Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/95

 

 

 

 

        2024           01           16                                             2024/ДШМ/95

 

Л.Н, Д.С, Г.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Онолт,

шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарын өмгөөлөгч П.Гансүх,

 нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/712 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар эсэргүүцлийг үндэслэн Л.Н, Д.С, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2002003380116 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Л.Н,

 

2. Д.С,

 

3. Г.Б,

 

Шүүгдэгч Л.Н нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж болон албан томилолтын төсвийг баталж, улмаар ажлын хэсгийн гишүүд болох аудитор, нягтлан бодогч Д.С-н ********* тоот дансанд 738.000 төгрөг, хуулийн ажилтан Б.Б-ын ************ тоот дансанд 538.000 төгрөг, аудитор Г.Б-гийн ********** тоот дансанд 538.000 төгрөг, өөрийн *********** тоот дансанд 1.185.440 төгрөгийг тус тус төсвийн хөрөнгөөс шилжүүлсэн боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, өөрийн дансанд шилжүүлж авсан 1.185.440 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж, Д.С, Г.Б нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө бодон бусдад давуу байдал бий болгон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөнд 1.185.440 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Д.С нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн нягтлан бодогч, аудитороор ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай. тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал 738.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ************* тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж, ажлын албаны дарга Л.Н, аудитор Г.Б нартай бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөнд 738.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Г.Б нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны аудитороор ажиллаж байх хугацаандаа буюу ажлын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/12 дугаартай тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн тасгуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэгт орж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр томилолтын зардал болох 538.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ************* тоот дансанд шилжүүлэн авсан боловч удирдамжийн дагуу тус аймгуудад очиж ажиллахгүйгээр, өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж, ажлын албаны дарга Л.Н, аудитор, нягтлан бодогч Д.С нартай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөд 538.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Л.Н, Д.С, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И овогт Л-гийн Н, Б овогт Д-гийн С, Г овогт Г-ийн Б нарыг бүлэглэн, эрх мэдэл, алба тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н 5800 нэгж буюу 5.800.000 /таван сая найман зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Сг 5600 нэгж буюу 5.600.000 таван сая зургаан зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Г.Бг 5400 нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ноос 1.185.440  төгрөг, Д.Саас 738.000 төгрөг, Г.Баас 538.000  төгрөгийн хохирлыг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Прокурор Х.Онолт тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “нийтийн албанд томилогдох эрхийг 2- 5 жил хүртэл хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэр бүхий 3 шүүдэгчид тус зүйлд заасан нэмэгдэл ял буюу нийтийн албан томилогдох эрхийг хасах ял оногдуулалгүйгээр зөвхөн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйлийг журамлаагүй зэрэг нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарын өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие уг хэрэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр ажиллаад 3 жил болж байна. Энэ хугацаанд шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж амьдрал ахуй нь дордсон. Прокурорын эсэргүүцэлд “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна” гэж дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “Прокурор, дээд шатны прокурор, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, прокурорын эсэргүүцлийн үндэслэл тодорхой бус байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч Л.Н, Д.С, Г.Б нар нь гадаад улс руу явж амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготой байгаагаа илэрхийлдэг. Үүнийг дамжуулж хэлэх нь зүйтэй байх. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Н, Д.С, Г.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан  асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Тодруулбал;

Прокуророос  шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарыг бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай тус тус танилцсан, томилолтоор ажилласан мэтээр тайлан, санхүүгийн баримт зэргийг бүрдүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөнд нийт 2.461.440 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарыг бүлэглэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нг 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 төгрөг, шүүгдэгч Д.Сг 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 төгрөг, шүүгдэгч Г.Бг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

Ингэхдээ, тухайн зүйл заалтад заасан эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна иргэний хариуцагчаар татагдсан этгээдээс төлбөр гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

 

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” үүргээ ухамсарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд нийцүүлж, хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж байхыг онцгойлон анхааруулж тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/712 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Л.Н, Д.С, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН