| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0188/З |
| Дугаар | 128/ШШ2025/0462 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Г******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК, “Т*******” ХХК, “Ф*******” ХХК болон Н.А*******, Г.А, С.Б, Г.О, Ю.Т, Б.У, Г.Э, Б.Э нар.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г*******.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: С.Б*******.
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.У.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг даргад 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үерийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгах тухай”.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өргөдөл гаргах албан бичгээр хандахад хариу өгөхгүй эс үйлдэхгүй гаргасан байдаг. Энэ нь нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т заасан “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж Нийслэлийн засаг даргын Тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр бүртгэж авсан албан бичгийн хариуг өнөөдрийг хүртэл буюу 1 сар хагасын хугацаа өнгөрсөн байхад хариу өгөлгүй, нэмж хугацаа сунгасан эсэх нь тодорхойгүй эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгч нарын хуульд заасан төрийн байгууллага, албан тушаалтан өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн.
Нийслэл Ула******* хотод 2023 оны 07 дугаар сард орсон их хэмжээний орооны улмаас нэхэмжлэгч нарт нийт 1,131,462,089 (нэг тэрбум нэг зуун гучин эгэн сая дөрвөн зуун жаран хоёр м наян ес) төгрөгийн эд хөрөнгийн хохирол чирсан тул зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгаж сийдвэрлүүлж нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үер юунаас болсон бэ гэдэг асуудлыг эхлээд тодорхойлох шаардлагатай. Тухайн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо байрны зоорины давхарт байрлах талбайд “Э” дэлгүүрийн урд талд нь байрладаг үүнээс үүдэлтэйгээр ус боогдоод далан хэмжээнээсээ хэтэрч халиад ороод ирчихсэн асуудал. Үүнийг бүх нийтээрээ мэдэж байгаа байх. Энэ “Э*******” дэлгүүрийн байрлалд нийслэл зөвшөөрөл өгсөн. Тухайн шуудууг 25 жилийн хугацаанд цэвэрлэх, арчилгаа үйлчилгээ үзүүлэх ёстой байсан үүргээ хэн хэрэгжүүлээгүй гэхээр буцаад нийслэл дээр оччихож байгаа юм. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10/05 гамшгаас хамгаалах хяналтын байцаагчийн дүгнэлт, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нийслэлийн Засаг даргын 0201/3317 дугаартай асуудал шийдвэрлэх тухай албан бичгүүдээр үертэй холбоотой асуудлууд дүгнэлтээрээ гарч байна. Бидний ярих гээд зүйл нь хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуудал дээр ярих юм бол 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Улсын онцгой комиссын 2 дугаартай тэмдэглэлд тусгагдсанаар Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу хохирлын анхан шатны үнэлгээг хийж Улсын онцгой комисс, Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх асуудал. Хэн танилцуулах ёстой юм бэ гэхээр танилцуулах үүрэг нийслэлд байгаад байгаа. Хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай төсөв хөрөнгийн тооцооллыг яаралтай гаргаж танилцуулж, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах асуудлыг тэмдэглэлээр мөн эрх олгочихсон байгаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлийн Засаг дарга нь Улсын онцгой комиссын гишүүн болсон байдаг. Энэ гишүүн өөрийнхөө Улсын онцгой комиссын ажиллах журмын 2.1.4-д заасны дагуу тухайн нутаг дэвсгэртэйгээ холбоотой асуудлаар саналаа оруулаад хэлэлцэн шийдвэрлүүлэх арга хэмжээг авах үүрэг өөрт нь оногдсон байгаа юм. Мөн хохирлыг дараагийн түвшинд яаж барагдуулж болох вэ гэдэг асуудал 2 төрлөөр байгаад байгаа. Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх” гэж заасан байгаа юм, төсөвтөө мөн тусгаж болохоор байна. Гэтэл өнөөдрийг хүртэл тусгаагүй яагаад гэвэл энэ асуудал олон нийтийн анхаарлыг татдаггүй. Үерийн усны асуудлыг тухайн иргэд л яриад байгаа гэтэл яагаад 20 гаруй байсан аж ахуйн нэгжүүд 12 болоод шүүх дээр ирсэн гэхээр энэ хугацаанд ихэнх нь өртэй болсон тухайн үед тамга нь усанд живээд олдоогүй одоо хүртэл нөхөн сэргээгдэх боломжгүй байгаа аж ахуйн нэгж иргэд ч байгаа. Өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр бид нарт тамга байхгүй, мөнгө байхгүй, тэмдэгтийн хураамж ч төлж чадахгүй өмгөөлөгч авах чадваргүй ийм нөхцөлд байгаа учир өнөөдрийг хүртэл удаашраад өнөөдөр шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдэх гээд ирсэн ийм л маргаан байгаа. Тэгэхээр зам болгон Ромд очдог гэдэг шиг асуудал болгон нийслэлийн Засаг дарга, Улсын онцгой комиссоор хэлэлцэн шийдвэрлүүлэх ёстой нэг үүрэг л байгаад байгаа юм. Тайлангаа аваад хуралдаа орох энэ үүргээ биелүүлээгүй л үйл баримт хэрэгт авагдсан байна” гэв.
