Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01085

 

“А Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00791 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “А Т” ХХК-ийн хариуцагч “К” ХХК, Б.С нарт холбогдуулан гаргасан 18 120 159 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани “К” ХХК-тай 2019 оны 07 дугаар зарын 01-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн юм. Гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний тооцоог 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хийж 12 453 771 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг санхүүгийн баримтаар тогтоосон юм. Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүний төлбөрийг cap бүрийн 30-ны дотор төлөх үүрэгтэй болов ч энэ үүргээ биелүүлэхгүй байна. Зээлдэгч нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний 7.1-д зааснаар 5 666 388 төгрөгийн алданги, үндсэн төлбөр 12 453 771 төгрөг, нийт 18 120 159 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “К” ХХК шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “К” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Стай түрээсийн гэрээ нэртэй боловч 8 нэрийн хүнсний дэлгүүрийн тусгай зөвшөөрлөө ашиглуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр Б.С нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Алтантөгрөг үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 37 м.кв талбайтай 8 нэрийн хүнсний дэлгүүрийн байр болоод зөвшөөрлийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар түрээслэсэн. Б.С нь 2020 оны 3 дугаар сарын авлагын тооцоо нийлсэн актын харилцагч хэсэг дээр гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд уг худалдах, худалдан авах гэрээг Б.С нэхэмжлэгчтэй байгуулсан байна. Дээрх хугацаанд миний бие “Aпу трейдинг” ХХК-тай харилцаж, бараа материал авч, тооцоо нийлж, харилцаж байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба манай компанийн тусгай зөвшөөрлийг ашигласнаас үүдэлтэй хохирлыг Б.С бүрэн хариуцна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 236.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “К” ХХК, Б.С нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 12 453 771 төгрөг, алданги 5 666 388 төгрөг, нийт 18 120 159 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “А Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчээс “К” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч шинжээчийн дүгнэлтээр гэрээнд “К” ХХК-ийн захирал Б.Батбаярын гарын үсгийг хариуцагч Б.С дуурайлган зурсан нь тогтоогдсон тул Б.Саас 12 453 771 төгрөгийг нэхэмжилсэн. Б.С нь А Т” ХХК-д өр төлбөртэй болохоо бүрэн хүлээн зөвшөөрдөг. Баталгаа гаргах тухай 2020 оны 9 дүгээр сарын 14-ний баримтад Б.С гарын үсэг зурсан байхад шүүхээс энэ үйл баримтыг эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Б.С нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байхад шүүхээс үнэлээгүй. Яг ямар бүтээгдэхүүн нийлүүлсэн ойлгомжгүй байна гэх тухайд манай компанид үүсгээд буй тус хохирлыг нэг өдрийн дотор хариуцагч үүсгээгүй харилцаж байх нийт хугацаанд бага, бага үнийн дүнтэй үлдэгдэл үүсгэж явж байсан тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүн урьдчилж зээлээр аваад түүнийхээ төлбөрийг дараа сараас хаах, багасгах байдлаар төлөлт хийж явсаар эцсийн дүндээ 12 453 771 төгрөгийн үлдэгдэл үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Саас 12 453 771 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “А Т” ХХК нь К ХХК, Б.С нарт холбогдуулан  18 120 159 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “К ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Харин хариуцагч Б.С нэхэмжлэлийг хувийг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна. /хэргийн 199 дүгээр тал/

Нэхэмжлэгч А Т ХХК нь хариуцагч “К” ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 01ий өдөр 19/20137 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хэргийн 9-14 дүгээр тал/

Уг гэрээг хариуцагч “К” ХХК нь “хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд гарын үсэг зураагүй” гэх агуулгаар тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсгэнд шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу шүүхээс Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 4623 дугаартай шинжээчийн дүгнэлтээр уг гэрээнд зурсан гарын үсэг “К” ХХК-ийн захирал Б.Батбаярын гарын үсэг биш болох нь тогтоогдсон. /хэргийн 171-179 дүгээр тал/ Иймд нэхэмжлэгч “А Т” ХХК болон хариуцагч “К” ХХК нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй тул “К” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Харин хэрэгт авагдсан 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “К” ХХК, Б.С нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээнээс үзвэл Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Алтантөгрөг үйлчилгээний төвийн В1 давхарт байрлах 37 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар Б.С түрээсэлж байсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, хариуцагч “К” ХХК-ийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 34-37 дугаар тал/

Мөн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б.Сын гаргасан хүсэлт, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн баталгаа гаргах тухай баримтаас үзвэл Б.С нь “А Т ХХК-аас 12 453 771 төгрөгийн бүтээгдэхүүн авснаа хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байх тул “А Т ХХК болон Б.С нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /хэргийн 15, 190, 209 дүгээр тал/

            Хариуцагч Б.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй байна.

            Нэхэмжлэгч “А Т” ХХК нь хариуцагч Б.Саас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ 12 453 771 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ. Харин тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар бичгээр гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь алданги 5 666 388 төгрөг шаардах эрхгүй.

 

Иймд хариуцагч Б.Саас нийлүүлсэн барааны үнэ 12 453 771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 666 388 төгрөг, “К” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/00791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Саас 12 453 771 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 666 388 төгрөг, “К” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Б.Саас 214 210 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А Т” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ж.ОЮУНТУНГАЛАГ        

           

                                           ШҮҮГЧИД                     Г.ДАВААДОРЖ

 

       

                                     С.ЭНХТӨР