| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0319/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0443 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.А******* /РД:********/
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох төрийн албанаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгч Н.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э*******, Ц.М*****, гэрч В.Э*******, Т.Г******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Н.А******* нь тус шүүхэд хандан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан “…Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н*******ын А*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Н.А******* нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/135 дугаартай тушаалаар *******дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан.[1]
2.2. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Н.А******* *******дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар жинхлэн томилогдон ажиллаж байсан.[2]
2.3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дугаартай “Н*******ын А*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын 1 дэх заалтаар “…Хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан, төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлэн 2024 оны А/12 дугаар тушаалаар “*******дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хариуцлагын талон мөрдөж, ажил журам” баталсан зөрчил дахин гаргасан” гэж нэхэмжлэгч Н.А*******д “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулжээ.[3]
2.4. Дээрх маргаан бүхий тушаал нь “…Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалт, 39.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2025 оны 06/08 дугаар Зөвлөмж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4.5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны А/99 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.2.13 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар дүгнэлтийн 7 дахь хэсгийг” тус тус үндэслэжээ.
2.5. Маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2025 оны 06/08 дугаар зөвлөмжөөр “...*******дүүргийн Нийгмийн даатгалын газарт Хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Г*******аас тус газрын дарга Н.А*******д холбогдуулан гомдол гаргасныг хянаад … гомдол гаргагчийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамтаас ангид байх эрх нь зөрчигдсөн” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэгт зөвлөмж хүргүүлжээ.[4]
2.6. Тус зөвлөмжийн 4 дэх заалтад “...Төрийн албан хаагчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамт үзүүлсэн *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А*******д Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох” гэжээ.
2.7. Дээрх зөвлөмжөөс өмнө Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/03 дугаартай “…*******дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудаас ирүүлсэн гомдлын дагуу ... хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт шалгалт хийж ... тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.А******* нь албан тушаалын байдлаа ашиглан ажилтнуудаа дарамт, шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхсан болох нь тогтоогдож байх тул зөрчлийг таслан зогсоох, зөрчил гаргасан дээрх албан тушаалтанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хариуцлага тооцох, цаашид төрийн албан хаагчдын хэвийн ажиллах нөхцөл боломжийг хангаж ажиллах” гэх агуулгатай шаардлагыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.*******од хүргүүлж байсан.[5]
2.8. Мөн маргаан бүхий тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийн 7 дахь хэсэгт “…*******дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А*******г Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтад заасан “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”-ыг хориглоно гэснийг, 39.1.4 дэх заалтад заасан “…түүнчлэн дарамт, хүчирхийлэл, ... үзүүлэх” гэснийг тус тус зөрчиж” ... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргаагүй гэж дүгнэжээ.
2.9. Нэхэмжлэгчийн зүгээс “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны Б/24 дугаар тушаалд “…хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан, төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн” гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан үндэслэл, нотолгооны хүрээнд бодит нөхцөл байдлыг хянан шалгах ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр хууль бус дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргаж буй нь хариуцагч захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Н.А******* намайг хуульд заасан зөрчил үйлдсэн гэдгийг хангалттай нотлоогүй атлаа Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд халдсан хууль бус шийдвэр болсон. Төрийн албанаас үндэслэлгүйгээр халсны улмаас миний бие төрийн албанд дахин ажиллах боломжгүй болж миний мэргэжлийн нэр хүндийг ноцтойгоор унагаж, ажил амьдрал, эрүүл мэнд, сэтгэл санаанд минь нөхөж баршгүй хохирол учруулсан. Маргаан бүхий тушаал нь бодит байдалд нийцэхгүй, хуульд нийцээгүй бөгөөд миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон төдийгүй, олон жилийн туршид хөдөлмөрөө зориулсан миний нэр хүнд, мэргэжлийн замналыг үгүйсгэсэнд миний бие туйлын их гомдолтой байна ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.10. Хариуцагчийн зүгээс “...Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллагаагүй, ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой тушаал шийдвэр гаргахдаа хариуцлагагүй хандаж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан, хуулиар өөрт тусгайлан олгоогүй эрх эдэлж, хуулиар олгосон эрх хэмжээг хэтрүүлж, удаа дараа талонтой холбоотой хуульд нийцээгүй шийдвэр гаргасан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/08 дугаартай зөвлөмжөөр нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгч төрийн албан хаагчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамт үзүүлсэн тушаал шийдвэр гаргахдаа хариуцлагагүй хандаж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасны улмаас төрд 3,808,844 төгрөгийн хохирол учруулсан. Маргаан бүхий тушаал нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гарсан үндэслэл бүхий захиргааны акт ...” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгч Н.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... *******дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хариуцлага тооцож ажиллахыг сануулсан албан бичиг байнга ирүүлдэг байсан. *******дүүргийн Засаг даргын дэргэдэх 40 орчим алба нэгж байдгаас манай газар бүх ажлыг тэргүүлж, эхний байруудад байдаг. Гэвч иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэлт муу үзүүлэлттэй буюу нийт гарсан зөрчлийн ихэнх нь Т.Г*******, түүний хариуцсан нэгжийн албан хаагчдаас гаргасан зөрчил. Нэгжийн дарга нар удирдлагаар хангаж ажиллах боловч би газрын даргын хэмжээнд шууд алба хаагчидтай хурлаа хийгээд нэгжийнх нь даргаар дамжуулаад өдөр тутам үүрэг өгдөг байсан. Гэвч Т.Г******* өдөр тутмын ажлаа хийдэггүйн нэг тод жишээ нь түүний хариуцсан нэгж муу үзүүлэлттэй, хойгуур жагсдаг үзүүлэлт юм. Т.Г*******ийг ажилдаа орохоос нь гурав хоногийн өмнө сахилгын арга хэмжээ авсан нь процессын алдаа учраас би үүнийг залруулсан тушаал гаргасан гэдэг тайлбарыг нотлох баримттайгаар тухайн үед мэдүүлсэн. Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан гэх шалтгаанаар Т.Г*******ийг нэг ч удаа дарамталж, ажлаа өгөхийг шаардаагүй. Миний бие тус газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Т.Г*******ийг өрөөндөө нэг ч удаа дуудаж, ямар нэг байдлаар дарамт шахалт үзүүлж байгаагүй. Дандаа хүний нөөц болон хуулийн мэргэжилтний хамт протокол тэмдэглэлтэй албан ёсны ажил хэрэг ярих хугацаанд хэлж ярьдаг. Ажлаа хийхгүй ажил цалгардуулаад, ажлын байранд ноцтой зөрчлүүд гаргаж байгаа талаар хэлж ярьсан нь хэрэгт авагдсан хэд хэдэн хурлын тэмдэглэл, сануулах баримтуудаар нотлогдоно.
