Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/165

 

 

 

 

         

 

Л.Б, Б.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

шүүгдэгч Л.Б , түүний өмгөөлөгч С.Батнасан, Б.Баатарсайхан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/611 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Б гийн өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн 1902007730099 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Л.Б,

 

Б.А,

 

Шүүгдэгч Л.Б  нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 134 дугаартай тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг И  газрын даргаар буюу нийтийн албан тушаалд, улс төрд нөлөө бүхий этгээдээр томилогдон ажиллаж байх хугацаандаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И  газрын ажлын байран дээрээ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “...салбарынхаа нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх”, мөн зүйлийн 7.1.9 дэх заалтад заасан “хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “8.3.7.агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах” бүрэн эрхээ урвуулан ашиглаж, уг эрхийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/676 дугаартай тушаалаар батлагдан гарч хүчин төгөлдөр үйлчилж байсан “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгох журам”-аар олгогдсон албан үүрэг болох 1.6 дахь хэсэгт заасан “И  газрын Захиргаа нь тухайн жилд ажилтанд олгох орон сууцны үнийн хөнгөлөлтийн хэмжээ болон алба салбаруудад, хуваарилах хуваарь /квот/-ийн төслийг боловсруулан. И  газрын даргад танилцуулж, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлнэ” гэснийг, 2.1 дэх хэсэгт заасан “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгохдоо дараах нөхцөл, шалгуурыг үндэслэнэ. 2.1.1 дэх заалт “И  газар, түүний харьяа байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, үндсэн ажилтан байна” гэснийг, 2.2 дахь хэсэгт заасан “Дараах тохиолдолд орон сууцны хөнгөлөлт олгохгүй. 2.2.1 дэх заалт “Урьд өмнө... орон сууцны үнийн хөнгөлөлт эдэлсэн бол” гэснийг тус тус зөрчиж, журамд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй Зх  сайдын туслахаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан Л.О т Зх  сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Г-ын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/4451 дугаартай албан бичгийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13/08 дугаартай агентлагийн даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/661 дугаар тушаалаар 22.300.000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгохоор шийдвэрлэж, Л.О ийн “Худалдаа х  банк” дахь 411014192 тоот дансанд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20.070.000 төгрөгийг шилжүүлж бусдад давуу байдал бий болгосон,

үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.А той бүлэглэн урьд И  газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 906 дугаартай Дэмжлэг үзүүлэх тухай тушаалаар 20.000.000 төгрөгийн дэмжлэг авч байсан З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан С.М-д агентлагийн даргын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/874 дугаар тушаалаар 10.000.000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгохоор шийдвэрлэж, С.М-гийн “Худалдаа х  банк”-дахь ********* тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 9.000.000 төгрөгийг шилжүүлж бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Б.А  нь Зх  сайдын 2017 оны 04 дүгээр зарын 17-ны өдрийн 73 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг И  газрын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1 дэх заалтад заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, мөн зүйл, хэсгийн 7.1.3 дахь заалтад заасан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах” талаар албан үүргээ зөрчиж,

И  газрын дарга Л.Б тэй бүлэглэн, Л.Б д албан тушаалын хувьд олгогдсон Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад заасан “...салбарынхаа нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх”, мөн зүйлийн 7.1.9 дэх заалтад заасан “хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “8.3.7 агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах” бүрэн эрхийг урвуулан ашиглаж, уг эрхийн хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/676 дугаартай тушаалаар батлагдан гарч хүчин төгөлдөр үйлчилж байсан “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгох журам”-аар олгогдсон албан үүрэг болох 1.6 дахь хэсэгт заасан “И  газрын Захиргаа нь тухайн жилд ажилтанд олгох орон сууцны үнийн хөнгөлөлтийн хэмжээ болон алба салбаруудад, хуваарилах хуваарь /квот/-ийн төслийг боловсруулан. И  газрын даргад танилцуулж, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлнэ” гэснийг, 2.1 дэх хэсэгт заасан “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгохдоо дараах нөхцөл, шалгуурыг үндэслэнэ. 2.1.1 дэх заалт “И  газар, түүний харьяа байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, үндсэн ажилтан байна” гэснийг, 2.2 дахь хэсэгт заасан “Дараах тохиолдолд орон сууцны хөнгөлөлт олгохгүй, 2.2.1 дэх заалт “Урьд өмнө... орон сууцны үнийн хөнгөлөлт эдэлсэн бол” гэснийг тус тус зөрчиж, журамд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй урьд И  газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 906 дугаартай Дэмжлэг үзүүлэх тухай тушаалаар 20.000.000 төгрөгийн дэмжлэг авч байсан З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан С.М-д агентлагийн даргын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/874 дугаар тушаалаар 10.000.000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгохоор шийдвэрлэж, С.М-гийн “Худалдаа х  банк” дахь ********* тоот дансанд 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 9.000.000 төгрөгийг шилжүүлж бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Л.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Б.А ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б-ийн А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А овогт Л-ийн Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч А овогт Л-гийн Бг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүгдэгч Л.Б д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс буюу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Л.О ээс 20.700.000 /хорин сая долоон зуун мянга/ төгрөгийг, иргэний хариуцагч С.М-гаас 9.000.000 /есөн сая/ төгрөгийг тус тус гаргуулан И  газарт олгож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Л.Б гийн өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон шүүх хурлын үеэр шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд орон сууцны хөнгөлөлтөд хамрагдсан гэх Л.О , С.М- нарын ажиллаж байсан Зам тээврийн х  яам болон салбарын сайд нь И  газрын хувьд төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд тус яамны ажилтнууд нь И-ын орон сууцны хөнгөлөлтөд удаа дараа хамрагдаж байсан нь тогтоогддог. Гэтэл тухайн асуудал нь аудитын байгууллагад зөрчил заагдаж байгаагүй, хуулийн байгууллагад шалгагдаж байсан эсэх нь тодорхойгүй. Мөн Л.О т орон сууцны хөнгөлөлт олгохыг хүссэн сайд Д.Г-ын үйлдэл, оролцоог шалгаагүй орхигдуулсан. Учир нь төсвийн ерөнхийлөн захирагч Д.Г дээрх хүсэлтийг гаргаагүй бол Л.Б  Л.О т хөнгөлөлт олгох байсан нь эргэлзээтэй. Орон сууцны хөнгөлөлт эдэлсэн Л.О , С.М- нарт хөнгөлөлт эдлүүлснээр хэний орон сууцны хөнгөлөлт эдлэх боломжийг хаасан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй. Дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тогтоогоогүй атал гагцхүү Л.Б гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг хууль тогтоогч хуульчилсан. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоосоо ангид, тэгш шударгаар хэрэгжүүлэх ойлголт бөгөөд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн гаргасан аливаа шийдвэр, үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай ойлголт юм. Тэгвэл хувийн ашиг сонирхол гэдгийг Нийтийн албан тушаалд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт хуульчлахдаа “Нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор маш ойлгомжтой тодорхойлсон. Нөгөөтэйгүүр Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэдэг нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгч Л.Б гийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхэд Л.Б  нь Л.О , С.М- нартай ямар нэгэн байдлаар хувийн харьцаа, хамааралтай болох нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл тэдэнд орон сууцны хөнгөлөлт олгосноор хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Дээрх шинж үгүйсгэгдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж бүхэлдээ үгүйсгэгдэж байна. Л.Б гийн гаргасан шийдвэрийн улмаас хэнд, ямар хэмжээний хохирол учирсан бэ гэвэл хэнд ч, ямар ч хэмжээний хохирол учраагүй. Энэ талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “ ямар нэгэн хууль, дүрэм урам зөрчөөгүй, хохирол учраагүй. ...” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Харин ч тэрбээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор мэргэжлийн боловсон хүчнийг өөрийн байгууллагын бодлого, шийдвэр гаргах эрх бүхий яаманд ажиллуулан хамтын уялдаа холбоог хангах санаа зорилготой байсан нь тогтоогдсон байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн хуулийн заалттай нийцэж байна. Иймд Л.Б д холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Б гийн өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Л.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж байхгүй. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6 дахь заалтад “салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;” гэж, 7.1.9 дэх заалтад “хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.7 дахь заалтад “агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;” гэж тус тус заасан. И  газар нь З ны харьяа агентлаг юм. Салбарын яамнуудын ажилчдын нийгмийн асуудлыг хуулиар олгосон эрх, батлагдсан төсвийн хүрээнд захиран зарцуулж, шийдвэрлэж ирсэн. Миний үйлчлүүлэгч Л.Б  нь “батлагдсан төсвийг ямар байдлаар урвуулан ашигласан талаар хянаж өгнө үү” гэж удаа дараа гомдол гаргаж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа С.М- нь И  газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан. 2008 оны И  газрын даргын тушаалаар З ны 3 албан хаагчид нийт 60.000.000 төгрөг, 2009 онд Барилга хот байгуулалтын яамны 13 албан хаагчдад холбогдох албан бичгийг үндэслэж тус бүрт 2.000.000 төгрөг, 4 албан хаагчдад 10.000.000 төгрөг, нийт 300.000.000 төгрөг, 2010 онд З-ны5 албан хаагчид 10.000.000 төгрөг, 1 ажилтанд 10.000.000 төгрөг, 10 албан хаагчдад 5.000.000 төгрөг, нийт 120.000.000 төгрөг, 2011 онд 140.000.000 төгрөг, 2012 онд 120.000.000 төгрөг, 2014 онд 20.000.000 төгрөг, 2015 онд З-ныхолбогдох ажилтнуудад албан бичгээр 45.000.000 төгрөг буюу И  газрын даргын тушаалаар 2008-2015 оны хооронд зөвхөн яамны өгсөн чиглэл, албан бичгийн дагуу нийт 65 албан хаагчид 850.000.000 төгрөгийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээг авсан. Салбарынхаа нийгмийн баталгааг хангах ажиллагааг Засгийн газрын өгсөн чиг үүргийн дагуу хийсэн. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/676 дугаартай тушаалаар батлагдсан “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгох журам”-ыг Л.Б  баталдаг. Гэтэл миний үйлчлүүлэгч Л.Б г “тухайн журмын 1.6 дахь хэсэгт заасан “И  газрын Захиргаа нь тухайн жилд ажилтанд олгох орон сууцны үнийн хөнгөлөлтийн хэмжээ болон алба салбаруудад, хуваарилах хуваарь /квот/-ийн төслийг боловсруулна. И  газрын даргад танилцуулж, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлнэ” гэснийг зөрчсөн гэж буруутгадаг. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар зөвлөл зөвхөн даргыг шийдвэр гаргахад нь зөвлөх үүргийг гүйцэтгэдэг. Дарга нь өөрөө зөвлөлийн гишүүдийг томилдог. Өөрөөр хэлбэл, зөвлөлийн шийдвэрийн дагуу Л.Б гийн шийдвэр гарна гэсэн ойлголт биш юм. Л.Б  нь гаргасан шийдвэрийнхээ төлөө өөрөө хариуцлага хүлээх ёстой. Үүнтэй холбоотой гомдол, хүсэлтийг мөрдөгч, прокурорт гаргаж байсан. 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын ерөнхий прокурорт хэргийн талаар дэлгэрэнгүй гомдол бичиж хүргүүлсэн боловч хариу ирээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах” эрхтэй гэж заасан. Энэ бол иргэн хүний баталгаатай эдлэх эрх юм. Зх  сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Г-ын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/4451 дугаартай албан бичгийг үндэслэн Зх  сайдын туслахаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан Л.О т 22.300.000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгохоор шийдвэрлэсэн гэдэг. С.М- нь 1999 онд И  газар ажилд орсон. Өөрөөр хэлбэл, тухайн салбарт 25 жил ажилласан. Өнгөрсөн онд хүртэл С.М- нь И  газрын даргын албан тушаалыг эрхэлж байсан. Өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, ямар үйлдэл, эс үйлдэхүй хийсэн эсэх нь тодорхойгүй. Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын цалин болон И  газрын албан хаагчдын цалин, нийгмийн ахуй хангамж ямар байгаа билээ. С.М-, Л.О  нар нь хэрхэн, яаж өөртөө давуу байдал бий болгосон эсэх нь тодорхойгүй. Л.Б гийн хувьд Л.О ийг танихгүй. И  газрын даргын орон сууцны хөнгөлөлт олгох журам нь 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/678 дугаар тушаалаар хэрэгжиж байсан. Уг тушаалаар ажил, мэргэжлийн хэрэгцээ шаардлагаар яам, И  газрын мэргэжлийн хэлтэс, тасагт томилогдож болох хүмүүст орон сууцны хөнгөлөлт олгох асуудлыг зохицуулсаар ирж байсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгийг Авлигын эсрэг тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;” гэж тайлбарласан байдаг. Л.Б  нь И  газрын даргын албан тушаалыг эрхэлж байгаатай холбогдуулан сайдын туслах болон З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.М-д орон сууцны дэмжлэгийг хууль тогтоомжийн хүрээнд тэтгэмж хэлбэрээр шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдлээ урвуулан ашигласан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод хамаарахгүй. Л.Б  нь Л.О , С.М- нартай ах, дүү, садан төрлийн хамааралгүй. Эдгээр хүмүүс нь нэгэндээ хэрхэн нөлөөлсөн эсэх талаар баримт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” гэж заасан шинж тогтоогддоггүй. Энэхүү асуудал нь гэмт хэрэг, эсхүл захиргааны байдлаар шийдвэрлэх асуудал уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 1973 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Иргэний нисэхийн сургуулийг 1994 онд төгссөнөөс хойш И  газарт ачигчаас эхлээд дарга хүртэл нь тушаал дэвшин ажилласан. Гэр бүл минь хүртэл нисэхийн хүмүүс байдаг. Би И  газрын даргаар 5 жил ажиллах хугацаандаа хууль зөрчихгүй, алдаа гаргахгүй гэж маш их хичээсэн. Одоогоос 7 жилийн өмнө буюу 2017 онд энэ асуудал үүссэн. Тухайн үед С.М- нь И  газрын нислэгийн удирдагчаар ажиллаж байсан. И  газрын даргаар Л  гэх хүн ажиллаж байх үед би агаарын харилцааны даргын албыг эрхэлж байсан. Энэ үед С.М-г яам руу томилж явуулсан. Гэхдээ ганц С.М-г явуулаагүй. Тухайн үед нислэгийн удирдагч 4.000.000 гаруй төгрөгийн цалин авдаг байсан. Харин яаманд хэлтсийн даргаар ажиллахад 700.000 гаруй төгрөгийн цалин авдаг байсан тул яаманд ажиллах хүн олддоггүй. Яаманд бодлого хариуцсан мэргэжлийн хүн байхгүй гэх шалтгаанаар И  газраас хүмүүсийг томилсон. Энэ бол уламжлал болсон байсан. Өмнө нь Болор-Эрдэнэ, Пүрэвсүрэн гэх мэт хүмүүсийг И  газраас түр хугацаагаар томилж яам руу ажиллуулахаар явуулж байсан. Гэхдээ дэмжлэг үзүүлэхийн тулд орон сууцны хөнгөлөлтийн дэмжлэг авсан хүнд нөхцөл сайжруулахаар 10.000.000 төгрөг өгч байсан. Үүнтэй адил С.М-г явуулахдаа тухайн үед дарга байсан Л тэй тохиролцож байсан. Би тухайн үед даргын зөвлөлийн гишүүн байсан тул мэддэг. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч холбогдох хүмүүсээс мэдүүлэг авахад “мэдэхгүй байна, санахгүй байна” гэх мэтээр мэдүүлсэн байсан. Эдгээр хүмүүс бүгд И  газрын даргаар ажиллаж байсан. 2012-2016 оны хооронд буюу И  газарт 4 жилийн хугацаанд 5 дарга солигдсон. Нэг дарга ойролцоогоор 9 сар ажилласан. Эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байсан. Тухайн үед даргын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс мэдүүлэг авсан бол үйл баримтын талаар тодорхой мэдүүлэг өгөх байсан. Яаманд ажиллаж байсан хүмүүсээс ганц Л.О т бус 10 хүнд дэмжлэг үзүүлэхээр ярьж байсан. Тухайн үед би Зам тээврийн яаманд ажиллаж байгаа хүмүүст бага дэмжлэг өгч, өөрийн ажилчдадаа өгөх асуудлаар нэлээн ярилцсан. Энэ дундаас сайдын туслах байсан Л.О ийн асуудал орж ирсэн. Үүнтэй холбоотой судалгаа хийхэд үнэхээр гачигдал, дутагдалтай байсан бөгөөд тэрээр нас барсан эгчийнхээ хүүхдүүдийг өсгөж, түрээсийн байранд амьдардаг нөхцөл байдалтай байсан. Зөвлөлийн гишүүд бүгд ярилцсан. Тухайн үед Захиргаа, удирдлагын газарт 10 гаруй жил ажилласан дарга Б  “ажилчдад дэмжлэг үзүүлэхийн тулд хууль зөрчихгүй байх талаар би нэлээн судалсан” гэж хүртэл хэлж байсан. Миний И  газрын даргаар ажиллаж байх үеийн хамгийн анхны удаагийн орон сууцны дэмжлэг үзүүлэх ажил байсан. Энэ ажил үнэхээр маргаантай байдаг. Би хууль зөрчихгүй байх талаар маш их судалж, захиргааны дарга нараас хүртэл асууж байсан. Зөвхөн 2008 оноос 2016 он хүртэлх хугацаанд яам, түүний харьяа газруудад И  газраас 850.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байдаг. Мөн манай байгууллагад жил бүр гүйцэтгэлийн шалгалт, сангийн яамны шалгалт, үндэсний аудитын шалгалтад орж байсан. Нэг ч удаа зөрчил, сануулга, анхааруулга өгч байгаагүй. Намайг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу өөрийн баталсан дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж буруутгадаг. Би өөрийгөө журам зөрчсөн гэж бодохгүй байна. И  газрыг З-ны салбар, харьяа гэж үзэхгүй гэдэг. Гэтэл одоо хүртэл яамны ажилчдын гадаад улс руу явах томилолтын зардлыг И  газар хариуцдаг. Манай байгууллагын төсвийг сайд захирах эрхтэй. Миний ажлын байрны тодорхойлолтод “Засгийн газар болон сайдаас өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлж ажиллах ёстой” гэсэн чиглэл байдаг. Үүний дагуу л би ажилласан. Хэрэв би хууль зөрчиж байгаагаа мэдсэн бол тухайн өдөртөө журамд өөрчлөлт оруулах боломжтой байсан. Учир нь, би тухайн журмыг баталдаг учраас журамд хэзээ ч өөрчлөлт оруулах эрхтэй хүн н байсан. Би анх удаа гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж үзлээ. Өнгөрсөн хугацаанд миний И  газарт ачигчаас эхлээд дарга болтлоо тушаал дэвшин ажилласан нэр хүнд гэж байгаа. Би одоо 50 нас хүрч байна. Надад төрийн албанд буцаж орох сонирхол алга. Гэхдээ би нэг л зүйлд маш их харамсаж байна. Үр хүүхэд минь И  газарт ажиллахдаа миний аав энэ бүтээн байгуулалтыг хийж байсан гэж дурсах байсан. Гэтэл өнөөдөр би ял сонсоод зогсож байна. Манай байгууллага өнгөрсөн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал гэх мэт маш олон хийж бүтээсэн ажил байгаа. Манай байгууллагын ажилчид өөрсдийн гэсэн цэцэрлэг, спортын төвтэй. Гэтэл эцэст энэ бүх зүйлсийг хийсний үр дүрд өнөөдөр шүүхээс ял авч байгаадаа үнэхээр харамсаж байна. Миний 30 жил хичээж, зүтгэж ирсэн бүх зүйл хумхын тоос болж байгаа мэт санагдаж байна. Шүүх бүрэлдэхүүнийг дээрх асуудлыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Надад бусдад ямар нэгэн байдлаар давуу эрх олгож, хууль зөрчсөн зүйл огт байхгүй. ...” гэв.

