| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/04466/И |
| Дугаар | 191/ШШ2025/04514 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...1 тоот хаягт байрлах, “ЦЗ ББСБ” ХХК /РД:6943519/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.О...-нг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “ЦЗ ББСБ” ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Б.О... 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “ЦЗ ББСБ” ХХК- ийн LО2023/05/29/113 тоот зээлийн гэрээ байгуулж, 18,800,000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар зээл авсан болно. Тус зээлийн баталгаа болгож БО2023/05/29/113 тоот “Барьцааны гэрээ”-ээр ..-.. УАМ улсын дугаартай, автомашиныг барьцаалсан. Зээлдэгч Б.О... нь зээлийн гэрээний хавсралт №1-ийг зөрчин 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээлээ төлөх бодит боломж олгосон боловч тэрээр зээл, хүүгийн өр төлбөрөө төлж төлж барагдуулаагүй. Иймд зээлийн гэрээний 5.3.-т заасны дагуу “ЦЗ” ХХК гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, харьяа дүүргийх нь шүүхэд өгсөн. Шүүхээс дуудан ирүүлхээр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч ... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь Баянгол дүүргийн 21-р хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон талаар шүүгчийн захирамж 2025 оны 4-р сарын 11-ний өдөр гарсан, хариуцагч Б.О... нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ.
|
|
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Б.О...-г эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “ЦЗ ББСБ” ХХК, Б.О...-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн эргэн төлөлтийн дансны хуулга, Б.О...-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/16579 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “ЦЗ ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Б.О...-г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь ... тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн ... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.О...-ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 16,624,682.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, “ЦЗ ББСБ” ХХК, Б.О...-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн эргэн төлөлтийн дансны хуулга баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Б.О... нь хүсэлт гаргагч “ЦЗ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.
3.Зээл авах үедээ, “ЦЗ ББСБ” ХХК, Б.О...-ийн хооронд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” болон Б.О...-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа баримтуудад тодорхойлсон ... тоот хаягт Б.О... оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/16579 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Б.Отгонсүрэнгийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ... овогт Б...-ийн О.../РД:.../-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Б.О...-г эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянгол дүүргийн дэх Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА