Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/181

 

 

 

 

 

 

 

         

 

 

Г.Ж, Ж.Г  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Ж.Г  ,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Г  ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ж, Ж.Г  нарт холбогдох эрүүгийн 2302002560289 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.Ж,-

 

Ж.Г-,

 

Шүүгдэгч Г.Ж, Ж.Г  нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо “Х ” хотхоны * дугаарбайрны ** тоотодНэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 0.0385 грамм цэвэр жинтэй “метамфетамин”-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Г.Ж нь 2023 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х ” хотхоны 7-42 тоот гэртээ 0,9939 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Ж, Ж.Г  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.* дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овгийн Гийн Ч, шүүгдэгч Б овгийн Жы Г нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.* дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч г 3 жил, шүүгдэгч Ж.Г  ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан №2 гэж дугаарласан хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, N93 гэж дугаарласан хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, №4 гэж дугаарласан хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт2 ширхэг, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг зэрэг мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлж, үзлэг, нэгжлэгийг дуу, дүрсэд бэхжүүлсэн 2 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, №1 гэж дугаарласан 4 хэсэг жижиг гялгар уутны хамт 1,4883 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг бодис, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тарианы шил 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар соруул 3 ширхэг, тарианы шил 1 ширхэг, тарианы шил 2 ширхэг, мөн N91 гэж дугаарласан гялгар уутны хамт 3,2 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил 10 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 5 ширхэг, тариур 1 ширхэг, хуйлсан цаас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Г   давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хар тамхи хэрэглэсэн ба Х , М  нар нь гэрчийн мэдүүлэг өгсөн. Х  мэдүүлэгтээ урьд өдөр нь Ж.Г   ганцаараа гарч хар тамхи авчирсан, уг хар тамхийг тухайн өдрөө Х , Ч  бид 3 хэрэглээд дуусгасан. Дараа өдөр нь би “дэлгүүр орлоо” гэхэд Ч  “хамт гаръя” гээд гарсан. Уг болсон явдлыг мэдүүлэгтээ тодорхой хэлсэн. Миний бие хар тамхи авахад мөнгө, төгрөг оролцуулаагүй, мөн хаанаас, хэнээс авсныг мэдэхгүй гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн. Гэрчийн мэдүүлэг эргэлзээтэй, эх сурвалжаа зааж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.”, 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.”, 1.** дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эргэлзээтэй байна. Мөн мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэргээ анхнаасаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн. Бага хэмжээний бодис хураагдсан, анх удаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан эдлэх ялаас хөнгөлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээнд нь тохируулан ял оногдуулсан. Тухайн хэрэг болсон газар н.М , н.Х  нар  хамт байсан, мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой, тухайн үйл явдлыг сэргээн дүрслэхээр мэдээллийг өгснөөр үйл баримтыг дэлгэрэнгүй тогтоох, мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн нөхцөл байдал байгаа. Иймд шүүгдэгч Ж.Г  ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Ж, Ж.Г  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Г  ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Ж, Ж.Г  нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо “Х ” хотхоны * дугаар байрны ** тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 0.0385 грамм жинтэй “метамфетамин”-ын агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн шүүгдэгч Г.Ч  нь 2023 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х ” хотхоны 7-42 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,9939 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч И.Х гийн “...тухайн үед би Ч гийн гэрт сүүлийн 2 хоног байсан. Энэ хугацаанд мөс гэх мансууруулах бодис хэрэглэсэн. Урд өдөр нь Ж.Г   гараад орж ирэхдээ “мөс” гэх мансууруулах бодис авчирсан. 2 дахь өдөр нь М г ирсний дараа бол Г , Ч  хоёр хамт гараад буцаж орж ирэхдээ мөс авчирсан. Г , Чойжанцан хоёр яг хэнээс яаж мөс гэх бодис олж авчирсныг бол мэдэхгүй, мөнгө төгрөгөөр худалдаж авсан үгүйг ч бас мэдэхгүй, надад юм хэлээгүй. ...” /1хх 83-84/,

 

гэрч Г.М агийн “...Г , Ч  хоёр гадагшаа гарч буцаж орж ирэхдээ Г  нь гялгар ууттай “мөс” гэх мансууруулах бодис гаргаж ирээд Чойжанцан тэр хоёр 2 хувааж гялгар уутанд хийсэн. Тус тусдаа хийсэн мөснөөс Г ын гялгар ууттай мөснөөс би, Ч гийн гялгар ууттай мөснөөс Х  хэрэглэсэн. Тэр хоёр хамт гараад хамт буцаж орж ирэхдээ мөстэй орж ирсэн. Яг хэн нь хэнээс авсныг бол мэдэхгүй. ...” /1хх 89-90/,

 

Г.Ч гийн яллагдагчаар “...тогтоолд дурдсан үйлдэлд буюу намайг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж байгааг мэдлээ. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 182-183/,

 

