2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/04217

 

 

 

 

 

 

 

 

2025 05 13 191/ШШ2025/04217

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Б овогт О-ын Д /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 0 тоотод оршин суух, Д овогт Э-ийн С /РД:000000000/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 0 тоотод оршин суух, Я овогт Д-ийн Э /РД:00000000/ нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 20,823,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д, хариуцагч, хариуцагч Д.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа:  2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буюу одоогоос 4,9 жилийн өмнө Э.С, Д.Э нар нь 5,000,000 төгрөгийг сар бүр хүүг нь төлөх нөхцөлтэйгээр, сарын 8 хувийн хүүтэй, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаатай зээлж авсан билээ. ******* нь татваргүй барааны дэлгүүрт ажилладаг, цалин хангамж сайтай байдаг тул намайг огт санаа зоволтгүй мөнгийг чинь найдвартай буцааж өгнө хэмээн үүнийхээ баталгаа болгон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 0 тоот хаягт байрлах хашаа байшингаа барьцаа болгон өгсөн. Надаас тухайн үед хамт ажилладаг байсан залуу маань Э.С-ыг манай сайн найз маань яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, чи түр хүүтэйгээр зээлүүлээч, маш найдвартай залуу байгаа юм аа гэж гуйсаар мөнгийг маань авч байсан. ******* нь мөнгийг авснаасаа хойш Би Дорноговь аймгийн Замын-Үүд дээр татваргүй барааных нь дэлгүүрт ажиллаж байгаа хэмээн утас нь холбогдохгүй, сар бүр төлөх ёстой мөнгийг огт төлөөгүй.

Эгч болох ******* нь болохоор чи Э.С-тай л уулзаж мөнгөө гаргуулж ав, тэр төлөх ёстой" гэж хэлдэг. Ингээд Э.С-ыг хот орж ирэх үед нь уулзахад Чи хүлээж байгаач тэгэх үү, би хөдөө уурхай дээр ажил хийж байгаа, одоохондоо ямар ч боломж бололцоогүй байна, би бас хүнээс авлагатай цагдаагаар яваад удаад байна, удахгүй мөнгийг чинь бүх хүү алдангитай нь өгөөд энэ асуудлаа дуусгана гэж гуйсаар баталгаа болгож бичиг бичиж өгөөд гуйсан тул би ч хүлээгээд явж байсан. Энэ хугацаанд бидний гэрээний маань хугацаа дууссан учир нотариатын байгууллага нотариатчийн тын зөвлөсний дагуу өөрсдөө хоорондоо гараараа бичиж, гарын үсгүүдээ зуран баталгаажуулж, хурууны хээнүүдээ даран гэрээнийхээ хугацааг сунгасан юм.

Өнгөрсөн бүх хугацаанд миний бие ажил амьдралын шаардлагаар яаралтай мөнгөний хэрэгцээ гарсаар *******, ******* нараас мөнгөө аваад төлнө гэсээр хэд хэдэн зээл авсан байсан нь хүү нь нэмэгдэн явсаар өчнөөн өр зээлийн төлбөрт орж хохироод байна. Миний бие өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ажил амьдралаа таслан *******, ******* нарын гэрийг нь хайж олох, гэрт нь очиж уулзах, Э.С-ыг олж уулзахын тулд хаа байсан Замын-Үүд рүү ч хүртэл хонон өнжин явж хохирсон. Гэтэл өнөөдрийг хүртэл *******, ******* нар нь мөнгийг минь төлөөгүй явсаар хоёр жилийн хугацаа өнгөрөөд байгаа тул арга буюу шүүхэд хандлаа. Иймд бидний байгуулсан гэрээний дагуу ёсоор 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх нийт 33 сарын хүү болох 13,200,000 төгрөгийг, алдангийн төлбөрт 2,500,000 төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Э.С-тай уулзахын тулд Замын-Үүд рүү явсан галт тэрэгний тасалбарт төлсөн 123,000 төгрөгийг нийтдээ 20,823,000 (хорин сая найман зуун хорин гурван мянган) төгрөгийг маань бүрэн гаргуулж өгөхийг хүсэж байна.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 0 тоот хаягт байрлах 000 дугаартай хувийн сууц, 0 00дугаартай хувийн сууц, 000 дугаартай ГБ-ийн газраар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар хариу тайлбар, татгалзалдаа: ******* миний бие нь О.Д-гийн гаргасан зээлийн гэрээний төлбөрт 20,823,000 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

******* миний бие нь мөнгө зээлдүүлнэ гэсэн зарын дагуу О.Д-тай холбогдож, 2020.03.19-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 5,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан.

Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ нь 2020.03.19-ний өдрөөс эхлэн 2020.07.20-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацаатай байсан. Тус зээлийн гэрээний хугацаа 2020.07.20-ны өдөр дуусгавар болсноос хойш 4 жил 6 сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй бөгөөд анх удаагаа 2024.11.18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байна. Энэхүү үйл баримт, хуулийн зохицуулалтаас дүгнэж үзвэл *******, ******* бид нарын хооронд 2020.03.19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

Зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байх тул зээлийн үндсэн төлбөрт 5,000,000 төгрөг, алдангийн төлбөрт 2.500,000 төгрөг, хүүгийн төлбөрт 13,200,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан байна. *******, ******* бид нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ 2020.03.19-ний өдрөөс эхлэн 2020.07.20-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацаатай байсан. Талуудын хооронд 2020.07.20-ны өдрөөс хойш бичгээр байгуулсан ямар нэгэн зээлийн гэрээ байхгүй. Зээлийн гэрээний хугацаа сунгах талаар огт тохиролцоогүй. Сунгалт гэж өөрийнхөө гараар бичсэн зүйлийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй, мөнгө өг гэж дарамталж байгаад харанхуйд нэг цаасан дээр гарын үсэг зураалсан. Тиймээс талуудын хооронд 2020.07.20-ны өдрөөс хойш бичгээр байгуулсан зээлийн гэрээ байхгүй тул нэхэмжлэгч зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй юм.

Иймд талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээтэй хугацаа болох 2020.03.19-ний өдрөөс эхлэн 2020.07.20-ны өдөр хүртэл нийт 4 сарын хугацаанд л хүү тооцох боломжтой байна. Үүнийг тооцож үзвэл зээлийн үндсэн төлбөр 5,000,000 төгрөгийн 1 сарын зээлийн хүүгийн хэмжээ нь 400,000 төгрөг байгааг 4 сараар үржүүлвэл нийтдээ 1,600,000 төгрөгийн хүү тооцогдож байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй зээлийн хүүгийн 13,200,000 төгрөгийн төлбөр үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 сарын хүүгийн хэмжээ 8 хувь байгаа нь хэт өндөр байна. Арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын 1 сарын зээлийн хүүгийн хэмжээ хамгийн ихдээ 3.5 хувь байна. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс зээлийн хүүгийн хэмжээг бууруулж, зах зээлийн ханшаар буюу 1 сарын 3.5 хувиар тооцуулах хүсэлтэй байна.

Иймд О.Д-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2020.03.19-ний өдрийн Барьцааны гэрээ, 2020.03.19-ний өдрийн Зээлийн гэрээ, 2023.07.02-ны өдрийн Э.С-ын баталгаа, Э.С-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2020.10.26-ны өдрийн Э.С-ын баталгаа, 2023.07.01-ний өдрийн болон 2023.07.02-ны өдрийн зорчих тасалбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл-5ш зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,823,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Нотариатчаас асууж байгаад гэрээний хугацааны сунгалтыг хийсэн тул зээлийн хүү, алданги төлөх үүрэгтэй, байнга мөнгөө нэхэж, очиж уулзаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: зээлийн гэрээний төлбөрийн үүргийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээний хугацаа сунгахаар тохиролцоогүй, сунгалт гэж өөрийн гараар бичсэн зүйлийг нь зөвшөөрөхгүй, зээлийн хүү хэт өндөр тул арилжааны банкны хүүгээр тооцуулах хүсэлтэй байна гэж тодорхойлсон.

 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. *******, ******* нар нь О.Д-тай 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-г тус тус бичгээр байгуулж, 5,000,000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 0 тоот хаягт байрлах, 49,1 мкв талбайтай хувийн сууц, 30 мкв талбайтай хувийн сууц, 402 мкв талбайтай газар зэргийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хавтаст хэргийн 7-8 хуудас/

 

Талууд Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байна.

 

4.2. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Зээлдүүлэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлдэгч нарт 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч нар нь зээлийн төлбөр төлөөгүй талаар зохигч маргаагүй.

 

5. Зээлдүүлэгч О.Д-ийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлдэгч *******, ******* нартай харилцан тохиролцож, зээлийн гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийтдээ 29 сарын хугацаагаар сунгасан гэх байдлыг хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний хугацааг сунгах талаар огт тохиролцоогүй, 2 жилээр сунгаад өгөөч гэж гуйсан зүйл байхгүй, зээлсэн мөнгөөс хэтэрсэн их хүү нэхэж дарамтлаад төлнө гэсэн гарын үсэг зур гэж хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

5.1. Зээлийн гэрээний ар талын бичиг баримтын хавсралт хуудсан дээр Зээлийн гэрээний сунгалт гээд Зээлдэгч *******, ******* бид зээлдүүлэгч О.Д-тай харилцан тохиролцож, 2020-03-19-нд байгуулсан №8 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийтдээ 29 сарын хугацаагаар сунгаж, зээлийн гэрээний хугацааг сунгалт хийв. Тус гэрээний бусад зүйл заалтууд хүчин төгөлдөр хэвээр байна. Гэрээний сунгалт хийсэн гээд *******, *******, ******* нар гарын үсэг зурж хурууны хээ даржээ. /хавтаст хэргийн 8 хуудасны ар талд/

 

5.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан.

Зээлийн гэрээний сунгалт-ыг талууд тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн харилцан тохиролцож хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь 2020 оны 7 сард хариуцагч нарын хүсэлтээр зээлийн гэрээний сунгалтыг хийж, 29 сараар сунгасан гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч ******* нь 2020.10.26-ны өдөр зээлсэн 5,0 сая төгрөгийг сар бүрийн хүү алдангийн хамт 1 сарын дотор бүрэн төлж барагдуулах болно гэж баталгаа гаргасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч ******* нь бусдаас мөнгө зээлдэг гэх үндэслэлээр нэр бүхий 4 иргэнд 5 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн дансны шилжүүлгийн баримтыг шүүхэд гаргасан, хариуцагч *******, ******* нарыг танихгүй боловч мөнгө зээлдүүлсэн, зээлийн төлөлт огт хийгээгүй байхад гэрээний хугацааг гэрээ дуусахаас өмнө нийт 29 сараар тохиролцож сунгасан гэх тайлбар, хариуцагч Э.С-ын гэрээний хугацаа сунгах талаар огт тохиролцоогүй, О.Дэлбэрэлмаа нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүүг сар бүрээр тооцож зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор гэр орон, ажил дээр ирж дарамт шахалт үүсгэж, гарын үсэг зурахаас өөр аргагүй байдалд оруулдаг гэх тайлбар зэргийг харьцуулан үзэхэд талуудыг харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, ******* нарыг зээлийн гэрээний хугацааг сунгахаар тохиролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул 29 сарын хүү 11,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан.

Хариуцагч ******* нь зээлийн хүү хэт өндөр гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн хүү зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үйл баримтын талаар тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй тул хүүгийн хэмжээг бууруулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч О.Д-д зээлийн төлбөрийг шаардах эрх 2020-07-20-ны өдрөөс үүссэн.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу хариуцагч ******* нь 2020-10-26-ны өдөр болон 2023-07-02-ны өдөр зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах баталгаа гаргасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Иймд хариуцагч *******, ******* нар нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр төлбөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхгүй юм.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч *******, ******* нар үндсэн зээл 5,000,000 төгрөг, 4 сарын хүү 1,600,000 төгрөг нийт 6,600,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

8. Нэхэмжлэлийн алданги 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

8.1. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 2.6-д Анз: Зээлдүүлэгч нь зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар анданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэжээ.

Талуудын энэхүү алдангийн талаар тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцсэн байна.

 

8.2. Зээлдэгч *******, ******* нар нь зээлийн гэрээний 2.5-д зааснаар зээлийн хүүг сар бүрийн 20-нд төлөх, үндсэн зээлийн хугацааны эцэст бүхэлд нь төлөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн байна.

 

8.3. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу үндсэн зээл 5,000,000 төгрөгийн 50%-иар тооцож алданги 2,500,000 төгрөг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэлийн зардал 123,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

9.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *******тай уулзахын тулд Замын-Үүд рүү явсан галт тэрэгний тасалбарт төлсөн 123,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. /хавтаст хэргийн 11 хуудас/

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тодорхойлсон.

 

9.2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу зээлдэгч *******, ******* нар нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ 2020 оны 07 дугаар сарын 20ны өдрөөс хойш зөрчсөн, хамтран зээлдэгч ******* нь Улаанбаатар хотод оршин суудаг тул зээлдэгч нарын зээлийн төлбөрийг төлөх үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч О.Д-г 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Замын-Үүд явах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн Замын-Үүд рүү явсан галт тэрэгний тасалбарт төлсөн 123,000 төгрөгийг зээлийн гэрээний зээлийн төлбөрийг төлөх зээлдэгч нарын үүргийн зөрчилтэй шууд шалтгаант холбоотойгоор зээлдүүлэгчээс гарсан зардал буюу зээлдүүлэгчид учирсан хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул 123,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч *******, ******* нараас зээлийн төлбөр 6,600,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 9,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгож, нэхэмжлэлээс 11,723,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуульзүйн үндэслэлтэй байна.

 

11. Нэхэмжлэлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд,

 

11.1. Барьцааны гэрээ-гээр зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар зээлдэгч *******, ******* нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 0 тоот хаягт байрлах, 0 дугаарт бүртгэлтэй, 49,1 мкв талбайтай хувийн сууц, мөн 0 дугаарт бүртгэлтэй, 30 мкв талбайтай хувийн сууц, УБД: 0 дугаартай, нэгж талбарын 1461800330 дугаартай, 402 мкв талбайтай газар зэргийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

 

11.2. Зээлдэгч *******, ******* нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу дээрхи барьцааны хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 332,265 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 230,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь дээрхи зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, ******* нараас 9,100,000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгож, нэхэмжлэлээс 11,723,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч *******, ******* нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 0 тоот хаягт байрлах,0000 дугаарт бүртгэлтэй, 49,1 мкв талбайтай хувийн сууц, мөн 0000 дугаарт бүртгэлтэй, 30 мкв талбайтай хувийн сууц, УБД: 0000 дугаартай, нэгж талбарын 1461800330 дугаартай, 402 мкв талбайтай газар зэргийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,265 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 230,750 /хоёр зуун гучин мянга долоон зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА