| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2302002820221 |
| Дугаар | 2024/ДШМ/180 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ДШМ/180
2024 02 06 2024/ДШМ/180
Б.О д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Өнөрбаяр,
шүүгдэгч Б.О , түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/905 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.О д холбогдох эрүүгийн 2302002820221 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.О,-
Шүүгдэгч Б.О нь2023 оны 4 дүгээр сарын 04- ний өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” нэртэй зочид буудлын ** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Метафитамин”-ын агууламжтай 0,1408 грамм жинтэй “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын О-ыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа АР2156289 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих журмын дагуу Төв Банк /Монголбанк/-нд шилжүүлж, 0.1408 грамм цэвэр жинтэй “метафитамин”-ын бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Б.О д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байна. Хууль бус гэдгийг мэдсээр байж мансууруулах бодис хэрэглэсэндээ, өөрийгөө ийм байдалд оруулсандаа гэмшиж байна. Цаашид өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандаж, буруу зан үйл дахин гаргахгүй байхаа амлаж байна. Мансууруулах бодис хэрэглэх эрсдэлтэй найз нөхөд, залуучуудад ухуулах сэрэмжлүүлэх ажил хийх болно. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Цаашид амьдралдаа алдаа гаргахгүйн тулд хичээн ажил, бизнесээ өргөжүүлэн гэр бүлдээ болон улс орондоо хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Би ээж Н.Н-ын хамт амьдардаг. Ээж маань сонсголын бэрхшээлтэй, сахарын хүнд өвчтэй түүнээс болоод гар нь мэдээгүйжсэн, ходоодны хорт хавдрын эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн настай эмэгтэй байдаг. Би анхан шатны шүүх хурал дээр ээжийнхээ талаар хэлээгүй, ээжийнхээ өвчнийг өөрийн гэмт хэрэгт ярихгүй гэж хичээсэн. Гэвч би хоригдоод ээжийгээ асран хамгаалж чадахгүй болсондоо их харамсаж сууна. Иймд өвчтэй ээжийгээ асрах тэжээн тэтгэх боломж олгож надад оноосон ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэе. ...” гэв.
Шүүгдэгч Б.О ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мансууруулах бодисыг хадгалсан гэж буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Хадгалсан үйлдлийг тогтоож байгаа үйл баримт нь зөрүүтэй. Гэрч болон мөрдөгч хэлэхдээ хадгалсан бодисыг цагдаа нар орж ирэхэд Б.О цагаан өнгөтэй ууттай нунтаг зүйлийг кармаанаасаа шидсэн гэж мэдүүлдэг. Гэтэл хэргийн газрын үзлэгээр “газар цэнхэр өнгөтэй эссэ хайрцагнаас 7 ширхэг тамхи болон ууттай зүйл гарч ирэв” гэсэн тэмдэглэл байдаг. Хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчөөс асуухад эссэ хайрцагнаас ууттай зүйл гарч ирсэн гэж хэлдэг. Тухайн өрөөнд А.Н 10 хоног амьдарсан, А.Н ы цагаан өнгийн цүнхэн дотроос ороосон 100 төгрөгийн дэвсгэрт гарч ирсэн. Хэрэг болдог өдөр А.Н миний үйлчлүүлэгч Б.О ыг дуудаад хар тамхи соруулаад өөрөө гарч явсан. Үүний дараа цагдаа нар орж ирсэн. Хэргийг нотолсон баримтууд хоорондоо зөрүүтэй байна гэж үзээд урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг нэг удаа буцааж байсан боловч давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож буцаагаад хэргийг хянан хэлэлцсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэд хэдэн хэрэг дээр шалгагдаж байгаа А.Н аар гэрчлүүлээд Б.О ыг буруутай гэж дүгнэсэн. Шүүгдэгч Б.О нь ээжтэйгээ цуг амьдардаг, ээжийгээ асардаг. Ээж нь 2015 онд сонсголын бэрхшээлээр 60 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, сахарын өвчний улмаас гаранд нь цус гүйхээ болиод мэдээгүй болсон асаргаа шаардлагатай байгаа. Миний үйлчлүүлэгч Б.О нь шатарын олон улсын хэмжээний мастер, үүгээрээ хүүхдүүдэд давтлага өгч олимпиадад орж байгаа хүүхдүүдийг дасгалжуулдаг. Энэ чиглэлээрээ дахин ажиллана гэж хорих байгууллагад байхдаа хэлсэн. Б.О гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаагаа өөрөө илэрхийлсэн. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан буюу 1 жил 7 сарын хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нийцэж байгаа тул шүүгдэгч Б.О гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.О д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.О нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” нэртэй зочид буудлын *** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “Метафитамин”-ын агууламжтай 0.1408 грамм жинтэй “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Б.Шхийн “...би Баянгол дүүргийн ** дугаар хороо Хасбаатарын гудамж **-д байрлах “Т ” зочид буудалд үйл ажиллагаа хариуцсан менежер хийгээд 1 жил болж байна. Манай зочид буудалд зурган дээр үзүүлсэн Б.О гэгч 2023 оны 2 дугаар сарын 25-ны үед *** тоотод өөрийн найз охин гэж хүнийг дагуулан орж ирж байрласан. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дүү нь гэж хүн хүрч ирээд төлбөрийг нь хийгээд гарсан. Үүнээс 5 хоногийн дараа 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр *** тоотын өрөөнд Б.О гэгч орчихсон байж байсан. Уг нь *** тоотод Аын Н гэж эмэгтэй 2023 оны 2 дугаар сараас эхлээд байрлаж байсан. *** тоотод очиж Б.О той уулзах үед “Н гэдэг нь миний унтаж хэвтэж явдаг хүүхэн байгаа юм, өнөөдөр ээж нь нас барсан ажил явдалтай гээд яваад өгсөн. Намайг энэ өрөөнд өрөөний төлбөрийн оронд барьцаанд байгаад өгөөч гэж гуйсан юм” гэж хэлсэн. Тус өдрийн орой Хар тамхитай тэмцэх газраас цагдаа нар 602 тоотод байрлаж байсан хүнийг барьж авсан. Энэ үед нь би олон хоног байрлаж байгаа сэжиг бүхий хүн байгаа гэж Б.О ыг хэлэхэд өрөөнд нь орж үзэхээр болсон. *** тоотод цагдаа нарын хамт орох үед Б.О өмсөж явсан өмдний халааснаас цагаан өнгийн тортой нутаг гаргаад шидчихсэн. Энэ үед цагдаа нар Б.О ыг бариад өрөөнд үзлэг хийгээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...” /хх 31-33/,
гэрч А.Н ы “...2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Т ” зочид буудлын *** тоотод ганцаараа байх үед Б.О над руу чат бичээд юу хийж байна гэж асуусан. Тухайн үед Б.О д өнөөдөртөө буудлын хугацааг нь сунгачихсан оройдоо гарна, ямар ч хоол идээгүй гэж хэлсэн. ...18 цагийн үед Б.О миний байсан *** тоот өрөөнд идэх зүйл авч ирсэн. 2 цагийн дараа Б.О ын ах нь гэж нэг хүн орж ирээд уулзсан. Харин би эмнэлэгт хүн эргэх гээд явсан. Сүүлд нь сонсоход Б.О цагдаад баригдсан гэсэн. Би ерөөсөө буудлын барьцаанд Б.О ыг байлгасан зүйл байхгүй. Буудлаас намайг төлбөрөө төл гэж шахаж дарамталсан зүйл байхгүй. ...” /хх 35-37/,
Б.О ын яллагдагчаар “...тогтоолыг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Гэм буруу дээрээ маргахгүй. ...” /хх 83-84/ гэсэн мэдүүлгүүд,
“...”Б.О ХА87121419 04.04” гэсэн хаягтай дээжээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1761 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 59-60/,
“... “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АК2156289 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1764 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 65-66, 67/
“...Б.О нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.О нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. Б.О ын дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. Б.О нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. ...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын 466 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 76-78/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх 8/, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 223 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /хх 10-11/, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо “Т ” зочид буудлын 8 дугаар давхар, *** тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-17/, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 18-22/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.О ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.О ын “мөс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.О “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, 1 жил 7 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.О ын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх устгуулахаар зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заажээ.
Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдсан 0.1408 грамм цэвэр жинтэй “метафитамин”-ын бодисын агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарч байх тул эд мөрийн баримт устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.О ын “Хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.О д шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/905 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ АР2156289 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг зохих журмын дагуу Төв Банк /Монголбанк/-нд шилжүүлж, 0.1408 грамм цэвэр жинтэй “метафитамин” бодисын агууламжтай “мөс”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН