| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0418/З |
| Дугаар | 128/ШШ2025/0469 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0469
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат, дүгнэлт гаргагч Р.Э*******, хариуцагч Х.С*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Б******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Э*******ы нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот дахь гаалийн газрын Хорио цээрийн албаны эм био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.С*******д холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Улаанбаатар хот дахь гаалийн газрын Хорио цээрийн албаны эм био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын дүгнэлтээр хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн байгаа. Миний бие хуулиа дутуу судалсан байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Дүгнэлт гаргагч Р.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүлээн зөвшөөрч байгаатай холбогдуулан хэлэх тайлбар байхгүй” гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Э*******аас Улаанбаатар хот дахь гаалийн газрын Хорио цээрийн албаны эм био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.С*******д холбогдуулан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Улаанбаатар хот дахь гаалийн газрын Хорио цээрийн албаны эм био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.С*******ын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 009******* дугаартай шийтгэлийн хуудсаар “И*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан.
Хариуцагч Х.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Прокурорын дүгнэлтээр хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн байгаа. Миний бие хуулиа дутуу судалсан байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж, дүгнэлт гаргагч болон гуравдагч этгээд нараас хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаатай холбогдуулан гаргах тайлбар байхгүй гэж тус тус тайлбарласан.
Дээрхээс үзвэл, хариуцагч Улаанбаатар хот дахь гаалийн газрын Хорио цээрийн албаны эм био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.С******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримт №7-д гарын үсэг зурсан байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:”, 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Э*******аас Улаанбаатар хот дахь гаалийн газрын Хорио цээрийн албаны эм био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.С*******д холбогдуулан гаргасан “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Улаанбаатар хот дахь гаалийн газрын Хорио цээрийн албаны эм био бэлдмэлийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Х.С*******ын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 009******* дугаартай шийтгэлийн хуудсаар “И*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР