2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/03857

 

 

 

 

 

 

 

 

2025 05 06 191/ШШ2025/03857

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Т овогт Л-ын Л /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 0 тоотод байрлах, А ХК /РД:000000/-д холбогдох,

Даатгалын гэрээний үүрэгт 17,610,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Л нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:   Л.Л миний бие 2024.05.26-ны өдөр приүс-41 маркийн ZVW413153202 тоот аралын дугаартай 00-00 УЕО улсын дугаартай автомашиныг худалдан авсан бөгөөд маргааш нь Авто тээврийн газар дэр очиж 00-00 УЕЕ дугаар авч тэр өдрөө А ХК-д 100 хувь бүрэн тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулан даатгалын гэрээг бичгээр 1 жилийн хугацаатай байгуулан бүтэн жилийн төлбөр болох 550,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2024.10.22-ны орой ажлаа тараад орой 18.30 цагийн үед гэр рүүгээ явж байхад засмал зам дээр олон тооны адуу үргэсэн байдалтай гэнэт гарч ирсэн тул зогсоох арга хэмжээ авсан боловч зам халтиргаатай учраас яалт ч үгүй 2 тооны адуу дайрч зам тээврын осол гаргасан. Энэ ослын талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар шалгаад малын эзэн Э.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д заасныг зөрчсөн гэм буруутай гэж тогтоосон бөгөөд түүнийг 100,000 төгрөгөөр торгож тухайн зөрчлийн хэрэг хаагдсан.

Тус зам тээврийн ослын улмаас миний машинд 11,945,000 төгрөгийн хохирол учирсныг Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон. Би 2024.10.25-ны өдрийн дотор А ХК-д нөхөн төлбөр авахаар бүх материалаа бүрдүүлж өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг гаргуулаагүй байна. А ХК-тай байгуулсан даатгалын гэрээнд зааснаар зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 100 хувь хамгаалагдахаар тохиролцсон.

Би удаа дараа хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж 5-6 удаа очиж уулзахад ямар нэг албан ёсны хариу бичгээр өгөлгүй та түр хүлээж бай, эсхүл нөгөө зам тээврийн осолд гэм буруутай хүнээ дагуулж ир, эсхүл дахин хорооны хурлаар оруулна гэх мэтээр 2 сар орчим хүлээлгэсэн тул Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос А ХК-ийг надад даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаа, хэмжээнд олгох үндэслэлтэй байна гэж хариу ирүүлсэн.

Гэтэл А ХК нь Санхүүгийн зохицуулах хороонд миний гомдлын хариуг явуулахдаа Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар ...даатгуулагчийг буруутай этгээдээс шаардлага хангуулах эрхээсээ татгалзсан гэж үзэж даатгагч гэм хор нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу нөхөн төлбөрийг түр түдгэлзүүлсэн гэж хариу өгсөн байна.

Миний хувьд тус Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар эхлээд миний мөнгийг даатгалын гэрээнд заасны дагуу өгөөд харин гэм буруутай гэж тогтоогдсон гуравдагч этгээдээс танай байгууллага шаардлага гаргаад авах хуулийн зохицуулалт байгаа талаар удаа дараа хэлж гуйж учир байдлаа хэлж байсан боловч удахгүй хариу өгнө гэж байснаа намайг татгалзсан мэтээр худлаа тайлбар гаргаж Санхүүгийн зохицуулах хороонд явуулсан байна.

Ингээд 2024.12.18-ны өдөр надад анх удаа албан ёсоор бичгээр нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул тус шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

А ХК-ийн тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдах болсон үндсэн шалтгаан бол тухайн даатгалын байгууллага анх очиж уулзахад болон цахим хаяг дээрх мэдээлэл дээрээ даатгалыг 7-14 хоногийн дотор хурдан шийдвэрлэж өгнө гэж байсан нь надад таалагдаж сонгон даатгалын гэрээгээ байгуулсан. Гэтэл миний даатгалын асуудлыг яг тоймтой хариуг өгөхгүй аргацаасаар 2 сар гаран болсонд гомдолтой байна. Учир нь миний бие Худалдаа хөгжлийн банкны банктай сүүлийн 3 жил дарааллан автомашин түрээсийн гэрээг нэг нэг жилээр тухай бүр нь байгуулж өөрөө жолооч хийж ажлын өдрүүдээр өдөрт 70,000 төгрөгөөр тооцож ажиллаж байсан бөгөөд энэхүү гэрээний хугацаа 2024.10.02-2025.10.02 өдөр хүртэл хүчинтэй байсан.

А ХК-д машинаа бүрэн даатгуулсан нь миний энэхүү ажлын онцлогтой холбоотой байсан бөгөөд хэрвээ би ямар нэгэн эрсдлийн улмаас машин эвдрэх, зам тээврийн осолд тохиолдолд хурдан шуурхай машинаа засуулах хэвийн болгох шаардлагатай байдаг байсан.

Гэтэл А ХК нь даатгалын гэрээн болон хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс цаг хугацаа алдаж өнөөдрийг хүртэл олох ёстой байсан орлогоо олж чадахгүй нөхцөл байдалтай байна. 2024.10.28-2025.01.28 хүртэл хугацаанд би ажлын 65 өдрүүдээр нэг өдөрт 70,000 төгрөгөөр тооцвол нийт 4,550,000 төгрөг олох боломжтой байсан.

Иймд А ХК-иас даатгалын гэрээнд заасан тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр 11,945,000 төгрөг, Ашид билгүүн үнэлгээний ХХК-иар үнэлгээ хийлгэсэн хөлс 840,000 төгрөг, Б ХХК-аар оношлогоо хийлгэсэн хөлс 75,000 төгрөг, тус газарт машиныг чирж аваачсан хөлс 200,000 төгрөг, гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол 4,550,000 төгрөг, нийт 17,610,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч А ХК хариу тайлбар, татгалзалдаа: Иргэн Л.Л-тай 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нэг жилийн хугацаатайгаар Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ /цаашид "даатгалын гэрээ" гэх/-г байгуулсан. Тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээ нь дотроо 5 төрөлтэй бөгөөд даатгуулагч Л.Лхагва нь стандарт /+/ нөхцөлтэй даатгалын бүтээгдэхүүнийг сонгож авто машинаа даатгуулсан.

2024 оны 10 дугаар сарын 22-ны оройн 18-19 цагийн үед даатгуулагч Шарга морьтийн зуслангийн замд Э.М-төрийн 2 тооны адууг дайрч зам тээврийн осол гаргажээ. Үүний дараа осолд буруутай гэх гуравдагч этгээд Э.М-тэй манай байгууллагаас холбогдоход өөрийг нь буруутай гэж үзсэн эрх бүхий албан тушаалтны актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан тул энэ асуудлаа нэг мөр болгож эцэслэн шийдвэрлүүлэхийг нь хүлээсэн. Учир нь уг зам тээврийн ослоор даатгалын тохиолдолд бий болсон гэж үзвэл даатгуулагчийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх нь даатгалын нөхөн төлбөр олгох хувь хэмжээнд чухал хамааралтай юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д "... Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө" гэж зохицуулсан. Энэхүү зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар тохиолдолд даатгуулагчийг буруутай гуравдагч этгээдээс гэм хорын хохирлоо шаардах эсхүл шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан гэж үзэх нь тодорхой бус байгаа нь бидний дунд үл ойлголцол бий болгосныг үгүйсгэхгүй.

Тодруулбал, даатгуулагч нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулах, буруутай этгээдээс гэм хорын хохирол шаардах эрхээ ямар дарааллаар хэрэгжүүлэх вэ? Даатгуулагч буруутай этгээдээс гэм хорын хохирол нэхэмжлэх нь үндэслэлтэй юу эсвэл даатгалын гэрээний үүрэг шаардах уу? Хэрэв даатгалын гэрээний дагуу даатгалын байгууллагаас нөхөн төлбөр шаардсан тохиолдолд түүнийг буруутай этгээдээр шаардлагаа хангуулах эрхээсээ татгалзсан гэж үзэх эсэх нь ч ойлгомжгүй байна.

Хэрэв дээрх нөхцөл байдал тодорхой болсон тохиолдолд Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6-д Даатгалын үнэлгээний хэмжээ даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээ буюу бодит үнээс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээ буюу бодит үнэд даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлж олгохоор заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас автомашинд учирсан хохирол 11,945,000 төгрөгөөс зах зээлийн үнэд эзлэх хувь болох 89.291 хувиар тооцож, 10,665,690 төгрөгийн нөхөн төлбөрийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг үндэслэн олгохыг хүлээн зөвшөөрөх боломжтой юм.

Даатгалын гэрээнд хамааралгүй гуравдагч этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хохиролд 4,550,000 төгрөг, "Ашид билгүүн" ХХК-иар үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 840,000 төгрөг, "Буянт Оюу" ХХК-иар оношилгоо хийлгэсэн 75,000 төгрөг, авто машин ачуулсны төлбөр 200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь даатгуулсан автомашинд шууд учирсан хохирол бус тул 5,665,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Ашид билгүүн ХХК-ийн 2024.10.23-ны өдрийн 2227 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, 0000 УЕЕ улсын дугаартай Toyota, Prius Alpha-XW маркийн ZVW413153202 дугаар аралын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2024.10.22-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2024.10.22-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2024.12.03-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт-2ш, 2024.10.24-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2024.10.22-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024.10.24-ний өдрийн 0840351 дугаар Шийтгэлийн хуудас, А-лын 24051969 дугаар Автотээврийн хэрэгслийн даатгалын баталгаа, 2024.10.23-ны өдрийн УБ 1 дэлгүүрийн НӨАТ-ын баримт, УБ авто центрийн оношилгооны хуудас, Буянт-Оюу ХХК-ийн 2024.10.23-ны өдрийн А/1441 дугаар тодорхойлолт-2ш, Л.Л-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Л.Л-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, 2024.10.02-ны өдрийн ХБГХ/457/2024 дугаар Автомашины түрээсийн гэрээ /2 талт/, А ХК-ийн 2024.12.18-ны өдрийн 1/24/1617 дугаар албан бичиг, А ХК-ийн 2024.12.18-ны өдрийн 1/24/1616 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2024.12.13-ны өдрийн 3/4076 дугаар албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.02.04-ний өдрийн 191/ШЗ2025/06524 дугаар захирамж, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Л нь хариуцагч А ХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 17,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөрийн баримтуудаа бүрдүүлж өгсөн боловч үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохгүй, даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсний улмаас хохирол учруулсан гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч дараахь үндэслэлээр татгалзлаа тодорхойлсон. Үүнд: зам тээврийн осолд буруутай гэх гуравдагч этгээд Э.М-тэй холбогдоход өөрийг нь буруутай гэж үзсэн эрх бүхий албан тушаалтны актыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул асуудлаа нэг мөр шийдвэрлэхийг хүлээсэн. Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу даатгуулагч нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулах, буруутай этгээдээс гэм хорын хохирол шаардах эрхээ ямар дарааллаар хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байсан, даатгалын үнэлгээний хэмжээ даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээнээс бага байгаа тул автомашинд учирсан хохирол 11,945,000 төгрөгөөс зах зээлийн үнэд эзлэх хувь болох 89.291 хувиар тооцож, 10,665,690 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй, үнэлгээ, оношлогооны хөлс болон автомашин ачуулсны төлбөр, хохирол нь даатгалын гэрээнд хамааралгүй тул зөвшөөрөхгүй гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Л.Л нь А ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулж, өөрийн эзэмшлийн Тоёота Приус альфа маркийн 00-00 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэрээнд заасан даатгалын эрсдлийн 5 төрлийн хамгаалалтын нөхцлийн стандарт /+/ нөхцөлөөр автомашинаа даатгуулж, хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр 100% авахаар тохирч, даатгалын хураамжид 550,000 төгрөг төлсөн байна. /хавтаст хэргийн 18 хуудас/

 

4.2. Л.Л нь өөрийн эзэмшлийн Тоёота Приус альфа маркийн 18-27 УЕО улсын дугаартай автомашинаа жолоодон 2024.10.22-ны орой ажлаа тараад орой 18.30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 24 хороо Ж зуслангийн замаар явж байхад засмал зам дээр олон тооны адуу үргэсэн байдалтай гэнэт гарч ирснээр 2 тооны адуу дайрч зам тээврын осол гарсан. Уг ослыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газар шалгаад малын эзэн Э.М-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.8-д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхих гэсэн заалтыг зөрчсөн буруутайг тогтоож, түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгож, зөрчлийн хэргийг хаасан байна. /хавтаст хэргийн 10-12, 16-17 хуудас/

 

4.3 Ослын улмаас Л.Л-ын эзэмшлийн Тоёота Приус альфа маркийн 00-00 УЕО улсын дугаартай автомашинд 11,945,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогджээ. /хавтаст хэргийн 6-9 хуудас/

 

5. Талуудын хооронд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулснаар Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Даатгалын гэрээгээр Л.Л-ын эзэмшлийн Тоёота Приус альфа маркийн 00-00 УЕО улсын дугаартай автомашиныг Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх осол эрсдлээс 100% хамгаалах нөхцлөөр даатгасан.

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4."даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгохоор тодорхойлсон бөгөөд Л.Л нь өөрийн эзэмшлийн Тоёота Приус альфа маркийн 00-00 УЕО улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад 2024.10.22-ны орой 18.30 цагийн үед адуу дайрсан зам тээврын осол гарсан, уг ослын улмаас автомашинд 11,945,000 төгрөгийн хохирол учирсан нь гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдолд хамаарч байна.

Хариуцагч А ХХК нь даатгалын тохиолдол бүрдсэн талаар маргаагүй.

 

7. Л.Л нь гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж А ХХК-д 2024.10.25-ны өдөр хүлээлгэж өгсөн боловч 2 сар гаруйн хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй, хариу өгөөгүй тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3/4076 дугаар албан бичгээр А ХК-д даатгалын гэрээнд заасан эрсдлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, мэдээллийг хороонд болон даатгуулагчид мэдэгдэхийг даалгажээ. /хавтаст хэргийн 31-32 хуудас/

А ХХК-иас 2024.12.17-ны өдөр даатгуулагч Л.Л-д зам тээврийн осолд буруутай этгээд болох Э.М-тэй холбогдоход ...гэм бурууг тогтоосон дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгч байх тул даатгуулагч болон буруутай этгээдийн хоорондох маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэх хүртэл даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүйг мэдэгджээ. /хавтаст хэргийн 30 хуудас/

 

8. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4.Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан. Мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйл. даатгагчийн эрх үүргийн 9.1.4.даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох гэж тус тус заасны дагуу хариуцагч А ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа олгох үүрэгтэй байна.

 

8.1. Хариуцагч А ХХК-ийн зам тээврийн осолд буруутай гуравдагч этгээд болох Э.М-тэй холбогдоход ...гэм бурууг тогтоосон дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгсөн тул даатгуулагч болон буруутай этгээдийн хоорондох маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэх хүртэл даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэх тайлбар нь хуульд заасан нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэлд хамааралгүй, уг үндэслэлээр нөхөн төлбөр олгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэх заалт нь даатгалын нөхөн төлбөрийг төлснөөр даатгуулагчийн шаардах эрх даатгагчид шилжих регрессыг зохицуулсан тул даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм.

 

8.2. Хариуцагч А ХХК нь Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6-д Даатгалын үнэлгээний хэмжээ даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээ буюу бодит үнээс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээ буюу бодит үнэд даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлж олгохоор заасны дагуу автомашинд учирсан хохирол 11,945,000 төгрөгөөс зах зээлийн үнэд эзлэх хувь болох 89.291 хувиар тооцож, 10,665,690 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохыг хүлээн зөвшөөрөх боломжтой гэжээ.

 

Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.1.Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно гэж, мөн зүйлийн 438.2.Эд хөрөнгийг даатгах тохиолдолд даатгагч эд хөрөнгийг үзэж үнэлгээний хэмжээг тогтоох эрхтэй гэж тус тус заасны дагуу талууд даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын зүйл болох Тоёота Приус альфа маркийн 00-00 УЕО улсын дугаартай автомашины үнэлгээг 25,000,000 төгрөгөөр тогтоожээ.

Ашид билгүүн ХХК-ийн 2024.10.23-ны өдрийн Автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд зах зээлийн үнэ 28,000,000 төгрөг гэж тодорхойлсныг автомашины зах зээлийн үнэлгээг буюу бодит үнийг тогтоосон гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, уг үнэлгээний тайлан нь автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг тогтоох зорилготой болохоос автомашины бодит зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгогүй байсан. Мөн уг үнэлгээ нь даатгалын гэрээ байгуулах үед талуудын харилцан тохиролцож тогтоосон даатгалын үнэлгээний хэмжээг үгүйсгэсэн нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч А ХХК-ийн автомашинд учирсан хохирол 11,945,000 төгрөгийн 89.291 хувиар тооцож, 10,665,690 төгрөгийн нөхөн төлбөр олгоно гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

9. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний даатгалын эрсдлийн 13-т нэмэлт зардлын даатгал /гэрээний хугацаанд/ хамгаалалтын нөхцлийн Стандарт+ -д 400,000 төгрөг хүртэл гэж тодорхойлоод мөн гэрээний 6.1.10-д Нэмэлт зардлын даатгалтай бол даатгагч нь даатгалын гэрээгээр тохиролцсон баримтаар нотлогдох хэмжээний нэмэлт зардлыг төлнө. Дараахи зардлыг нэмэлт зардал гэж үзнэ. Үүнд: 6.1.10.1. Хохирлын үнэлгээний зардал, 6.1.10.2. Ослын газраас тээвэрлэх зардал, чирэх зардал ... гэжээ.

Даатгуулагч Л.Л нь автомашинаа ослын газраас журмын хашаанд байрлуулах ачилтын зардалд 200,000 төгрөг төлсөн, мөн Ашид билгүүн ХХК-иар үнэлгээ гаргуулах ажлын хөлсөнд 840,000 төгрөг төлсөн, Буянт-Оюу ХХК-иар оношлогоо гаргуулах ажлын хөлсөнд 75,000 төгрөг тус тус төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул эдгээр зардлыг хариуцагч А ХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.

 

10. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч А ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 13,060,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Л-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 4,550,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгч нь А ХХК-ийг нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүйн улмаас олох ёстой байсан орлогоороо хохирсон гэх үндэслэлээр нэхэмжилсэн, хариуцагч хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.

 

11.1. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4.Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасан.

Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч А ХХК нь даатгалын тохиолдолд бий болсон тохиолдолд материалыг хүлээн авч даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргээ шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

11.2. Даатгалын гэрээний 5.3-д ...нөхөн төлбөрийн материалыг бүрэн гэж үзэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу даатгуулагч Л.Л нь А ХХК-д нөхөн төлбөрийн материалыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүрдүүлж өгсөн байх тул гэрээний 5.3-д заасан ажлын 14 хоног нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөр дуусгавар болж байна.

А ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргээ биелүүлээгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1.д заасны дагуу үүргээ гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

Тодруулбал, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах хууль болон гэрээнд заасан үндэслэл тогтогдоогүй атал хариуцагч А ХХК нь даатгалын гэрээний 5.3-т заасан хугацаанд буюу нэхэмжлэгчийн бүрдүүлсэн даатгалын нөхөн төлбөрийн баримтад холбогдох хяналт хийж ажлын 14 хоногийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд нөхөн төлбөр олгох үүргийг хүлээсэн, гэвч нөхөн төлбөрийг олголгүй хугацаа хэтрүүлжээ.

 

11.3. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу А ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгох үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчийг олох ёстой байсан орлогоороо хохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Л нь Худалдаа хөгжлийн банктай 2024.10.02-ны өдөр Автомашины түрээсийн гэрээ-г байгуулж 1 жилийн хугацаанд өдөрт 70,000 төгрөгөөр автомашинаараа үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд уг гэрээнийхээ дагуу орлого олдог байсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, Л.Л-н Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 26-28, 59-67 хуудас/

 

11.4. Иймд нэхэмжлэгч Л.Л-ын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны 52 хоногт өдрийн 70,000 төгрөгөөр тооцон нийт 3,640,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан гэж үзэж хариуцагч А ХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.

 

12. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч А ХХК-иас нөхөн төлбөр 13,060,000 төгрөг, хохирол 3,640,000 төгрөг нийт 16,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Л-д олгох үндэслэлтэй байна.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХК-иас 16,700,000 /арван зургаан сая долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Л-д олгож, нэхэмжлэлээс 910,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,000 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХК-иас 241,450 /хоёр зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Л-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА