| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/04636/И |
| Дугаар | 191/ШШ2025/03607 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03607
2025 04 29 191/ШШ2025/03607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг, 0 тоотод байрлах, Д ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Хос өргөө хотхон, 0 тоотод оршин суух, Х овогт Д-ын Д /РД:00000000/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 33,380,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох аймгийн төвөөс баруун урагш 20 орчим км-т хариуцагч Д.Д-ийн эзэмшлийн 00-00 УНЧ улсын дугаартай Beiben ND маркийн тээврийн хэрэгслийг жолооч Ж.Ү жолоодож яваад Д ХХК-ийн эзэмшлийн 00-000 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байна.
2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээчийн 24/44 дугаар дүгнэлтийн 1-д хэргийн материал дахь Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан 2 тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн гэх "А" цэгийн байрлал, 2 тээврийн хэрэгслийн байрлалыг зорчих хэсгийн захтай харьцуулсан хэмжээнүүдтэй танилцахад Beiben ND маркийн 00-00 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Ж.Ү нь Монгол лусын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 "Жолооч хөдөлгөөнд авул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ авах үйлдлийг буруу гүйцэтгэх урсгал сөрсөн /зойлуулж дарсан/ байх үндэслэлтэй байна гэжээ.
Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн 0027399 дугаар хуудсаар 2024 оны 03 дугаар сарын 22 өдөр 00-00 улсын дугаартай Beiben ND маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Ү нь 00-00 ӨМҮ тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.М-тай мөргөлдөж зам тээврийн осол гаргасанг тогтоож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийн арга хэмжээ авагдсан.
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 2024/ЗШ/153 дугаар шийтгэврээр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Билгүүний холбогдогч Ж.Ү-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 /нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгосон 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №0027399 дугаартай шийтгэлийн хуудсыг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ДШМ3/04 магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/3Ш/153 дугаар шийтгэврийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Иймд Д ХХК-ийн эзэмшлийн 00-00 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэслэлд учирсан гэм хорын хохирол 33,380,000 төгрөгийг 00-00 УНЧ улсын дугаартай Beiben ND маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцагч Д.Д-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Д хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч Д ХХК-ийн Д.Д-аас 00-00 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 33,380,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул доорхи тайлбарыг гаргаж байна.
Зам тээврийн осол болсон шалтгаан нь дээрх тээврийн хэрэгслийн жолооч Ц.М 2.92 хувийн согтолттой өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож өөрийгөө болон бусдыг аюул осолтой байдалд оруулснаас уг осол гарсан байдаг.
Уг осол гаргах үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ тэрээр Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл хүлээсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч М.М дүгнэлтдээ: Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч талыг гэм буруутай гэж үзэж байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнг тодорхой хувиар хариуцагч, нэхэмжлэгч нар хувааж төлбөл зохимжтой гэж үзэж байна гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Д.Д-д холбогдуулан гэм хорын хохиролд 33,380,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Д.Д-ийн эзэмшлийн 00-00 УНЧ улсын дугаартай Beiben ND маркийн тээврийн хэрэгслийг жолооч Ж.Ү жолоодож яваад Д ХХК-ийн эзэмшлийн 00-00 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгч компанийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.М нь 2.92 хувийн согтолттой өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас уг зам тээврийн осол гарсан тул хохирлыг хариуцахгүй гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болох аймгийн төвөөс баруун урагш 20 орчим км-т хариуцагч Д.Д-ийн эзэмшлийн 51-47 УНЧ улсын дугаартай Beiben ND маркийн тээврийн хэрэгслийг жолооч Ж.Ү жолоодож яваад Д ХХК-ийн эзэмшлийн 64-51 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байх бөгөөд уг осолд жолооч Ж.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас гарсан болох нь хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтын 2024.01.20-ны өдрийн Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ц НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024.03.14-ны өдрийн 24/44 дугаар шинжээчийн дүгнэлт, 2024.03.22-ны өдрийн №0027399 дугаар Зөрчилд шийтгрэл ногдуулах тухай шийтгэлийн хуудас, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн 2024/ЗШ/1533 дугаар Шийтгэлийн хэвээр үлдээх тухай шийтгэвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.25-ны өдрийн 2024/ДШМЗ/04 дугаар магадлал, мөн хуралдааны 2024/ДШМЗ/04 дугаар тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-8, 14-28, 70-73 хуудас/
4.2. Нэхэмжлэгч Д ХХК-ийн эзэмшлийн 00-00 ӨМҮ улсын дугаартай, Beiben ND маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.М-ын согтуурлын зэрэг 2,92 хувийн үзүүлэлттэй гарсан, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар Ц.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан болох нь Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024.03.14-ны өдрийн 24/44 дугаар шинжээчийн дүгнэлт, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.02-ны өдрийн 2024/ЗШ/122 дугаар Ц.М-т шийтгэл ногдуулах тухай шийтгэвэр зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 14-16, 48-49 хуудас/
4.3. 2024.02.05-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний Ашид Билгүүн ХХК нь шинжээчээр томилогдож 00-00 ӨМҮ улсын дугаартай, Beiben ND маркийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас учирсан хохирол 33,380,000 төгрөг болохыг тогтоосон байна. /хавтаст хэргийн 9-11 хуудас/
5. Талууд зам тээврийн осол болсон, зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Д ХХК-ийн 00-00 ӨМҮ улсын дугаартай, Beiben ND маркийн тээврийн хэрэгсэлд 33,380,000 төгрөгийн хохирол учирсан, нэхэмжлэгч Д ХХК-ийн эзэмшлийн 00-00 ӨМҮ улсын дугаартай, Beiben ND маркийн тээврийн хэрэгслийг жолооч Ц.М жолоодож явсан, хариуцагч Д.Д-ийн эзэмшлийн 00-00 УНЧ улсын дугаартай Beiben ND маркийн тээврийн хэрэгслийг жолооч Ж.Ү жолоодож явсан талаар маргаагүй.
6. Харин зам тээврийн осолд жолооч Ц.М-ын согтуурлын зэрэг 2,92 хувийн үзүүлэлттэй гарсан нь нөлөөлсөн эсэх, жолооч Ц.М зам тээврийн осолд гэм буруутай эсэх талаар маргаж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
мөн зүйлийн 497.2.-д Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан.
7. Жолооч Ж.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан,
Жолооч Ц.М-ын согтуурлын зэрэг 2,92 хувийн үзүүлэлттэй гарсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар Ц.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулсан.
8. Жолооч Ж.Ү, жолооч Ц.М нарын дээрхи Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх, хэн зам тээврийн осолд гэм буруутай талаар шинжээч Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024.03.14-ны өдрийн 24/44 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
1. Хэргийн материал дахь Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан 2 тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн гэх А цэгийн байрлал, 2 тээврийн хэрэгслийн байрлалыг зорчих хэсгийн захтай харьцуулсан хэмжээнүүдтэй танилцахад Beiben ND маркийн 00-00 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Ж.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ авах үйлдлийг буруу гүйцэтгэн урсгал сөрсөн /зайлуулж дарсан/ байх үндэслэлтэй байна.
2. Beiben ND маркийн 00-00 ӨМҮ улсын дугаартай, автомашины жолооч Ц.М-ын согтуурлын зэрэг 2,92 хувийн үзүүлэлттэй гарсан, энэ нь зам тээврийн осолд хэрхэн нөлөөлсөн, тухайн жолоочийн самбаачлах чадварт хэрхэн нөлөөлсөн эсэхийг шинжээчийн зүгээс тогтоох боломжгүй ба эрүүл мэндийн чиглэлийн мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй гэж үзэж байна.
3. Beiben ND маркийн 00-00 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Ж.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэжээ.
8.1. Иргэдийн төлөөлөгч М.М нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч талыг гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлтийг дээрхи шинжээчийн дүгнэлтэд үндэслэн гаргасан тул үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь уг шинжээчийн дүгнэлт нь зам тээврийн осолд гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон гол нотлох баримт бөгөөд хариуцагч нь жолооч Ж.Ү-хын хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах үйлдлийг буруу гүйцэтгэн урсгал сөрсөн /зайлуулж дарсан/ гэх үйлдлийг баримтаар үгүйсгээгүй, энэ гэм буруугийн талаар маргаагүй.
Дээрхи дүгнэлтийг гаргасан Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнг Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024.03.11-ний өдрийн тогтоолоор шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь Зөрчлийн 2417000051 дугаартай хэрэгт шинжилгээ хийж, дүгнэлтийг гаргасан, дүгнэлт гаргасан шинжээч Т.Түвшинбаатар нь Хөдөлгөөн зохион байгуулалт, хөдөлгөөний аюулгүй байдал-ын мэргэшсэн инженер, Автомашин ашиглалт, авто аж ахуй мэргэжлээр механик инженерийн магистрын зэрэгтэй тусгай мэдлэг бүхий этгээд байна. /хавтаст хэргийн 61-63, 65-67 хуудас/
8.2. Дээрхи дүгнэлтээр жолооч Ц.М-ын согтуурлын зэрэг 2,92 хувийн үзүүлэлттэй гарсан нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн.
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.25-ны өдрийн 2024/ДШМЗ/04 дугаар магадлалын үндэслэх хэсэгт ...мөн шинжээчийн дүгнэлтээр Ж.Ү-ын буруутай үйлдлээс осол гарсан гэж дүгнэсэн байх боловч, хохирогч Ц.М-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь осолд нөлөөлөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Ц.М-ын үйлдлийг дахин шалган тогтоох шаардлагагүй, холбогдогч Ж.Ү нь зөрчил гаргаагүй гэх үндэслэл дээрхи нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж дүгнэснийг Ц.М-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсныг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, магадлалын үндэслэх хэсгийг уг дүгнэлт нь холбогдогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэлийг үгүйсгэж, холбогдогч Ж.Ү-ын зөрчилд гэм буруутай нь тогтоогдсныг дүгнэсэн агуулгатай байна.
Мөн уг дүгнэлтээр хохирогч Ц.М-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь осолд нөлөөлснийг баримтаар тогтоож дүгнэсэн агуулгагүй байна.
Иймээс жолооч Ц.М-ын согтуурлын зэрэг 2,92 хувийн үзүүлэлттэй гарсан нь зам тээврийн осолд нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Beiben ND маркийн 00-00 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Ж.Ү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчин хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ авах үйлдлийг буруу гүйцэтгэн урсгал сөрсөн /зайлуулж дарсан/-ий улмаас зам тээврийн осол гаргасаны улмаас нэхэмжлэгч Д ХХК-ийн 00-00 ӨМҮ улсын дугаартай, Beiben ND маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан гэм буруутай байна.
9. Нэхэмжлэгч Д ХХК нь жолооч Ж.Ү-ын жолоодож явсан Beiben ND маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч болох хариуцагч Д.Д-аас автомашинд учирсан хохирлоо шаардсан.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 499.4.-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Beiben ND маркийн 00-00 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч болох хариуцагч Д.Д нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
10. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
10.1. Нэхэмжлэгч Д ХХК-ийн эзэмшлийн Beiben ND маркийн 00-00 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн ослын улмаас эвдэрч, гэмтсэний улмаас нийт 33,380,000 төгрөгийн хохирол учирсан болохыг Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх явцад шинжээчээр томилогдсон Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 9-11, 54-58 хуудас/
10.2. Хариуцагч Д.Д нь энэхүү хохирлын үнэлгээний талаар маргаагүй.
10.3. Иргэдийн төлөөлөгч М.М нэхэмжилсэн мөнгөн дүнг тодорхой хувиар хариуцагч, нэхэмжлэгч нар хувааж төлбөл зохимжтой гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгчийн уг дүгнэлт нь жолооч Ц.М зам тээврийн осол гарах үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсантай холбоотой бөгөөд жолооч Ц.М-ын согтуурлын зэрэг 2,92 хувийн үзүүлэлттэй гарсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Ц.М-ыг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Тодруулбал, жолооч Ц.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлдээ Зөрчлийн арга хэмжээ авагдсан.
Харин Ц.М-ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй буюу зам тээврийн осол Ц.М-ын буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас гараагүй тул ослын улмаас учирсан хохирлыг хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
11. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Д.Д-аас 33,380,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 324,850 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Д-аас 33,380,000 /гучин гурван сая гурван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-с 324,850 /гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