Ж.Г  ын яллагдагчаар “...Ч гийн авчирсан мөсийг бид 4 хоёр, хоёроороо хувааж хэрэглэсэн. ...саяхнаас мөс гэх бодис байдгийг олж мэдээд хэрэглэж эхэлсэн. ...” /1хх 190-191/ гэсэн мэдүүлгүүд,

“...Монгол Улсын AT7790935 серийн дугаартай 50 төгрөгийн толгойн хэсгийн тал мөнгөн дэвсгэрт, AU3298655 серийн дугаартай 50 төгрөгийн 2 ширхэг тал мөнгөн дэвсгэрт, PS3613550 серийн дугаартай 100 төгрөгийн тал мөнгөн дэвсгэрт тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. ...AM8373524 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. AY379164* серийн дугаартай 50 төгрөгийн тал мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг. …” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн **53 дугаартай дүгнэлт /1хх 105-113/,

 

 “... “УМ90072734 Г Ч  2023.03.22 00.56” гэж хаягласан, “Ж.Г   ШУ89010717 2023.3.22” гэж хаягласан, “Ж.Г   УШ89010717 2023.08.23” гэж хаягласан, “Г Ч  УМ90072734 2023.08.23” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн **54, **55, 3873 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 117-125, 238-240/,  

 

“...зиплок гялгар ууттай ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. ...хуванцар цагаан өнгийн гуурс мэт зүйл 5 ширхэг, цагаан, бор өнгийн зүйлээр бохирлогдсон, дээд хэсэг нь хагарсан шил 10 ширхэг, АU402416 гэсэн дугаартай хуйлсан 500 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АV3009660 гэсэн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АТ9884317 гэсэн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АW2651318 гэсэн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АТ2866089 гэсэн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АК7084647 гэсэн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АR24066381 гэсэн дугаартай хуйлсан 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. ...Делта-9 тетрагидроканнабинол, Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 3.2906 грамм, цэвэр жин нь 0.9939 грамм болов...” гэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 3872 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 227-234/,

 

“...Г.Ж, Ж.Г  нар нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. ...Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй, болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын 321, 686 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 142-148/, 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Х  7-** тоотод нэгжлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 32-37, 204-209/, Г.Ч гийн биеэс 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 210-2**/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 38-43, 44-49/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаартай прокурорын тогтоол /1хх 63-64/, 1.4883 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг бодис, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, тарианы шил 3 ширхэг,  хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 8 ширхэг, цагаан өнгийн хуванцар соруул 3 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1хх 68/, 3.2 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил 10 ширхэг, хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 5 ширхэг, тариур 1 ширхэг, хуйлсан цаас 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /1хх 246/, Г.Ж, Ж.Г  нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /2хх 10-11, 28-29/, Г.Ж, Ж.Г  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх 9, 27/  зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Г.Ж, Ж.Г  нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Г.Ч гийн “мөс”, “өвс” гэх нэршилтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Ж.Г  ын “мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Ж.Г   “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг хэрхэн сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, олж авсан, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

 

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ж, Ж.Г  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хоёр төрлийн ялаас хорих ялыг сонгож, шүүгдэгч Г.Ч д 3 жил, шүүгдэгч Ж.Г  т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ж.Г  ын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” бол гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

 

          Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Ж, Ж.Г  нарыг “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан” гэж тухайн зүйл, хэсэгт заасан шинжийг өөр байдлаар дүгнэж, гэм буруутайд тооцсоныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх устгуулахаар зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн дэвсгэртээс бусад эд мөрийн баримтыг мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг болон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарч байх тул эд мөрийн баримт устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэх хангах ажиллагааны журмыг хуульчилсан бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрийн бүтэц, түүнд тусгах зүйлсийг мөн хуулийн 33.2 дугаар зүйлд тодорхой заасан.

 

1 дүгээр хавтас хэргийн 144 дэх талд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/1890 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад “...Гийн Ч , Жны Г  нарт холбогдох эрүүгийн 2302002560289 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсүгэй.” хэмээн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх бус хэргийг шүүхэд шилжүүлснээр бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.Г  ын хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч нарт шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 78 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/748 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дахь заалтыг                    “1. Шүүгдэгч О овгийн Г-ийн Ч , Б овгийн Ж-ны Г  нарыг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.”,

6 дахь заалтыг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан... №1 гэж дугаарласан 4 хэсэг жижиг гялгар уутны хамт 1.4883 грамм жинтэй цагаан өнгийн нунтаг бодис, хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон тарианы шил 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар соруул 3 ширхэг, тарианы шил 1 ширхэг, тарианы шил 2 ширхэг, мөн N91 гэж дугаарласан гялгар уутны хамт 3,2 грамм жинтэй ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил 10 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 5 ширхэг, тариур 1 ширхэг, хуйлсан цаас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г  ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г  ын 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 78 /далан найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

                 3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН