг, төрийн байгууллагын албан бичиг хэрэгт авагдсан нь Э.А-ын гэрчийн мэдүүлгээс өөр тогтоосон зүйл байхгүй гэх өмгөөлөгчийн тайлбарыг няцааж байна.

Мөн өмгөөлөгч “гэрч Н.С-гийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, төрийн байгууллагаас ирсэн албан бичгүүдийг ямар үндэслэлээр үгүйсгэж няцааж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Э.А-ын аав Ж.Э-ын данс руу мөнгө шилжүүлсэн, зээлсэн мөнгөө буцааж өгсөн” гэж өмгөөлөгч тайлбарлаж байна.

 Мөрдөн шалгах ажиллагаа нэлээд удаан хугацаанд үргэлжилж шалгагдсан. Хохирогч 2022 оны 6 дугаар сарын 25-нд Н.З-ын  дансанд мөнгө шилжүүлж, Н.З- түүний дараа 5, 5 сая төгрөгөөр “бараа” гэж гэрч Н.С-гийн данс руу шилжүүлсэн. Н.С-гээс мэдүүлэг авахад “Н.З- өмнө нь надаас мөнгө зээлсэн байсан. Удаан хугацаанд нэхүүлж байгаад 6.000.000 төгрөг шилжүүлье гээд над руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн” гэдэг.

Ямар нэгэн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэлээс зээл авах талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй, жижиг, дунд үйлдвэрээс зээл гаргах боломжтой албан хаагч биш болох нь жижиг, дунд үйлдвэрийн албан бичгээр тогтоогддог.

Э.А-ын аав Ж.Э-ын дансыг тодорхой цаг хугацаанд Н.З- ашиглаж байсан. Дансны гүйлгээг харахад 50, 60, 100 мянган төгрөгийн гүйлгээг “бараа” гэдэг утгатай шилжүүлсэн байдаг. Э.А-ын аавын дансаар хохирол төлбөрөө төлж барагдуулсан нь үүгээр үгүйсгэгдэж байна.

М.Э-ын данс руу 4.000.000 төгрөг  2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр шилжүүлэгдсэн байдаг.  Үүнээс өөр өөр ямар нэгэн байдлаар 6.000.000 төгрөгийг буцааж өгсөн дансны хуулга баримт хэрэгт авагдаагүй.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр 6.000.000 төгрөг төлөгдсөн баримт дансны хуулга хэрэгт авагдаагүй. Үүгээр Э.А-ын аавын дансаар дамжуулж тухайн мөнгийг өгсөн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүхийг мэдүүлгийн зөрүүтэй байдалд дүгнэлт хийгээгүй, хуулийг  буруу тайлбарласан гэж байна. Хэрэгт цугларсан үйл баримт, агуулгын хувьд   зөрүүтэй мэдээлэл авагдаагүй. Хохирогч М.Э- “манай найз ийм санал байна. боломжийн юм байна гэж над руу хэлсэн. АТМ-ээс мөнгөө шилжүүлсэн” гэдэг. Э.А- мөн “найзаар дамжуулж Н.З-тай танилцсан. Зээл авах нэг хүн маань больчихлоо гэхээр нь М.Э-т хэлсэн” гэж мэдүүлдэг. Эдгээр баримтаар  мэдүүлэг агуулгын хувьд зөрүүтэй, хуулийг буруу хэрэглэсэн бүрэн биш нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Мөн М.Э- зээл хөөцөлдөж байсан талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй гэж өмгөөлөгч тайлбарлаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар залилах гэмт хэрэг бодит байдлыг үүсгэж байгаа мэтээр итгүүлснээр гэмт хэрэг төгсдөг. Хэргийн үйл баримтаас Н.З- аман байдлаар дамжуулж, М.Э-тай холбогдож жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас зээл гаргана, 10 хувийг буцааж өгөөрэй гэж зээл авсан.

Хэргийг 2023 онд шүүхэд шилжүүлж, шийдвэрлэсэн. Энэ хүртэлх цаг хугацаанд Н.З- ямар нэгэн байдлаар тухайн хохирлыг төлж барагдуулсан эсвэл жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хамруулсан зүйл байхгүй.

Н.З-ын гэм буруутай асуудлыг нь шийдвэрлэсэн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэж байна.

Ж.Э-ын дансны мэдээлэл хэрэгт авагдсан. Мөн хохирогч М.Э-ын эхнэр У-н   дугаартай дансны баримт хэрэгт авагдсан. Ямар зориулалтаар зээл авсан нь талаар дүгнэлтийг өмнө нь хэлсэн учраас энэ нь үйл баримт нь  хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлээс Э.А-, М.Э- нар зээл авахаар хөөцөлдөж байсан эсэхийг шалгуулах шаардлагатай гэж өмгөөлөгч ярьж байна. Эдгээр хүмүүс тодорхой  мэдүүлэг өгсөн байх тул шалгах, тодруулах шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Н.З-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. Шүүгдэгч Н.З- нь "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл гаргана, манай ах нар жижиг, дунд үйлдвэрийн яаманд ажилладаг, ...гаргасан зээлийн 10 хувийг авна" гэж жижиг, дунд үйлдвэрийн газрын албан хаагч биш, зээл гаргах эрхгүй атлаа хохирогч М.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ХААН банкны дундын эзэмшлийн дансаараа хохирогч М.Э-аас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Хохирогч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 20-ны үеэр Э.А- над руу ярьж “манай З гэдэг найзын ах нь яаманд ажилладаг юм. Нэг хүний жижиг, дунд үйлдвэрийн зээл нь бүтчихсэн чинь нөгөө хүн нь зээлээ авахгүй болсон гэнэ, та яаралтай 10 сая төгрөг олоод өгвөл 14 хоногийн дотор зээлийг нь гаргаад өгнө” гэсэн юм. ...би зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10 сая төгрөгийг Б.Г гэдэг хүний данс руу хийсэн. ...2020 оны 8 дугаар сарын сард би Улаанбаатар хот орж зээлийн асуудлын талаар Э.А-той уулзаж, ...Н.З-тай анх царай царайгаа харж танилцсан. Тэр үед Н.З- ковидоос болоод зээл жоохон хойшлогдоод байна гэж хэлж байсан. ....Э.А- Н.З- хоёртой ярьж хөөцөлдөж байж 2021 оны 7 сард 4 сая төгрөг л буцааж авсан, ...жижиг, дунд үйлдвэрийн зээл гэдэг нь анхнаасаа худлаа байсан юм шиг байна лээ. ...би гомдолтой байна, үлдсэн мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 111-112 хуудас/,

 

- Гэрч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сард Зоригоо гэх найзаараа дамжуулан Н.З- гэх хүнтэй танилцсан. Тухайн үед би З болон Б гэх хоёр найзтайгаа Хөдөө аж ахуйн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авах гээд хөөцөлдөж байсан. ....Н.З- “... ЖДҮ-ээс зээл авах нэг хүн маань зээл авах боломжгүй болчихлоо, зээл нь батлагдсан болохоор санаа зовох зүйлгүй, зээл авах хүсэл сонирхолтой, зээлийн эргэн төлөлт хийх боломж чадвартай, зээл гарсны дараа зээлийн 10 хувиа найдвартай гаргаж өгөх хүн байна уу, зээл гарах хугацаа тулсан болохоор би өөрөө хүн хайгаад явж чадахгүй байна, зээл авах хүн байвал 2, 3 хоногийн дотор надад хариу өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би тухайн 2020 оны 06 дугаар сарын дундуур ангийн ах М.Э-тай утсаар холбогдсон. ...Тэгээд М.Э- ах болон Н.З- нар утсаар харилцан тохиролцож М.Э- ах 10 сая төгрөгийг Н.З-ын данс руу шилжүүлсэн. Н.З-ын мөнгө хийлгэх гэж М.Э- ахад өгсөн данс нь Н.З-ын нөхөр болох Г гэгчийн данс байсан... /1 хавтаст хэргийн 96-97 хуудас/

 

...Н.З- нь “нөхөр Г-тойгоо хамт нэг данс эзэмшдэг, тухайн дансны карт нь надад байдаггүй, чи найздаа картаа өгч байгаач, карт руу чинь мөнгө хийчихье эсвэл бэлнээр мөнгө хийгээд хүмүүс рүү шилжүүлээдэхье” гэхээр нь би ямар нэгэн зүйл бодолгүйгээр өөрийнхөө ашигладаг байсан аав Ж.Э-ын ХААН банкны дансны картаа өгсөн. ...Н.З- 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд данс руу мөнгө хийгээд уг мөнгө нь буцаад “бараа" гэдэг нэрээр шилжиж гардаг байсан. Би тухайн үед Н.З- яг хэдэн төгрөг оруулж, гаргасан талаар сайн мэдэхгүй байна, ямар ч байсан би өөрийнхөө санхүүгийн хэрэглээгээ хянаж үзэхэд их хэмжээний мөнгө ороод гарсан байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 140 хуудас/,

 

- Яллагдагч Н.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь миний өгсөн баримт материалуудыг хянаж шийдвэрлэсний дараа мэдүүлэг өгнө, одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 123 хуудас/,

 

- Гэрч Н.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 143 хуудас/,

 

- Хохирогч М.Э-ын Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 хавтаст хэргийн 3 хуудас/,

 

- Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Н-н 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл  /1 хавтаст хэргийн 32 хуудас/,

 

- Хохирогч М.Э-ын ХААН банкны ..........данснаас 10 сая төгрөгийг ........данс руу шилжүүлсэн /10600063 журнал гүйлгээ/ талаарх 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 14 хуудас/,

 

- Харилцагч Б.Г-, хамтран эзэмшиг Н.З- нарын ХААН банкны ........дугаартай дундын эзэмшлийн дансанд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр .......... тоот данснаас 10 сая төгрөгийн орлого орсон /10600063 журнал гүйлгээ/ талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 35 хуудас/,

 

 - ХААН банкны Хэнтий салбарын захирал Б.А-н 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/748 дугаартай “Хэнтий аймаг дахь ХААН банканд ирүүлсэн албан бичигт дурдсан 10600063 журнал дугаартай гүйлгээ Хэнтий, Ханбүргэдэй тооцооны төвийн АТМ-аар ....хийгдсэн байна” гэх албан бичиг /1 хавтаст хэргийн 87 хуудас/,

 

- Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ч.Эрдэнэсайханы 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/1631 дугаартай “Бат-Эрдэнэ овогтой Г- /РД: ВР94042612/, Наранхүү овогтой Н.З- /РД: КИ94041901/ нар нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаагүй. Мөн Жижиг дунд үйлдвэрийн газрын албан хаагч биш болно” гэх албан бичиг /1 хавтаст хэргийн 102 хуудас/,

 

- Харилцагч Б.Г-, хамтран эзэмшиг Н.З- нарын ХААН банкны 5225338732 дугаартай дундын эзэмшлийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 175-180 хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

5. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

6. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч Н.З-ыг “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн,

- шүүгдэгч Н.З-ын "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл гаргана, манай ах нар жижиг, дунд үйлдвэрийн яаманд ажилладаг, ...гаргасан зээлийн 10 хувийг авна" гэж хохирогч М.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч М.Э-аас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан байх бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

 

8. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал /хуваариа хөдөлмөр эрхэлдэг, эрүүл мэндийн байдал/ зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

9. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ...1. анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, ....2. шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ....3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэх давж заалдах гомдлын тухайд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.З- нь хохирогч М.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж М.Э-аас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх үйл баримт  хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, хохирогч М.Э-ын ХААН банкны.......... данснаас 10.000.000 төгрөгийг ...........тоот данс руу шилжүүлсэн талаарх 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 14 хуудас/, шүүгдэгч Н.З-ын ХААН банкны ......... дугаартай дундын эзэмшлийн дансанд 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр .......... тоот данснаас 10.000.000 төгрөгийн орлого орсон талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтаст хэргийн 35 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан Э.А- аав Ж.Э-ын дансыг ашиглаж Н.З-аас шилжүүлсэн мөнгийг хохирогч М.Э- руу шилжүүлсэн эсэх, хохирогч М.Э- нь Н.З-д зээлдүүлсэн мөнгөө эхнэрийнхээ дансаар авсан эсэх нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын асуудал бөгөөд түүнийг нөхөн төлөх талаарх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол татгалзлалын үндэслэлээ нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч хүлээх бөгөөд тэрээр энэ талаар нотолж чадаагүй байна.

 

  Шүүгдэгч Н.З-д 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр ХААН банкны .........дугаартай дундын эзэмшлийн данснаас хохирогч М.Э-ын ХААН банкны ........... дугаартай дансанд 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд үлдэгдэл 6.000.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж төлсөн гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

10. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

11. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо гэрч “Э.А-”-ыг “Э.Амарболд” гэж удаа дараа ташаа бичсэн болохыг дурдаж цаашид алдаа, зөрчил гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/269 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ГАНЗОРИГ

  

                           ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                             Б.ДЭНСМАА