 

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...би анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон. Шүүгдэгч Л.Б гийн өмгөөлөгч нараас “...Г-ад холбогдох үйлдлийг шалгаагүй, гэмт хэргийн субъектийн хувьд эргэлзээтэй, хэнд давуу байдал бий болгож байгааг дурдаагүй, хурлын тэмдэглэлд дурдаагүй, захиргааны акт Хууль зүйн яамд бүртгэгдэх ёстой байсан” гэх агуулгаар гомдол, тайлбар гаргаж байна. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгдэгч Л.Б гийн өмгөөлөгч “Зх  сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Г-ын үйлдлийг шалгаагаагүй” гэж гомдолд дурдсан байна. Прокурорын зүгээс Д.Г-ыг энэ хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул яллагдагчаар татаагүй. Харин прокурорын зүгээс шүүгдэгч Л.Б, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч Л.Б  нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг И  газрын даргаар буюу нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдээр томилогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  субъектийн шинжийг хангасан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд хууль тогтоогчоос хуулийн хэм, хэмжээг хуульчлан тогтоосон. “Урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж тайлбарласан. Прокурорын зүгээс албаны эрх ашгийн эсрэг гэж томъёолж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгч Л.Б гийн өмгөөлөгч нар “Зөвлөлийн гишүүд бол зөвлөх чиг үүрэгтэй оролцоно. Харин шийдвэрийг дарга Л.Б  өөрөө гаргаж байгаа учраас энэ хамааралгүй. Хурлын тэмдэглэлд тухайн асуудал дурдагдсан” гэж тайлбарлаж байна. Зөвлөл нь нийт 9 гишүүнтэй. Энэхүү хурлаар хэлэлцсэн асуудал нь хэрэгт авагдсан. Л.О , С.М- нарт холбогдох  асуудлыг хянан хэлэлцсэн хурлын тэмдэглэлд дээрх асуудалтай холбоотой баримт байхгүй. Л.Б  даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/661 дугаар тушаалд зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн байдаг. Зөвлөлийн хурлын тэмдэглэлд И  газраас гадаад улсад суралцаж байгаа ажилчид, албан хаагч нартай холбоотой сургалтын нэмэлт гэрээ олгох эсэх асуудлыг хэлэлцсэн. Харин орон сууцны хөнгөлөлтийг Л.О т олгох асуудлыг хэлэлцээгүй болох нь хэрэгт авагдан нотлох баримтуудаар тогтоогдсон. Захиргааны акттай холбоотой асуудлыг анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн журам нь захиргааны хэм хэмжээний актын шинжийг хангахгүй байгаа. Шүүгдэгч Л.Б гийн өмгөөлөгч Б.Баатарсайхан “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг баримталбал Л.Б  нь албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа шүү дээ” гэж тайлбарлаж байна. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн 8.3.7 дахь заалтад “Агентлагийн төсвийг тогтоосон журмын дагуу захиран зарцуулах;” гэж заасан. Л.Б  нь төсвийн ерөнхий захирагч бөгөөд Орон сууцны үнийн хөнгөлөлт олгох журмыг баталж, мөрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/676 дугаартай тушаалаар орон сууцны хөнгөлөлтөд хэрхэн хамрагдахыг нарийвчлан зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор орон сууцны үнийн хөнгөлөлт эдэлбэл зохих ажилтнуудын судалгааг хүснэгт хоёроор, журмыг мөрдөж ажиллахыг салбарын дарга нарт үүрэг болгож, 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/678 дугаар тушаалыг хүчингүй болгосон. Тухайн журмын 1.4-т зааснаар харьяа алба, нэгжийн дарга орон сууцны үнийн хөнгөлөлт эдэлбэл зохих ажилтнуудын судалгааг хавсралт хүснэгтийн дагуу шинэчлэн гаргаж, И  газрын захиргаанд албан бичгээр хүргүүлэх ёстой байсан. Ингэхдээ 1.5-д зааснаар хамрагдахыг хүсэж байгаа ажилтны гаргасан хүсэлт, өргөдөл ажилласан жилийг харгалзах ёстой байсан. Мөн журамд өмнө нь орон сууцны үнийн хөнгөлөлт эдэлсэн бол дахин хамрагдахгүй гэж заасан. Гэтэл С.М- нь өмнө нь орон сууцны үнийн хөнгөлөлт эдэлж байсан бөгөөд зохих журмын дагуу хүсэлт гаргаж байгаагүй. Шүүгдэгч Л.Б , түүний өмгөөлөгч нараас “И  газар бол З ны хэрэгжүүлэгч агентлаг юм. Төрийн дээд шатны байгууллагаас өгсөн үүргийг хэрэгжүүлж ажилласан” гэдэг. Гэтэл З ны үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Г нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/4451 дугаартай албан бичгээр Л.О ийн хүсэлтийг уламжлан хүргүүлдэг. Энэ тоотод З ны төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн Л.О ийн гаргасан өргөдөл, хүсэлтийг харгалзан “танай байгууллагын олгодог орон сууцны үнийн хөнгөлөлтийн дэмжлэгт хамруулж өгнө үү” гэсэн хүсэлтийг уламжлан шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Л.Б  нь өөрийн тушаалаар баталсан, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/676 дугаартай “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгох журам”-ыг зөвхөн байгууллагын үндсэн ажилтан хамрагдахаар журмыг зөрчиж, Л.О ийн асуудлыг зөвлөлийн хурлаар оруулж хуралдсан мэтээр хурлын тэмдэглэлийг тушаалд үндэслэж, түүнд орон сууцны үнийн хөнгөлөлт олгохоор шийдвэрлэж, 20.070.000 төгрөгийг шилжүүлж давуу байдал бий болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Л.Б, Б.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Л.Б гийн өмгөөлөгч С.Батнасангийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Л.Б г Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 134 дугаартай тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг И  газрын даргаар буюу нийтийн албан тушаалд, улс төрд нөлөө бүхий этгээдээр томилогдон ажиллаж байх хугацаандаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6, 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.3, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/676 дугаартай тушаалаар батлагдан гарч хүчин төгөлдөр үйлчилж байсан “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгох журам”-ын  зохих заалтуудыг зөрчиж, журамд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй Зх  сайдын туслахаар 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан Л.О т Зх  сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Г-ын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/4451 дугаартай албан бичгийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/661 дугаар тушаалаар 22.300.000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгохоор шийдвэрлэж,  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20.070.000 төгрөгийг шилжүүлж бусдад давуу байдал бий болгосон,

үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч Б.А той бүлэглэн урьд И  газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 906 дугаартай “Дэмжлэг үзүүлэх тухай” тушаалаар 20.000.000 төгрөгийн дэмжлэг авч байсан З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан С.М-д агентлагийн даргын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/874 дугаар тушаалаар 10.000.000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгохоор шийдвэрлэж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 9.000.000 төгрөгийг шилжүүлж бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, шүүгдэгч Б.А ыг дээрх гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэх гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.М-д орон сууц худалдан авах, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг төлөхөд дэмжлэг үзүүлэх шийдвэрийг дарга Л.Б  дангаар гаргасан, түүнийг дээрх шийдвэрийг гаргахад Б.А ыг оролцсон гэж үзэх хангалттай баримт байхгүй, энэ талаар хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч, Б.А ын үйлдлийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй хэмээн дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.А ыг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Харин Л.Б г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт, дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэмт буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх  зарчмыг баримтлах ба үүнд гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлох нь ач холбогдолтой.

 

Анхан шатны шүүх Л.Б гийн үйлдлийг тогтоохдоо 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/661 дугаартай “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгох тухай” тушаалаар И  газрын үндсэн ажилтан биш З-нымэргэжилтэн Л.О т 22.300.000 төгрөгийн орон сууцны хөнгөлөлт олгосон, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/874 дугаартай “Дэмжлэг олгох тухай” тушаалаар өмнө нь орон сууцны хөнгөлөлт авч байсан З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.М-д 10.000.000 төгрөгийн дэмжлэг олгосон үйл баримтыг тогтоосон боловч үүнд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоолгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэжээ.

 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдлийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан.

 

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.

 

Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх шинжийг гэмт хэрэгт тооцохоор зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Гүйцэтгэх ажлын хэлтэс танилцуулга бичиж, 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

 

Үүнд,  хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Аын “...хууль зөрчсөн асуудал огт байхгүй. И  газрын дарга Л.Б  өөрийн эрх хэмжээний хүрээнд орон сууцны дэмжлэг олгосон гэж үзэж байна...” /3 хх 159/, гэрч Б.Л гийн “...орон сууцны хөнгөлөлт олгох журам нь И  газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/676 дугаартай тушаалаар батлагдсан. Энэ журмыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдсөн. ...Зам тээврийн Х  яаманд ажилладаг хоёр хүнд 2017 онд газрын даргын тушаал гаргаж орон сууцны хөнгөлөлт олгосон. Нэг нь сайдын туслах Л.О  гэж хүн байсан. Энэ талаар би гэрээ байгуулах гэж орж ирэх үед нь л мэдсэн. Бүртгэл нь надад байдаг юм. Миний сонссоноор Зх  сайдын албан бичиг ирээд даргын зөвлөлөөр хэлэлцээд олгосон байх. Хоёр дахь хүн болох З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.М-д хөнгөлөлт олгосон. ...С.М- нь өмнө манай И  газарт 2000 оны эхээр ажиллаж байхдаа орон сууцны асуудлаа шийдвэрлүүлж байсан. ...” /1хх 214-216, 4хх 27-29, 5хх 38-39/,

 

гэрч Н.Мгийн “...яг хуралд танилцуулагдаж байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ нэг удаагийн хурал дээр Л.Б  дарга хурал дуусахад бусад асуудлаар оруулж байна гээд яамны сайд Г-аас албан бичиг ирсэн, туслах Отгончимэгийнх нь өргөдөл хавсаргагдсан гээд танилцуулагдаж байсан, ар гэрийн гачигдалтай гэж байсан, яамны сайдаас ирүүлсэн, ...Манай төсвийг баталдаг газар юм чинь гээд зөвлөлийнхөн бүгд дэмжээнд хөнгөлөлт олгохоор болж байсан, би ямар ч байсан хувьдаа дэмжсэн...” /1хх 220/,

 

гэрч Д.Эын “...гэхдээ хэнээс хаана, хурал дээр юм уу өөр газар уу гэдгээ санахгүй байна, ямар ч байсан сайдын туслахад дэмжлэг үзүүлээч гэсэн албан бичиг яамнаас ирсэн гэж сонсож байсан, өөр зүйл санахгүй байна. ...С.М-гийн тухайд зөвлөлөөр хэлэлцэгдэж байсан эсэхийг санахгүй байна, хөнгөлөлт авсан гэх яриа ямар ч байсан сонсож байсан. ...” /1хх 222/,

 

гэрч Ё.Эын “...З  нь өөрөө манай харьяа байгууллага биш хэдий ч яамны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст ажиллах боловсон хүчин манай газраас шилжин ажиллах шаардлага гардаг ба манай газрын цалинг яамны цалинтай харьцуулахад бага учир хүмүүс яам руу шилжин томилогдох дургүй байдаг. ...Ямар ч байсан нэг удаагийн хуралд сайдын туслахад нийгмийн асуудлыг шийдүүлэхээр яамнаас бичиг ирсэн гэж танилцуулаад бичгийг нь дамжуулаад үзүүлж байсан ба хүндэтгэн үзэх шалтгаантай, гачигдалтай байсан. ...Чиглэл өгдөг яамнаас бичиг ирсэн болохоор нь зөвлөлд танилцуулагдаж шийдвэрлэгдсэн байх. ...С.М-д хөнгөлөлт олгох талаар зөвлөл дээр хэлэлцэгдээд би дэмжиж байснаа санаж байна. ...” /1хх 224-225, 4хх 37-38/,

 

гэрч Г.Бын “...ямар ч байсан нэг удаагийн хурлын төгсгөлд Л.Б  дарга өргөдөл гаргасан гэж танилцуулж байсан. Тэгээд зөвлөлийнхөн бүгд дэмжээд орон сууцны хөнгөлөлт олгохоор шийдвэрлэж байсан, өөр тодорхой санаж байгаа зүйл алга байна. ...С.М-г  хөнгөлөлт авсан талаар одоо л сонсож байна. ...С.М- өмнө нь манайд ажиллаж байсан,  одоо ч ажиллаж байгаа хүн. ...” /1хх 226-227/,

 

гэрч Ч.Нгийн  “...ямар ч байсан бүтэн өнчин, дүүтэйгээ үлдсэн гачигдалтай гээд захиргаанаас байх зөвлөлд танилцуулаад хөнгөлөлт олгохоор зөвлөл шийдэж байсан, би ямар ч байсан дэмжсэн. ...С.М-д нөхцөл сайжруулах гэдгээр бага дүнгээр10 сая төгрөг бил үү олгохоор зөвлөл дээр хэлэлцэгдэж байсан. ...” /1хх 228-229/,

 

гэрч Т.Б ын “...дээрх хуралд юм уу, үгүй юу гэдгийг сайн санахгүй байна, ямар ч байсан нэг удаагийн хурал дээр газрын дарга Л.Б  жижиг А5 цаас гаргаж ирээд сайдаас бичиг ирсэн. Сайдын туслах нь өнчин өрөөсөн өссөн, дүүгээ асардаг, гачигдалтай, улсад тэдэн жил ажилласан гэж танилцуулахад нь би “сайдаас өөрөөс нь шууд тушаал гаргуулчихаач” гэж зөвлөж байсан. Тэгээд нэгэнт газрын дарга Л.Б  өөрөө дэмжих бодлоготой байсан тул зөвлөлийн гишүүд дэмжихээс өөр аргагүй байдаг. Ер нь зөвлөлийн гишүүд хуралдаад зөвлөх л үүрэгтэй, хэлэлцээд олонхийн шийдвэрээр шийдвэрлэдэг ч эцсийн шийдвэрийг дарга л гаргадаг. Тэгээд нэгэнт дарга шийдсэн учир гэрээ нь байгуулагдаад мөнгө нь шилжиж байсан. ...С.М-г жагсаалтад орсон талаар надад мэдэх зүйл байхгүй. ... З  нь манай харьяа байгууллага биш гэхдээ сайд нь манай төсвийн ерөнхийлөн захирагч учраас боломжтой, ер нь үе үеийн сайд /Б, Д/ нар туслахууддаа орон сууцны асуудлыг шийдүүлсээр ирсэн. И  газар түүний харьяа байгууллага гэдэгт И  газар, Нислэгийн мэдээлэл үйлчилгээний алба, Нислэгийн журам зохиох алба, Чингис хаан олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний алба, орон нутгууд дахь 17 нисэх буудал, шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх захиргаа багтана. ...” /1хх 230-232, 3хх 146-147, 4хх 33-34/,

 

гэрч Ж.Гийн “...ер нь ийм бичиг ганц Л.О  дээр явж байгаагүй өөр хүмүүс дээр ч И  газар руу явуулж байсан санагдаж байна. Гэхдээ дандаа шийдэгдэж байсан уу гэвэл үгүй байх, тэндээ даргын зөвлөл нь хуралдаад шийддэг юм шиг байна лээ. Л.О  нь И  газраас орон сууцны дэмжлэг авсан байх би хальт сонсож байсан. ...И  газраас яамны ажилчдад дэмжлэг өгч байсан практикууд байсан учир Л.О ийн өргөдлийг И  газарт уламжилж хүргүүлсэн. ...” /3хх 119-120/,

 

гэрч Д.Г-ын “...Л.О  надад өөрийн асуудлаа яриад орон сууцны дэмжлэг хүссэн өргөдөл гаргаж байсан ба би шийдвэрлэж чадаагүй байж байгаад Зяам руу явж байсан. Би яаманд очоод Л.О ийг туслахаараа авсан. Ийм бичиг байгаа бол би гарын үсэг зурж явуулж байсан. ...Л.О ийн орон сууцны талаар Л.Б д амаар чиглэл өгч байсан асуудал байхгүй. Харин 2017 оны 10 дугаар сарын сүүлээр ажлаа өгөхийн өмнө өөрийн ажлын албаны хүмүүсээ энэ тэнд ажилд шилжүүлж оруулах гэж байхдаа Л.Б д Л.О ийг ажилд авах талаар санал болгоход мэргэжлийн бус гээд ажилд аваагүй байсан. И  газар нь орон сууцны дэмжлэг үзүүлэх журамтай, түүнийхээ дагуу л шийдвэрлэх ёстой. ...” /3хх 121-123/,

 

гэрч Д.Агийн “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Захиргаа Удирдлагын газрын дарга Т.Б  нь Зам тээврийн х  яамнаас Л.О т 22.000.000 төгрөгийн орон сууцны хөнгөлөлт олгох тухай албан бичиг ирсэн, уг бичгийн дагуу дарга нар хэлэлцээд Л.О т хөнгөлөлт олгохоор шийдвэрлэсэн учраас 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэр дээр нэмж гаргаарай гэж хэлээд надад Зсайдаас ирсэн бичгийг надад өгсөн. ...”

 

гэрчээр С.М-гийн “...2015 оны 01 дүгээр сард тухайн үеийн И  газрын даргаар ажиллаж байсан н.Л тэй зөвшилцөж З анд шилжин ажиллаж байсан. Тухайн үед мөрдөж байсан И  газрын дотоод журамд ажлын шаардлагаар харьяа яаманд шилжиж ажилласан тохиолдолд орон сууцны хөнгөлөлт үзүүлнэ гэх заалт байсан, мөн миний өмнө 2014 онд шилжин ажилласан 2 хүн /мэргэжилтэн С, Б/-д нэгэнд нь 20, нөгөөд нь 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байсан. Дээрээс нь дотоод журамд эхний орон сууцны хөнгөлөлтөөс жилийн дараа нөхцөл сайжруулах дэмжлэг үзүүлж болно гэх заалтууд байсан. Тэгээд энэ дотоод журмынхаа дагуу тухайн үед яам руу шилжиж ажиллаад орон сууцны нөхцөл сайжруулах дэмжлэг үзүүлнэ үү гэх өргөдлийг тухайн үеийн дарга н.Л д өгч байсан. Ер нь бол манай салбар нь мэргэжлийн үйлдвэрлэл явуулдаг учир цалин өндөр ба тухайн үед би 3 сая орчим төгрөгийн цалин авдаг байсан, яаманд очоод 700 мянган төгрөгийн цалин авсан. Энэ утгаараа би дотоод журамд заасны дагуу дэмжлэг үзүүлбэл яаманд очиж ажиллаж болох юм гэх зөвшилцлийг н.Л тэй амаар хийж байсан. Тухайн үед И  газар орон сууцны үнийн хөнгөлөлтийг оны сүүлд төгсгөлөөр олгодог байсан, тэгээд миний яам руу явсан нь оны эхэн байсан учир 2015 оны сүүлээр болъё гэж хойшлоод байж байтал 2015 оны 4 дүгээр сард байхаа н.Л  дарга ажлаасаа чөлөөлөгдөөд н.Э  дарга томилогдсон. Миний өгсөн дээрх өргөдөл маань байхгүй болоод н.Э  даргад дээрх асуудлуудаа тайлбарлаж шийдэж өгөөрэй гэж байсан боловч 2015 оны 09 сард би ажлаасаа үндэслэлгүй чөлөөлөгдөж шүүхээр явж, буцаад 2015 оны 12 сард ажилдаа томилогдож байсан. Уг хугацаанд буюу 2015 оны 9 дүгээр сард н.Э  дарга маань бас халагдаад н.Нямдаваа гэх дарга томилогдсон. 2015 оны сүүлээр би ажилдаа ороод орон сууцны үнийн хөнгөлөлтийн асуудлаа шийдүүлэх гэхэд Нямдаваа дарга энэ жилийнх дуусчихсан гэсэн.. Тэгээд 2016 оны _ сард н.Нямдаваа дарга солигдоод одоогийн Л.Б  дарга томилогдсон ба дээрх асуудлуудаа тайлбарлаж байсан боловч 2016 оны сүүлээр энэ жилдээ боломжгүй байна, ирэх жил болъё гэж хойшлуулаад 2017 оны сүүлээр шийдэгдэж байсан учиртай. ...” /3хх 124-126/

 

гэрчээр Л.О ийн “...яаманд ажилд орсны дараа манай эгч нас барсан. ...Манай эгчийн нас барахад амьдарч байсан байр нь орон сууцны зээлээр авсан байр байсан, зээлийг эргэн төлөхөд миний орлого хүрэхгүй байсан учир  төрсөн эгч Л.М-тээ өгөөд зээлийг нь цааш төлүүлэх болсон. Эгч ам бүл 5-лаа байсан ба талийгаач эгчийн хүү болон би нийлээд 7-лаа уг 2 өрөө байранд амьдрах болсон. Тэгээд тухайн үед 2017 онд /сар, өдрийг санахгүй байна, зуны улирал байх/ дээрх хүнд нөхцөл байдлуудаа бичээд орон сууцны дэмжлэг үзүүлнэ үү гээд өргөдөл бичиж Д.Г сайдад өгч байсан. ...” /3хх 129-131/,

 

Л.Б гийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсантай холбогдуулан бичгээр гаргасан мэдүүлэг, тайлбартаа: “...З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.М- нь анх И  газарт 1999 нислэгийн удирдагчаар ажилд орсон бөгөөд салбарын яаманд хэлтсийн дарга болтлоо дэвшин ажилласан, салбартаа 20 орчим жил ажилласан мэргэжлийн боловсон хүчин юм. Салбарын яаманд иргэний нисэхийн асуудал хариуцсан нэгж байгуулагдсан цагаас энэ салбартаа мэргэшсэн мэргэжлийн ажилтныг дэвшүүлэн ажиллах асуудал өнөө болтол хүндрэлтэй хэвээр байна. И  газар нь Олон улсын байгууллагын гишүүн, салбарын онцлогийн хувьд төрийн байгууллагын цалингийн нэгдсэн сүлжлээр цалинждаггүй бөгөөд яамтай харьцуулбал цалингийн хувьд харьцангуй өндөр байдаг. Иймд бага цалингаар яаманд очиж ажиллах мэргэшсэн албан хаагч маш ховор, манай салбарын нэг тулгамдсан асуудлын нэг байдаг. Энэ асуудлыг бага ч гэсэн шийдвэрлэх зорилгоор тус газарт ажиллаж байгаад яаманд томилогдон ажиллах ажилтанд нийгмийн асуудлаа шийдэхэд нь нэмэр болох үүднээс тодорхой хэмжээний тэтгэмж олгосоор ирсэн. И  газрын даргын 2013 оны А/678 дугаар тушаалаар баталсан “Орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”/хуучин/-ын 2.3.2-т “Ажил мэргэжлийн хэрэгцээ, шаардлагаар салбарын яам, И  газрын мэргэжлийн хэлтэс, тасагт томилогдож байгаа” бол тухайн жилд сахилгын шийтгэлтэй буюу технологийн зөрчил гаргаагүй л бол урьд өмнө орон сууцны дэмжлэг, хөнгөлөлт авсан эсэхийг үл харгалзан орон сууцны үнийн хөнгөлөлт олгохоор журамласан байдаг. Тухайлбал, дээрх журмын дагуу И  газрын даргын 2014 оны А/334  дүгээр тушаалаар салбар, яаманд томилогдож байгаа ахлах мэргэжилтэн Х.Бэ, Д.С нарт 20.0 сая төгрөг, орчуулагч Ч.С-д 10 сая төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгож байсан. Өмнө нь Д.С, Х.Б нар дэмжлэг тус тус авч байсан. ...” /1хх 208-213/,

 

Л.Б гийн яллагдагчаар “...би өөрийнхөө төсвийн ерөнхийлөн захирагч болох Яамны сайдаас өгсөн чиглэлийн дагуу ажилласан. Би ганцаараа олгосон асуудал биш, өмнөх сайдууд ч гэсэн олгогдож байсан. ...Л.О , С.М- нар хоёулаа уулзаж байсан. С.М- нь И  газарт ажиллаж байсан, ...мэргэшсэн хүнийг яаман дээр бодлого тодорхойлох газар суух нь И  газарт хэрэгтэй учраас тогтвор суурьшилтай ажиллах тал дээр бид бүрэн анхаарч нөхцөлийг нь сайжруулж байсан. ...Л.О ийн тухайд бүтэн өнчин, эгч нь нас бараад эгчийнхээ хүүхдийг харж байгаа гээд асуудлаа хэлж байсан. Тэгээд өргөдөл гаргасан гээд сайд Г- надад өргөдлийг нь өгч байсан. ...” /2хх 206, 3хх 168-169/ гэсэн мэдүүлгүүд,

И  газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгох журмыг шинэчлэн батлах тухай” А/676 дугаартай тушаалын хуулбар /1хх 9-12/, И  газраас ирүүлсэн Л.О ийн өргөдөл, З х  Сайдын 01/4451 тоот албан бичиг, И  газрын даргын А/661, А/874 дүгээр тушаал, гэрээ, гүйлгээний баримтуудын хуулбар /1хх 13-25/, И  газраас ирүүлсэн даргын зөвлөлийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийн хуулбар /1хх 26-58/, Ажилтанд орон сууцны үнийн хөнгөлөлт олгох гэрээний хуулбар /1хх 59-60/, И  газрын даргын зөвлөлийн ажиллах журмын хуулбар /1хх 247-250, 2хх 1-2/, Л.Б , С.М-, Л.О  нарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулбар /2хх 7-21/, Л.Б г ажилд томилох тухай Засгийн газрын тогтоол, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2хх 62-63, 64-68/, С.М-, Л.О  нарыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /2хх 73-87/, Зх  сайдын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/4451 дугаартай албан тоотын хуулбар /2хх 128/, С.М-гийн орон сууцны хөнгөлөлт авч байсан баримтын хуулбарууд /2хх 132-139/, Л.О , С.М- нарын Худалдаа х  банк дахь дансны хуулга /2хх 159-163/, 2013 оноос 2016 он хүртэл хугацаанд И  газрын даргаар 2013 оноос хойшхи хугацаанд ажилласан хүмүүсийн ажилд томилсон, чөлөөлсөн Засгийн газрын тогтоолын хуулбарууд /4хх 43-53/, С.М-гийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын хуулбарууд /4хх 54-85/, И  газар, түүний харьяа байгууллагын ажилтнуудад 2017 онд орон сууцны үнийн хөнгөлөлт олгосон жагсаалт /4хх 169-174/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

           

Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд С.М- нь И  газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 906 дугаартай “Дэмжлэг үзүүлэх тухай” тушаалаар 20 сая төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт авч байсан нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/676 дугаартай “Орон сууцны үнийн хөнгөлөлт олгох тухай” журмын 2.2 дугаар зүйлийн 2.2.1-т “...урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан болон орон сууцны үнийн хөнгөлөлт эдэлсэн бол орон сууцны хөнгөлөлт олгохгүй” гэсэн журмыг зөрчсөн гэж үзэж байгаа хэдий ч тэрээр З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэст ажлын шаардлагаар шилжин ажиллахдаа “цалин хөлс нь буурч байгаа тул орон сууцны нөхцөл сайжруулах дэмжлэг үзүүлэх” хүсэлт гаргаж байсан ба энэ талаар С.М- “...2015 оны 01 дүгээр сард тухайн үеийн И  газрын даргаар ажиллаж байсан н.Л тэй зөвшилцөж З анд шилжин ажиллаж байсан. ...Тэгээд энэ дотоод журмынхаа дагуу тухайн үед яам руу шилжиж ажиллаад орон сууцны нөхцөл сайжруулах дэмжлэг үзүүлнэ үү гэх өргөдлийг тухайн үеийн дарга н.Л д өгч байсан. Ер нь бол манай салбар нь мэргэжлийн үйлдвэрлэл явуулдаг учир цалин өндөр ба тухайн үед би 3 сая орчим төгрөгийн цалин авдаг байсан, яаманд очоод 700 мянган төгрөгийн цалин авсан. Энэ утгаараа би дотоод журамд заасны дагуу дэмжлэг үзүүлбэл яаманд очиж ажиллаж болох юм гэх зөвшилцлийг н.Л тэй амаар хийж байсан. ...энэ асуудал 2017 оны сүүлээр шийдэгдэж байсан. ...”, Л.Б  “...Салбарын яаманд иргэний нисэхийн асуудал хариуцсан нэгж байгуулагдсан цагаас энэ салбартаа мэргэшсэн мэргэжлийн ажилтныг дэвшүүлэн ажиллах асуудал өнөө болтол хүндрэлтэй хэвээр байна. И  газар нь Олон улсын байгууллагын гишүүн, салбарын онцлогийн хувьд төрийн байгууллагын цалингийн нэгдсэн сүлжлээр цалинждаггүй бөгөөд яамтай харьцуулбал цалингийн хувьд харьцангуй өндөр байдаг. Иймд бага цалингаар яаманд очиж ажиллах мэргэшсэн албан хаагч маш ховор, манай салбарын нэг тулгамдсан асуудлын нэг байдаг. Энэ асуудлыг бага ч гэсэн шийдвэрлэх зорилгоор тус газарт ажиллаж байгаад яаманд томилогдон ажиллах ажилтанд нийгмийн асуудлаа шийдэхэд нь нэмэр болох үүднээс тодорхой хэмжээний тэтгэмж олгосоор ирсэн. ...” гэж тус тус мэдүүлж байх бөгөөд салбарынхаа хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллах, нийгмийн баталгааг хангах зорилгоор З ны А  бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан С.М-д 10.000.000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт дахин олгосон нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага болохын хувьд Агентлагийн нийтлэг эрхлэх асуудлын хүрээнд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан салбарынхаа хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, ...ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ” авч хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, И  газар нь З ны харьяа, зам тээврийн салбарын агентлаг юм. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийг 1-д зааснаар Монгол Улсын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Засгийн газрын бүтцэд З яам ажиллах ба мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.14-т зааснаар З х  сайдын эрхлэх асуудлын хүрээнд иргэний нисэхийн асуудал хамаарч байна.

 Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Агентлаг нь “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах;” нийтлэг асуудлыг эрхлэх бөгөөд орон сууцны үнийн хөнгөлөлт олгох төсөв нь И  газрын төсөвт төсөвлөгдсөн, яамны төсөвт батлагдаагүй учраас Зх  сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Г-ын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/4451 дугаартай “...З ны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Лувсан овогтой Отгончимэгийн гаргасан өргөдөл, хүсэлтийг нь харгалзан танай байгууллагаас олгодог орон сууцны дэмжлэгт хамруулж өгнө үү. ...” гэх албан бичгийг /2хх 128/ үндэслэн З ын Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Л.О т “...багадаа бүтэн өнчирхийн зовлонг амсаж өссөн ба одоо тэрээр хүнд өвчин тусаж нас барсан эгчийнхээ өнчин хүүхдийг өөрийн нэр дээр авч халамжлан өсгөж байгаа боловч зээлийн орон сууцанд амьдрахад түүний цалин хөлс нь хүрэлцэхгүй хүндхэн амьдарч байгаа аргагүй байдлыг” харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэж, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/661 дугаар тушаалаар 22.300.000 төгрөгийн орон сууцны үнийн хөнгөлөлт олгохоор шийдвэрлэсэн нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй, албаны эрх ашгийн эсрэг үйлдсэн шинжгүй, мөн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэлт, зорилго тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Б гийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзэж, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Л.Б гийн өмгөөлөгч С.Батнасангийн “...Л.Б д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/611 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч А овгийн Л-ийн Б-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР         

 

            ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН