Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0459

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар би, С.Ө*******ын нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Ө******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Шүүхийн захиргааны төв байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны улмаас шүүгчийн сонгон шалгаруулалтын оролцогч буюу шүүгчийн албан тушаалд нэр дэвшигч миний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэлээр “Эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээ”-г хавсралтаар баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 71, 72 дугаар тогтоолууд болон 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 105 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүсэж гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2025/3313 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн юм. Гэвч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн сайн дураар бүхэлд нь татгалзаж байх тул миний нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох захиргааны хэргийг даруй хэрэгсэхгүй болгон, энэ талаарх хүсэлтийг хангаж шийдвэрлэнэ үү.

Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйтай холбогдох хууль зүйн үр дагаврыг ойлгож байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр заасан.

Нэхэмжлэгч С.Ө******* нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан “Эрүүгийн хэрэг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг хавсралтаар баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоолын өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8 дугаар зүйлд заасны дагуу нэр дэвшигч шалгалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, сорилын асуултад хариулах болон эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар авсан шалгалтын хариу зөрүүтэй талаар ажлын нэг өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлд бичгээр гаргасан гомдлын хариуг гүйцэд өгөөгүй захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг гомдлын хариуг гүйцэд өгөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.ГАНБААТАР