2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/03990

 

 

 

 

 

 


   2025     05         08                            191/ШШ2025/03990

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, 0 байранд байрлах Б ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 0, өөрийн байранд байрлах, Н-т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 0 байранд байрлах, Г ХК /РД:000000/-ийг оролцуулж,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.10.13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20/05-431 дугаартай шийдвэрээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/0 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Б.Ж, Б.Ц, Ч.Э болон "Б ХХК-иac 17,873,513,666 төгрөг гаргуулж, Г ХХК-д олгуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-д төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх амжллагаа дуусгавар болсон.

Гэтэл Н-ын шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга С.Б нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоод 3 жил өнгөрсөн байхад Г ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтийн дагуу хуульд заагаагүй эрхийг хэрэгжүүлж, өөрт олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлж, нэгэнт дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх агуулга бүхий 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаартай албан бичиг явуулсан нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл, нэгэнт дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар ямар ч шийдвэр, албан бичиг явах ёсгүй бөгөөд уг үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д "хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах", 8.1.4-д "хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах;" 19 дүгээр зүйлийн 19.3-д ".Энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно" гэж тус тус заасныг заасныг зөрчсөн байна.

Дээрх албан бичгийг явуулсны улмаас нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах буюу өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр бусдад шилжүүлэх эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж биднээс зөвшөөрөл авалгүйгээр газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх нөхцөл бүрдэж буюу Г ХХК-д шилжүүлж, бидний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан дэд дарга С.Б-ийн дээрх хууль бус ажиллагааны талаар 2024 оны эхээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөр төлөхөөр очих үедээ мэдэж, уг албан бичгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан боловч гомдлыг хангаагүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09/2078 тоот албан бичгийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар хүлээн авч энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 09/2078 хариу албан бичигт маргаан бүхий 2023 оны 02-156/20718 албан бичгийг "2024 оны" гэж алдаатай бичжээ.

Иймд Н-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, уг албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н хариу тайлбар, татгалзалдаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/08476 дугаар захирамжаар "Б" ХХК, Б.Ж, Б.Ц, Б.Б, Ч.Э нараас 17.873.513.666 төгрөгийг гаргуулж Г-нд олгохоор шийдвэрлэсэн.

Талууд харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч "Б" ХХК /2095173/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 0 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 0 дугаартай газар, "Б" ХХК-ийн нэгж талбарын 0 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 00000 м.кв талбайтай үйлвэрлэлийн зориулалттай газар, Ч-ийн Э-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 0 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, 4660 м.кв талбайтай ноолуур боловсруулах туршилтын үйлвэрлэлийн барилга, мөн хаягт байрлах 0 дугаартай газар, "Б" ХХК /000000/-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэгж талбарын 8006/0012 дугаартай, Баянгол дүүрэг 0 тоотод байрлах 12159 м.кв талбайтай газрын хамт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэхээр харилцан тохиролцсон. "Г" ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Б" ХХК /2077434/-ийн нэгж талбарын 0 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 00000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрх шилжээгүй тус газар нь Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон газар тул Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж эзэмших эрх шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд эзэмших эрх шилжүүлэхээр албан бичиг хүргүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Г ХК нь тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Тус тайлбар дээр нэмж тайлбар гаргахад нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссаны дараа огт нэмж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй байхад нэмж ажиллагаа явуулсан гээд байдаг. Гэтэл нэмж ажиллагаа явуулсан зүйл байхгүй. 2020 оны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусахаас өмнө Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гэж хаягласан шийдвэр гүйцэтгэгчийн албан бичгийн толгойг нь солиулсан байгаа. Яагаад толгойг нь солих болсон бэ гэвэл Сонгинохайрхан дүүргийн газрын албаны харьяалан шийдвэрлэх асуудал биш буюу Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх шилждэг учраас толгойг нь солиулах гэсэн байгаа. Мөн өмгөөлөгч н.Т-д гэсэн хариу албан бичиг хэрэгт авагдсан байгаа. Бүрдүүлбэр дутуу байна гээд байгааг тодруулахад хаягжилт зөрүүтэй байна гэсэн байдаг. Өмнөх 2020 онд хүргүүлсэн албан бичгийн зөвхөн толгой нь солигдсон байгаа. Тэрнээс биш нэгж талбарын дугаар, газрын хэмжээ бүгд хэвээрээ байгаа. Тухайн үедээ нэхэмжлэгч тал газрын төлбөр, татвараа төлөөгүй учраас шилжүүлж авч чадахгүй байсан учраас 2023 онд гуравдагч этгээдийн зүгээс тухайн газрын төлбөр, татварыг нь шилжүүлээд авсан. Тэрнээс биш нэмж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, сэргээж явуулсан зүйл болоогүй гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь Н-т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.10.13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар 2024 оны 05 сард мэдэж, уг албан бичгийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.06.06-ны өдрийн 4/717 дугаар албан бичгээр хариуг авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2024.06.24-ны өдөр гомдол гаргаж, хариуг 2024.07.04-ны өдрийн 09/2078 дугаар албан бичгээр авч, шүүхэд гомдлоо 2024.07.22-ны өдөр гаргасан. Шүүгчийн 2024.07.29-ний өдрийн 14462 дугаар захиармжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсныг залруулж, дахин гомдлоо 2024.08.09-ны өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн, гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч нь дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоод 3 жил өнгөрсөн байхад Г ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хүсэлтийн дагуу хариуцагч нь хуульд заагаагүй эрхийг хэрэгжүүлж, өөрт олгогдсон бүрэн эрхийг хэтрүүлж, нэгэнт дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх агуулга бүхий 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02-156/20718 дугаартай албан бичиг явуулсан нь хууль бус гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгчийн төлбөртөө тооцож шилжүүлэхээр тохиролцсон газрын эзэмших эрх шилжээгүй тул шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд эзэмших эрх шилжүүлэхээр албан бичиг хүргүүлсэн нь хуульд нийцсэн гэж тодорхойлсон.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/0 дугаар захирамжаар Б ХХК, Б.Ж, Б.Ц, Б.Б, Ч.Э нараас 17.873.513.666 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, тус шүүхийн шүүгчийн 2019.03.07-ны өдрийн 181/ШЗ2019/02852 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 181/ГХ2018/00205 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019.09.19-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явуулсан байна. /хавтаст хэргийн 33-47 хуудас/

4.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар төлөх мэдэгдэл өгч, төлбөр авагч Г ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгүүдийг Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-уудаар битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгч нарын нэр дээрх хөрөнгүүдийн талаархи лавлагаа авч, тэмдэглэл үйлдэж, Буян ХХК-ийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, Эд хөрөнгө хураах тухай тогтоол-уудаар хөрөнгүүдийг хурааж, төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгч Б ХХК-ийн эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан боруулахаар үнийн саналыг авчээ. /1-р хавтаст хэргийн 47-131 хуудас/

4.3. 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төлбөр авагч Г ХХК нь төлбөр төлөгч Б ХХК, Б.Ж, Б.Ц, Б.Б, Ч.Э нар болон Б ХХК нартай харилцан тохиролцож Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ-г бичгээр байгуулж, хариуцагч нийт мөнгөн төлбөрийн өр 17,875,013,666 төгрөгийн өр төлбөрт тооцож, Б ХХК /2095173/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 0 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 0 дугаартай газар, "Б" ХХК-ийн нэгж талбарын 0 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 00000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар, Ч-ийн Э-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 0 дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай, 4660 м.кв талбайтай ноолуур боловсруулах туршилтын үйлвэрлэлийн барилга, мөн хаягт байрлах 00 дугаартай газар, "Б ХХК /000000/-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэгж талбарын 8006/0012 дугаартай, Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 0 тоотод байрлах 12159 м.кв талбайтай газар зэргийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 132-134, хуудас/

4.4. Уг тохиролцооны дагуу дээрхи хөрөнгүүдийг шилжүүлэхээр төлбөр төлөгч Б ХХК, Б ХХК нар нь хүсэлтүүдээ гаргаснаас гадна эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдын хурлын шийдвэрүүд гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албанд болон Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд дээрхи эд хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг Г ХХК-д шилжүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлжээ. /хавтаст хэргийн 135-146 хуудас/

4.5. Мөн талууд эвлэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэх үндэслэлээр урьд хийгдсэн Б ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх эрхийг сэргээж, төлбөр төлөгч нарын гадаадад зорчих эрхийг сэргээж, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20/5-431 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол-оор ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ. /хавтаст хэргийн 147-152 хуудас/

 

5. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г ХХК-иас Н-т хандаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/18295 албан бичгээр талуудын эвлэрэлтэй холбоотой барьцаалсан газрыг төлбөрт тооцон шилжүүлэхээр эрх шилжүүлэх албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Гэтэл газар нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хаяглагдсан албан бичгийг хүлээн авах боломжгүй, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болгосон тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой баримт бичгийн бүрдэл дутуу гэсэн тул албан бичгийн хаяглалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ. /хавтаст хэргийн 153 хуудас/

Уг хүсэлтийн дагуу Н-ын 2023.10.13-ны өдрийн 02-156/20718 дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичгийг явуулжээ. /хавтаст хэргийн 157 хуудас/

 

6. Нэхэмжлэгч нь уг албан бичгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хууль бус гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн төлбөртөө тооцож шилжүүлсэн газрын эзэмших эрх шилжээгүй тул хүсэлтийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд эзэмших эрх шилжүүлэхээр албан бичиг хүргүүлсэн нь хуульд нийцсэн гэж маргаж байна.

 

6.1. Маргаан бүхий албан бичигт дурдсан Б ХХК-ийн нэгж талбарын 00000000 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12051 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ-ний дагуу Г ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/18295 дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлж, газрын эзэмших эрхийг төлбөр авагч Г ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг мэдэгдсэн боловч уг газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба шилжүүлэх боломжгүй, харин Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж шилжүүлэх шаардлага үүссэний улмаас төлбөр авагч Г ХХК-ийн хүсэлтээр Н-ын 2023.10.13-ны өдрийн 02-156/20718 дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичгийг явуулжээ.

Тодруулбал, Н нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/18295 дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичгээр хийсэн газрын эзэмших эрхийг шилжүүлсэн ажиллагаа нь зохих байгууллагад хандаагүйн улмаас хийгдээгүй байсныг залруулан 2023.10.13-ны өдрийн 02-156/20718 дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичгээр ажиллагаагаа хийсэн байна.

6.2. Энэхүү албан бичгээр Б ХХК-ийн нэгж талбарын 18632307859552 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12051 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь нэхэмжлэгч Б ХХК-ийн эрхийг зөрчөөгүй, хариуцагч Н-ыг хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, Н нь төлбөр авагч Г ХХК болон ...Б ХХК нарын харилцан тохиролцсоны дагуу нэгж талбарын 18632307859552 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12051 м.кв талбайтай үйлвэрлэлийн зориулалттай газрыг Г ХХК-ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/18295 дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн боловч уг албан бичгийн дагуу газар эзэмших эрх шилжээгүй тул газар эзэмших эрхийг шилжүүлэх эрх бүхий Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд албан бичгийг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5, 44.2.12 дахь хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь өөрийн эзэмшлийн нэгж талбарын 18632307859552 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 12051 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ-гээр төлбөр төлөгч Г ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.10.13-ны өдрийн 02-156/20718 дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичгээр газар эзэмших эрхийг шилжүүлж, түүний эрхийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

7. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б ХХК-ийн Н-т холбогдуулан гаргасан Н-ын 2023.10.13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэг, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар Н-т холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.10.13-ны өдрийн 02-156/20718 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА