Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 203

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,                                    

Улсын яллагч Ш.Насанжаргал,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Б овогт Б Б.Ц холбогдох эрүүгийн 201725021486  дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, математекийн багш мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамжны 245а тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “ Шангрила “зочид буудалд өрөөний үйлчлэгч ажилтай байсан, одоо эрхэлсэн ажилгүй,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ……………/ Б овогт Б Ц нь:

 

- 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла” зочид буудлын 7410 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Энхсайхантай маргалдан түүний үснээс зулгаах, нүүрэн тус газар нь гар, тохойгоороо цохих зэргээр хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Энхсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … Би 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад өөрийн ажлын байр болох Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын 710 тоот өрөөнд өрөөний үйлчлэгч Б.Ц хувцсаа журамд заасны дагуу өмсөөгүй байсан ба Э.Цолмонгийн нэг гарынх нь шуу хэсэгт улаан өнгөтэй нилээд том хэмжээтэй шарх байхаар нь би түүнд хандаж чиний гар дээр чинь их том шарх байна. Чи ханцуйгаа буулгаад наад хэсгээ халхалчих, зочин гаднаас орж ирвэл эвгүй харагдах байх гэж хэлэхэд Э.Цолмон гэнэт над руу огцом уурлаж миний өөдөөс уурлаад байхаар нь “ Уучлаарай. Ярих зүйл байгаа бол оффист орж ирээд яриарай “ гэж хэлчихээд байж байтал гэнэт миний үснээс үсдэж аваад доош дараад нааш цааш татаад байсан ба миний духны хэсэгт ямар нэг зүйлээр цохих шиг болсон ба нилээд удаан хугацаанд намайг үсдэж дарж байгаад элдвээр хараагаад байсан. Тэгээд бид хоёрын хажууд манай өрөөний үйлчилгээний дарга байсан тулдаа бид хоёр сүүлдээ салангуут манай дарга Э.Цолмонг өрөөнөөс чирч гаргасан гэжээ. / хх 10-13 /

 

Гэрч Д.Суреш мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Э.Цолмон ажилд ороод удаагүй олон алдаа гаргаад байсан учир өмнөх зочиноос гомдол гаргасан болохоор бид хоёр заавар өгөх гэж орсон. Өгсөн заавар нь цэвэр усыг нь байнга дүүргэж бай, алчууруудыг нь сольж бай. Цэвэрлэгээгээ бүрэн хий гэх мэтийн зүйл би хэлээд Э.Энхсайхан Б.Цд орчуулсан юм. Тэгээд Э.Энхсайхан орчуулж байх үед миний утас дуугараад хэдхэн секунд болоод эргээд харахад Б.Ц Э.Энхсайханы үснээс зулгаагаад гараараа нүүр рүү нь цохиж байсан. Тэгээд би салгах гээд оролдох үед Б.Ц Э.Энхсайханыг үсдсэн хэвээр хөлөөрөө өшиглөөд бас нүүр рүү нь цохих гээд оролдоод байсан. Тэр ноцолдооны үед Б.Ц тохойгоороо Э.Энхсайханы дух руу нь цохьсон. Тэгээд дух нь тэр үед том хавдсан. Тэгээд ямар ч байсан би салгахад Э.Энхсайхан уйлаад үлдсэн ба харин би Б.Цг аваад хүний нөөцийн өрөө рүү авчирсан. Миний ажигласнаар Б.Ц бусад ахлахуудтай зөрчилдөөн байдаггүй гэжээ. / хх 17-20 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7595 дугаар дүгнэлтэнд:

1. Э.Энхсайханы биед тархи доргилт, дух, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. / хх 23 /

 

            Шүүгдэгч Б.Цг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 33-36 /, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-42 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 44 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ийм асуудалд холбогдсондоо харамсаж байна. Бид хоёр харилцан үсдэлцсэн. Гэхдээ би түүний духыг цохиж хавтгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм болохоор хохирлыг нөхөн төлөхгүй гэв.

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла” зочид буудлын 7410 тоот өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Э.Энхсайхантай маргалдан харилцан үстэлцэж, түүний нүүрэн тус газар нь  тохойгоороо цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Б.Ц миний үснээс үсдэж аваад доош дараад нааш цааш татаад байсан ба миний духны хэсэгт ямар нэг зүйлээр цохих шиг болсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Энхсайханы мэдүүлэг / хх 11-13 /, ... Эргээд харахад Б.Ц Э.Энхсайханы үснээс зулгаагаад гараараа нүүр рүү нь цохиж байсан. Тэгээд би салгах гээд оролдох үед Б.Ц Э.Энхсайханыг үсдсэн хэвээр хөлөөрөө өшиглөөд нүүр рүү нь цохих гээд оролдоод байсан. Тэр ноцолдооны үед Б.Ц тохойгоороо Э.Энхсайханы дух руу нь цохьсон. Дух нь том хавдсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Сурешийн мэдүүлэг / хх 17-20 /, ...Э.Энхсайханы биед тархи доргилт, дух, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  7595 дугаар дүгнэлт / хх 23 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Цгийн үйлдлийг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн боловч шүүгдэгч нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн тул 2017 оны Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “ ...үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ “ гэж заасан тул шүүгдэгчийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Цгийн гэм буруут үйлдлийн улмаас хохирогч Э.Энхсайханд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд эмчилгээний зардалд 120.000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан / хх 14  / баримтаар нотлогдож байх тул түүнээс 120.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, Б.Ц нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг  дурьдав.

           

            Шүүгдэгч Б.Ц нь хохирогч Э.Энхсайхантай харилцан үстэлцсэн, тохойгоороо цохиогүй гэж мэдүүлсэн боловч тэд харилцан үстэлцсэн байхдаа шүүгдэгч нь хохирогчийн нүүрэнд тохойгоороо цохьсон болохыг хохирогч, гэрч Д.Суреш нар мэдүүлсний гадна шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Болдын Б.Ц 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Болдын Б.Ц бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг журамлан Болдын Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Б.Цгоос 120.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Энхсайханд олгосугай.

 

6. Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсоугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ОЮУНЧИМЭГ