| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/02282/И |
| Дугаар | 191/ШШ2025/04028 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/04028
2025 05 08 191/ШШ2025/04028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 0 тоот хаягт оршин байх, В ХХК /РД:000000/
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Н овогт Ц-ы А /РД:00000000/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Д-н С /РД:00000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, Н-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг, өөрийн байранд байрлах, Г ХК /РД:000000/-ийг оролцуулж,
Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон 2024.04.01-ний өдрийн 4/109 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, Д.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, гуравдагч этгээд Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шинжээч Д.Д шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: "В" ХХК нь 2018.10.08-ны өдөр Голомт банкнаас ЗГ1205141951 тоот зээлийн гэрээний дагуу 872,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 1 жилийн 25.2%-ийн хүүтэй зээлж авсан.
Уг зээлийн барьцаанд УБ хот, Ц.А, Д.С нарын өмчлөлийн Хан-Уул 11-р хороо, 0 тоот хаят байрлах Ү2206018883 улсын бүртгэлийн дугаартай 374 м.кв үл хөдлөх хөрөнгийг болон 100 тонны нүүрс тээврийн 5 автомашиныг чиргүүлүүдийн хамт барьцаалсан. Голомт банкны зээлээр авсан 100 тонны нүүрс тээврийн 5 автомашиныг Х.Э, Б.Ү гэдэг найзууд "Нүүрс тээвэрт хамтарч ажиллая" гэсэн санал хүсэлтийг хүлээн авч, тэдэнд итгэж шилжүүлэн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон.
Ингээд Г-наас авсан бизнесийн зээл болон хувийн зээлүүдээ төлөх боломжгүй нөхцөл үүсэж Х.Э, Б.Ү нарыг цагдаад өгч залилан мэхлэх гэмт хэргээр шалгуулж яллагдагчаар татуулж, шүүхэд шилжүүлж шүүгдэгч болгон өнөөдрийг хүртэл шүүхийн маргаан дуусаагүй байна.
Г ХК нь В ХХК-ийг зээлээ төлөөгүй шалтгаанаар нэхэмжлэл гаргаж 1,024,707,745.93-ийг нэхэмжилсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021.08.18-ны өдөр 181/ШШ2021/01581 дугаартай шийдвэр гарч хариуцагч "В" ХХК-иас 1,024,707,745.93 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022.12.01-ний өдөр 1722 дугаартай магадлал гарч анхан шатны шүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж "В" XXK-aac 858,392,879 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Дээд шүүх 2022.12.01-ний өдөр 001/ШХТ2022/00148 дугаартай тогтоол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022.12.01-ний өдөр 1722 дугаартай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022.12.01-ний өдөр 1722 дугаартай магадлалтай хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэн, улмаар гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох УБ хот, Хан-Уул 11-р хороо, 0 тоот хаят байрлах 0 улсын бүртгэлийн дугаартай 374 м.кв үл хөдлөх хөрөнгийг үнэлгээний компаниар зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн байгааг эс зөвшөөрч байна.
Учир Н нь гэрээтээр хамтран ажилладаг үнэлгээний газруудтай гэх бөгөөд тэдгээр үнэлгээний газрууд нь төлбөр төлөгчийн хөрөнгийн өр төлбөрт тооцон авах зорилтойгоор бодит бусаар үнэлж хамтран ажилладаг, ашиг хуваадаг бүлэглэл бий болсон юм байна.
Ц.А, Д.С нарын өмчлөлийн УБ хот, Хан-Уул 11-р хороо, 0 тоот хаят байрлах 0000 улсын бүртгэлийн дугаартай 374 м.кв үл хөдлөх хөрөнгө нь Богд уулын цэнгэг агаарт, туул голын захад, тусгай харуул хамгаалалттай, хүн амьдрах орчин нөхцлийг бүрэн хангасан дээд зэрэглэлийн хаус хотхон атал 1 м.кв 5,310,447 төгрөгөөр үнэлж 1,986,107,000 төгрөг үнэлгээ хийсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Манай Империал хаус хотхонд 493 м.кв 5 давхар байшинг 4.5 тэрбумаар үнэлж зарахаар зар өгсөн байгааг хэвлэж шүүхэд нотлох гарган өгч байгаа нь үнэлгээний компани нь шийдвэр гүйцэтгэлийн байгууллага болон шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарч ашиг хувааж, бусдын хөрөнгийн зах зээлийн үнээс хямдаар төлбөр авагчид шилжүүлдгийн нотолгоо гэж харж байна.
Шийдвэр гүйцэтгэл үнэлгээний газартай хамтран ашиг хуваах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан үнэлгээний газрууд нь төлбөр төлөгчийн хөрөнгийг хямдаар үнэлж дундаас ашиг хүртдэг авилга, хээл хахуулын шинжтэй, мафийн үйл ажиллагаа явуулдаг болсон гэж олон хүнээс сонссон болно.
Шийдвэр гүйцэтгэх газраас 2024.04.11-ний өдөр 4-152/8748 тоот Үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваад Ц.А, Д.С нарын өмчлөлийн УБ хот, Хан-Уул 11-р хороо, 0 тоот хөрөнгийг хэт багаар үнэлсэн байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн
4.1.1.хараат бус байх;
4.1.3. шударга байх;
4.1.4.хууль тогтоомжид нийцсэн байх гэсэн зарчим мөн 8.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх" гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд тус үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү.
Төлбөр авагч Г-ны 2024.03.18-ны өдрийн 18/01-161 тоот "Хөндлөнгийн шинжээч томилуулах тухай" албан бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 152-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Я Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42-р зүйлийн 42.1, 55-р зүйлийн 55.2-ийг үндэслэн "Х ХХК-ийг шууд томилжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримтанд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны 2024.01.08-ны өдрийн 03/89 тоот албан бичигт нэр бүхий 12 компанийг сонгон шалгаруулсан гэх боловч энэ талаархи баримтыг шүүхэд гарган өгөөгүй. Үнэлгээчнийг сонгохдоо шийдвэр гүйцэтгэгч нь 12 үнэлгээний газраас аль нэг талд нь давуу байдал үүсгэх, эсхүл ажил олгогч буюу шийдвэр гүйцэтгэгч нь байнга ашиг хуваах зорилгоор хамтран ажиллахаар тохиролцсон этгээдээ үнэлгээчнээр шууд сонгож байгаа нь өнөөдөр төлбөр төлөгчийн зах зээлийн үнэлгээ өндөр эд хөрөнгөө хямдаар үнэлүүлж, өр төлбөрт шилжүүлээд зогсохгүй, цаана нь их хэмжээний өр төлбөртэй үлдсэн олон арван жишээг дурьдаж болно.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монголд Хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй компани, 280 гаруй мэргэшсэн үнэлгээчидээс хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, энэ олон байгууллагаас санамсаргүй байдлаар, эсхүл тодорхой журамд нийцүүлэн сонгох үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь өөрийн хамаарал бүхий "Х ХХК-иар залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон Ц.А, Д.С нарын зах зээлийн 3 тэрбум төгрөг хүрч болохоор хөрөнгийг хэт доогуур үнэлж, 800.000.000 төгрөгийн өр төлбөрт нь төлбөр авагчид шилжүүлэх боломж олгосон нь хуйвалдааны шинжтэй гэж үзэхэд хүргэнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчим 4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтална гэснийг зөрчсөн.
Шинжээч томилох тухай 2024.04.01-ний өдрийн 4/109 тоот тогтоол нь ШШГТХ-ийн 8.1.6.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа бусдад ялгавартай хандах, хууль бусаар давуу эрх олгох гэсэн заалтыг мөн л зөрчиж өөрийн хамаарал бүхий, хамтран ажиллах тохиролцоотой "Хаан үнэлгээ" ХХК-д давуу байдал олгож, шинжээчээр томилсноор Ц.А, Д.С нарын зах зээлийн ханш нь 3 тэрбум хүрэхүйц үнэлгээтэй хөрөнгийг хямдаар үнэлсэн хэмээн үзэж Шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд хүрлээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хаан үнэлгээ ХХК-ийг ил тодоор, хараат бусаар сонгосон процесс нь харагдахгүй байгаа ба шийдвэр гүйцэтгэгч нь Шинжээчийг томилсон 4/109 тогтоолоо танилцуулаагүй.
Иймд Шинжээч томилох тухай 2024.04.01-ний өдрийн 4/109 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н хариу тайлбар, татгалзалдаа: Тус газарт холбогдуулж "В ХХК, Ц.А, Д.С нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01581 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.01-ний өдрийн 1722 дугаар магадлалаар В ХХК-иас 862,912,993 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч В ХХК, Ц.А, Д.С нар нь төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал олгох үнийг харилцан тохиролцож тогтоогоогүй, төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоотод байрлах 374 м.кв хувийн сууцныг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шинжээч томилон хөрөнгийн үнэлгээний "Х ХХК, шинжээч Д.Д-р үнэлгээ тогтоолгоход дээр хөрөнгийг 1,986,107,000 төгрөгөөр хөндлөнгийн шинжээч үнэлгээ тогтоосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр талуудад мэдэгдсэн байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул "В" ХХК- ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Г ХК тайлбартаа: Хариуцагч Н-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул хариуцагчийн тайлбарыг бүрэн дэмжиж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В ХХК, Ц.А, Д.С нар нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон 2024.04.01-ний өдрийн 4/109 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч нар дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчийг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий компаниудтай ашиг хуваах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулсан, үнэлгээний компаниуд нь төлбөр төлөгчийн хөрөнгийг маш хямдаар үнэлж дундаас нь ашиг хүртдэг, хөрөнгийг нь үнэгүйдүүлэн төлбөр авагчид төлбөрт нь тооцож шилжүүлдэг гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нь дараахь үндэслэлээр татгалзлаа тодорхойлсон. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хийх эрх бүхий этгээдүүд нь манай байгууллагатай ямар ч хамааралгүй, хараат бус, хөндлөнгийн байгууллага, ШШГЕГ-ын ШГА-аас сонгон шалгаруулж Хамтран ажиллах гэрээ байгуулсан, эдгээр компанийн нэрсийн дарааллаар шинжээчээр томилдог тул дуртай компаниар үнэлгээ гаргуулдаг гэх тайлбар үндэслэлгүй, албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй компаниуд хуулийн дагуу гаргасан тул хэт доогуур үнэлсэн гэх гомдол үндэслэлгүй гэж тодорхойлсон.
4. Н нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон тухай 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4-152/8748, 4-152/8746 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч В ХХК, Ц.А, Д.С нарт мөн өдөр гардуулж, үнэлгээний тайлантай танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч В ХХК, Ц.А, Д.С нар нь 2024.04.15-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна. /1-р хавтаст хэргийн 3 хуудасны ар, 147, 149-151 хуудас/
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01581 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.01-ний өдрийн 1722 дугаар магадлалаар В ХХК-иас 862,912,993 төгрөгийг гаргуулж Г ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.04.22-ны өдрийн 181/ШЗ2022/05523 дугаар захирамжаар шийдвэрийг албандан гүйцэтгэж, мөн өдрийн 181/ГХ2022/00391 дүгээр гүйцэтгэх хуудас олгосон байна. /1-р хавтаст хэргийн 55-75 хуудас/
5.2. төлбөр авагч Г ХК-ийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийн дагуу Н нь 2022.05.17-ны өдрийн 22420198 дугаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ-г байгуулж, ажиллагааны зардлыг гаргуулан 2022.05.10-ны өдрийн 22420198 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн 2022.06.17-ны өдрийн 152-13 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч Ц.А Д.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоотод байрлах 374 м.кв талбай бүхий хувийн сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөрийг сайн дураар төлөх хугацаатай мэдэгдлийг өгч, 2022.09.27-ны өдрийн 22420198 дугар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2024.03.13-ны өдрийн 22420198/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураажээ. /1-р хавтаст хэргийн 76-88, 90-91, 96, 101-104, 115-117 хуудас/
5.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг төлбөр төлөгч В ХХК, өмчлөгч Ц.А, Д.С нарт 2024.03.21-ний өдөр мэдэгдсэн боловч үнийн санал гаргаагүй, төлбөр авагч Г ХК нь 2024 оны 03 сарын 18-ны өдөр Шинжээч томилуулах тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан байх тул талуудыг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. /1-р хавтаст хэргийн 117-120 хуудас/
5.4. Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/109 дугаар тогтоолоор Х ХХК, үнэлгээчин Д.Д-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасантай нийцжээ. /хавтаст хэргийн 121, 122 хуудас/
6. ШШГЕГ-ын ШГАлба нь хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий этгээдүүдийг сонгон шалгаруулж, Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, НШШГГ-т хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий этгээдүүд жагсаалтыг хүргүүлж, шинжээчдийг томилон оролцуулах асуудлыг газар, хэлтсийн хэмжээнд тойргийн журмаар зохион байгуулах чиглэл өгсний дагуу НШШГГ нь шинжээч томилох тухай тогтоолын дугаарын дагуу тойргоор шинжээчийг оролцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 240-248, 2-р хавтаст хэргийн 1-36, 117-121 хуудас/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр Хаан үнэлгээ ХХК-ийг шинжээчээр ажиллуулсныг хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн ...хамтран ажиллах гэрээтэй, хөндлөнгийн этгээд гэж үзэх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шинжээч томилох тухай 2024.04.01-ний өдрийн 4/109 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуульзүйн үндэслэлтэй байна.
7. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 10 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр Х ХХК, үнэлгээчин Д.Д-ийг томилж, шинжээч Х ХХК-ийн үнэлгээчин Д.Д нь Ц.А, Д.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 03 тоотод байрлах, 374 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 1,986,107,000 төгрөг болохыг тогтоосон байна. /1-р хавтаст хэргийн 124-146 хуудас/
7.1. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ гэж, мөн зүйлийн 8.2, 8.2.2, 8.2.4.-т шинжилгээ хийх эрх авсан шинжээчийг болон мэргэжлийн байгууллагыг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд хамааруулсан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10.-д "үнэлгээний хуулийн этгээд гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг ойлгох-оор зохицуулсан.
Шинжээч Х ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд бөгөөд Д.Д нь үнэлгээчин болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 139-142 хуудас/
7.2. Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний ажлын зорилго, Үнэлгээний Олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүй, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал (байршил, хэмжээ, ашиглалтад орсон он, бүтэц, дотоод засал г.м) зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж, өртөгийн, орлогын хандлагын болон зах зээлийн хандлагын аргыг хослуулан зах зээлийн хандлагын үнэлгээнд 100%-ийн ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт нийцсэн байна. Мөн Шинжээч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ үнэлэгдэж буй газар, орон сууцтай ижил төрлийн, байршлын хувьд ойролцоо 3 худалдахаар зарлагдаж байгаа газар, орон сууцны үнийг харьцуулсан талаар дүгнэлтдээ тусгасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартад нийцсэн байна. /1-р хавтаст хэргийн 124-146 хуудас/
7.3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур, үнэлэгдэж буй хөрөнгийг 4,0 тэрбум төгрөгийн үнэтэй болох нь нийтэд илэрхий сайтад буй зараар нотлогдоно гэх агуулгатай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. /2-р хавтаст хэргийн 66, 85-89 хуудас/
Учир нь, сайт дахь зар нь худалдагчийн зүгээс өөрийн хөрөнгийг зах зээлд худалдахаар санал болгож буй үнэ юм. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаа явуулах үеийн зах зээлийн үнийг үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлал, журам болон үнэлгээний олон улсын стандартыг баримтлан үнэлгээг тогтоох талаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, зах зээлд худалдан борлуулахаар санал болгож буй үнээр дуудлага худалдааны үнийг тогтоохгүй, тодорхой зохицуулалт, тохируулгыг хийсний үндсэн дээр дуудлага худалдааны үнийг тогтоодог.
8. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч В ХХК, Ц.А, Д.С нарын Н-т холбогдуулан гаргасан шинжээч Х ХХК-ийн Ц.А, Д.С нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоотод байрлах, 374 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 1,986,107,000 төгрөг болохыг тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай болон 2024.04.01-ний өдрийн 4/109 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нарт хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч В ХХК, Ц.А, Д.С нарын Н-т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн 0 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 0 тоотод байрлах, 374 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,986,107,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2024.04.01-ний өдрийн 4/109 тоот Шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА