Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 200

 

  “А энд Б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий

газарт холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                         Г.Банзрагч

                                         Б.Мөнхтуяа

                                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144,875,661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, уг татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэн суутган тооцохыг Татварын ерөнхий газарт даалгах, “А энд Б” ХХК-ийн төлөх ёстой 82,474,039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газарт даалгах”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0089 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0204 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нар,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0089 дүгээр шийдвэрээр: 1 дэх заалтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.7, 6.13 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “А энд Б” ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 144,875,661 төгрөгийн татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах, уг татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэн суутган тооцохыг Татварын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг үндэслэн “А энд Б” ХХК-ийн төлөх ёстой 82,474,039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0204 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0089 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...6.7...” гэснийг хасаж, “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.1...” гэж нэмсэн өөрчлөлтийг оруулж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “А энд Б” ХХК-ийн төлөх ёстой 82,474,039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “А энд Б” ХХК-ийн захирал Б.Батзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “А энд Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0089 дүгээр шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0204 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

4. Шүүхийн магадлалын хянах хэсэгтээ “...татварыг хамаарал бүхий этгээдийн татварт суутган тооцуулах, үүссэн байсан өрийг тэглүүлэх үр дагавар үүссэн хэмээн маргаж буй нь үндэслэлгүй, уг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон үеэсээ эхлэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдах, мөн үеэс НӨАТ төлөхгүй байх үр дагавар үүсгэхээс бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх үр дагаврыг үүсгэхгүй юм” гэжээ. 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 58 тоот шийдвэрт эрх зүйн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулах үйлчилгээнд хамруулахгүй бөгөөд татвар төлөгчөөр бүртгэх үндэслэлгүй байсан гэж дүгнэсэн. Нэгэнт шүүхээс манай байгууллагыг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш хэмээн үзсэн учраас татварын байгууллагад төлсөн бүх татварыг суутган тооцуулах, үүссэн байсан өрийг тэглүүлэх үр дагавар үүссэн болно.

5. Шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгч нь татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан. Нэгэнт хасагдсан ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13-т заасны дагуу татвар төлөгч байх үеийн үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг баримталсан. Гэтэл 2013 онд захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн маргааны хувьд манай байгууллагыг анхнаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага биш байна хэмээн дүгнэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д “Хувь хүн, хуулийн этгээд албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойш энэ хуульд заасан албан татвар ногдох орлогогүй, эсхүл орлогын хэмжээ нь албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн босгын хэмжээнд хүрээгүй нь дараалсан 12 сарын албан татварын тайлангаар, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй нь нотлогдсон бол харъяалах татварын алба албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасаж, гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасныг хэлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүгчийн хэрэглэсэн бүртгэлээс хасагдах гэдэг ойлголт нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх босгонд орлого нь хүрээгүйг ойлгоно. Харин манай компани нь тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан хуулийн фирмүүдийн нэгэн адил татварын байгууллагын шахалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон бөгөөд манай үйл ажиллагааны онцлогоос хамаараад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гэсэн тайлбаруудыг тухайн үед өгч байсан ч үр дүнд хүрээгүй болно. Ингээд шүүхээс маргаан эцэслэн шийдвэрлүүлсэн. Шүүх анхнаасаа “...“А энд Б” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ явуулдаггүй байсан байна” хэмээн дүгнэсэн. Тиймээс манай тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь заалт хамаарахгүй болно.

6. Мөн магадлалын хянах хэсэгт “...”А энд Б” ХХК нь ... иргэний шүүхэд нэхэмжлэл гарган маргасан хэдий ч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2018/00246 захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна” гэжээ. “А энд Б” ХХК-ийн зүгээс тухайн үед Татварын ерөнхий газар нь асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага учир Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг татсан байдаг. Мөн тухайн үед талууд эвлэрэх боломж харагдаж байсан төдийгүй тодорхой хэлцэлд хүрэх боломжтой байсан учраас хэргийг татсан. Мөн иргэний хэргийн хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсан үйл баримт нь зөвхөн иргэний шүүхэд тухайн асуудлаар дахин хандах эрхийг хязгаарлана. Тиймээс тус асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан нөхцөлд шүүхэд хандах эрхээсээ татгалзсан гэж үзэхгүй юм.

7. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2019/0204 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

             ХЯНАВАЛ:

8. “Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, заримыг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр “...хууль буруу хэрэглэсэн...” гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

10. “А энд Б” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасахыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх үеийн буюу 2005 оноос 2012 оныг дуусах хүртэлх хугацаанд төсөвт төлсөн 144,875,661 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хамаарал бүхий этгээдийн бусад татварт шилжүүлэх тооцохыг даалгах, үлдэгдэл 82,474,039 төгрөгийн татварын өрийг хүчингүй болгуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

11. Нэхэмжлэгч нь ”...шүүхийн шийдвэр гарснаар төлсөн татварыг суутган тооцуулах, ...үүссэн бүх өрийг тэглэх үр дагавар үүснэ, ...татварын байгууллагад удаа дараа хандаж байсан боловч дээрх татварыг буцаан олгох боломжгүй гэсэн хариу өгч байгаа...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, хариуцагч нь ”...хуулийн дагуу тухайн татварыг төлөгч байхдаа төлсөн татварыг шилжүүлэн тооцох үндэслэлгүй..., ...илүү төлсөн татвар гэж үзэхгүй..., ...татварын байгууллага хүсэлтэд тухай бүр хариу өгч байсан, ...эс үйлдэхүй биш...” гэж  тайлбарлаж тус тус маргасан, харин төлсөн болон төлөх ёстой өр гэх татварын хэмжээ, тооцооллын тухайд маргаангүй байна.

12. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт татвар төлөгч нь илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэйг зааж, 58 дугаар зүйлд татварыг суутган тооцох, буцаан олгох 3 тохиолдлыг тухайлбал, 58.1.1-д “тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох”, 58.1.2-т “татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох”, 58.1.3-т “буцаан олгох” гэж тодорхойлжээ. Үүнээс үзвэл, татварыг буцаан авах буюу суутган тооцуулах татвар төлөгчийн эрх нь зөвхөн татварыг илүү төлсөн тохиолдолд хэрэгжихээр ба нэхэмжлэгч “А энд Б” ХХК-ийн татвар төлөгч байхдаа хуулийн дагуу төлсөн татварыг илүү төлсөн татвар гэж үзэхгүй.

13. Мөн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон үеэсээ эхлэн хэрэгжиж, хэргийн оролцогчид шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгчийн тухайд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байх үр дагавар үүсэхээс бус, шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг үүнээс өмнөх цаг хугацаанд хуулийн дагуу төлсөн татварт хамруулж, “илүү төлсөн” гэх ойлголттой адилтган бусдын төлөх татварт шилжүүлэн тооцуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. 

14. Түүнчлэн татварын байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтэд тухай бүр татгалзсан хариу өгч байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй, иймээс хүсэлтийг шийдвэрлээгүй, хариуцагчийн буруутай эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж үзнэ. 

15. Хариуцагчийн татгалзал нь хууль зөрчөөгүй тухайлбал, илүү төлсөн татвар биш гэснээс гадна Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 6 дугаар зүйлийн 6.13-т ”Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасагдсан нь тухайн этгээдийг уг татварыг төлөгч байхдаа явуулсан үйл ажиллагааны төлөө нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу хүлээлгэх хариуцлагаас чөлөөлөх болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхгүй байх үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн тайлбарлаж байгаа нь буруу биш байна.

16. Тодруулбал, нэхэмжлэгч “А энд Б” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хассан шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон үеэсээ эхэлж хэрэгжих ба шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчийн татвар төлөгч байх үедээ хуулийн дагуу төлсөн татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй, хариуцагч татгалзлын үндэслэлээ дээрх хуульд үндэслэснийг буруутгахааргүй тул “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ оны 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэг манай маргаанд хэрэглэгдэхгүй..., ...энэ зохицуулалт нь хуулийн 6.11-д заасан үндэслэлээр татвар төлөгчийн бүртгэлээс хассан нөхцөлд хэрэглэгдэнэ...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

17. Мөн иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн “...шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар маргах эрхгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн төлөх ёстой 82,474,039 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг хүчингүй болгохыг Татварын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв байна. Иймээс “...иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсан асуудал нь зөвхөн тухайн шүүхэд дахин хандах эрхийг хязгаарлана...” гэх нэхэмжлэгч гомдолдоо дурдсан нь мөн үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2019/0204 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                        Л.АТАРЦЭЦЭГ