Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/151

 

 

 

 

 

 

       2024           01          25                                             2024/ДШМ/151

 

 

Х.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор К.Чимгээ,

шүүгдэгч Х.Г,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолын эс зөвшөөрч шүүгдэгч Х.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Х.Г-д холбогдох эрүүгийн 2306000003058 дугаартай хэргийг 2024 оны 01  дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х.Г-,

 

Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” зоогийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Х-той таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгой хэсэгт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх прокурорын газраас: Х.Г-ын үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Хгийн Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би тавилгын үйлдвэр болон “Э” ХХК-д мужаан хийгээд 5 жил болж байна. Ажлын байранд ажлаа хийж байгаад баруун нүдэндээ гэмтэл авч болор цайсан, 7 жилийн өмнөөс бөөрний даралт ихэсдэг болсон бөгөөд эмчийн хяналтад байдаг. Иймд шүүхээс оноосон 240 цагийн нийтэд тустай ажил хийхэд хараа муу, бөөрний даралттай тул даарч, хөрөхийг эмчийн зүгээс хорьсон. Мөн нийтэд тустай ажил хийхэд миний ажил цалгардаж байгаа тул торгуулийн ялаар сольж өгнө үү. Торгуулийг заасан хугацаанд нь төлж барагдуулна гэдгээ амлаж байна. ...” гэв.

 

Прокурор К.Чимгээ тус шүүхэд ирүүлсэн тайлбар болон тус шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Х.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, гэм буруугийн хэлбэрт тохируулж, нийтэд тустай ажил хийлэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Год холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Х.Г нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “У” зоогийн газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Хтой таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгой хэсэгт архины шилээр цохиж, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Хрын “... би “У” цайны газрыг ажиллуулдаг юм. Ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байхад 50 гаруй насны эрэгтэй хүн орж ирээд 0.33 литрийн “Ерөөл” архи уугаад эхэлсэн. Шаардлага тавьсан чинь намайг шууд архины шилээрээ толгой хэсэгт цохиод, бас үг хэлээр маш их доромжилсон. ...” /хх 8-9/,

 

Х.Гын яллагдагчаар “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 31/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...О.Хын биед зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл. ...” учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11878 дугаар дүгнэлт /хх 13-14/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх 17/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Х.Г ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Х.Гын хохирогч О.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэнийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоохгүй байх тул шүүгдэгч Х.Гын торгох ял оногдуулж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

         

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Гын нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХӨӨ                

 

                        ШҮҮГЧ                                                          Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН