| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0411/З |
| Дугаар | 128/ШШ2025/0410 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2025/0410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “**********” ХХК /РД: **********/
Хариуцагч: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч С.Д********** гаргасан шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э**********, хариуцагч С.Д********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “**********” ХХК нь тус шүүхэд хандан “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын ТҮҮХҮ-ийн улсын ахлах байцаагч С.Д**********гийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ********** тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэхүү актын үйлчлэлээр “**********” ХХК-д учруулсан хохирол 10.000.000 төгрөгийг тус компанид олгуулах” гомдлын шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Гомдол гаргагч “**********” ХХК-д 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Ашигт малтмал ашиглалт” үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр ******* улсын бүртгэлийн дугаартай Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн гэрчилгээ олгожээ.
2.2. Гомдол гаргагчаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газарт 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/25 дугаартай албан бичгээр “…2025 оны уурхайн үйл ажиллагааны төлөвлөгөөг хугацаанд нь илгээж амжаагүй тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.[1]
2.3. Дээрх хүсэлтийн дагуу хариуцагч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч С.Д**********гээс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр АҮЭБЯ-06/005/014 гомдол, мэдээллийн бүртгэлийн дугаартай зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалт явуулжээ.
2.4. Хяналт шалгалтын явцад гомдол гаргагч “**********” ХХК-аас “…өөрийн эзэмшдэг MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 2025 оны уулын ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй” гэх зөрчлийг үйлдсэн талаар өөрийгөө илчилж ирснийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, “Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай” улсын байцаагч тэмдэглэл үйлджээ.[2]
2.5. Гомдол гаргагч “**********” ХХК-ийг “…2025 оны уулын ажлын төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй” гэх зөрчилд 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу 10.000.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.[3]
2.6. Дээрх шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төрийн сангийн дансанд тушааж, шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг сайн дураар биелүүлсэн.
2.7. Гомдол гаргагчаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын хэлтсийн дарга Улсын ерөнхий байцаагчид хандан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17/25 дугаартай “Төлбөр буцааж авах тухай” албан бичгээр “...Манай компанид ирүүлсэн АМГТГ-аас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11/1410 тоот албан бичгээр 2025 оны уулын ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд цахим системд оруулсан болох нь нотлогдож байх тул хууль зүйн үндэслэлгүй 10.000.000 төгрөгөөр торгуулсан ... шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлсөн төлбөрийг буцаан авах хүсэлтэй байна” гэжээ.[4]
2.8. Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11/1410 дугаар албан бичгээр “…2025 оны уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Геологи, уул уурхайн мэдээллийн системд ирүүлсэн байна.” гэх хариуг “**********” ХХК-д өгсөн.[5]
2.9. “**********” ХХК-аас гаргасан гомдлын дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11/1144 дугаартай албан бичгээр “…Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар тавигдсан торгуулийг буцаах эрх зүйн зохицуулалтгүй тул асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгсөн.[6]
2.10. Улмаар “**********” ХХК-аас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч С.Д**********д холбогдуулан “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын ТҮҮХҮ-ийн улсын ахлах байцаагч С.Д**********гийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ********** тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэхүү актын үйлчлэлээр “**********” ХХК-д учруулсан хохирол 10.000.000 төгрөгийг тус компанид олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан.
2.11. Гомдол гаргагчийн зүгээс “...Маргаан бүхий шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй учраас илт хууль бус захиргааны акт. 2025 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд нь илгээсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11/1410 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Зөрчил гаргаагүй болох нь нотлогдож байх тул шийтгэлийн хуудсаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.12. Хариуцагчийн зүгээс “...Гомдол гаргагч нь 2025 оны уулын ажлын төлөвлөгөөг хугацаанд нь илгээгүй буюу үйлдсэн зөрчлөө сайн дураар илчилж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасны дагуу Зөрчлийн тухай хуульд зааснаар ********** дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоход зөрчилд холбогдогч шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг сайн дураар биелүүлсэн. Цаг хугацааны хувьд зөрчлийг шалган шийдвэрлэж дууссаны дараа Ашигт малтмал, газрын тосны газрын 11/1410 дугаартай албан бичиг нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн огноотой байх тул шийтгэлээс чөлөөлөх, төрийн санд төлсөн торгуулийг буцаан олгох үндэслэл болохгүй” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулъя. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай ********** тоот актыг илт хууль бус гэж үзсэн. “**********” ХХК-ийг 2025 оны уулын ажлын төлөвлөгөөг цаг хугацаанд нь илгээгээгүй шалтгаанаар 10,000 нэгжээр торгосон. Гэтэл энэ нь төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдлаас болсон. Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11/1410 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр геологи уул уурхайн мэдээллийн системд бүртгүүлсэн болохыг тодорхойлсон. Тодруулбал системийн алдаанаас шалтгаалсан. Дараагийн тайлангаас дахин торгуулах гэж байсан учраас дараагийн тайланг илгээхийн тулд цахим системийн татгалзсан төлөвөөс болж 10,000,000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрсөн. 2025 оны төлөвлөгөөг хуулийн хугацаанд ирүүлсэн байхад 10,000,000 төгрөгөөр торгосон нь үндэслэлгүй учраас “илт хууль бус захиргааны акт” гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэжээ.
3.2. Хариуцагч С.Д********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.3-т “зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн” гэж заасныг үндэслэсэн. ******* аймгийн ******* сумын нутагт орших ******* нэртэй газарт байрлах MV-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн 2025 оны уулын ажлын төлөвлөгөөг хуулийн хугацаанд багтаан хүргүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцож өгөхийг хүссэн. Анх “**********” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* гарын үсэг бүхий 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05/25 тоот албан бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газарт ирүүлсэн. Тус албан бичиг хэрэгт авагдсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.11, 7.12, 7.13-т тус тус заасныг шалгах зүйлчлэлтэй байдаг. Үүний дагуу “**********” ХХК-ийн үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.11-д хамаарч байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг бичгээр болон амаар гаргаж болно” гэж заасан. Энэ нь нотлогдож байх тул хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу ********** дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээг авсан. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 11/1410 дугаар албан бичиг нь зөрчлийг шийдсэн хугацаанаас хойш буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Зөрчил үйлдсэн хугацаан дахь бүх зүйлсийг хуулийн дагуу танилцуулж, прокурорт хянуулж, торгуулийн мөнгө нь Төрийн сангийн дансанд орсон. Төрийн сангийн данснаас тухайн торгуулийн мөнгийг буцаан олгуулах шаардлагыг бид хангах бололцоогүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагч “**********” ХХК-ийн гаргасан гомдолд дурдсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын ТҮҮХҮ-ийн улсын ахлах байцаагч С.Д**********гийн гаргасан “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, энэхүү шийтгэлийн хуудасны улмаас “**********” ХХК-д учирсан хохирол 10.000.000 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж тус компанид олгуулахаар шийдвэрлэлээ.
1. Гомдол гаргагч “**********” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын ТҮҮХҮ-ийн улсын ахлах байцаагч С.Д**********гийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ********** тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх үндэслэл болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад нь дурдаж маргасан.
2. Хууль хэрэглээний хувьд захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хууль болон холбогдох салбарын хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг /хуулийг/ зөрчсөн гэх үндэслэлээр мөн хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголтууд гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
3. Хэдийгээр гомдол гаргагч нь маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч шүүх нотлох зарчмын үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй захиргааны акт нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй болох нь тогтоогдож байх тул түүнийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэсэн болно. Тодруулахад:
4. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 8-д “Нэхэмжлэгч нь захиргааны актыг "хүчингүй болгох" нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор "захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн "зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх" үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг "хүчингүй болгох" боломжтой, энэ нь "шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан" агуулгад хамаарахгүй” гэжээ.
5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа хуулийн үндэслэл /заалт/ огт хэрэглээгүй, хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэсэн боловч нарийвчилсан үндэслэлийг хэрэглээгүй тохиолдлыг ойлгодог.
6. Хавтаст хэрэгт авагдсан маргаж буй захиргааны актын голлох үндэслэлд Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь: ... төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан заалтыг үндэслэсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хуулийн ерөнхий болон нарийвчилсан үндэслэлүүдийг маргаж буй захиргааны актад хэрэглэсэн гэж үзэх тул уг захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж дүгнэх боломжгүй.
7. Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:” гээд, 48.6.2 дахь заалтад “дараа жилийн ... уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор;” гэж зохицуулсан.
8. Хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу гомдол гаргагч “**********” ХХК нь 2025 оны уулын ажлын төлөвлөгөөг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлэх үүрэгтэй байна.
9. Харин хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын тайлбарласан тайлбаруудаас үзэхэд, маргаан бүхий “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ********** дугаартай шийтгэлийн хуудсыг гаргах мөчид буюу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргагч нь “2025 оны уулын ажлын төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдож байсан байх боловч энэ нь гомдол гаргагчийн буруутай үйл ажиллагааны улмаас бус, харин Ашигт малтмал, газрын тосны газрын системийн алдаанаас болсон болох нь гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... системийн алдаанаас шалтгаалсан. Дараагийн тайлангаас дахин торгуулах гээд байсан учраа дараагийн тайлангаа илгээхийн тулд цахим системийн татгалзсан төлөвөөс болж 10,000,000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрсөн ...” гэх тайлбараар тогтоогдож байна.
10. Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн дарга Т.З*******ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11/1410 тоот албан бичгээр[7] ирүүлсэн “…2025 оны уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасны дагуу буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Геологи, уул уурхайн мэдээллийн системд ирүүлсэн байна.” гэх тоотоос үзэхэд гомдол гаргагч “**********” ХХК нь 2025 оны уулын ажлын төлөвлөгөөгөө хуульд заасан хугацааны дотор буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн болох нь тогтоогдов.
11. Энэ тохиолдолд гомдол гаргагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд улмаар Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
12. Харин хариуцагч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын улсын ахлах байцаагч С.Д********** нь дээрх нөхцөл байдлуудыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох нэгжээс тодруулах, нотлох баримт шаардах зэргээр нэмэлт ажиллагаа хийсэн бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж, 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно.” гэж заасанд нийцэх байжээ.
13. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ********** дугаартай шийтгэлийн хуудас нь хуульд нийцээгүй, түүний улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
14. Гомдол гаргагч “**********” ХХК нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17/25 тоот албан бичгээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын хэлтсийн дарга, улсын ерөнхий байцаагч Д.Д*******д хандаж “Төлбөр буцааж авах тухай” гомдол[8] гаргасны хариуд түүний 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11/1144 тоот албан бичгээр[9] өгсөн “Хариу хүргүүлэх тухай” албан тоотод “... Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудсаар тавигдсан торгуулийг буцаах эрх зүйн зохицуулалтгүй тул асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ үү” гэж дурдсан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш тоолж, түүнээс хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргагч нь тус шүүхэд хандсан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан байна гэж шүүх үзсэнийг дурдах нь зүйтэй.
15. Маргаан бүхий актын үйлчлэлээр “**********” ХХК-д учруулсан хохирол 10,000,000 төгрөгийг тус компанид олгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, шүүх нэгэнт маргаж буй “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” ********** дугаартай шийтгэлийн хуудсыг хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус компаниас Төрийн сангийн 100900000602 тоот дансанд тушаасан 10,000,000 /арван сая/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулан “**********” ХХК-д олгуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7 дахь заалтад “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах ...” гэж заасанд нийцнэ.
16. Иймд дээр дурдсан үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.7 дахь заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэг, 48.6.2 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “**********” ХХК-ийн гомдлын шаардлагад дурдсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч С.Д**********гийн гаргасан 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ********** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “**********” ХХК-аас Төрийн сангийн 100900000602 тоот дансанд тушаасан 10,000,000 /арван сая/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулан гомдол гаргагч “**********” ХХК-д буцаан олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шүүхийн шийдвэрийн “********** ХХК-аас Төрийн сангийн 100900000602 тоот дансанд тушаасан 10,000,000 /арван сая/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулан гомдол гаргагчид буцаан олгох” тухай шийдвэрийг биелүүлэхдээ гомдол гаргагч “**********” ХХК нь Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд энэ талаар хүсэлт гаргаж, тус яам энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу Төрийн сангаас 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгох замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