Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/152

 

 

 

 

         2024           01                25                                             2024/ДШМ/152

 

Ц.Д-холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/888 дугаар шийтгэх тогтоолын эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Д-холбогдох эрүүгийн 2302002970292 дугаартай хэргийг 2024 оны 01  дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.Д,

 

Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар сургуулийн автобусны буудал орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй 0.2404 грамм метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц-ын Д-ыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ц.Д-авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 1996 онд мориноос унаж хүзүүндээ хүнд гэмтэл авч одоог хүртэл өвчинтэйгөө тэмцэж эм, тариа хүчтэй өвчин намдаах хэрэглэсээр ирсэн. 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт “Хүзүүний дискэктоми С5, хиймэл жийргэвч суулгах” мэс засалд орсон. Эмчилгээ үр дүнгээ өгсөн боловч одоо заавал дахин мэс засалд орох шаардлагатай болсон. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт эмчлүүлсэн боловч өвчин, зовиур сайн намдахгүй, хэвтэрийн дэглэм сахиж чадахгүй, гам алдсаар байна. Энэ нугасны идээт өрөвсөл, цус хуралт цаашид даамжирвал тархи руу орон амь, насаа алдаж, үхэлд хүрэх аль эсвэл суумгай болох эрсдэлтэй байна. Мөн эхнэр, 3 хүүхдийн маань цаашдын амьдралд асар том эрсдэл үүсч байгаа учир энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж биеэр эдлэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Дын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах  гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч болон үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугийн тал дээр огт маргадаггүй боловч шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүгдэгчийн хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл болон эрүүл мэндийн байдал, хийсэн үйлдэлдээ гэмшин гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхнаасаа мэдүүлсэн гэх мэт хувийн нөхцөл байдлуудад бодит дүгнэлтийг хийлгүй миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд хуульчилсан “Шударга ёсны зарчим” зөрчигдсөн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Ц.Д- шүүхээс хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ тухайн хүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр болон хэрэгт бичгийн нотлох баримтуудаар авагдсан дараах хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, бодит дүгнэлтийг хийж чадаагүй. Тухайлбал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл буюу эрүүл мэндийн талаар Ц.Д нь 1996 онд мориноос унаж хүзүүндээ хүнд бэртэл авсны улмаас олон жил өвчин намдаах эм хэрэглэж ирсэн байдаг. Улмаар өвчин намдаах эм тарианд өвчний зовиур нь дарагдахаа больсон учир “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис нь хүний эд, эсийг сэргээж, аливаа хүнд өвчнийг эдгээдэг гэж бусдаас сонссоны дагуу метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан боловч тэрээр тухайн зүйл нь хууль бус болохыг, мөн нэг л хэрэглэвэл тухайн зүйлд донтдог маш аюултай гэдгийг сонсож байсан учир хэрэглэхээс эмээн хадгалсан байдаг. Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэдрэлийн мэс тасагт “Хүзүүний С5 нугалмын жийргэвчний ивэрхий, Арнольд киарын хам шинж, Нугасны өрөвсөл” гэсэн оноштой 2023 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ны хооронд хэвтэн эмчлүүлж, “Хүзүүний дискэктоми С5, хиймэл жийргэвч суулгах мэс засал хийлгүүлсэн. Улмаар тухайн хагалгаанаас 1 сарын дараагаар Арнольд киарын, нугасны идээт хэсэгт төлөвлөгөөт мэс засал хийлгэх заалттай байдаг. Өөрөөр хэлбэл хүзүүний дискэктоми С5 нугалам хэсэгт хиймэл жийргэвч суулгаж нэг сар болсны дараагаар хүзүүний нугас хэсэгт үүссэн идээт үрэвсэл арилгах мэс заслыг хийх гэсэн үе шатуудаар хэд хэдэн удаагийн мэс заслыг хийлгэх нэн шаардлагатай байгаа. Энэхүү идээт үрэвслийг арилгах мэс засал нь хамгийн хүнд мэс засал нь бөгөөд хийлгээгүй тохиолдолд түүний амь нас эрсдэх аюултай байдалд хүрээд байна. Иймд Ц.Дын эрүүл мэндийн хувьд ноцтой байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч Ц.Дын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Эмнэлгийн дүгнэлтээр шүүгдэгч Ц.Дын хүзүүний дискэктоми С5, хиймэл жийргэвч суулгах мэс заслын нөхцөл байдал намжмал байдалтай байна гэсэн байх тул хорих ял эдлэхэд саад болох өвчин гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 4 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар сургуулийн автобусны буудал орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй 0.2404 грамм метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Ц.Дын яллагдагчаар “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. ...” /хх143-144/ гэсэн мэдүүлэг,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-20/, шүүгдэгч Ц.Дын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 21-24/, “...ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1709 дугаартай дүгнэлт /хх 62-63/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-20/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх 25/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 26- 27/, ууттай жин 0.4585 грамм, нунтгын жин 0.2404 грамм цагаан өнгийн нунтаг зүйл, түүний хэрэглүүр болох тарианы шилний сав, цагаан өнгийн ундааны соруулыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 32-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Д ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Дын “мөс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нар  “...эрүүл мэнд болон хувийн байдлыг харгалзан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Д-эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх устгуулахаар зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдсан 0.2404 грамм “мөс”, 1 ширхэг тарианы шилний сав, 1 ширхэг цагаан өнгийн ундааны соруулыг мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг болон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарч байх тул эд мөрийн баримт устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ц.Д-шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/888 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ цэвэр жин 0.2404 грамм “мөс”, тарианы шилний сав 1 ширхэг, цагаан өнгийн ундааны соруул 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай. ...” гэснийг “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ цэвэр жин 0.2404 грамм “мөс” тарианы шилний сав 1 ширхэг, цагаан өнгийн ундааны соруул 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

    2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

    3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 65 /жаран тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

                 4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                                                      Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН