2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/03609

 

 

 

 

 

 


   2025     04         29                            191/ШШ2025/03609

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 0 тоот хаягт оршин суух, Н овогт С-ын Б /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 0 байранд байрлах, Н-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, 0 тоотод байрлах, Э ХХК /РД:000000/-ийг оролцуулж,

2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/140/15382 дугаар эрх сэргээх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Тус шүүхэд С.Б миний нэхэмжлэлтэй "Э ХХК-д холбогдох 125,405,450 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Э" ХХК-ийн эд хөрөнгө, мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээг авахаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/19665 дугаартай захирамж гарсан байдаг.

Дээрх захирамжийг Н-с биелүүлж, хариуцагч Э ХХК-ийн нэр дээр ямар нэгэн өмч хөрөнгө байхгүй, харин ашигт малтмалын MV-019852, MV-020391 дугаартай тусгай зөвшөөрлүүд байсан тул эдгээр тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 01-92725378 дугаартай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, "Э ХХК-ийн нэр дээрх цор ганц хөрөнгүүдийг битүүмжилсэн юм.

Гэтэл хариуцагч "Э" ХХК нь С.Б-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Н-с 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дансанд мөнгө байршуулсан гэсэн үндэслэлээр дээрх тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээх талаар 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай хууль бус албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулж, "Э" ХХК-д шүүгчийн захирамжид заасан ажиллагааг биелүүлэхээс эрс татгалзаж, хууль бус ажиллагааг явуулсан байна.

Дээрх хууль бус ажиллагаа хийсэн талаар нэхэмжлэгч С.Б надад мэдэгдээгүй бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д, шийдвэр гүйцэтгэгч Б.А нараас мэдсэн ба тухайн хүмүүс нь "Э" ХХК нь манай байгууллагын дансанд мөнгө байршуулсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д заасныг хэрэглэж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн хэмээн мэдэгдлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл заалт нь зөвхөн шүүх, шүүгчийн эрх хэмжээний хүрээнд хамаарах байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хуулийн энэхүү заалтаар бие даан шийдвэр гаргаж буйд үнэхээр харамсч байна.

Монгол Улсын Үндсэн Хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн аливаа шийдвэр гараагүй байхад 2024 оны 6 дугаар сарын 20- ны өдрийн 02-140/15382 дугаартай хууль бус албан бичиг /шийдвэр/-ээр "Э" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүх та бүхний эрх хэмжээг бие даан хэрэгжүүлж, шийдвэр гаргаж буй хууль бус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н хариу тайлбар, татгалзалдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/00000 дугаар захирамжаар "Э ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 125,405,450 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилсан.

Захирамжийн дагуу хариуцагч Э ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд бүртгэлтэй хөрөнгүүдийг холбогдох улсын бүртгэлийн байгууллагуудаас тодруулж, эзэмшлийн 4 тээврийн хэрэгсэл, нэгж талбарын 4127042171 дугаартай Төв аймгийн  0 тоот хаягт байрлах газар, болон хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн.

Хариуцагч Э ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус газарт хандан гаргасан хүсэлтэндээ Тусгай зөвшөөрлийг хүчинтэй байлгах үүднээс тодорхой үйл ажиллагаа явуулах, тайлан, мэдээг илгээх талаар Ашигт малтмалын тухай хуульд заасан бөгөөд үүнтэй холбоотой ажиллагааг хийх гэтэл танай байгууллагын дээр дурдсан албан бичгээр битүүмжилсэн учир хуульд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна, иймд танай байгууллагын Голомт банкны 3405133858 дугаартай дансанд С.Бямбасайханы нэхэмжлэлд заасан мөнгөн хөрөнгө болох 124,405,450 төгрөгийг байршуулсан гэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно. Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно хэмээн заасан.

Мөн тус нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгө буюу мөнгийг гаргуулах захирамж байх тул Н  хуульд заасан ажлаа хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн болно.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Э ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/19665 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Б-ы хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар Эрхэс майнинг ХХК-ийн эд хөрөнгө, мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 125,405,450 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэх арга хэмжээг авсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно. Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Б-ы шаардсан 125,405,450 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/00000 дугаар захирамжаар өмнөх 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/19665 дугаар захирамжид өөрчлөлт оруулж С.Б-ы нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэтэл манай компанид нэхэмжлэлээр шаардсан 125,405,450 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулахыг даалгасан. Уг захирамжийг тус шүүхийн 2025.03.28-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаа.

Хариуцагч Н-ын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна.

Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь Н-т холбогдуулан 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/140/15382 дугаар эрх сэргээх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамжийн дагуу Н-с хариуцагч Э ХХК-ийн ашигт малтмалын MV-019852, MV-020391 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Н нь хариуцагч Э ХХК нэхэмжлэлээр шаардсан мөнгийг дансанд байршуулсан гэх үндэслэлээр шүүхийн аливаа шийдвэр гараагүй байхад 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02-140/15382 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээх тухай хууль бус албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулж, хууль бус ажиллагаа явуулсан гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч дараахь үндэслэлээр татгалзлаа тодорхойлсон. Үүнд: Захирамжийн дагуу хариуцагч Э ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Хариуцагч Э ХХК-аас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр С.Б нэхэмжлэлээр шаардсан 124,405,450 төгрөгийг манай дансанд байршуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага нь мөнгө гаргуулах тул Н хуульд заасан ажиллагаа хийж гүйцэтгэсэнгэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь Н-ын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/140/15382 дугаар Эрх сэргээх тухай шийдвэрийг мэдээд 2024.08.30-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж, 2024.09.03-ны өдөр уулзалт хийж гомдлыг хариуг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2024.09.17-ны өдрийн 9-1/2621 дугаар Гомдолд хариу өгөх тухай албан бичгийг хүлээн аваад 2024 оны 09 дүгээр сарын 26ы өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 2 хуудасны ар тал, 41-44 хуудас/

4.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/00000 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар хариуцагч Э ХХК-ийн эд хөрөнгө, мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 125,405,450 төгрөгийн хэмжээгээр битүүмжилжээ.

4.3. Н нь захирамжийн дагуу хариуцагч Э ХХК-ийн эзэмшил болон өмчлөлд бүртгэлтэй хөрөнгүүдийг холбогдох улсын бүртгэлийн байгууллагуудаас тодруулж, эзэмшлийн 4 тээврийн хэрэгсэл, нэгж талбарын 4127042171 дугаартай Төв аймгийн 0 тоот хаягт байрлах газар болон хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна. /хавтаст хэргийн 24-35 хуудас/

4.4. Хариуцагч Э ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Н-ын дансанд С.Б-ы нэхэмжлэлээр шаардсан 124,405,450 төгрөгийг байршуулж, 2023 оны 04-92/25378 дугаар албан бичгийн дагуу хийгдсэн хөрөнгө битүүмжлэх ажиллагааны эрхийг сэргээх албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газарт явуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Н нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/140/15382 дугаар Эрх сэргээх тухай албан бичгээр 2023 оны 04-92/25378 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг Ашигт малтмал газрын тосны газарт мэдэгдсэний дагуу тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг чөлөөлснийг хязгаарлалтын бүртгэлд бүртгэснийг мэдэгджээ. /хавтаст хэргийн 36-40 хуудас/

 

5. Нэхэмжлэгч С.Б нь шаардлагын үндэслэлээ хариуцагч Э ХХК нэхэмжлэлээр шаардсан мөнгийг дансанд байршуулсан гэх үндэслэлээр шүүхийн аливаа шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн хууль бус ажиллагаа явуулсан гэж тодорхойлсон.

 

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ гэж заасны дагуу Н нь шүүгчийн захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан ажиллагаануудаар гүйцэтгэхээр зохицуулсан.

5.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүгчийн 19665 дугаар захирамжийн хариуцагч Э ХХК-ийн эд хөрөнгө, мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 125,405,450 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхээр заасан ажиллагааг гүйцэтгэж, хариуцагч Э ХХК-ийн эзэмшлийн 4 тээврийн хэрэгсэл, нэгж талбарын 0 дугаартай Төв аймгийн  0 тоот хаягт байрлах газар болон хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй ашигт малтмалын 0000000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

Уг ажиллагаа нь шүүгчийн захирамжид заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнд нийцсэн эсэх талаар зохигч гомдол гаргаагүй байна.

 

6. Хариуцагч Э ХХК нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд нэхэмжлэгч С.Б-ы нэхэмжлэлээр шаардсан 124,405,450 төгрөгийг байршуулж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээлгэх хүсэлт гаргасны дагуу Н-ын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/140/15382 дугаар Эрх сэргээх тухай албан бичгээр тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн байна.

 

7. Нэхэмжлэгч дээрхи ажиллагааг шүүхийн аливаа шийдвэр гараагүй байхад тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн нь хууль бус ажиллагаа гэж, хариуцагч уг ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д нийцсэн ажиллагаа гэж маргаж байна.

 

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4.Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно. Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно гэж заасан.

7.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/0000 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/19665 дугаар захирамжийн Захирамжлах нь хэсмгийн 1 дэх заалтыг С.Б-ы нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар хариуцагч Э ХХК-д нэхэмжлэлээр шаардсан 125,405,450 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулахыг даалгасугай гэж өөрчлөлт оруулжээ. /хавтаст хэргийн 99-101 хуудас/

Уг захирамжийг тус шүүхийн 2025.03.28-ны өдрийн 192/ШТ2025/00266 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 122-124 хуудас/

Энэхүү шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шүүхийн аливаа шийдвэр гараагүй гэх үндэслэл арилсан байна.

7.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4.энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр солих эрхийг шүүгч хэрэгжүүлэхээр заасан боловч хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно гэж заасны дагуу хариуцагч Э ХХК-ийн С.Б-ы нэхэмжлэлээр шаардсан 124,405,450 төгрөгийг Н-ын дансанд байршуулснаар Н-аас Э ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээснийг нэхэмжлэгч С.Б-ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус ажиллагаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Б-ы Н-т холбогдуулан гаргасан тус газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/140/15382 дугаар Эрх сэргээх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар Н-т холбогдуулан гаргасан тус газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 02/140/15382 дугаар Эрх сэргээх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б-ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч С.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА