Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01086

 

“Н Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/00617 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н Р” ХХК-ийн хариуцагч “Х Ж К” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны хохирол 3 442 300 төгрөг, торгууль 1 583 650 төгрөг, нийт 5 025 950 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөр 5 080 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр NR19/502 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Үүний дагуу ажлын үр дүнг УБИ лед дэлгэцийн самбар хийх ажил байхаар талууд харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу нэг талаас захиалагч буюу “Н Р” ХХК нь ажлын үр дүнг хүлээж авч тохирсон хөлсийг төлөх, нөгөө талаас ажил гүйцэтгэгч “Х Ж К” ХХК нь доголдолгүй ажлын үр дүнг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгөх үүргийг талууд тус тус хүлээсэн. Мөн гэрээний 3.2-т зааснаар захиалагч нь гэрээт ажлын төлбөр болох 60 хувь 7 620 000 төгрөгийг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлнө гэж заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу ажил эхлэхээс өмнө манай компани хариуцагчид урьдчилгаа төлбөр болох 7 620 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Голомт банк дахь 1905136437 дугаарын дансаар хариуцагчид шилжүүлсэн. Гэвч ажил гүйцэтгэгч “Х Ж К” ХХК нь ажлаа бүрэн дуусгалгүй дутуу орхисон. Манай компани 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээг цуцлах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн мэргэжлийн байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төвд хандсан ба үүний дагуу тус компанийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 167 дугаар хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр лед дэлгэцтэй самбарын төмөр бүтэц хийц техникийн чанарын шаардлага хангахгүй, төмөр хоолойг тулгуур болгон ашиглах боломжгүй байна. Лед дэлгэцтэй самбарт хийсэн суурийн ажлын гүйцэтгэл 4 452 700 төгрөг болно гэж тогтоосон. Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгээгүй үлдэгдэл ажлыг өөрөө бүрэн хийж дуусгасан. Иймд ажил гүйцэтгэх гэрээ цуцалсантай холбоотойгоор нийт 4 452 700 төгрөгийн ажил гүйцэтгэсэн “Х Ж К констракшн” ХХК-д 7 620 000 төгрөгийн хөлсийг төлж манай компани хохирсон байх тул хариуцагчаас гүйцэтгээгүй ажлын хөлс болох 3 167 300 төгрөгийг, мөн хариуцагчийн хийсэн ажилд үнэлгээ хийлгэхэд гарсан зардал болох 275 000 төгрөг нийт 3 442 300 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн гэрээний 7.6, 7.7-т зааснаар 1 583 650 төгрөгийн торгууль, хохирол болох 3 442 300 төгрөг нийт 5 025 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын хүсэлтээр “Н Р” ХХК-тай гэрээ хийж, ажлыг хийж гүйцэтгэсэн, тендерээр ороогүй. Нэхэмжлэгч талын үнийн саналтай танилцаад, манай компаниас өөрсдийнхөө үнийн саналыг явуулсан. Манай компани 14 000 000 төгрөгөөр гэрээ хийсэн ч жич гээд доор нь үнэлгээ ороогүй ажлыг зааж өгсөн. Гэрээ хийхэд н.Эрдэнэжаргал гэдэг хүн байхгүй тул өөр хүнтэй хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлын талбай дээр очиж ажил үйлчилгээг явуулах гэтэл доогуур нь явуулж байсан кабель, далд ажлын шугам сүлжээг мэдээгүй байсан. Үүний доогуур янз бүрийн утас явж байгаа, би өмнө нь энд ажиллаж байсан тул мэдэж байна гээд 7 хоног ажлаа хойшлуулсан. Ажлаа хойшлуулсны дараа доод талын утас, кабелийг зохицуулчихлаа гэсэн. Бодит байдал дээр 5 сантиметрын доор явж байсан. Манай ажилчин тогонд цохиулсан. Суурийг нь гар зургаар нь хийчих гэсэн хүсэлт тавихаар нь “Н Р” ХХК-ийн инженер н.Хосбаяр, н.Эрдэнэбат нартай уулзаад, энэ гар зургаар хийх үү, эсвэл бид нарт өгсөн албан ёсны зургаар хийх үү гэхэд үндсэн зургийн дагуу хийнэ гээд н.Хосбаяр гарын үсгээ зураад өгсөн. 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл өдөр бүр ажлаа хийсэн. Манайд ажилладаг байсан хүүхэд бидний хийсэн самбарыг буулгасан байна гэж надад хэлсэн. Түүний дагуу би нэхэмжлэгчийн захирал, холбогдох хүмүүстэй төсвөө үзүүлээд уулзсан. Зургийн дагуу бэхэлгээ зэрэг зүйл байхгүй гээд нэхэмжлэгч компанийн ажилтан залуу гуйгаад байсан болохоор манайх компани өөрийн зүгээс 600 000 төгрөгийг гаргаж нэмэлтээр ажил гүйцэтгэсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Дээрх гэрээний дагуу УБИ лед дэлгэцийн самбар хийх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа болох 60 хувийн төлбөр 7 260 000 төгрөгийг авсан боловч үлдэгдэл 40 хувийн төлбөр 5 080 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Бидний зүгээс УБИ лед дэлгэцийн самбар хийх ажлыг ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөр 5 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч батлагдсан зурагт заасан хэмжээ, үзүүлэлтийг нарийн баримтлаагүйгээс лед дэлгэц угсрах боломжгүй гажсан байсан. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтойн улмаас манай байгууллага өөрсдөө доголдлыг арилгасан. Ажил гүйцэтгэх гэрээний явцад нэхэмжлэгч тал ажлыг хүлээж аваад, ажил хүлээлцэх явцад гүйцэтгэгч талыг дуудаж ирүүлсэн. Гүйцэтгэгч тал ажил хүлээлцэхдээ өөрсдөө ирээгүй, оролцохгүй явсан. Ажлыг хүлээж авахад гэрээнд заасны дагуу шалгахад чанарын шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон. Тухайн үед хийсэн самбар дээр лед дэлгэцийг гаргаж байрлуулахад, ямар ч байрлуулах боломжгүй, самбарын хэмжээ алдагдсан байсан. Босгосон багана нь чанарын шаардлага хангахгүй материалаар хийгдсэн болох нь тогтоогдсон учраас гүйцэтгэгч талыг доголдлоо арилгаж, энэ алдаагаа зас гэсэн үүргийг сануулсан боловч гүйцэтгэгч тал тухайн үед ирдэггүй, тэр чигээрээ явсан. Захиалагч талын ажил нь цаг хугацаатай байсан тул захиалагч тал ажлыг өөрсдөө үргэлжлүүлж гүйцэтгэж хийсэн. Гүйцэтгэгч талын хийсэн ажлын чанзарын шаардлага ямар байсан, манайх үргэлжлүүлээд, ашиглаад хийгээд явсан ажлын үнэлгээ хэр зэрэг байх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н Р ХХК-ийн хариуцагч Х Ж К ХХК-д холбогдуулан гаргасан 5 025 950 гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Х Ж К ХХК-ийн нэхэмжлэгч Н Р ХХК-д холбогдуулан 5 080 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 366 төгрөг, хариуцагчаас төлсөн 97 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт хугацааг хариуцагчид олгохыг хүссэн боловч дараах нөхцөл байдлын улмаас нэмэлт хугацаа тогтоох боломжгүй байсан ба энэ тухайгаа шүүх хуралдааны үед илэрхийлж байсан. Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасанчлан 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээлцэхээр гэрээгээр тохирсон байсан. Гэтэл хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлын талбайг орхин явсан. Үүнийг мэдсэн даруйдаа манай инженер техникийн албаны зүгээс самбарт лед дэлгэцүүдийг суурилуулахаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тухайн газарт очтол дэлгэц байрлуулах төмөр хийц сэнсэрсэн, диагональ алдсанаас үүдэн шоо дөрвөлжин дэлгэцүүдийг угсрах боломжгүй байдал үүссэн, мөн суурь баганыг хуучны шугам сүлжээнд ашиглаж байсан усанд идэгдэж цоорсон турбагаар хийж түүнийгээ нимгэн төмрөөр нууж далдалсан байсан ба салхи шуурганд самбар ганхаж байсан. Энэ хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүгнэлтээр нотлогддог. Самбарыг ашиглалтад оруулах бидний ажил цаг хугацаатай байсан тул хариуцагчид 23-ны өдөр эдгээр доголдлуудыг хариуцан арилгах тухай шаардлагыг утсаар тавьсан боловч чадахгүй гэсэн ба үүнээс хойш ажпаа хүлээлгэж өгөхгүй холбоогүй болсон. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд манай байгууллага 12 700 000 төгрөгийг төсөвлөж анх “Х Ж К” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч доголдолтой ажил гүйцэтгэснээс үүдэн дахин 7 500 000 төгрөгөөр тус ажпыг дахин гүйцэтгэж нийт 15 120 000 төгрөгийг бодит зардал буюу анх төлөвлөсөн дүнгээс 2 420 000 төгрөгөөр илүү зардал үүссэн. Хэрэв хариуцагч гэрээнд заагдсан ажпаа чанарыг шаардлагад нийцэхүйц хийж гүйцэтгэсэн бол 2 420 000 төгрөгний нэмэлт зардал гарахгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Н Р ХХК нь хариуцагч Х Ж К констрашн” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээ цуцалсны хохирол 3 442 300 төгрөг, торгууль           1 583 650 төгрөг, нийт 5 025 950 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 5 080 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Талуудын хороонд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 19/502 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Х Ж К констракшн” ХХК нь УБИ лед дэлгэцэн самбар хийх засварын ажлыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч “Н Р” ХХК нь ажлын хөлс болох 12 700 000 төгрөгийн 60 хувь буюу 7 620 000 төгрөгийг урьдчилан, үлдэгдэл төлбөр 5 080 000 төгрөгийг гэрээт ажил дуусаж, актаар бүрэн хүлээлцсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 5-8 дугаар тал/

            Зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Нэхэмжлэгчээс хариуцагчийг гэрээнд заасан ажлыг доголдолтой хийж гүйцэтгэсэнтэй холбоотой, түүнийг арилгахад гарсан зардлыг хохиролд тооцох нэхэмжилсэн, эсхүл хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой шилжүүлсэн гэрээний үнийг дүнгийн зөрүүг буцаан шаардаж буй эсэх нь тодорхойгүй байна.

            Нэхэмжлэгчээс хариуцагчийн хүлээлгэж өгсөн ажлын доголдолтой холбоотой шаардлага гаргаж буй тохиолдолд уг доголдлын талаар болон түүнийг арилгах талаар талууд харилцан мэдэгдэж байсан эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.  Гэтэл анхан шатны шүүхээс доголдолтой холбоотой гомдлын шаардлагыг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй гэх уг харилцаанд хамааралгүй заалтыг тайлбарлан хуулийг буруу хэрэглэжээ.

            Түүнчлэн, талуудын хооронд ажлын үр дүн бодитой бий болж, захиалагчийн өмчлөл, эзэмшилд гэрээний зүйл шилжсэн эсэх, гэрээнд заасан ажлыг хариуцагч зохих ёсоор гүйцэтгэсэн эсэхийг тодруулж, энэ талаар талуудын нотолгооны үүргийг тодорхойлсны үндсэн дээр Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх юм. Мөн гүйцэтгэгчид шилжүүлсэн ажлын хөлсний урьдчилгаа төлбөрийн зөрүүг шаардаж байгаа тохиолдолд захиалагчид шилжүүлсэн ажлын хэмжээ тодорхой байх учиртай.

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх байдлыг тодруулах ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/00617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцхөлсаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                            Г.ДАВААДОРЖ

 

                                      С.ЭНХТӨР