| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03989/И |
| Дугаар | 191/ШШ2025/03667 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/03667
| 2025 04 30 | 191/ШШ2025/03667 |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 06 дугаар хороо, 0 байрлах, С ТБАГ /РД:000000/-ын хүсэлтээр,
О овогт Б-ын Б /РД:00000000/-ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Г, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан хүсэлтдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Б.Б нь Сүхбаатар дүүргийн Шарга морьт орчим бүлэг бөөгнөрөл үүсгэж, ойр орчимдоо таагүй уур амьсгал төрүүлж байнга архидан согтуурдаг. Б.Б-ы үндсэн бүртгэлтэй хаяг нь Баянгол дүүрэгт байгаа. Гэтэл Б.Б нь өөрийн эхийн хамт Хайлаастад амьдардаг, 84 настай эхийгээ асран халамжилдаг гэсэн. Б.Б эхийгээ асардаг юм бол яагаад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны лагерийн газарт бүлэг бөөгнөрөл үүсгэж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд удаа дараа Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд байдаг юм бэ? Мөн лагерийн газарт н.Б-ийн гэрт байнга очиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Энэ нөхцөл байдлыг Б.Б гэрийнхэндээ найз нөхдийнхөө гэрт очоод ирнэ гэж хэлдэг. Гэтэл бүлэг бөөгнөрөл үүсгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг тохиолдол удаа дараа гарч байна. Тус хорооны байцаагч, Олон нийтийн цагдаа нар удаа дараа түүний нөхцөл байдлын талаар бичиж өгсөн, зохих шаардлага тавьдаг боловч биелүүлдэггүй. Гуравдагч этгээд Б.Б-ыг архины албадан эмчилгээнд явуулах талаар хүмүүсийн гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн тул Б.Б-ыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. 2 хоногийн өмнө би өөрийн эхийгээ эгчтэйгээ үлдээгээд айлаас дээл авахаар явсан. Тэгээд удаан уулзаагүй таньдаг хүмүүстэйгээ таараад сэтгэл хөөрөөд нийлж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Сайн дураараа архины эмчилгээ хийлгээгүй, архины албадан эмчилгээнд хамрагдахаар ээжийг харах хүнгүй байна гэв.
Шүүх хүсэлт гаргагч болон гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С нь О овогт Б-ын Б /РД:00000000/-ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль нь материаллаг болон процессын харилцаагаа өөрөө зохицуулсан.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж хүнийг албадан эмчлэх хууль зүйн үндэслэлийг заасан байна.
Б.Б нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байнга архидан согтуурдаг, ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гудамж талбайд унтах, агсам тавих зэргээр захиргааны зөрчил гаргадаг, удаа дараа эрүүлжүүлсэн болох нь Цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа, байцаагч нарын тайлбар, ЦЕГ-ын гэмт хэрэг зөрчлийн мэдээллээр тогтоогдож байх тул согтуурсан мансуурсаны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Цагдаагийн байгууллага нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны хэсгийн ахлагч Б.Д, Сүхбаатар дүүргийн Хоёрдугаар хэлтсийн олон нийтийн цагдаа М.Ү, Сүхбаатар дүүргийн Хоёрдугаар хэлтсийн олон нийтийн байцаагч н.Б, Д.М нарын Б.Б-ыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хүлээн авч, Б.Б-ыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд аваачиж эмчийн үзлэг, шинжилгээ хийлгэж, архинд донтох эмгэг өвчтэй болохыг тогтоолгосон байгаа нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-д заасантай нийцсэн байна.
Б.Б-ыг нь архинд донтох өвчтэй, архины албадан эмчилгээнд хамруулах дүгнэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв гаргасныг Б.Б нь танилцаад сайн дураараа архины эмчилгээ хийлгэх санал гаргаагүй, удаа дараа эрүүлжүүлэгдсэн боловч сайн дураараа эмчилгээ хийлгээгүй байх тул түүнийг сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.
С нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4, 5, 6, 8 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хийж, зохих баримт бичгүүдийн бүрдүүлж шүүхэд ирүүлсэн байна.
Иймд С-ын хүсэлтийг хангаж, Б.Б-ыг архины албадан эмчилгээнд явуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар О овогт Б-н Б /РД:00000000/-ыг архины албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Б.Б-ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг хариуцан гүйцэтгэхийг Н-т даалгасугай.
5. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар С-т Б.Б-г албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА