2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04515

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ...хаягт байрлах, “КБ” ХК /РД:.../-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.А...-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “КБ” ХК -иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Г.А... нь ...банктай байгуулсан 2024 оны 05 дугаар 22-ны өдрийн 3055-2024 тоот “КБ харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ”-ний дагуу МИ560030003095015451 тоот “Цахим цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 15,643,000 төгрөгийн зээл авсан. Гэвч зээлдэгч Г.А... нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тус банк нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Г.А...-д мэдэгдэж, сануулах, шаардлага хүргүүлэх гэсэн боловч зээл хүсэгчийн анкет дээрх мэдээлэлд тусгасан гар утаснуудаа авдаггүй, холбогдох боломжгүй зэрэг асуудлаас болж зээлээ төлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Тус банк нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Г.А...-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 15,693,145 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/Ш32025/2035 тоот захирамжаар ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.9.-д хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд зээлдэгч Г.А...-ы оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Г.А...-ийг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, Харилцагчийн анкет хүсэлт, “Харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ”, “КБ” ХК, Г.А...-ий хооронд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №MN560030003095015451 дугаартай “Цахим цалингийн зээлийн гэрээ”, Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/12035 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “КБ” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Г.А...-ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “КБ” ХК нь ... хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  ... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Г.А...-ий оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,693,145 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, Харилцагчийн анкет хүсэлт, “Харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ”, “КБ” ХК, Г.А...-ий хооронд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №MN560030003095015451 дугаартай “Цахим цалингийн зээлийн гэрээ”, Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Г.А...нь хүсэлт гаргагч “КБ” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.Зээл авах үедээ, “КБ” ХК, Г.А...-ий хооронд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №MN560030003095015451 дугаартай “Цахим цалингийн зээлийн гэрээ”-нд тодорхойлсон ... тоот хаягт Г.Ануун нь оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/12035 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “Монгол шуудан” ХК-ийн Магадлагаа баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Г.А...-ий оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Г...-ын А... /РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Г.А...-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “КБ” ХК -д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.БАЯРМАА