Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 87

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Д.Б

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт Ж.Д-д холбогдох 1821000330050 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг .................... тоотод оршин суух, одоогоор 9 дүгээр баг, 9-60 тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Иөншөөбү овогт Ж.Д.  

 

Шүүгдэгч Ж.Д нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг .............. гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой эхнэр хохирогч Д.Б-ийг шалан дээр унагааж, биеийн толгой руу цохиж, өшиглөх зэргээр зодож, “хамрын таславчийн муруйлт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, шуу, цээж, зүүн ташаанд цус хуралт” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн 2017 оны 03 дугаар сарын сүүлээр “тогоотой хоол руу аягатай хоолоо хийсэн” гэх шалтгааны улмаас суран ташуураар гуядаж, ороолгож зодсон,

мөн үүнээс 4-5 сарын өмнө буюу 2016 оны 12 сард “мөнгө олохгүй байж архи ууж ирсэн” гэж хэлсний улмаас эхнэр Д.Б-ийг жижиг хуванцар сандлаар зодож, сандлын хөл хугалж, толгой нь хөдөлж, мөрийг нь эвгүй болгож, нүдийг нь хөхөрч хавтгаж зодож байсан зэргээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнгын шинжтэй үйлдлээр зодсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр архи уучихаад гэртээ ирэхэд гэрт хүүхдүүд цоожтой байсан. Би түлхүүргүй болохоор эхнэрийгээ хурдан ир гээд утсаар ярихад нилээн удаж байгаад ирэхдээ архи уучихсан байсан. Гэрт ороход эхнэр архи уучихсан орондоо хэвтэж байсан. Тэгэхээр нь архи уулаа гэж уурлаад зодсон...” гэв.

 

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үсчин хүн шинэ жилээр баярлаж ч чадаагүй. Ингээд шинэ жилийн баярын дараа 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлынхантайгаа баяр тэмдэглэсэн. Гэхдээ нэг их уугаагүй. Явах гэхэд ажлынхан жоохон байж байгаад яв гээд байсан. Тэгээд гэртээ ирэхэд нөхөр нилээн ууртай гаднаас орж ирээд л зодож эхэлсэн... гэв.

 

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би нөхрийгөө гэртээ ирэхэд хувцсаа тайлаад орондоо орчихсон байсан чинь манай нөхөр над руу хандан чанга чангаар хашгирч уурлан босоод ир гэхээр нь айгаад коридорт очсон чинь шууд миний нүүр рүү алгадаж гарнаас барьж нааш цааш түлхэж байгаад шалан дээр унагааж миний бие рүү өшиглөөд байсан учир эвхээд хэвтсэн чинь хэд хэд өшиглөж байгаад больсон учраас буцаад ор руугаа явсан. Тухайн үед маш их айсан учраас түүнд яг юу гэж хэлж байснаа санахгүй байгаа бөгөөд орондоо хэвтэж байхад дахин над руу хашгирч дуудаад байхад би босож очоогүй. Тэгсэн чинь гарнаас чирээд коридорт авчраад бөгсөн бие болон нуруу руу 2-3 удаа өшиглөсөн учраас би битгий гэж хэлээд нөхрийнхөө өмнөөс сөгдөн гуйж хөлнөөс нь тэвэрсэн чинь орилж хашгирч намайг хэлэх хэлэхгүйгээр хэлээд байсан учраас би нөхрөөсөө уучлалт гуйсан чинь зодохоо больсон. Манай нөхөр өшиглөх болохоороо гэрлээ унтраачихаад загнах болохоороо гэрлээ асаагаад байсан. Мөн 2017 оны 03 сарын сүүлээр шиг санаж байна. Хоолоо идээд сууж байхад уурлаад хүүхдүүдээ загнаад байхаар нь битгий хүүхэд загнаад бай гэж хэлээд идэж байсан хоолоо тогоотой хоол руу буцаагаад хийчихсэн чинь хоол шидлээ гээд суран ташуураар хаа сайгүй гуядаж зодсон юм. Тэгэхэд миний бие энд тэндгүй хөх няц болсон боловч цагдаа эмнэлэгт хандаагүй. Үүнээс өмнө 2016 оны 12 сард шиг санаж байна. Манай нөхөр архи ууж ирэхээр нь мөнгө олохгүй байж архи уулаа гэж хэлсэн чинь надад уурлаж жижиг хуванцар сандлаар миний нуруу руу цохиж зодож байсан. Тэр сандлын хөл хугарч, миний толгой хөдөлж, мөр эвгүй болж, баруун нүд хөхөрч хавдсан. Энэ үед 2 настай бага хүү минь л байсан. Ж.Д эрүүл үедээ зүгээр байдаг бөгөөд архи ууж ирсэн үедээ агсан согтуу тавьж зодож цохьдог юм...” гэжээ. /хх-ийн 24-29 тал/

 

Гэрч Г.Балжмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 3 сарын сүүлээр манай охин Д.Б дээгүүрээ дээл нөмөрчихсөн шөнө гэрт орж ирэхээр нь яасан бэ гэхэд Ж.Д-д зодуулсан, дахин хэзээ ч очихгүй гэж хэлсэн. Ер нь зодуулсан гээд гэртээ ирж хонодог бөгөөд ямар нэг зүйл хэлэхгүй дуугаа хураачихдаг байсан. Бие нь хааяа хөхөрчихсөн байдаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой Д.Б-ийн утас руу санаандгүй залгасан чинь ээжээ намайг авраарай гэж хэлэхээр нь цагдаа дуудчихаад гэрт нь очиход Д.Б коридортоо дотуур хувцастайгаа суучихсан нүүр ам нь хавдсан байдалтай байсан. Хүүхдүүд нь буланд шигдээд уйлчихсан, аав ээжийг коридор руу чирээд зодсон гэж хэлж байсан. Ж.Д гараад явчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 31-32 тал/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Баясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээж ажлынхантайгаа гарсан юм. Хаалга тогшихоор нь тайлж өгсөн чинь аав архи уучихсан дайрч орж ирээд ээжийн гарнаас чирч коридорт ороод гэрлээ унтраагаад зодоод байсан. Үг хэлэхдээ гэрлээ асаачихаад зодох болохоороо гэрлээ унтраагаад байсан. Аав ээжийг зодохоо болиход ээж хөнжлөөрөө биеэ ороогоод дүү Хүсэлсайханыг тэврээд хэвтсэн. Ээж битгий намайг зодооч гэж уйлаад байсан чинь аав ээж рүү очоод Хүсэлсайханыг дүү Хүсэлбуян бид хоёрын орон дээр шидчихээд ээжийг дахин коридор руу чирээд зодож эхэлсэн. Ээж аймаар муухай хашгираад аав муухай муухай хараалын үг хэлээд байсан. Ер нь аав ээжийг архи уусан болон эрүүл үедээ хөл болон гараараа, сандал болон эргэн тойронд байгаа хатуу зүйлээр цохиж зоддог. Бид гурав аавыг архи уусан үед нь үнэхээр их айдаг...” гэжээ. /хх-ийн 34-35 тал/

 

Гэрч Б.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны хавар яг хэдэн сарыг санахгүй байна. Д.Б ажилдаа ирэхгүй 7 хоног болохоор нь утсаар ярьсан чинь бие өвдөөд хэвтэж байна гэж хэлсэн. Ингээд ажилдаа ирэхдээ нүүр нь хөхөрсөн байдалтай нүдний шил зүүсэн байсан ба юу болсныг асуухад нөхөр зодсон гэж байсан. Тэгээд гар утсаар дарсан зургийг нь үзэхэд бүх бие нь хөхөрсөн хавдсан няцарсан байсан бөгөөд цагдаад өгөх гэхэд Д.Б зөвшөөрөөгүй. Үүнээс өмнө 2016 оны 12 сарын 20-ны орчим шиг санаж байна. Д.Б өглөө ажилдаа ирэхдээ нүүр хэсэг нь хөхрөлттэй нүдний шил зүүчихсэн толгой өвдөөд байна гэж ирж байсан. Тухайн үед бас л нөхөртөө зодуулсан гээд ирж байсан. Д.Б-ийн нөхөр байнга ажил дээр согтуу ирдэг бөгөөд ирэхдээ орилж хашгирсан байдалтай ирээд ажлыг нь хийлгэдэггүй юм. Надад хэлсэн нь энэ хоёр тохиолдол боловч надад хэлэхгүй байгаа байдлыг харахад сэтгэл санаагаар унасан, зодуулсан байдалтай, уйлсан, сэтгэл санаа нь их тавгүй харагддаг юм...” гэжээ. /хх-ийн 37-38 тал/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 62 тоот актын дүгнэлтэд

            1. Д.Б-ийн биед хамрын таславчийн муруйлт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, шуу, цээж, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 46 тал/

 

- Яллагдагч Ж.Дийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-55 тал/

- Гэрч Б.Болортуяагийн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/

- Анхны үзлэгийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 47-48 тал/

- Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин тогтоосон дүгнэлт /хх-ийн 66-67 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Иөншөөбү овогт Ж.Д нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ............................ гэртээ 2018 оны 01 дүгээр сарын 05-ны орой эхнэр хохирогч Д.Бийг шалан дээр унагааж, биеийн толгой руу цохиж, өшиглөх зэргээр зодож, “хамрын таславчийн муруйлт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, шуу, цээж, зүүн ташаанд цус хуралт” бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2017 оны 03 дугаар сарын сүүлээр “тогоотой хоол руу аягатай хоолоо хийсэн” гэх шалтгааны улмаас суран ташуураар гуядаж, ороолгож зодсон, мөн үүнээс 4-5 сарын өмнө буюу 2016 оны 12 дугаар сард “мөнгө олохгүй байж архи ууж ирсэн” гэж хэлсний улмаас эхнэр Д.Бийг жижиг хуванцар сандлаар зодож, сандлын хөл хугалж, толгой нь хөдөлж, мөрийг нь эвгүй болгож, нүдийг нь хөхөрч хавтгаж зодож байсан зэргээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнгын шинжтэй үйлдлээр зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон хохирогч Д.Б, гэрч Г.Балжмаа, Б.Баясгалан, Б.Батцэцэг, Б.Болортуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд тус тус гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 62 тоот дүгнэлт, анхны үзлэгийн тодорхойлолт, яаралтай тусламжийн хуудас, аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин тогтоосон дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Ж.Д-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ж.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 9 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 11 сар 20 хоногийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Тус хэрэгт шүүгдэгч Ж.Д-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

Шүүгдэгч Ж.Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Д-ийн  .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Иөншөөбү овогт Ж.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ийг 640 /зургаан зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан 9 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт 11 /арван нэгэн/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.    

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