Т.Г******* 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүрэгт шилжин ажиллах хүсэлт гаргасан. Энэ өдрөөс эхлээд огт ажлаа хийгээгүй. Шалтгаангүйгээр, чөлөө авахгүйгээр орж гарсан. Зааланд ажиллаж байгаа албан хаагчдын ажил хийх нөхцөл боломжийг алдагдуулж хэрэгтэй хэрэггүй юм ярьж дуулиан болгодог. Өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэхгүй, удирдлага доор нь ажилладаг хүмүүс өдөр тутмын ажлууддаа заавар чиглэл авах гэхээр “Би хүсэлтээ өгчихсөн, юу ч хийхгүй. Би хийх шаардлагагүй, би гадуур яваад гомдлоо гаргана шүү” гэдэг байдлаар хандаж ирсэн. Харин нэг удаа Хүний нөөцийн мэргэжилтэн В.Э*******тай 10 дугаар сарын 15-ны өдөр хамт дуудаад “...Т.Г*******аа чиний гаргасан зөрчил байгаа нь нотлогдсон. Гаргасан зөрчил чинь бодитой. Гэхдээ чиний энэ байгууллагад ажилласан олон жилийг бодоод хоёулаа цаашдаа ойлголцоод хүний нөөцийн дутагдалтай байгаа учраас өөр ажлын байран дээр ажилла. Би чамайг шилжүүлэх хүсэлгүй байна” гээд хамтран ажиллах санал тавьсан боловч “…Үгүй, би шилжинэ” гэж хэлсэн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Намайг 2019 онд газрын даргаар томилогдож ирэхэд Т.Г******* тэтгэмжийн байцаагчаар ажиллаж байсан. Дээшээ дэвшин ажиллаад, би өөрөө удирдлагаар хангаад энэ хүнийг төлөвшүүлж чадавхжуулаад карьерт нь дэмжлэг болох үүднээс хэлтсийн дарга болгосон. Хүний эрхийн үндэсний комисст Т.Г******* гомдол гаргаснаас хойш намайг дуудсаны дагуу би өөрийн эрхийн хүрээнд бичгээр болон аман байдлаар анх Т.Г******* бид хоёр энэ байгууллагад ажиллаж эхэлснээс хойших алдаа зөрчлийг маш тодорхой баримттайгаар дэлгэрэнгүй ярьсан. Түүнийг тусгахгүйгээр хэт нэг талыг барьж зөвлөмж гаргасан. Ажлын байран дээр ажлаа хийдэггүй, зөрчил гаргадаг ёс зүйн дутагдалтай хүн хохирогчийн дүрд тоглоод явахаар нэг талд хүлээж аваад өрөвддөг. Дарга гэдэг бол дарамтлагч л байна, угаасаа байх ёстой гэдэг ойлголт байгаагаас үүдээд миний хууль ёсны эрх ашиг, миний тайлбар, нотлох баримт хангалттай байсаар байтал нэг талыг барьж, “…Н.А******* дарамталсан байна” гэж үзсэн. Ямар нэг баримтгүй, нотлогдоогүй зүйлээр намайг буруутгаж зөвлөмж гаргасан нь хуульд нийцэхгүй.
Шүүхийн өмнө иргэн бүр үнэн, шударга мэдүүлэг өгөх ёстой. Т.Г*******ийн мэдүүлсэн асуудлууд бүгд худлаа болохыг нуршаад хэрэггүй байх. Шаардлагатай бол нэг бүрчлэн задалж тайлбарлахад бэлэн байна. 2020 оны асуудлыг сөхөж ярьж байгаа учраас зайлшгүй товчхон тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Намайг 2012-2015 оны 06 дугаар сар хүртэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байх тухайн үед Монгол Улсыг хамарсан нэлээн том зөрчил гарсан юм. Энэ зөрчлийн талаар ярьж болох үгүйг мэдэхгүй байна. Энд байгаа хүмүүс хэн нь ч ямар нөхцөл байдал үүссэнийг мэдэхгүй учраас Хүний эрхийн үндэсний комисст хүмүүс гомдол гаргасан, Н.А******* дарамталсан, зөрчил гарсан, тэрний дагуу зөвлөмж гарсан юм байна гэж буруутгаж байна. Яагаад жил болгон 90 хувиас дээш ажлаа дүгнүүлдэг хэр нь 2015 онд *******дүүргийн нийгмийн даатгалын газрын даргаар томилогдсон бэ гэхээр надад эрх мэдэлтэй албан тушаалтан хууль бус үүрэг өгч, би тэрийг биелүүлэхгүй гэсний төлөө намайг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулж, түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
Гэхдээ би хэн нэгэнд гоморхож, гомдол гаргаж яваагүй. Үнэн мөн нь хэзээ нэг цагт тодорхой болдог. Би ажил үүргээ сайн хийе гэж л бодож байсан. Тухайн үед ерөнхий газрын даргаар ажиллаж байсан н.******* болон нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан н.******* нар “*******дүүргийн нийгмийн даатгалын газрын ажил нурчихсан байна. 6 сарын хугацаатайгаар тус газрын ажлыг дээшлүүлээд ир” гэдэг үүрэг өгсөн. Үүний дагуу эхний 3 сар ажлаа хүлээж аваад танилцахад үнэхээр ноцтой зөрчлүүд гараад байсан учраас 3 сарын дараагаас хооронд нь сэлгэн ажиллуулах шийдвэр гаргахад ажилчид “дарамталсан” гээд бүлэг зохион байгуулалттайгаар гомдол гаргасан учраас би халагдсан. 3 шатны шүүх хэргийг хэлэлцээд би ялж ажилдаа эгүүлэн томилогдсон. Ёс зүйн хэм хэмжээ зөрчиж, сахилгын шийтгэл ногдуулах ямар ч асуудал болоогүй. Шаардлагатай бол энэ талаарх дэлгэрэнгүй баримтуудыг гаргаж өгөх боломжтой.
Т.Г******* мэдүүлэхдээ “урьд нь нэг тасгийн даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн” гэсэн. Өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөөгүй. Энэ нь хавтаст хэргийн 93 дахь талд авагдсан баримтаар нотлогдоно. ******* дүүргийн нийгмийн даатгалын газрын ажилтнууд дунд Т.Г******* ганцаараа ажил хийдэггүй, хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг, дээрэнгүй харьцдаг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байран дээр архидан согтуурдаг. Хамт идэж ууж, хариуцлага алдсан хүмүүсийн нотариатаар баталгаажуулсан баримтууд нь бүгд байна. Ажлын хэсэг гараад бүх ажлыг нь шалгаж баримтаар тогтоон дүгнэлтээ гаргасан. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн гэрээнд заасан ажлууд маш тодорхой байдаг учраас нэг бүрчлэн задлан шалгаж, нягталж, өөрөөс нь холбогдох тайлбаруудыг гаргуулж байж ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Өнгөрсөн хугацаанд байнга ажил тасалдаг, архи уудаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй хүнийг дэмжиж дэвшүүлэн ажиллуулсандаа харамсаж байна. Баримтаар баталгаажуулаад арга хэмжээ авалгүй, хүнийг бодож, дэмжиж ажилласан минь миний алдаа боллоо гэж үзэж байна.” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын салбарт мэргэжилтэн, байцаагч, газрын дарга, хэлтсийн даргын албан тушаалд шатлан дэвшиж, нийт 18 жил ажилласан. 2019 онд *******дүүргийн нийгмийн даатгалын газрын даргаар томилогдсон бөгөөд хариуцсан ажилдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэн олон нийтийн эрх ашгийг хамгаалж, төрийн үйл ажиллагааг үр ашигтай, шударга явуулахад өөрийн мэдлэг туршлага, ур чадвараа зориулж ирсэн. Энэ хугацаанд нэхэмжлэгч хууль тогтоомжийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, шударга байдлыг чанд сахиж ажил үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын маргаан бүхий Б/24 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулж, тэр дундаа төрийн албанаас халах хамгийн хүнд шийтгэлийг үндэслэлгүй ногдуулсан. Б/24 дүгээр тушаалд “хуульд нийцээгүй шийдвэрийг удаа дараа гаргасан” гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд нийгмийн даатгалын газрын даргын хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд бүхий л албан хаагчдад зохих шаардлагыг тавьж, бүгдэд тэгш ханддаг байсан. Т.Г******* төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй тул удирдах албан тушаалтны хувьд ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэх талаар байнга сануулж хэлдэг байсан. Энэ нь Т.Г*******т таалагдаагүй учраас зарим дарга нар, төрийн байгууллагад нэхэмжлэгчийн талаар үндэслэлгүй гүтгэлгийн шинжтэй өргөдөл гомдлыг гаргах болсон бөгөөд тухай бүр бодит байдал ямар байсан талаарх тайлбараа өгдөг байсан. Нэхэмжлэгчийн хувьд Т.Г*******т ажлын байрны дарамт үзүүлсэн тохиолдол огт байхгүй. Түүнтэй ганцаарчилж уулзаж байгаагүй. Өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийн хүрээнд хэлтсийн дарга нартай хийдэг уулзалтын үеэр л цаг үеийн холбогдолтой ажил үүргийг өгч ажилладаг байсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалд “хууль журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн” гэж мөн дурдсан нь үндэслэлгүй. Тодруулбал, *******дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаас төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ажил үйлчилгээг сайжруулах, албан байгууллагын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хуулийг таниулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоод зохион байгуулалтын шинжтэй хариуцлагын талон мөрдөж ажиллах журмыг тушаалаар баталсан. Тус журам нь нийтээр заавал дагаж мөрдөх үүргийг хүлээлгээгүй бөгөөд үүний дагуу хэн нэгэн тэр дундаа Т.Г*******т үүрэг хариуцлага ногдуулаагүй. Тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан хэм хэмжээний акт биш учраас хууль журамд тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн хувьд хуульд нийцээгүй шийдвэр гаргаагүй. Мөн нэхэмжлэгчийн хувьд бусдад дарамт шахалт үзүүлж байгаагүй талаар *******дүүргийн нийгмийн даатгалын газрын бүх ажилтан мэднэ. Энэ талаарх санал тайлбарыг гаргаж өгсөн. Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжид *******дүүргийн нийгмийн даатгалын газраас гаргасан шийдвэрийн үр дагаврын талаар дурдсан. Харин ажлын байрны дарамт үзүүлдэг эсэх талаар тогтоогоогүй. Ийм нөхцөл байдал байхгүй тул энэ чиглэлээр шалгах ажиллагаа явуулаагүй.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар дүгнэлтээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1, 8.2-т заасан зөрчлийг гаргаагүй болохыг тогтоосон. Түүнчлэн нэхэмжлэгчийг өмнө зөрчил гаргасан асуудлаар сахилгын шийтгэл ногдуулсан асуудал байхгүй. Тушаал болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар дүгнэлтийн 7-д заасныг үндэслэсэн. Ёс зүйн дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон ёс зүйн дэд хорооны ажиллах журамд заасны дагуу төрийн албан хаагчийн зөвхөн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлдэг этгээд. Тус дүгнэлтээр нэхэмжлэгчийн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй болохыг тогтоосон боловч дүгнэлтийн 7 дахь хэсэгт ёс зүйн дэд хороо өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд үүнийг үндэслэл болгосон маргаан бүхий Б/24 дүгээр тушаал хууль бус байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас “хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан, дарамт үзүүлсэн, хууль журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн” үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, нотолгооны хүрээнд бодит нөхцөл байдлыг хянан шалгах ажиллагааг хэрэгжүүлэхгүйгээр хууль бус дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан. Захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуульд зааснаар зөрчил үйлдсэн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, анх эсхүл давтан гүйцэтгэсэн эсэхийг харгалзан үзэж сахилгын шийтгэлийн төрлөөс сонгож хэрэглэдэг. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь нэхэмжлэгчийг хуульд заасан зөрчил үйлдсэн эсэхийг хангалттай нотлоогүй хэр нь Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хууль бус шийдвэр болсон.
Тодруулбал, нэхэмжлэгч төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас төрийн албанд дахин ажиллах боломжгүй болсон бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн мэргэжлийн нэр хүндийг унагааж ажил амьдрал, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд нөхөж болшгүй хохирлыг учруулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй гэж заасныг зөрчсөн төдийгүй төрийн албанд олон жилийн туршид шударгаар зүтгэсэн нэхэмжлэгчийн хүчин чармайлтыг үгүйсгэсэн хууль бус тушаал гаргасан.” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Өнөөдөр маргаж байгаа тушаалтай холбоотой үйл баримтууд бүгд Т.Г*******тай холбоотой. Тэр үйл баримтуудад үндэслэсэн хуулийн хэрэглээ мөн Т.Г*******ийн саналтай холбоотой. Хариуцлагын талон мөрдөн ажиллаж журмын төсөлтэй танилцаж, санал өгч байсан эсэхийг асуухад өөрөө танилцаж, хянаад гарын үсэг зурсан хэр нь “огт танилцаагүй” гэж хариулсан. “Улсын байцаагчийн шалгалтад орох гээд, улсын байцаагчийн эрх авах гээд” гэж нэлээдгүй бичигдсэн байтал улсын байцаагчийн эрхтэй талаар өөрөө хэллээ. Би тодруулаад “та улсын байцаагчийн эрхтэй юу” гэж асуухад “би улсын байцаагч эрхтэй” гэж хариулсан. Бүх зүйл Т.Г*******аас үүдэлтэй, хамааралтай учраас тэр хүн хувьдаа нэг юм бодчихоод, холбогдох байгууллагуудад гомдол гаргаад яваад байдаг. Түүнд нь үндэслээд янз бүрийн шийдвэр гарсан нөхцөл байдлууд байна. Ашиг сонирхлын зөрчилтэй учраас гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүртэл асуудлын мөн чанар руу орохгүй, зөвхөн буруутгасан шинжтэй зүйлүүд ярьж, хариулсан тодорхой харагдлаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан шиг Н.А******* нийгмийн даатгалын салбарын нэг томоохон бүтцийг удирдахдаа алдаа дутагдал гаргасан, бусад хүмүүстэй янз бүрээр харьцдаг, алдаа зөрчлөө ухамсарладаггүй зэрэг асуудлууд байхгүй байна. Хүний араншин олдмол эсхүл суурь өгөгдлүүд байдаг учраас аль ч түвшинд илэрч л байх ёстой.
Нийгмийн даатгалын байгууллагад байгаа янз бүрийн болохгүй, бүтэхгүй зүйлтэй тэмцсэнийхээ төлөө өөрөө эргээд асуудалд орж, цаг үеийн нөхцөл байдал нэхэмжлэгчийн эсрэг эргэсэн дүр зураг хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгчийг хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч шийдвэр гаргаад, тэр шийдвэр нь шат шатны байгууллагад хүрээд байсан юм байхгүй. Шийдвэрээ эргэж хараад алдаатай байхаар нь өөрөө залруулсан. Гэхдээ энэ шийдвэр хүсэл зоригийн дагуу гарсан. Шилжүүлэн ажиллуулах шийдвэрийг Т.Г*******ийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэж гаргасан. Т.Г*******тай холбоотой асуудалд анхаарал хандуулахын оронд Н.А*******д анхаарч шийдвэр гаргасан. Хариуцлагын талон мөрдөн ажиллах журмын төслийг боловсруулсан хүн нь Т.Г******* өөрөө гарын үсгээ зурчихсан. Тус журмын дагуу нэг ч хүнд хариуцлага тооцож, арга хэмжээ аваагүй гэдэг нь холбогдох баримт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн 2019 онд гарсан журмыг дахин шинэчилсэн, хэрэв зөрчилтэй, буруу гэж үзэж байгаа бол хуульд зааснаар дээд шатны байгууллага нь хүчингүй болгох эрх хэмжээ нь байна. Заавал сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл гэж харж байгаа бол гарснаас нь хойш 12 сарын хугацаанд тухайн үед нь шийдэх боломжтой байсан. Хууль зүйн хувьд маш тодорхой зүйлүүд гэж үзэж байна.
Ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эхний байдлаар анхааруулах зорилгоор баталсан журам гэж тайлбарлаж байгаатай нь тохирч байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад “хавчин гадуурхах” гэж заасныг зөрчсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Хэд хэдэн тушаал гаргасныг нь “хавчин гадуурхах” гэж заасан хууль зүйн агуулга руу холбож авч үзэж байгаа нь мэтгэлцээний явцад ойлгогдож байна. Тухайн тушаал шийдвэрүүд ямар үндэслэлээр, яагаад гарах болсныг үндэслэлтэйгээр тайлбарласан. Үл ялих зүйлээс болж арга хэмжээ авсан зүйл байхгүй. Бүгд баримт нотолгоотой болсон асуудал гэдэг нь тодорхой байна. Мөн хүчингүй болсон шалтгаанууд нь тодорхой байна. Тиймээс Т.Г******* руу шууд чиглэсэн хавчин гадуурхалт байсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний зөвлөмжийн хувьд, бид зөвлөмжтэй санал нийлсэн зүйл байхгүй. Гэхдээ тус зөвлөмжид арга хэмжээ авах тухай зааснаас биш ажлаас нь хал гэж заагаагүй. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг гол баримт тухайн зөвлөмж учраас бид шууд гомдол гаргавал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шийдвэрлэгдэхгүй удах буюу түдгэлзэх нөхцөл байдал үүсэхээр байсан. Тиймээс гомдол гаргах асуудлыг хойшлуулсан. Гомдол гаргаагүй учраас хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болохгүй. Хэрэв зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол нөхцөл байдлыг сайтар тодруулах ёстой байсан. Ялангуяа тушаал гаргаад хүчингүй болгосон үйл баримтын суурь нөхцөл, материаллаг шинж чанар яав ч үгүйсгэгдэхгүй. Шалган тогтоогдсон үйл баримтууд маш тодорхой болсон байсан асуудал гэдэг нь хэрэгт авагдсан бүх баримтуудаас харагдана. Энэ бол хувийн компанийн ажил биш, төрийн ажил. Энэ ажлыг явуулахын төлөө хичээж, сэтгэл зүтгэл гаргасных нь төлөө байгууллагын удирдлагыг шууд төрийн албанаас халж байгаа нь зүйд нийцэхгүй. Ажлын зарчим талаас нь асуудлыг хараад залруулах, зөвлөх зэрэг чиг үүргүүд зөндөө байна. Үүнийг хэрэгжүүлж болох байсан ч огт хэрэгжүүлээгүй, анхаарал хандуулаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Маргаан бүхий тушаалд эрх зүйн хувьд зөв гэж үнэлэгдэх шинж алга.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… *******дүүргийн нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.Г*******аас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өргөдөл гаргаад, тус өргөдөлтэй холбоотойгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/123 дугаар иргэний өргөдөл шилжүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн. Мөн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/08 дугаар зөвлөмж ирсэн. Үүний дараа *******дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга Н.А*******гаас тайлбар авч ажиллагааг эхлүүлсэн.
Тушаалтай холбоотой ямар үйл баримтууд тогтоогдсон талаар дурдвал, нэгдүгээрт *******дүүргийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар Т.Г******* болон бусад гурван албан хаагчид цалингийн хэмжээг гурван сар хүртэлх хугацаагаар хорин хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан. Тус сахилгын шийтгэлийг ногдуулсны дараа Т.Г******* “ээлжийн амралттай байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан” агуулгаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тухайн гомдлыг шийдвэрлээгүй байх хугацаанд нь нэхэмжлэгч Б/67 дугаар тушаалаар өөрийн гаргасан тушаалыг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үндэслэлийн тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасныг баримталсан. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажилладаггүй, ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой тушаал шийдвэр гаргахдаа хариуцлагагүй хандаж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан нь дээрх үйл баримтаас харагдаж байна.
Хоёрдугаарт, Т.Г******* шилжин ажиллах хүсэлт гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу байгууллага хоорондоо заавал тохиролцсон байхыг шаарддаг. Байгууллага тохиролцоогүй байх хугацаанд Т.Г*******ийг шилжүүлсэн тушаал гарсан. Гэтэл нөгөө байгууллагаас Т.Г*******ийг шилжүүлэн ажиллуулах боломжгүй гэж хариу өгсөн. Энэ хооронд төрийн албан хаагч ажилгүй болсон. Улмаар дахин Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс “…хууль бус байна, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилла” гэх агуулга бүхий албан бичгийг *******дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга Н.А*******д өгсний дараа Т.Г*******ийг эргүүлэн ажилд авсан. Тодруулбал өөрийн гаргасан шийдвэрийг буруу байсныг нотолж байна.
Гуравдугаарт, *******дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаар тушаалаар хариуцлагын талоны журам баталсан. *******дүүргийн нийгмийн даатгалын газрын даргын хувьд өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвхөн хөдөлмөрийн дотоод журмыг батлах эрхтэй. Хариуцлагын талон мөрдөж ажиллах журам батлах эрх олгогдоогүй. Мөн 2020 онд Хүний эрхийн үндэсний комиссоос 2019 онд “…*******дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А******* хариуцлагын талоны журмыг баталсан нь хуульд нийцэхгүй, ийм сахилгын шийтгэл байж болохгүй” гэдэг албан шаардлагыг өгсөн. Гэтэл 2019 онд баталсан журмаа хүчингүй болгохгүй байсаар дахин 2024 онд энэ журмыг шинэчлэн баталсан. Нэг ёсондоо өмнө гаргасан зөрчлөө дахин давтан гаргасан. 2024 оны 04 дүгээр сараас хойш 3, 4 зөрчлийг зэрэг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “хамгийн хүнд сахилгын шийтгэл ногдуулсан” гэж дурдсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд төрийн албан хаагчид ногдуулах сахилгын шийтгэлийн талаар заасан. Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь тухайн албан хаагч өөрийн гаргасан зөрчлүүдийг ухамсарлаж байгаа эсэхийг журамд заасны дагуу харж үзнэ. Н.А*******гаас “... та гаргасан зөрчлөө ухамсарлаж байна уу, таны буруу гэж ойлгож байна уу, эсхүл Төрийн албаны зөвлөлөөс энэ тушаал шийдвэрийг хүчингүй болго гэсэн учраас хүчингүй болгосон уу” гэж асуухад “…Т.Г******* зөрчил гаргасан, миний гаргасан тушаал шийдвэр зөв, гэхдээ би зүгээр процессын алдаа гаргасан” гэж хариулсан. Үүнээс өөрийн гаргасан зөрчлийг зөвтгөж байгаа нь харагдана. Цаашид дахин хүний эрхийн, хөдөлмөрийн эрхийн зөрчил гаргах магадлалтай гэж үзсэний үндсэн дээр төрийн албанаас халах шийтгэлийг оногдуулсан.
*******дүүргийн нийгмийн даатгалын газрын даргаар Н.А******* 2015 онд анх түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод, 2019 онд жинхлэгдсэн. 2015 онд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоных нь дараа н.******* түүнд сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнтэй холбоотой маргаан үүсээд, сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт үндэслэлтэй ч сонсох ажиллагаа хийгээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.А*******г ажилд нь буцаан томилсон. 2016 онд Н.А*******д дахин ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг н.М******* гаргасан. Үйлдсэн зөрчилд нь хэтэрсэн шийтгэл ногдуулсан үндэслэлээр буцаан ажилд нь томилсон.
Зөвхөн Т.Г******* гэхгүйгээр өөр бусад хүмүүст ажлын байрны дарамт байсан. Ажлаасаа гарч байгаа тохиолдол маш олон байдаг. Өмнөх хүмүүсийн хувьд гомдол гаргаж байсан ч үйл баримт нь нотлогдохгүй байсаар өдийг хүрсэн. Т.Г******* бүх баримтаа цуглуулж чадсан ганц хүн. Шүгэл үлээгч гэж харж байна. Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулснаас хойш ******* аймгийн нийгмийн даатгалын газар болон ******* дүүргийн нийгмийн даатгалын газрын алба хаагч нар адил агуулга бүхий гомдлыг манайд ирүүлсний дагуу шалгалтын ажлыг явуулж байна. Энэ бол анх удаа гарч байгаа зөрчил биш. Б/24 дугаар тушаалтай холбоотой зөвхөн ганц үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулаад байгаа юм биш. Б/24 дүгээр тушаалд дурдсан 3 үндэслэлийг жилийн дотор биш хэдхэн сарын хугацаанд удаа дараа гаргасан үйлдлийг нь харгалзаж үзээд, цаашид ажиллуулах нь зохимжгүй гэж үзсэн. Хэдий олон жил ажилласан төрийн албан хаагч боловч цаана нь 40, 50 хүний эрх ашиг байна.” гэжээ.
3.5. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийг 3 үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэгдүгээрт, хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан гэж үзсэн. Хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан гэдэг зохигчийн тайлбар өөрөө нотолгооны хэрэгсэл болно. Өөрөөр хэлбэл “би процессын хувьд алдаа гаргасан” гэдэг нь ямар процесс юм бэ. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд “ээлжийн амралттай байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасныг зөрчсөн хууль бус шийдвэрийг гаргасан. Үүний үр дагаврыг гаргасан албан тушаалтан өөрөө хариуцдаг. Хууль бус шийдвэрийг хууль бус мөн эсэхийг нь урьдчилсан байдлаар тогтоодог субъект нь Төрийн албаны зөвлөл. Төрийн албаны зөвлөл энэ нөхцөл байдлыг тогтоосон. Тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах эрхтэй ч нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хүлээж аваад хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон. Хүчингүй болгохдоо холбогдох заалтыг хүчингүй болгоод байна уу, бүхэлд нь хүчингүй болгоод байна уу, эрх зүйн үр дагавар юу вэ гэдгийг ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан. “Удаа дараа гаргасан” гэдэг нь зөрчлийн шинж байдалд хамаарна. Өөрөөр хэлбэл нэг удаагийн тохиолдлоор асуудалд хандсан эсэх зөрчлийн шинж байдлыг харах ёстой. Учир нь нэхэмжлэгч хуульд нийцээгүй шийдвэрийг удаа дараа гаргаж байна. Удаа дараа гэдэг нь шилжүүлэн ажиллуулах асуудал дээр бодитоор гарч ирж байна. Миний туслах алдаа гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч туслахын алдаа бол даргын алдаа. Тухайн байгууллагыг удирдаж байгаа, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, албан бичигт хамгийн эцсийн гарын үсэг зурах эрх бүхий эрхтэй этгээд, чиг үүрэгтэй этгээд нь ******* дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга шүү дээ.
Хуульд ажилтныг сэлгэн ажиллуулахтай холбоотой гипотез нөхцөлийг заасан. Хоёр удирдлага хоорондоо зөвшилцөх ёстой ч зөвшилцсөн үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэдийгээр “би амаар тохирсон” гэж байгаа боловч амаар тохирсон үйл баримт мөн хавтаст хэрэгт байхгүй. Үүнийгээ нотлох үүрэгтэй. Мөн Т.Г*******ийг ажиллуулахаас татгалзсан албан бичгүүд ирсэн нь дандаа шилжүүлэн ажиллуулах тухай тушаал гарсны дараа ирсэн. Ажилтан Төрийн албаны тухай хуулийн 76-д заасны дагуу гомдол гаргаад, Төрийн албаны зөвлөлөөс “шийдвэр чинь хууль бус байна” гээд тогтоочихсон. Төрийн албаны зөвлөл эрх хэмжээний дагуу тушаал нь хууль бус байсныг тогтоонгуут нь 12 дугаар сарын 09-ний өдөр тушаал шийдвэрээ хүчингүй болгоод, захиргааны хэргийн шүүхэд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт байна. Үүнээс үүдэж төр хохирсон. Ажилгүй байсан хугацааны цалинг Т.Г*******т төрөөс гаргаж өгч байна. Төрд учруулсан хохирлыг Н.А*******гаас нэхэмжлэхээр Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорт Төрийн албаны зөвлөлөөс албан тоот хүргүүлсэн. Зөрчлийн шинж байдал дээр хууль зүйн үр дагаврын хувьд төрийг хохироочхоод байгаа юм. Үүнийг харгалзан үзэх ёстой гэж харж байна.
Хоёрдугаарт, төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн гэж үзсэн. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар тухайн албан хаагч ажлын байрны дарамттай холбоотой гомдлоо Хүний эрхийн үндэсний комисст гаргана гэж заасан. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу албан шаардлага, зөвлөмжийг заавал биелүүлнэ, 28.3-т албан шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй ажилтан, албан хаагчийг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийн зөвшөөрлийг нь цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох үндэслэл болно гэж заасан.
*******дүүргийн нийгмийн даатгалын газрын 43 ажилтнаас ажлын байрны дарамт байгаа эсэх талаарх судалгаа авсан. Хүний эрхийн үндэсний комиссын референтүүд ажлын байрны дарамт байгаа эсэхийг тодруулах хэд хэдэн хянан шалгах ажиллагаануудыг хийдэг. Албан хаагчдаас судалгаа авах, тодорхой байдлаар гомдолд холбогдогч нараас тайлбар авах, бусад бичиг баримтуудыг авч үзэх зэрэг ажиллагаануудыг хийдэг. 2020 онд хариуцлагын талон мөрдөн ажиллана гэдэг хүний нэр төр, алдар хүндийг гутаасан шинжтэй. Хуулиар тогтоосон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмаас давсан шинжтэй учраас албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагыг 2019 онд ажилд орсон, 2020 оны үед хуулийн мэргэжилтэн, хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан хүн нь мэдэж байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байна. Албан шаардлагатай танилцсан гэж хариулсан. Тухайн байгууллагын удирдлага тус албан шаардлага, өөртэй нь холбогдуулж гаргасан гомдол мэдээлэл, түүнд явуулсан хяналт шалгалтын ажиллагааг мэдэхгүй байх боломжгүй. Ядаж хуулийн мэргэжилтэн нь танилцуулах үүрэгтэй. Үүний үр дагаврыг мөн адил *******дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга Н.А******* хүлээнэ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “2019 онд гаргасан журам юм бол сахилгын шийтгэл ногдуулах, хөөн хэлэлцэх хугацаа буюу 12 сарын хугацаа дууссан юм биш үү” гэж байна. Үгүй, 2020 онд гарсан албан шаардлагыг хэрэгжүүлэхгүй байсаар буюу зөрчил үргэлжилж байгаад сүүлд 2024 оны 04 дүгээр сард дахин шинэчилсэн. Хүчингүй болгоогүй дахин шинэчилсэн. Хүний эрхийн үүднээс авч үзвэл хариуцлагын талон гэдэг зүйл байж болох уу. Өөрөөр хэлбэл хүн болгоны үнэмлэх дээр гурван зүйл гаргаад цоолно гэдэг нь хүний нэр төрийг гутаасан шинжтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах чиг үүрэгтэй төрийн байгууллага ийм журмыг хэрэгжүүлээд байх боломжтой юу. Энэ үүднээс Хүний эрхийн үндэсний комисс журмыг хүчингүй болгох албан шаардлага хүргүүлсэн.
Дээрх 3 үндэслэлийн хууль зүйн үр дагаврыг шүүх харгалзаж үзээсэй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг авч хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл Ёс зүйн тухай хуульд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. Нэхэмжлэл гаргах, шаардах эрхээ алдсан. Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмж, албан шаардлага нь хууль бус бол ялангуяа ажлын байрны дарамттай холбоотой бол шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт байхгүй. Гаргах бодолтой байгаа гэдэг нь гаргасан гэсэн үг биш. Актын хүрээнд 30 хоногийн дотор мөн гомдол, нэхэмжлэл гаргаж явна. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой учраас ажлын байрны дарамтад үзүүлсэн гэдэг зөвлөмжтэй холбоотой бол 3 сар дотор гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаад, хэрэг үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл гаргаагүй. Үүний үр дагаврыг өмгөөлөгч нар нь мэдэж байх ёстой. Энэ үр дагавар нь шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөөгүй буюу маргаан шийдвэрлэж байгаа ажиллагаа байхгүй. Гомдол гаргасан үйл баримт байхгүй учраас хууль зүйн дүгнэлтийн хувьд Ёс зүйн дэд хороо дүгнэлтийн 7 дахь хэсгээр дүгнэлт гаргах эрхтэй байсан эсэхтэй холбоотойгоор маргах боломжгүй. Мөн Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлттэй маргах боломжгүй. Тиймээс нэхэмжлэгч тушаал шийдвэрийнхээ хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргана.” гэжээ.
3.6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч “Т.Г******* ажил мэргэжилдээ хайнга хандсан, ажлын байран дээрээ архидан согтуурдаг” гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Хэрэв Т.Г******* ажилдаа хайхрамжгүй ханддаг, ажлаа цалгардуулдаг байсан бол яагаад хуульд заасан журмын дагуу түүнд шийтгэл ногдуулаагүй вэ. Шийтгэл ногдуулах эрх хэмжээ нь нэхэмжлэгчид байсан. Гэхдээ түүнийг ээлжийн амралттай байх үед нь сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-г зөрчиж өөр газарт шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан. Эдгээр тушаалууд нь хууль бус захиргааны акт байсныг Төрийн албаны зөвлөл нотолсноос гадна Нийслэл дэх захиргааны анхан шатны шүүхэд хүртэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд, эвлэрсэн. Дээрх хоёр захиргааны акт нь хууль бус гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд, эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарч албажсан. Т.Г*******ийн асуудлын хувьд хуульд заасан журмын дагуу шалгаж, тогтоогоод түүнд сахилгын арга хэмжээ авах эрх нь нэхэмжлэгчид байсан. Гэтэл Т.Г******* гэрчээр мэдүүлэхдээ 2024 оны 05 дугаар сард “********” ХХК гээд огт хамааралгүй, хяналт шалгалт хийгээгүй байхад акт дээр гарын үсэг зурахыг шаардсан гэж байна. Энэ мэтчилэн хууль бус үйл ажиллагаа хийхийг шаарддаг, түүнийг нь эс зөвшөөрсөн алба хаагч нарыг дарамталдаг, шахан хавчдаг, ялгаварлан гадуурхдаг үйл баримт байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд Ёс зүйн дэд хорооны шийдвэр дүгнэлт хэлбэртэй байна гэж заасан. Тухайн дүгнэлтийг “өөрсдөд нь хамаарахгүй эрх хэмжээний хүрээнд гаргаж, ерөнхий газарт хүргүүлсэн” гэж маргаж байгаа бол яагаад энэ талаар гомдол гаргаж, шүүхэд хандаагүй вэ. Энэ үйлдлийг нь Ёс зүйн дэд хорооны тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж харж байна.
Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын нийт иргэдэд хүрч ажилладаг, иргэдийн эрхийг дордуулахгүй, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлдэг үндэсний хэмжээний байгууллага. Тус байгууллага мөн хяналт шалгалт хийх эрхтэй. Иргэний гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалтыг эхлүүлнэ. Хяналт шалгалтын явцад шаардлага болон зөвлөмж гаргана. Тухайн зөрчил тогтоогдлоо гэж үзвэл шаардлага, хүний эрхийн зөрчил байж болзошгүй гэж үзвэл зөвлөмж гаргадаг. Хуульд шаардлага, зөвлөмжийг заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Тухайн зөвлөмжийг хүлээж авсан Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжийн дагуу үүсээд байгаа асуудал, Т.Г*******тай холбоотой асуудал, удаа дараа гаргаад байгаа эрх зүйн актууд, түүнийг хүчингүй болгоод байгаа үйлдлүүд дээр ач холбогдол өгч эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий актыг гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн хэр хэмжээнд нийцсэн гэж үзэж байна. Мөн сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгч “Би зөрчил гаргаагүй. Туслахынхаа гаргасан процессын алдааг зөвтгөж тушаалаа хүчингүй болгосон” гэж хэлсэн нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан. Тухайн нөхцөл байдал буюу нэхэмжлэгч өөрийн эрх ашгийг хамгаалж санал, тайлбараа гаргах боломжтой сонсох ажиллагааны явцад хэлсэн тухайн тайлбар, түүний гаргасан зөрчлийн хэр хэмжээ, гэмшиж байгаа байдал зэрэгт нь тохируулаад шийтгэлийг ногдуулсан. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд эхлээд заавал сануулаад, дараа нь цалингийн хувь хэмжээг хасах гэсэн дарааллыг заагаагүй. Тухайн хууль бус үйлдлийг нь дүгнэж, шалгаж тогтоосон хэд хэдэн хүчин төгөлдөр шийдвэр буюу Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага, зөвлөмжүүдэд гомдол гаргаагүй гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцсэн учраас түүнийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаж буй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н*******ын А*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Нэг. Хариуцагчийн гаргасан шийдвэрийн хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар:
1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаж буй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н*******ын А*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дугаар тушаалыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Тодруулахад:
1.2. Маргаж буй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н*******ын А*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дугаар тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг тус тус үндэслэсэн байна.
1.3. Харин маргаж буй захиргааны актын бодит үндэслэлийг авч үзвэл, Н.А******* нь хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан, төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлэн 2024 оны А/12 дугаар тушаалаар “*******дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хариуцлагын талон мөрдөж ажиллах журам” баталсан зөрчил дахин гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.
1.4. Мөн маргаж буй захиргааны актын эрх зүйн үндэслэлд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 02 дугаар дүгнэлтийн[6] 7 дахь хэсгийг үндэслэжээ.
1.5. Тус дүгнэлтээр “…*******дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А*******г ... Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргаагүй” гэж дүгнэсэн байх боловч уг дүгнэлтийн 7 дахь хэсгийн 7.1-7.5-д[7] дурдсан нэхэмжлэгч Н.А*******д холбогдох таван төрлийн зөрчлийг шалгуулах талаар холбогдох эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд ийнхүү шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийн заалтыг маргаж буй Б/24 дугаар тушаалд шууд эрх зүйн үндэслэл болгосон нь хууль хэрэглээний зарчмын үүднээс ойлгомжгүй болжээ.
1.6. Хэдий тийм боловч шүүхээс маргаж буй захиргааны актын бодит үндэслэлд дурдсан Н.А*******д холбогдох зөрчлүүдийн талаар дараах тухайлсан эрх зүйн дүгнэлтүүдийг хийж байна. Тодруулахад:
1.7. Нэхэмжлэгч Н.А*******гийн “хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан” гэх зөрчлийн тухайд:
1.8. *******дүүргийн нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байсан Н.А*******гийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/62 дугаар тушаалаар[8] Т.Г******* нарын нэр бүхий дөрвөн албан хаагчид цалингийн хэмжээг гурван сар хүртэлх хугацаагаар хорин хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулжээ.
1.9. Тус сахилгын шийтгэлийг ногдуулсны дараа Т.Г*******аас “ээлжийн амралттай байх хугацаанд сахилгын шийтгэл ногдуулсан” агуулгаар Төрийн албаны зөвлөл[9] болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд гомдол гаргасан[10] байх бөгөөд тухайн гомдлыг шийдвэрлээгүй байх хугацаанд нь нэхэмжлэгч Н.А******* нь 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар өөрийн гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/62 дугаартай тушаалыг хүчингүй болгожээ.
1.10. Дээрх байдлаар хуульд нийцээгүй шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтад “хуульд нийцээгүй шийдвэр гаргах;” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн гаргасан маргаан бүхий Б/24 дугаар тушаал үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.11. Хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... /Т.Г*******ийг/ Ажилдаа орохоос нь гурав хоногийн өмнө сахилгын арга хэмжээ авсан нь процессын алдаа учраас би үүнийг залруулсан тушаал гаргасан ...” гэж тайлбарласан боловч энэ нь хуульд нийцээгүй шийдвэр гаргасан нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх хүрэлцэхүйц үндэслэл болохгүй юм.
1.12. Мөн *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байсан Н.А*******гийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар[11] Т.Г*******ийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын мэдэлд шилжүүлжээ.
1.13. Нэхэмжлэгчээс ******** дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Л.Жавзандуламд хандан “... Т.Г******* нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт шилжин ажиллах хүсэлт гаргасан тул шилжүүлэн ажиллахад татгалзах зүйлгүй” гэсэн агуулга бүхий 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар албан бичгийг[12] хүргүүлсэн байх бөгөөд ******** дүүргийн Нийгмийн даатгалын газраас харилцан тохиролцох хариу ирээгүй байхад буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/69 дугаартай "Т*******ийн Г*******ийг шилжүүлэх тухай" тушаалыг гаргажээ.
1.14. Гэтэл Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас *******дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 778 дугаар албан бичгээр[13] Т.Г*******ийг шилжүүлэн ажиллуулах боломжгүй талаар хариу хүргүүлсэн байна.
1.15. Энэ нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, ... албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэсэнд нийцээгүй байна.
1.16. Тиймээс мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь заалтад заасан "хуульд нийцээгүй шийдвэр гаргах" гэж заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн гаргасан Б/24 дугаар тушаал үндэслэлтэй байна гэж дүгнэв.
1.17. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс “... /Т.Г*******ийг шилжүүлэн ажиллуулахад татгалзах зүйлгүй гэх агуулгатай бичгийг/ 10 дугаар сарын 21-ний өдөр гэж бодож байна. Туслах цайны цагаар учир байдлаа хэлээд 21-ний өдрийн бичгийг шууданчаар явуулах гэсэн боловч шууданч ирээгүйтэй холбоотойгоор хугацаа алдчихлаа. Би биечлэн хүргэж өгч байна гээд нарийн бичигт нь өгсөн гэж хэлсэн...” гэж тайлбарласан боловч энэ нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагын нэг болох “байгууллагын удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэх” нөхцөлийг хангаж ажиллаагүй нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
1.18. Энэ талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Хууль хэрэгжүүлэх тухай" 04/2485 дугаар албан бичиг[14] ирүүлж, улмаар *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн "Т*******ийн Г*******ийг ажилд эгүүлэн томилох тухай" Б/83 дугаар тушаал[15] гаргасан байдгийг тэмдэглэх нь зүйтэй.
1.19. Түүнчлэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2025/0001 дугаартай "Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар[16] хариуцагч Т.Г*******ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 3 808 844 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
1.20. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1046 тоот албан бичгээр[17] Төрийн албаны зөвлөлд хандан төрд учруулсан хохирол болох 3 808 844 төгрөгийг *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажиллаж байсан Н.А*******гаар төлүүлэх асуудлыг тавьж, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 02/1124 тоот албан бичгээр[18] Улсын Ерөнхий Прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Ч*******д шилжүүлсэн байдгийг дурдах нь зүйтэй.
1.21. Нэхэмжлэгч Н.А*******гийн “хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлэн 2024 оны А/12 дугаар тушаалаар “*******дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хариуцлагын талон мөрдөж ажиллах журам” баталсан зөрчил дахин гаргасан” гэх зөрчлийн тухайд:
1.22. Нэхэмжлэгч Н.А******* нь *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын албан тушаалыг эрхэлж байх хугацаандаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаар тушаалаар "*******дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариуцлагын талон мөрдөж ажиллах тухай журам"-ыг баталжээ.[19]
1.23. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/03 дугаар шаардлага[20] ирүүлсэн байх бөгөөд уг Шаардлагын 5-д "Тус хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/40 дугаар тушаалаар баталсан "Хариуцлагын талон мөрдөж, ажиллах тухай"-ыг баталж хэлтсийн ажилтан тус бүрт "Хариуцлагын талон" олгосон нь Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн төрлүүдэд хамаарахгүй байх тул уг тушаал, журмыг хүчингүй болгохыг шаардсан байна.
1.24. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний албан шаардлага гарах цаг мөчид хүчин төгөлдөр үйлчилж байсан 2000 оны Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Комиссын гишүүн нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлнэ.” гэж заасны дагуу бичигдсэн дээрх шаардлагын мөрөөр холбогдох байгууллага, албан тушаалтан шаардлагад заасан асуудлаар зохих арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/282 дугаартай албан бичгээр[21] Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст шаардлагын хариуг хүргүүлсэн үйл баримт тогтоогдов.
1.25. Гэтэл энэхүү шаардлага байсаар байхад нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн "Хариуцлагын талон мөрдөн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай" А/12 дугаар тушаал[22] гаргажээ.
1.26. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А******* нь хуулиар өөрт тусгайлан олгогдоогүй эрх эдэлсэн, хуулиар тодорхойлсон, хуулиар олгосон хүрээ хязгаарын дотор шийдвэр гаргах эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн ...” гэж тайлбарласныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.
1.27. Учир нь, нэхэмжлэгчид холбогдох хууль тогтоомжоор “Хариуцлагын талон мөрдөж ажиллах тухай” журам батлах эрхийг шилжүүлээгүй буюу тийм эрхийг олгоогүй, энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний шаардлага байсаар байхад нэхэмжлэгч нь түүнийг үл ойшоон удаа дараа дээрх журмыг баталсан үйлдэл нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.3. дахь заалтад заасан "хуульд нийцээгүй шийдвэр гаргах" гэж заасан эрх зүйт төрийн зарчим, хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхээр байна.
1.28. Нэхэмжлэгч Н.А*******гийн “төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн” гэх зөрчлийн тухайд:
1.29. *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.Г*******аас нэхэмжлэгч Н.А*******д холбогдуулан "... ээлжийн амралттай байх хугацаанд үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь 3 жилд нэг удаа болдог нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтад орох боломжгүй болсон. Мөн хуулийн мэргэжилтэн В.Э*******аар дамжуулан ажлаа өгөх хүсэлт бичиж өгөхийг удаа дараа тулган шаардсан. Тэгэхэд миний зүгээс шилжих газраа олсны дараа хүсэлтээ өгье гэдгээ хэлсэн бөгөөд ******* дүүргийн Нийгмийн даатгалын газарт шилжих хүсэлтээ өгөхөд шийдвэрлээгүй бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өрөөндөө дуудаж "... чамайг шилжүүлэхгүй, хүсэлтээ өгөөд нэг цэгийн үйлчилгээ хариуцсан байцаагч хий, үгүй гэвэл би чамайг ажлаас халах тушаал гаргана.... тэгээд шүүх дээр уулзъя гэж ажлын байрны дарамт үзүүлсэн" гэх гомдлыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст гаргажээ.[23]
1.30. Уг гомдолд дурдсан асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн комиссын гишүүн Б.Э*******ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/08 дугаар "Зөвлөмж"-д[24] "...сахилгын шийтгэл ногдуулсан асуудал нь Т.Г*******ийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг шалгалтад оролцох эрхийг хассан байгаа нь төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, ... *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн "Т*******ийн Г*******ийг ажилд эгүүлэн томилох тухай" Б/83 дугаар тушаалыг гаргасан байгаагаас үзэхэд *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга Т.Г*******ийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамтаас ангид байх эрх нь зөрчигдсөн байна гэж тус тус дүгнэж, “... Төрийн албан хаагчид ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны дарамт үзүүлсэн *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.А*******д Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцох...” гэжээ.
1.31. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад заасан "..., түүнчлэн дарамт, хүчирхийлэл,... үзүүлэх”-ийг хориглоно гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэжээ.
1.32. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад “... шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус зохицуулсан.
1.33. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа төрийн жинхэнэ албан хаагч бусад албан хаагчдаа дарамт, хүчирхийлэл үзүүлсэн эсэхийг холбогдох эрх бүхий этгээд зайлшгүй буюу хөдөлбөргүй тогтоосон байхыг шаардана.
1.34. Гэвч хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н*******ын А*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дугаар тушаалын энэ хэсэгт үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэв. Тодруулахад:
1.35. Хэдийгээр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан боловч тухайн шаардлага, зөвлөмж нь өөрөө хуульд нийцсэн байх төдийгүй үйл баримтыг үнэн зөв тогтоосон байх шаардлага эхэлж тавигдана.
1.36. Монгол Улсын Хүний эрхийн комиссын гишүүн Б.Э*******оос 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/08 дугаар "Зөвлөмж"-ийг гаргахдаа маргааны үйл баримтад шууд хамаарах этгээдүүд болох Т.Г*******, Н.А*******, В.Э*******[25] нараас мэдүүлэг, тайлбар авсан[26] атлаа үйл баримтыг гэрчлэх гэрч болох В.Э*******ын өгсөн мэдүүлгийн талаар зөвлөмждөө дурдаагүй, түүний мэдүүлгийг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар дурдаагүй байгаа нь нэхэмжлэгч Н.А******* нь Т.Г*******т “ажлын байрны дарамт үзүүлсэн” гэх үйл баримтад үндэслэл бүхий эргэлзээг бий болгож байна.
1.37. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон В.Э*******ын мэдүүлгээс үзэхэд, “... Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******: Та Т.Г*******ийн өрөөнд орж ажлаа өгөхийг шаардаж байсан удаа байгаа юу? Гэрч В.Э*******: Би гүйцэтгэх албан тушаалтан байснаас гадна Т.Г******* манай хэлтсийн дарга байсан. Би даргынхаа өрөөнд орчхоод ажлаа өгөхийг шаардах нь ёс зүйн хувьд боломжгүй. Би дарамталсан удаа байхгүй ... Даргалагч: Хүний эрхийн үндэсний комиссын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/08 дугаар зөвлөмж гарах болсонтой холбоотойгоор таныг дуудаж мэдүүлэг авсан зүйл байгаа юу? Гэрч В.Э*******: Нэг удаа дуудсан. Даргалагч: Юу тодруулсан бэ? Гэрч В.Э*******: Т.Г*******ийн талаар асуусан. Өргөдөл гаргасных нь дагуу тушаал гаргасан гэж хэлсэн ...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
1.38. Түүнчлэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс “... *******дүүргийн Засаг даргын дэргэдэх 40 орчим алба нэгж байдгаас манай газар бүх ажлыг тэргүүлж, эхний байруудад байдаг. Гэвч иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэлт муу үзүүлэлттэй буюу нийт гарсан зөрчлийн ихэнх нь Т.Г*******, түүний хариуцсан нэгжийн албан хаагчдаас гарсан зөрчил. Нэгжийн дарга нар удирдлагаар хангаж ажиллах боловч би газрын даргын хэмжээнд шууд алба хаагчидтай хурлаа хийгээд нэгжийнх нь даргаар дамжуулаад өдөр тутам үүрэг өгдөг байсан. Гэвч Т.Г******* өдөр тутмын ажлаа хийдэггүйн нэг тод жишээ нь түүний хариуцсан нэгж муу үзүүлэлттэй, хойгуур жагсдаг үзүүлэлт юм. 10 дугаар сард үүссэн маргааны гол нөхцөл ингэж бүрдсэн юм. Т.Г*******ийн буруутай үйл ажиллагаа, зөрчил байсан уу гэвэл байсан. Нэг удаа болоод өнгөрсөн асуудал биш. Нэгжийн даргаар томилогдсоноос хойш энэ байгууллага намайг залхаасан ...” гэж тайлбарладаг, Т.Г*******ийн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор *******дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/38 дугаар “Хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай” тушаал[27] гарч, түүний ажил байдал хангалтгүй талаар холбогдох албан тушаалтнуудаас тайлбарууд авч байсан[28], Т.Г*******ийн гаргасан зөрчлүүдийг шалган тогтоосон ажлын хэсгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, дүгнэлт гарч байсан[29] зэрэг үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа энэ нөхцөлд хариуцагч нь эдгээр нөхцөл байдлуудыг нэг мөр нягтлан тогтоолгүйгээр, зөвхөн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06/08 дугаар "Зөвлөмж"-д тулгуурлан нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтад заасан "..., түүнчлэн дарамт, хүчирхийлэл, ... үзүүлэх” гэсэн зөрчил гаргасан гэж буруутгасан нь үндэслэл муутай байна.
1.39. Иймд, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.35-1.37-д заасан асуудлуудыг бүх талаас нь дахин нягтлан үзэж, нэхэмжлэгч Н.А******* нь бодит байдал дээр төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн гэх зөрчил гаргасан эсэхийг дахин дүгнэж, шинэ акт гаргах нь зүйтэй байна.
1.40. Нэгэнт шүүх маргаан бүхий захиргааны актад дурдсан гурван бодит үндэслэлээс “Н.А******* нь хуульд нийцээгүй шийдвэр удаа дараа гаргасан, хууль, журмаар тусгайлан олгоогүй эрхийг хэрэгжүүлэн 2024 оны А/12 дугаар тушаалаар “*******дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хариуцлагын талон мөрдөж ажиллах журам” баталсан зөрчил дахин гаргасан” гэх зөрчлүүдийг үндэслэлтэй гэж үзсэн, харин “төрийн албан хаагчид ажлын байрны дарамт үзүүлсэн” гэх зөрчлийг хариуцагч дахин тодруулж, шинэ акт гаргах шаардлагатай гэж шийдвэрлэсэн тул энэ агуулгаараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн “... шийтгэл тохироогүй гэж үзэж байгаа” гэх үндэслэлд тухайлсан эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж үзсэн болно.
Хоёр. Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд:
2.1. Шүүх энэхүү шийдвэрээр нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н*******ын А*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн үлдэх шаардлагууд болох “өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлагуудыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.38-д заасан тодруулах ажиллагаануудыг хийж, дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Б/24 дугаартай тушаал хүчингүй болох бөгөөд түүнтэй дагалдах нэхэмжлэлийн бусад шаардлагууд болох “өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлагууд хангагдах болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын талаар:
3.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Т.Г*******ийн урьд нь улсын байцаагчийн эрх олгох шалгалтад тэнцсэн талаарх баримт болон тушаалын дагуу жирэмсний болон амаржсаны амралт авах хүртэлх хугацааны цалингийн лавлагааг гаргуулах, Т.Г*******ийг шилжин ажиллах хүсэлт гаргасан өдрийн маргааш буюу 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөр түүний ажлыг хүлээн авсан Б.А*******г тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах” хүсэлтийг гаргасан.
3.2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй.” гэж зааснаар гаргуулахыг хүссэн дээрх нотлох баримт нь хэрэгт шууд хамааралгүй, гэрч асуух нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.
1. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.3, 39.1.4 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А*******гийн гаргасан нэхэмжлэлд дурдсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Н*******ын А*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/24 дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацааны дотор хариуцагч шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.39-д заасан тодруулах ажиллагаануудыг хийж, шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Б/24 дугаартай тушаал хүчингүй болж, нэхэмжлэлийн бусад шаардлагууд болох “өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлагууд хангагдахыг тогтоосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 1-р хавтасны /цаашид “1Хх” гэх/ 204 дэх тал
[2] 1Хх 202 дахь тал
[3] 1Хх 15 дахь тал
[4] 1Хх 125 дахь тал
[5] Хэргийн 2-р хавтасны /цаашид “2Хх” гэх/
72-74 дэх тал
[6] 2Хх 48 дахь тал
[7] 2Хх 46-47 дахь тал
[8] 1Хх 24-25 дахь тал
[9] 2Хх 88 дахь тал
[10] 1Хх 122 дахь тал
[11] 1Хх 32 дахь тал
[12] 1Хх 30 дахь тал
[13] 1Хх 31 дэх тал
[14] 2Хх 106 дахь тал
[15] 2Хх 107 дахь тал
[16] 2Хх 165 дахь тал
[17] Хэргийн 3-р хавтасны /цаашид “3Хх” гэх/ 47 дахь тал
[18] 3Хх 48 дахь тал
[19] 1Хх 18-20 дахь тал
[20] 2Хх 72-74 дэх тал
[21] 2Хх 75 дахь тал
[22] 1Хх 21-23 дахь тал
[23] 3Хх 5 дахь тал
[24] Мөн тэнд
[25] Шүүх хуралдааны тэмдэглэл, 2025 оны 06 дугаар сарын 05 өдрийн Дугаар 128/ТМ2025/1660
[26] 3Хх 8-18 дахь тал
[27] 1Хх 45-46 дахь тал
[28] 1Хх 47-54 дэх тал
[29] 1Хх 55-73 дахь тал