3.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч 8 иргэн 3 аж ахуйн нэгж нь яг өөрсдийнхөө үүсээд байгаа асуудал дээр өөрсдийнхөө хохирлын үнэлгээг бариад, бидний хувьд эрх ашиг сонирхол яаж хөндөгдөж байгаа талаар тодорхой тайлбарлаад хандаж байгаа юм. Энэ 8 иргэн 3 аж ахуйн нэгжийн эрх яаж хөндөгдөөд байгаа юм. Энэ хүмүүс хэдэн төгрөгийн хохирол нийтдээ нэхэмжлээд байна. Энэ нь үндэслэлтэй юу, үгүй юу гэдэг дээр нарийвчлалын үнэлгээгээ хийгээд Засгийн газар руу оруулах юм уу, энэ хүмүүсийн эрх ашгийн талд нэг төрийн байгууллага албан тушаалтны зүгээс хянаж шалгах, судлах энэ ажлаа зохих хэмжээнд хийж байгаа болов уу гэж энэ хүмүүс нь найдаад зөвхөн 2 сар хүлээчхэж байна шүү дээ. Мэдээж бид нарын асуудал ээдрээд төвөгтэй байж магадгүй, үүнийг судлах хугацаа дамжаад 30 хоногийн хугацаа өнгөрчихдөг юм. 30 хоног өнгөрсний дараа өргөдлөө сунгаад явж байгаа л гэдэг хариутай байдаг. Яг нэхэмжлэгч нар руу нэг бүрчлэн ярьж нийслэлээс ингэж шийдэж байна шүү гэж ярьсан тохиолдол нэг ч байхгүй. Асуулт хариултын шатнаас дүгнэхэд ер нь бол боломжгүй гэдэг байдлаар л өгч байгаа юм шиг байна.
Өмнө нь онцгой комиссоор ингээд шийдвэрлэгдэж байна гээд нэхэмжлэгч нарт найдлага, итгэл, горьдлого төрүүлээд байна шүү дээ. Одоо энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга нь нийслэл хотдоо үүссэн иргэдийн хууль ёсны өмч хөрөнгө үрэгдүүлсэн, устгасан гамшиг ч бай, үер ч бай энэ асуудлаа шийдвэрлүүлэх ёстой. Харин онцгой комиссоос энэ асуудлыг шийдэх чиглэл анхаарсан юм байна гэдгийг хуралдааны тэмдэглэлд эрх олгочихсон байгаад байгаа юм. Бид хохирлын тухайд нэхэмжлэлийн шаардлагаар тодруулаад түр орхичихсон. Яагаад гэхээр энэ нарийвчилсан үнэлгээ гарах юм байна энэ иргэд өөрсдөө мөн үнэлүүлчихсэн байгаа. Энэ асуудлаар маргаан үүсэх юм бол бид шүүхэд энэ асуудлаар дахин хандахаас өөр аргагүй. Тэгэхээр эхний ээлжид шийдэх ёстой субъект нь эрх хэмжээ нь байна уу, үгүй юу энэ яг ямар асуудалтай юм бэ? хэнийх нь байр суурь нь тодорхойгүй байгаа улмаас энэ хүмүүс хохироод байгаа юм бэ? гэдгийг л тодруулах гээд яваад байгаа юм. Бидний зүгээс онцгой комиссыг хариуцагчаар татах шаардлагагүй. Бид нар нийслэлтэйгээ л асуудлаа ярина. Нийслэлд хандсан өргөдлийн нийслэлийн хариу үндэслэлтэй эсэх, хариу өгөхгүй байгаад байгаа бол тэр эс үйлдэхүй нь хууль бус байна уу гэдэг дээр л бид нар эрх зүйн дүгнэлтийг өнөөдөр хийх ёстой. Өнөөдрийн шүүх хуралдаанд мэтгэлцсэн талуудын байр суурь бүх зүйлээс энэ хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байна, хариу өгөөгүй байна. Хариу өгсөн зүйлүүд нотлогдохгүй байна. Хариуцагчаас мэдэгдсэн гэж яриад байгаа, мэдэгдсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Амаар мэдэгдсэн үү, утсаар мэдэгдсэн үү, бичгээр мэдэгдсэн үү ямар нэгэн байдлаар энэ мэдэгдэх процесс бодитой байх ёстой. Тэгэхээр хариуцагчийн хууль бус үйлдэл тогтоогдож байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн үр дагавар нь мэдээж ойлгомжтой зохих журмын дагуу шийдвэрлүүлье гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж оролцож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “... албан бичгээр хандахаар хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй дээр маргаж байгаа гэсэн” байна.
Нэхэмжлэгч нараас иргэн Ю.Таас 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула******* хотын захирагчид хандан өргөдөл гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хариу мэдэгдэж шийдвэрлэсэн, мөн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчид хандан өргөдөл гаргасныг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 11:15 цагт хариу өгч шийдвэрлэсэн, дахин 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 05 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Н биечлэн уулзаж шийдвэрлэсэн,
- “Т*******” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23/804 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула******* хотын захирагчид хандан туслалцаа хүссэн байх бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/5211 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж,
- “Ф*******” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула******* хотын захирагчид хандан хүсэлт гаргасныг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03/5640 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Мөн “Т*******” ХХК, Г.Т******* нарын иргэдээс 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула******* хотын Захирагчид хандан гаргасныг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч Ула******* хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Л.А 2023 оны үерээс их хэмжээний хохирол барагдуулах боломжгүй уг асуудлыг Улсын онцгой комисст уламжлах санал хүргүүлсэн тухай хуулийн хугацаанд өргөдөл гаргагч нарт утсаар холбогдож мэдэгдсэн байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлы шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Өргөдөл, гомдль шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариу биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хрээр мэдэгдэнэ” гэж заасан.
Дээрх иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас бусад нэхэмжлэлд дурдсан бусад нэхэмжлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хариуцагчид хандаж өргөдөл, гомдол, хүсэлт гаргаагүй байна.
Өөрөөр хл Нийслэлийн Засаг даргаас иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдол, хүсэлтэд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд хариу өгч байсан байх бөгөөд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нараас дээрх хариу өгсөн асуудалтай холбогдуулан гомдол гаргаагүй Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 30 хоногийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.
- Нийслэл Ула******* хотод 2023 оны 07-08 дугаар сард их хэмжээний бороо орсны улмаас нийт 120 хорооны 11,956 өрхийн 34,473 хүн ам, 543 барилга байгууламж, 584 гэр, байшин сууц, 146 аж ахуйн нэгж, байгууллага, 230 тээврийн хэрэгсэл, 21 байршилд гудамж тайлбай усанд авсан ба 74,023 хэрэглэгч цахилгаангүй болж, 4 хүн амт насаа алдаж, төр хувийн хэвшил, иргэд дэд бүтцэд нийт 35,447,778,239 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.
С голын үерт Баянзүрх, Сүхбаатар дүүргийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний нийт 121 аж ахуйн нэгж байгууллага, 111 тээврийн хэрэгсэл өртөж иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 31 тэрбум орчим төгрөгийг хохирол учирсны Улсын Онцгой комисст уламжилсан.
Гамшгаас хамгаалах тухай 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад ““гамшиг” гэх аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг” гэж заасан бөгөөд дээрх үерий улмаас учирсан хохирол нь нийслэлийн дотоод нөөц боломжоос давсан учраас Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолын хавсралтаар “Гамшгийн хохиро хэрэгцээний үнэлгээ хийх журам”-д заасны дагуу тайланг нэгтгэн Монгол Улсы шадар сайд, Улсын онцгой комисст албан бичгээр хандаж байсан.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд гамшгаас хамгаал асуудлаар Засаг даргын бүрэн эрхийг заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.6 дахь заалтад заасан нэрвэгдэгсдэд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах эрхийг хэрэгжүүлж ажиллаж байсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула******* хотын захирагч гэдэг бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Засаг даргыг харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн гэж тодорхойлсон бөгөөд дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмчийн хувьд өмчлөгчийн эрхийг хуульд заасан хязгаарын хүрээнд тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, өмчийн удирдлагыг тухайн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Засаг дарга хэрэгжүүлнэ” заасан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула******* хотын захирагч нь төрийн төлөөлөгч, төсвийн ерөнхийлөн захирагч болохын хувьд Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан төсвийн хөрөнгө зориулалтын дагуу зарцуулж тайлагнаж ажилладаг.
Харин хохирол барагдуулах талаар хуулиар Нийслэлийн Засаг даргад олгосон эрх, үүрэг байхгүй бөгөөд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон үед Монгол Улсын Их Хурал уг асуудлыг дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцэж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргана” гэж заасан.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула******* хотын захирагч нь хариуцагч биш гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нараас Нийслэлийн Засаг даргад удаа дараа гомдол гаргаж байсан гэдэг гомдлын хүрээнд энэ асуудлуудыг тухай бүрд нь хариу өгч шийдвэрлэж байсан. Яагаад шийдвэрлэж байсан гэхээ энэ тавьж байгаа асуудал нь үндсэндээ хохирлын асуудал. Хохирлын асуудал нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнээс хэтэрсэн асуудал гэж үзэж байна. Яагаад гэхээр Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1-д “гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг” хэлнэ гэж заасан. Тухайн үед болсон үерийн учруулсан хохирол нь нийслэлийн дотоод нөөц боломжоос давсан ийм асуудал байгаад байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн хохирол хэрэгцээний үнэлгээ хийх журмын дагуу тайлан мэдээллийг нь улсын онцгой комисс шадар сайдад хүргэсэн байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс нийслэлийн Засаг дарга нь өөрөө Улсын онцгой комиссын гишүүн учраас үүнийг шууд шийдвэрлэх үүрэгтэй байсан гэдэг ийм асуудлыг ярьдаг. Нийслэлийн Засаг дарга Улсын онцгой комиссын гишүүн мөн боловч шууд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш юм. Хамтын шийдвэр гаргана. Шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь тусдаа яригдана гэж үзэж байна. Мөн гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд Засаг даргын эрх үүргүүдийг зааж өгсөн байдаг. Үүнд санхүүгийн болон эд материал, сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах эрхийг хуулиар зааж өгсөн байгаа. Энэ эрх, үүргийнхээ хүрээнд тусламж дэмжлэгийг тухай бүр нь үзүүлээд явж байсан байдаг.
Нэхэмжлэгч нарын гомдолтой холбоотой шийдвэрлэсэн хамгийн сүүлийн асуудал нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдлийг 11 дүгээр сарын 22-ны өдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүлээж авсан байдаг. Үүнийг шийдвэрлэхдээ утсаар холбогдож нийслэлийн эрх хэмжээнээс давсан асуудал байх тул улсын онцгой комисс шийдвэрлэнэ, нийслэл шийдвэрлэх боломжгүй гэдэг гомдлын хариуг өгсөн. Яагаад ийм хариу өгсөн гэхээр өргөдөл гомдлын тухай хууль дээр зааснаар өмнө нь гаргасан асуудлаа дахин давтан гаргасан байсан тэгэхээр хянан үзэхгүй байх эрх зүйн үндэслэл байна. Мөн нэхэмжлэгч нараас гомдолтой холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна гэж үзэж байгаа. Өмнө нь удаа дараа хариу өгч шийдвэрлэх боломжгүй байгаа талаар мэдэгдээд байхад эрх ашиг нь хөндөгдөж байгаа гэж байгаа бол шүүхэд хандах байсан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэвтрүүлсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэлийг хүлээж авахаас шийдвэрлэх ийм үндэслэл болж байна. Хоёрдугаарт Засаг дарга үүргээ биелүүлээгүй гэдэг асуудал яригдаад байна. Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд бүх асуудлыг Засаг даргын тамгын газар болон захирагчийн ажлын албаны хуульд зааснаар өргөдөл гомдлыг шийдвэрлэх түүнтэй холбоотой бичиг баримтыг нь шийдвэрлэх эрхийг Засаг захиргааны төсвийн нэгжийн тухай хуульд зааснаар олгочихсон байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудаас эрх бүхий албан тушаалтнуудаас энэ мэдээллүүдийг дүүргүүдээс нэгтгэж аваад журамд заасан үнэлгээ тооцооллыг бүгдийг нь хийлгээд нэгдсэн байдлаар санал хүсэлтүүдээ шийдвэрлэх хүсэлтүүдийг Улсын онцгой комисст хүргүүлсэн байдаг. Улсын онцгой комиссын хурлын шийдвэр болон хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлуудаа шийдвэрлэж явж байсан ийм үйл баримт нь тогтоогдож байна гэж үзэж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлуудыг шат шатны байгууллагад уламжилж шийдвэрлэсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
7.Нэхэмжлэгч “А*******” ХХК, “Т*******” ХХК, “Ф*******” ХХК болон Н.А*******, Г.А, С.Б, Г.О, Ю.Т, Б.У, Г.Э, Б.Э нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “А*******” ХХК-д үеэрээс учирсан 57,368,065 төгрөг, “Т******* ХХК-д үерээс учирсан 310,227,445 төгрөг, “Ф*******” ХХК-д үеэрээс учирсан 140,477,694 төгрөг, Н.А*******д үеэрээс учирсан 144,830,335 төгрөг, Г.Ад үеэрээс учирсан 44,217,200 төгрөг, С.Бт үеэрээс учирсан 63,000,000 төгрөг, Г.От үеэрээс учирсан 27,059,200 төгрөг, Ю.Тд үеэрээс учирсан 56,316,300 төгрөг, Б.Уд үеэрээс учирсан 142,392,700 төгрөг, Г.Эд үеэрээс учирсан 33,240,0 төгрөг, Б.Эд үеэрээс учирсан 12,563,900 төгрөг, нэхэмжлэгч нарт учирсан нийт 1,131,462,089 төгрөгийн хохирлыг барагдуулахгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн хохирол 1,131,462,089 төгрөгийн нөхөн олговор олгохыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “нийслэлийн Засаг даргад 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үерийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагчид даалгах тухай” гэж тодруулсан.
9.2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрүүдэд үерийн гамшиг болж, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, С голын далангийн баруун хэсэг, 13 дугаар хороолол, Үйлдвэрчин хотхон, , байрны зоорийн давхар үерт автсан, тус давхарт үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй.
10.Үүссэн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаар хуралдааны тэмдэглэлийн 3.1 дэх заалтаар “нийслэлийн Засаг дарга бөгөөд Ула******* хотын захирагчид Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу хохирлын анхан шатны үнэлгээ хийж, Улсын онцгүй комисс, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх”, 3.2 дахь заалтаар “Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгийн тооцоог яаралтай гаргаж, танилцуулах, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах”-ыг тус тус даалгажээ.
11.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга гамшгаас хамгаалах асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 32.1.2.нутаг дэвсгэрийн онцлогт нийцүүлэн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийг байгуулах, тэдгээрийг гамшгийн үед үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох; 32.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гамшгаас хамгаалах болон орон нутгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах;”-аар, 51 дүгээр зүйлийн 51.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь жил бүрийн төсвийн багцдаа гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж, зардлыг тусгана” гэж, 51.3-т “аймаг, нийслэл, сум, дүүрэг нь тухайн жилийн төсвийн 1.0 хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга хэмжээнд төлөвлөж зарцуулна” гэж, 51.4-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах арга хэмжээний зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх”-ээр тус тус заасан.
12.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл нийслэлийн Засаг дарга гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд уг үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах бүрэн эрхтэй, Улсын онцгой комиссоос даалгасан асуудлаар комиссын болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүрэгтэй. Иймд энэ талаар хариуцагчийн “энэ захиргааны хэргийн хариуцагч биш” гэх тайлбарыг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
13.Хариуцагч нийслэлийн Засаг дарга Улсын онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу гамшгийн үед шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын болон хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
14.Тухайлбал, нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг даргад 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хандан гаргасан “далан сэтлэхийн өмнөх орой онцгой байдлын алба “эрчимтэй ажиллаж байна” гэх мэдээллийг хараад тайвширсан, гэтэл маргаан нь шууд далан сэтэлснээс ус байр руу орж энэ нөхцөл байдал үүссэн, сэтлэх болсноо урьдчилан мэдэгдээгүй, бараа материал, өмчөө хамгаалах боломж олгохгүйгээр дур мэдэн шийдвэр гаргасан, мөн Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэн өгөх талаар болон хохирол барагдуулах” агуулга бүхий өргөдлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад бүртгэн авсан байна.
15.Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Танилцуулах” удирдлагын заалттайгаар шилжүүлсэн Ула******* хотын Захирагчийн ажлын алба, Хотын инженерийн байгууламжийн хэлтэс, Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж хариуцсан мэргэжилтнээс “Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2023 оны үерээс үүссэн их хэмжээний хохирлыг барагдуулах боломжгүй тул уг асуудлыг Улсын онцгой комиссод уламжлах саналыг хүргүүлж байна” гэх байдлаар хаасан нь нэхэмжлэгч нарын өргөдлийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.
16.Учир нь нэхэмжлэгч нараас 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн Засаг даргад гаргасан өргөдлөөс өмнө нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад 2023 оны 11 дүгээр сарын 01, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Засгийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу гаргасан дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагуудын тайланг нэгтгэн, 2023 оны 01/5080, 01/5729, 01/2127 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд нэмэлтээр ирүүлсэн тайланг хүргүүлсэн” гэх 01/2127, 01/2233 дугаар албан бичиг,
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх бөгөөд ажлын албаны даргад “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны , байрны зоорийн давхарт үйл ажиллагаа эрхэлж байсан 25 аж ахуйн нэгж, байгууллагын хохирлыг нөхөн олговрыг нийслэл олгох боломжгүй, тухайн асуудлыг Улсын онцгой комиссын хуралдаанаас шийдвэрлүүлэх талаар” 2024 оны 06 дугаар сарын 05-нд хандаж байсныг нэхэмжлэгч нарын өргөдлийг шийдвэрлээгүй нь хууль зөрчжээ.
17.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. ...” гэж заасан, хариуцагч нийслэлийн Засаг дарга “үерийн улмаас учирсан хохирлыг барагдуулах” нэхэмжлэгч нарын өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл болно.
18.Хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгч нарын нөхөн олговрыг олгох эсэх талаар эрх бүхий байгууллагууд болох Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэх боломжтой.
19.Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд, маргааны үйл баримт, тогтоогдсон бодит нөхцөл байдал, холбогдох хууль, журмын зохицуулалтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.1.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК, “Т*******” ХХК, “Ф*******” ХХК болон Н.А*******, Г.А, С.Б, Г.О, Ю.Т, Б.У, Г.Э, Б.Э нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч нараас нийслэлийн Засаг даргад 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан өргөдөлд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, үерийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан эд хөрөнгийн хохирлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 (нэг зуун дөчин м дөрвөн зуу) төгрөгөөс 70,200 (далан м хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 (далан м хоёр зуу) төгрөгийг түүнд буцаан олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР