Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/94

 

 

 

 

       2024          01         16                                             2024/ДШМ/94

 

Д.М, Т.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Хүслэн,

шүүгдэгч Д.М

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1364 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.М, Т.Г нарт холбогдох эрүүгийн 2306000000001 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.М,

 

Т.Г,

           

            Шүүгдэгч Д.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн * дугаар хороо *** байрны * дүгээр орцны подволд амь хохирогч Ц.О тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт,

 шүүгдэгч Т.Г тай урьдчилсан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** тоотод Б.Ч тай маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохих, толгойн тус газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,  

шүүгдэгч Т.Г  нь шүүгдэгч Д.М тай урьдчилсан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** тоотод хохирогч Б.Ч тай маргалдаж түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Т.Г-ын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ын М-ыг “хүнийг алах” гэмт хэргийг, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,      

шүүгдэгч Б овогт Т-ийн Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг 14 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Т.Г-ыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгч Д.М т оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 90 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жил 9 сарын хорих ялд нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 15 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.М ын цагдан хоригдсон 314 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.Г  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М аас нийт 104.848.527 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын улмаас учирсан бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Д.М т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Д.М  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие өөрийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагааны үеэс хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэн тогтвортой мэдээллийг өгч, сайн дураараа гаргасан алдаа дутагдлаа бүрэн ухамсарлаж, эрдэнэт хүний амь нас хохироосондоо туйлын их харамсан гэмшиж, чин сэтгэлээсээ гашуудал илэрхийлэн, амь хохирогчийн ар гэр, төрөл төрөгсдөөс гүнээ уучлалт хүсч байгаа. Цаашдаа амь хохирогчийн ар гэрт учирсан эмгэнэлийг зүрх сэтгэлээрээ мэдэрч насан туршийн сэтгэлийн зовлон шаналгаатай хамт давхар туулж, хохирогчийн ар гэрт учирсан хохирол, нэхэмжилсэн мөнгөн дүнг хорих ялаа эдлэх цаг хугацаандаа бүрэн төлж барагдуулж, өөрийн зүгээс сайн сайхан зүйлийг сэтгэл зүрхээрээ биелүүлж төлөх болно. Нүгэл, буяныг тэнцүүлж явах чин хүсэл эрмэлзлийг өөртөө бий болгон үлдсэн насныхаа он жилүүдийг хуулийн дор чин хүсэл зорилгыг өвөртлөн яваа тул өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг зорьсон юм. Нийгэмд эзлэх байр суурийг бий болгон хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж, орон сууц болон гаднах талбай зэрэгт хүүхдийн тоглоом суулгах, явган хүний замын ажил олон газар хийж явахдаа 2 уушгиндаа хатгаа авч, улмаар сүрьеэ өвчинтэй болсон. Гэмт хэрэгт холбогдсоноос хойш сүрьеэ өвчин дахин сэдэрч тархины даралттай болсон төдийгүй сонсгол муудаж, улмаар үе мөч өвдөх, баруун бөөрний хүнд үрэвсэлтэй, нойр булчирхай өвдөх зэргээр одоо хүртэл цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байна. Шүүх хурал болох үед би нийт шүүх хуралдаанд оролцсон хүмүүст 2 чих шуугиж хэлж ярьсан зүйлийг нь ойлгохгүй байгаагаа хэлсэн боловч түүнээс болж үл ойлголцож хохирогчийн өмгөөлөгч намайг 100 хувь буруутгаж тодорхойлсон. Би тухайн үедээ өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж, ямар нэг аргаар хохирол төлбөрөө төлж барагдуулна гэж хэлсэн. Шүүх хурал болохоос өмнө надад гэм хорын хохирол төлөх талаар ямар ч боломж олгоогүй, ямар дансанд мөнгө төлөх талаар нэг ч удаа хэлж танилцуулж, учир байдлыг хэлээгүй. Одоо ч гэм хорын хохирлоо яаж төлөх талаар мэдэхгүй л байна. Хоёр чих юм сонсож чадахгүй байхад прокурор, шүүгч нарын зүгээс надад 15 жил хаалттай хорих ялаар ялласан. Эцэст нь би эрдэнэт хүний амь насыг хохироож улмаар хохирогчийн ар гэрт асар их сэтгэлийн шаналалтай үлдээж байгаагаа ойлгож, өөрөө ч бас 15 жилийн хорих ял авч, өчнөөн мөнгө, төгрөгийн хохиролтой, насаараа шаналал зовиуртай хохирч байгаа зэргээ бүрэн ойлгож, харамсаж байна. Миний бие 50 нас хүрч байгаа бөгөөд миний нас, хохирогчийн амь насыг санаатайгаар бүрэлгээгүй гэдгийг харгалзан ял эдлэх дэглэмийг нээлттэй болгон өөрчилж, хорих ял эдлэх хугацаанаас бага ч болов жил, сарыг хасаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Нээлттэй дэглэмд хорих ял эдлэх хугацаандаа ажил хийж, чадах чинээгээрээ хохирогчийн ар гэрт учирсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулах болно. Ажлын байр элбэг, нээлттэй байдаг төдийгүй өөрийн эрүүл мэндийг бүрэн эмчлэх нөхцөл илүү нээлттэй байдаг, ганцхан удаа надад итгэл найдвар, боломж олгохыг хичээнгүйлэн хүсч байна. ...” гэв.

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...миний нөхөр Ц.О нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бусдын гарт амь насаа алдаж бид бүхэн одоо ч гашуудсаар байгаа билээ. Энэ хэргийн холбогдогч Д.М ын эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд гарсан гомдлын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарлагдсан шүүх хуралд ажлын шаардлагаас болон биечлэн оролцох боломжгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Д.М  өмнө нь миний нөхрийг огт танихгүй, миний нөхөр тухайн хүнд ямар нэг буруу зүйл хийгээгүй байтал хүйтэн мэсээр амь насыг нь хохироосон, анхан шатны тусламж үзүүлээгүй, тусламж үзүүлэхийг ч оролдоогүй байдалд нь маш их гомдолтой байна. Д.М  нь нэг хүний амь нас мэт ярьж байгаа боловч энэ нь нэг хүний асуудал биш аав, ээж, ах, дүү, би болон миний хүүхдүүдийн сэтгэл зүй, амьдралд хэзээ ч барагдахгүй хар толбо, харуусал үлдээж байна. Өдгөө жил өнгөрсөн боловч бид одоо ч гэсэн харуусан, гашуудсаар өдөр хоногийг зүрхний эм, нойрны эм хэрэглэн өнгөрүүлж байна. Гэтэл энэ хугацаанд Д.М  нь анхан шатны шүүх хуралд л зайлшгүй шаардлагаар уучлалт гуйснаас бусдаар нэг ч удаа холбогдохыг оролдоогүй, уучлалт гуйгаагүй. Д.М  нь хууль ёсны эхнэргүй, мөн хүүхэдгүй гэтэл бусдын гэр бүлийг бусниулж, үр хүүхдийг минь өнчрүүлчихээд өөрт нь байхгүй үр хүүхдийг нь бодож ял хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлт гаргаж байгаад үнэхээр гайхаж байна. Д.М т ядаж наад захын хүн чанар байсан бол өмгөөлөгч болон ах дүүгээрээ дамжуулаад ганц удаа ч болов надаас болон хүүхдүүдээс минь уучлалт гуйх боломж байсан гэж харж байна. Гэвч миний нөхрийн ирээдүй, амь нас, хүсэл мөрөөдөл, бидний гэр бүлийн аз жаргал, хүүхдүүдийн минь ирээдүйг үгүй хийсэн энэ хүнийг хэзээ ч уучилж чадахгүй, маш их гомдолтой байна. ...” гэжээ.

 

Прокурор З.Хүслэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.М  “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэж гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 15 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд болон эрүүгийн хариуцлага зорилго, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.М, Т.Г нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.М ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Д.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн * дугаар хороо *** байрны *дүгээр орцны подволд амь хохирогч Ц.О тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж түүний цээжин тус газарт нэг удаа хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн тосгуур гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалтын шоконд орж нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын “...манай нөхөр О өөрийнхөө утаснаас залгаад “би хутгалуулчихлаа” гэхээр нь “чи хаана байна” гэхэд “5 ягааны урд байна” гэхээр нь утсаа таслаад алхаад очсон. ...Цээжний зүүн талын хэсэгт нь хувцас нь нэлэнхүйдээ цус болсон байсан ба шархыг нь харах гээд цамцыг нь сөхөөд харахад зүүн хөхний товчны хэсгээс зүүн тийш 2 хуруу орох зайтай язарсан, мах, өөх нь гарсан ангайсан байдалтай байсан. ...” /1хх 86-89, 124-125/,

 

гэрч Ч.Э-ын “...Д.М  ширээний доод талын хутга хийдэг шүүгээнээс хар өнгийн пивор иштэй, том урт хутгыг аваад О-тай заамдалцаад гэрээс гарсан ба араас нь гарахад О нь М-ын дээр нь гарчихаад М-г нүүр лүү нь цохиод байхаар нь би очиж салгахад О  залуу надад “ахаа намайг хутгалчихсан байна шүү дээ” гэхээр нь би тухайн залуугийн өмсөж явсан хувцасыг дээш нь сөхөж үзэхэд цээжний зүүн хөхний хэсэгт хутгалсан, цус шүүрч байсан. ...” /1хх 98-99/,

 

гэрч Б.О-ийн “...Н М-т хандаж “чи яаж байгаа юм бэ, чи дүрчихлээ шүү дээ” гэж хэлж байхыг сонссон. Тэгээд би Н-аас “саяны орж ирдэг залууг М хутгалчихсан юм уу” гэхэд “харин тийм ээ, гэрийн гадна коридорт тийм зүйл боллоо” гэж хэлсэн. ... ”  /1хх 113/,

 

гэрч Р.Н-гийн “...байрныхаа үүд рүү алхаж байхад М “би хүн хутгалчихлаа” гээд гүйгээд гараад ирсэн ба баруун талын гар нь цус болсон байсан. /1хх 136-137/,

 

гэрч Ц.О-ын “...20 цаг 11 минутад над руу манай төрсөн ах залгаад “ах нь 37-ын энд явж байгаад хутгалуулчихлаа, хүрээд ирээч” гэж хэлээд утсаа тасалсан. ...” /1хх 145-146/,

 

шинжээч Ц.О-ийн “...талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн тосгуур гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд орж нас барсан. Энгийнээр тайлбарлавал цээжний зүүн хэсэгт хутгалуулснаас болж цээжний хөндийд цус хуралдалт үүсч, цус алдалтын шокноос болж нас барсан. Цэргийн төв эмнэлэг дээр талийгаачид цаг алдалгүй эмчилгээ хийж, хагалгааны явцад талийгаачийн зүрх зогсож нас барсан. ...” /2хх 212-213/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Д.М  нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Сэтгэцийн хувьд үнэн, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, хэрэг учрал болох үед өөрийгөө удирдан жолоодох чадвартай. ...” болохыг тогтоосон 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2хх 108-109/,

 

          “...талийгаач Ц.О  нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн тосгуур гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалтын шоконд орж нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаартай дүгнэлт  /1хх 136-147/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-24/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-36/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 37-41/, шүүгдэгч Д.М ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 42-46/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 47-48/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх69-73/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 11/, Цэргийн төв эмнэлгийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1481 дугаартай  “Ц-ын О нь тус эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан болно.” гэсэн албан бичиг болон хавсралт, Ц.О ын өвчний түүхийн хуулбар /3хх 60-87/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хувийн байдал болон хохирол төлбөртэй холбоотой баримтууд /3хх 158-248, 4хх 1-19/ зэрэг нотлох баримтуудаар,

         

шүүгдэгч Т.Г , Д.М   нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 8-14 тоотод Б.Ч тай маргалдаж Т.Г  нь түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, Д.М  нь нүүрэн тус газар нь гараараа цохих, толгойн тус газар сүхээр цохиж эрүүл мэндэд нь хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт, баруун шилбэний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Ч ын “...Г надтай юунаас болж хэрүүл маргаан хийсэн талаар мэдэхгүй байна, нэг мэдсэн бид хоёр барьцалдаж аваад Гантулга миний нүүрэн тус газар 3 удаа мөргөөд газар унагаасан. ...харин Мөнхбаяр гэх хүн гаднаас хүрэн өнгийн сүх барьж орж ирээд миний толгойны зүүн дээд хэсэг рүү цохиод би унаад өгсөн. ...” /1хх 240-241/,

гэрч Д.Чын “...Б.Ч тай зодолдож байсан залуу гэрээс гарч яваад сүх бариад ороод ирсэн, би хаанаас сүх авч орж ирснийг мэдэхгүй, тэгсэн Б.Ч ын толгой хэсэг рүү сүхээрээ цохиж мөн нүүр лүү нь цохисон. Мөн гэрийн эзэн гэх залуу бас Б.Ч ын нүүр лүү, хөл, гар луу цохисон. ...” /1хх 245-246/,

 

гэрч Т.Эгийн “...Мөнхөө гэрээс гараад буцаад сүх барьчихсан орж ирсэн, тэгснээ тухайн сүхний бариул хэсгийн ар талаар нь Чинбатын толгой хэсэг рүү цохиж аваад гэрээс гараад зугтаагаад яваад өгсөн. ...” /1хх 248-249/,

 

шинжээч эмч О.Бийн “...дээрх гэмтлүүдээс хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /2хх 17/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Б.Ч ын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 5973 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 11-12/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 229-233/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 228/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс дээрхи гэмт хэргүүдийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.М, Т.Г нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Д.М ын амь хохирогч Ц.О ыг хутгалж цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн тосгуур гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалтын шоконд орж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.М, Т.Г нарын бүлэглэн хохирогч Б.Ч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.М, Т.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгч Д.М т 720 цаг, шүүгдэгч Т.Г д 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М т 14 жил 9 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 15 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Д.М ын ял эдлэх дэглэм болон хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Блын мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн баримтын хэмжээнд оршуулгын зардлыг тооцож гаргуулснаас гадна Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар амь хохирогч Ц.О ын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 88.825.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Д.М аас нийт 104.848.527 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баянжаргалд олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял эдлэх дэглэм болон хорих ялын хугацааг багасгаж өгөх талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.М  шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 75 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/1364 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 75 /далан тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

            ШҮҮГЧ                                                                      Т.ӨСӨХБАЯР

 

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН