Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 0017

 

 Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

        Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гантуяа би Булган аймгийн Булган сумын иргэн Д.Ганчимэгээс Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбарын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 тоот “Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж нэр дэвшүүлсэн тухай” тогтоолыг хүчинтэйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганчимэг миний бие нь Булган аймгийн Могод сумын ИТХ-ынТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тоон дээр томидогдох ажилтны сонгон шалгаруулалт Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбараас нийтэд 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр “Булганы мэдээ” сонин болон Төрийн албаны зөвлөлийн цахим санд тавигдсаны дагуу тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг ханган бүртгүүлж, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сонгон шалгаруулалтанд орж нэгээр гарсан.

        Энэ сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 27 тоот тогтоолоороо баталгаажуулсан. Миний нэрийг Могод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн боловч тухайн сумын ИТХ-ын дарга Н.Халтар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй орон нутгийн нөөцөөс хүн авч ажиллуулна гэх мэтээр тайлбар өгч, томилохоос татгалзсан учраас би 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

      2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн  14 цагт шүүх хуралдаан товлогдсон бөгөөд шүүх хурал эхлэхээс өмнө хариуцагч тал шүүгчид өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул тухайн өдрийн шүүх хуралдааныг 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшлуулсан.

      Шүүх хуралдаан хойшилсны дараа 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай 05 тоот тогтоол гарсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхээс хариуцагчийг дуудахад наад сонгон шалгаруулалт чинь хүчингүй болсон байх, наад хуралд чинь би очихгүй гэж хэлээд шүүх хуралдаанд ирээгүй тул арга буюу би нэхэмжлэлээ татаж, дээд шатны байгууллага МУ-ын Төрийн албаны зөвлөлд хандсан.

       Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбараас тухайн үедээ удаа дараа миний нэрийг Могод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд дэвшүүлж байсан мөртлөө надад хамааралтай энэ тогтоолыг надад мэдэгдээгүй нь төрийн албаны шударга байх зарчимыг алдагдуулсан үйл явц болсон.

        МУ-ын Төрийн албаны зөвлөлөөс миний гомдлыг УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу хянан шийдвэрлээгүй байх тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсэн.

       Төрийн албаы зөвлөлийн Булган аймаг дахь салбар нь УИХ-ын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу хянан шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байгаа тул Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбарын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбарын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсэн тухай 27 тоот тогтоолыг хүчинтэйд тооцуулах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

        Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөл 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Булган сумын иргэн Ганчимэгээс тус зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, Булган аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 27 тоот тогтоолыг хүчинтэйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг “Могод сумын ИТХ-ын дарга Н.Халтар нь сонгон шалгаруулалтын явцад тус ажлын байрны шаардлагыг өөрчилсөн талаар гомдол ирүүлээгүй, Төрийн албаны салбар зөвлөл нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Могод сумын ИТХ-ын гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй” гэсэн үндэслэлээр бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Булган аймгийн Булган сумын иргэн Д.Ганчимэг нь Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, Булган аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 27 тоот тогтоолыг хүчинтэйд тооцуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөл нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн тайлбараа бичиж ирүүлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/00016/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

       Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн ногдох хэсгийг Төрийн албаны Булган салбараас гаргуулахгүй байхаар тохиролцсоныг дурдах нь зүйтэй байна.  

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Булган аймгийн Булган сумын иргэн Д.Ганчимэгээс Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулан гаргасан “2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот “Сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолыг хүчингүй болгуулж, Булган аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 27 тоот тогтоолыг хүчинтэйд тооцуулах”-ыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөл хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/00016/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн санд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс 35100 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Ганчимэгт олгож, нэхэмжлэгч нь хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлөөс улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т  зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

       4. Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА