Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/136

 

 

 

 

        

 

А.М, Б.Ц, Д.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч А.М , түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат,

шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын

08-ны өдрийн 2023/ШЦТ/902 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М ы

өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат, шүүгдэгч Д.Э  нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.М, Б.Ц, Д.Э нарт холбогдох эрүүгийн 2041000400179 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А.М,-

 

Б.Ц,-

 

Д.Э,-

 

1. Шүүгдэгч А.М  нь Э яамны Э с зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл А банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М ” ХХК-ийн ерөнхий захирал Д.Э гаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “К” ХХК-ийн ********** тоот дансанд эхнэр Д.Г-гийн нэрээр 264.000.000 төгрөг, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “С ХХК”-ийн нягтлан бодогч Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шангрила Молл” төвийн орчим 175.000.000 төгрөгийн тус тус хахууль авсан гэмт хэрэгт,

 

2. Шүүгдэгч Б.Ц  нь А банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Э салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “М  ХХК”-ийн ерөнхий захирал Д.Э гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Р ” хотхон 314 дүгээр байр ** тоотодбайрлах “Х" ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4.700.000 төгрөгийн үнэ бүхий Э матрас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан, үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК-ийн “Х” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан гэмт хэрэгт,

 

3. Шүүгдэгч Д.Э  нь 2017 оноос А банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн С барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Э яамны Э с зохицуулагчаар ажиллаж байсан А.М д албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 14-ний 264.000.000 төгрөгийг түүний эхнэр Д.Г-гийн нэрээр шилжүүлсэн, мөн “С ХХК”-ийн нягтлан бодогч Б.У аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175.000.000 төгрөгийн хахууль өгсөн,

уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Ц ид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 31 -ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Р ” хотхоны 314 дүгээр байрны ** тоотод үйл ажиллагаа явуулах “Х” ХХК-ийн дэлгүүрээс 4.700.000 төгрөгийн үнэ бүхий Э матрас 1 ширхгийг худалдаж авч өгсөн, мөн Б.Ц ид Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК-ийн “Х" амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4.037.600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: А.М ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Ц ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  

Д.Э гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт А-ийн М-г үргэлжилсэн үйлдлээр Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Бийн Цийг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө овогт Дгийн Э-г үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,  мөн хуулийн  22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М ы цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 1 жил 11 сар 3 хоногоор, шүүгдэгч Д.Э гийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг 11.970.000 төгрөгөөр тус тус тогтоож,

шүүгдэгч А.М д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний байнга оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр эмнэлгийн үйлчилгээ авахаар зорчих үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүгдэгч Б.Ц , Д.Э  нарт оногдуулсан торгох ялыг тэдний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тус бүрт 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хуулийн хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулж, шүүгдэгч нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх хасах ял”-ын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг, шүүгдэгч А.М д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд, шүүгдэгч Б.Ц , Д.Э  нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан, хэрэгт хавсарган ирсэн “Iphone-13” загварын 1 ширхэг гар утсыг, гэрээс хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа валютаас 8572 ам/долларыг тус тус шүүгдэгч А.М д,

шүүгдэгч Д.Э гийн гэр, ажлын байрнаас хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20.000 дэвсгэрт 430 ширхэг, 10.000 дэвсгэрт 40 ширхэг, 5.000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 4 ширхэг 10000 воныг шүүгдэгч Д.Э д тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч А.М аас хураан авсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 29.900 ам/доллар, 4.078 ам/доллар, 5960 евро, 18.300.000 төгрөг, 5000 рубль, 6.000.000 төгрөг, 1.680.000 /20.000 төгрөг 84 ширхэг/ төгрөг, Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан шүүгдэгч А.М ы 290.000.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Ц ийн 8.737.600 төгрөгийг тус тус улсын орлого болгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.М ы өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...А.М  нь А банкны төслийн зохицуулагчаар ажиллаж байх үед буюу 2017 онд “Сонгинохайрхан жишиг нэгдсэн эмнэлгийн барилга барих тендер”-ийн шалгаруулалтад Австри улсын “В” ХХК шалгарсан байдаг. Харин төсөлд шалгарсан “В'’ ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд болох “М ” ХХК болон “С” ХХК-тай өөрсдийн эрхийн хүрээнд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. А.М  нь А банкны төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа “В” ХХК-тай хууль ёсны дагуу харилцаж, барилгын төслийн ажлыг аливаа доголдолгүй, үр дүнтэй хэрэгжүүлсэн. Төсөлд шалгарсан “В” ХХК нь “Сонгинохайрхан жишиг нэгдсэн эмнэлгийн барилга”-ыг 2021 оны эхээр улсад хүлээлгэн өгснөөр төслийн ажил бүрэн дуусгавар болсон. Д.Э , А.М  нарын хувьд эрх зүйн аливаа харилцаанд орж байгаагүй байхад албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд давуу эрх олгож, хахууль өгсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. А.М  нь 2 удаа цус алдаж, улмаар амь насаа алдах өндөр эрсдэл шууд үүсч элэг шилжүүлэн суулгах хагалгааг 2019 онд БНСУ-д хийлгэсэн бөгөөд хагалгааны санхүүжилтийг босгохын тулд бүхий л таньдаг хүмүүсээсээ мөнгөн тусламж гуйсан. Тэдгээр хүмүүс өөрсдийн чадах чинээгээр өгөх нь өгч, зээлэх нь зээлж байсан. Энэ хүнд үед буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.Э  өөрийн боломжоор чин сэтгэлээсээ тусалсан явдал нь тэдгээрийг өнөөдөр гэмт хэрэгт буруутгах үндэслэл болсон. Миний үйлчлүүлэгч Д.Э г аливаа тендерт шалгаруулаагүй, дэмжээгүй, ажил төрлийн харилцаа, хамаарал байхгүй байсан учир хуучны танилын хувьд элгээ шилжүүлэн суулгамаар байна, амь насаа аврахын тулд туслаач гэж гуйсан нь үнэн бөгөөд мөнгө зээлсэн, өгсөн дээр маргаагүй. Зээлсэн үйлдэл нь ямарваа нэгэн хээл, хахуулийг халхавчлах зорилго агуулаагүй, учир нь зээлийг ил тод байдлаар эхнэрийнхээ нэрээр, дансаар зөвхөн ганц удаа авсан нь үнэн. Харин 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Д.Э гаас 175 сая төгрөгийг огт аваагүй бөгөөд энэ байдлаа ч Д.Э  өөрөө шүүх хурал дээр дэлгэрэнгүй тайлбарласан. А.М ы хувьд хууль эрх зүйн мэдлэггүй, Д.Э гаас зээл авч байгаа үйл баримтыг хожим гэмт хэргийн шинжийг агуулж болзошгүй гэдгийг мэдэхгүйгээр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд холбогдуулан мөнгө зээлж авсан гэдгийг анхнаасаа мэдүүлж, чин сэтгэлээсээ ухамсарлан ойлгосон. Миний үйлчлүүлэгч А.М ы анх удаа санамсаргүй үйлдсэн үйлдэл, гэмт хэргийн хохирол, төлбөргүй, Э зайлшгүй хүнд өвчин зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэхгүйгээр торгуулийн ял шийтгэл оногдуулах хууль зүйн бүрэн боломжтой байсан. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн бол миний үйлчлүүлэгч А.М д Эрүүгийн хуулийн 1.8, 7.1 дэх зүйлийг бүрэн хэрэглэх боломжтой байсан гэж үзэж энэхүү гомдлоо гаргаж байна. ...” гэжээ.

 

Шүүгдэгч А.М ы өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гаргасан гомдлоо дэмжиж байгаа. А.М  нь 2 удаа цус алдаж улмаар амь насаа алдах өндөр эрсдэл үүсэж элэг шилжүүлэн суулгах хагалгааг 2019 онд БНСУ-д хийлгэсэн бөгөөд хагалгааны санхүүжилтийг босгохын тулд бүхий л таньдаг хүмүүсээсээ мөнгөн тусламж гуйсан. Тэдгээр хүмүүс өөрсдийн чадах чинээгээр өгөх нь өгч, зээлэх нь зээлж байсан. Энэ хүнд үед буюу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Д.Э  өөрийн боломжоор чин сэтгэлээсээ тусалсан явдал нь тэдгээрийг өнөөдөр гэмт хэрэгт буруутгах үндэслэл болсон. Миний үйлчлүүлэгч Д.Э г аливаа тендерт шалгаруулаагүй, дэмжээгүй, ажил төрлийн харилцаа, хамаарал байхгүй байсан учир хуучны танилын хувьд элгээ шилжүүлэн суулгамаар байна, амь насаа аврахын тулд туслаач гэж гуйсан нь үнэн бөгөөд мөнгө зээлсэн, өгсөн дээр маргаагүй. Зээлсэн үйлдэл нь ямарваа нэгэн хээл, хахуулийг халхавчлах зорилго агуулаагүй учир нь зээлийг ил тод байдлаар эхнэрийнхээ нэрээр, дансаар зөвхөн ганц удаа авсан нь үнэн. Хагалгаанд орсны дараа Улсын төв эмнэлгийн дэргэд байрлах эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад орсон. Элэг шилжүүлэн суулгуулсан хүнд тодорхой эмийг сар тутам олгодог. Энэ талаар эмч нар дүгнэлт гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан байгаа. Дээрхээс үндэслэн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүхээс А.М д зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж тогтоосон нь түүний Э байдалд нийцээгүй гэж үзэж, уг ялыг өөрчлөн торгох ялаар сольж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч Баянзүрх дүүрэг, Гачууртад оршин суудаг бөгөөд хяналтад нь байдаг эмнэлэг нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг. Түүнчлэн дээр дурдсан өвчний эрсдэл бүрэн арилаагүй бөгөөд шаардлагатай тохиолдолд гадаад улсад эмчилгээ хийлгэх, дахин үзүүлж хяналтад орох зэрэг нөхцөл байдлууд үүсэх боломжтой. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.М ы өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...бидний зүгээс миний үйлчлүүлэгчийн хувийн болон Э байдал, улсад хийж бүтээсэн ажил зэргийг харгалзан үзэж энэрэнгүй ёсны зарчмыг баримталж шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс үйлчлүүлэгчдээ эрүүл мэндийнх нь байдал муу үедээ тусламж хүсэх байдлаар, эмчилгээндээ зориулж мөнгө авсан нь буруу талаар тайлбарлаж ойлгуулсан. Миний үйлчлүүлэгч энэ үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж, өөртөө дүгнэлт хийж байгаа. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж А.М д торгох шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Э  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э  миний бие 51 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний ээж эмч мэргэжилтэй, академич, анагаах ухааны доктор, профессор, хүний гавъяат эмч, ардын эмч цолтой хүн бөгөөд Э салбарт 43 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан өндөр настан байдаг. Миний бие өнгөрсөн 20 жилийн хугацаанд ээжтэйгээ адилаар хүний амь нас, эрүүл мэндийг аврах буянтай үйлсэд бүхий л амьдралаа зориулсан эмч, эмнэлгийн ажиллагсдын ажлын багаж хэрэгсэл, орчин нөхцөлийг сайжруулах, Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бусад улс орны жишигт хүргэж хөгжүүлэхэд өөрийн чадах чинээгээрээ тус нэмэр болохын төлөө гэр бүлийн хамт бүхий л ажил, амьдралаа зориулж ирсэн. Гэтэл өнөөдөр өөрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, хүний амь насыг аврах шахамдуу хүнд нөхцөл байдлын улмаас шүүхийн хаалга татаж, олон жилийн хөдөлмөр зүтгэлээр Монгол Улсын Э салбарт бодит эерэг үр дүнгээ өгсөн гадаад, дотоод улс дахь хариуцлагатай хамтын ажиллагаа, ажил үйлс, нэр төр, ойр тойрныхоо хүмүүсийн сэтгэлд сэв суулгах, эрүүгийн хариуцлага хүлээх болсондоо хувь хүний хувьд итгэж чадахгүй, сэтгэл зүйн гүн хямралд байна. Миний бие анх удаа 2008 онд лабораторийн дэлхийн шилдэг технологийг Монголын Э лабораторийн салбарт нэвтрүүлсэн. Түүний үр дүнд Монгол Улсын донорын цусны аюулгүй байдал, халдваргүй байдал, үнэн зөв бодит лабораторийн хариу гаргах бүрэн автомат дэлхийн бренд технологийг Монгол Улсад анхлан нэвтрүүлж Монголын ард түмэн үр шимийг нь хүртэж байгаа билээ. Дэлхийн тэргүүлэх үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн болох СТ, МРТ, ангиографи зэрэг дүрс оношлогооны бүх төрлийн тоног төхөөрөмжийг Улаанбаатар хот болон аймаг, хотуудад суурилуулж, инженер техникийн ажилчдаа анх удаа Монголдоо дүрс оношлогооны мэргэжлийн инженерүүд болгон хөгжүүлж гадаад улсад мэргэшүүлснээр хот, хөдөөд ялгаагүй СТ, МРТ-н зураг авах, ангиогийн хагалгаа тасралтгүй хийх орчин нөхцөлийг бүрдүүлж, сервис үйлчилгээг Монгол инженерүүд гардан хийх чадавхитай болгож, гадаад улсаас өндөр үнэ хөлстэй инженер, мэргэжилтнүүдийг манай улс урьж залах шаардлагагүй болгосон. Миний бие Монгол хүнийг эрүүл байлгах, улсынхаа Э салбарт ямагт чанарыг дэлгэрүүлэхийг хичээн зүтгэж ирсэн. Манай компани нь дэлхийн бренд компаниудын бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээл дээр анх нэвтрүүлж, ойлгуулж, үр шимийг нь өнөөг хүртэл хүртээж ирсэн хэдий ч хувь хүн миний бие эрүүгийн ял шийтгүүлснээр дээр дурдсан дэлхийн бренд үйлдвэрлэгч компаниудын өмнө Монгол Улсын Э салбарын нэр хүндийг давхар чирэх магадлалтай байгаад туйлын ихээр харамсаж, сэтгэл санааг туйлдуулж байна. Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгсөн гэдэгт гэм буруутай гэж үзэж ял оногдуулсан. Энэ хэрэгт холбогдсон А.М ы хувьд миний ажил мэргэжил, үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэггүй ч хувийн зүгээс янз бүрийн байдлаар мөнгө асуух, зээлээч гэдэг байсан ба энэ талаар манай хуульчаас Авлигатай тэмцэх газарт удаа дараалан мэдэгдэж байсан нь хэрэгт баримтаар хавсаргагдсан. Харин 264 сая төгрөгийг яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон гэж гуйсных нь дагуу арга буюу хүний амь насны цаг тулсан асуудал яригдаж байхыг ойлгож өрөвдөн, мөн ээж минь элэгний С вирусаар олон жил өвдсөн, өвөө, өөрийн аавыгаа насны залууд нь элэгний өвчнөөр алдаж байсан болохоор бусдын амь насыг аврах, хүн ёсны тусламж үзүүлэх зорилгоор зээлсэн бөгөөд хахууль гэж огт өгөөгүй, үүгээр дамжуулан өөртөө давуу байдлыг ч бий болгоогүй, энэ талаараа ч мэдүүлэгтээ удаа дараалан тогтвортой хэлж байсан. Мөн матрасыг зарж байсан дэлгүүрийн хариу хүргүүлсэн албан бичигт намайг матрас өгсөн гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Б.Ц  өөрийнхөө бонусаар матрасыг авсан байдаг. Тухайн дэлгүүрт олон жил үйлчлүүлсэн, гишүүнчлэлд нь багтдаг хүн юм билээ. “Х”-д амралт захиалж өгсөн нь үнэн. Би өмнө тэр газарт гэр бүлийнхэнтэйгээ амарч байсан. Тухайн амралтын газрын захирлын ирүүлсэн албан бичигт Цид мөнгө шилжүүлсэн гэсэн зүйл дурдагдаагүй.  Мөн миний хувьд анх удаа үр хүүхдэдээ айдас цочрол үзүүлж, гэнэт цагдан хоригдож сэтгэл санаа айж түгшсэн байдалтайгаар, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөнгө, эд зүйл өгсөн гэдгээ хүлээ, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгснөө сайн дураараа илчилж ирсэн гэдгээр тайлбар бичиж өг гэж мөрдөгчдийн зүгээс тулгасан, шахсан, дарамталсан нөхцөл байдалд хэлсэн бүхнийг нь хүлээсэн мэдүүлэг өгсөн боловч яг үнэндээ би 175 сая төгрөг ч өгөөгүй, матрас ч өгөөгүй, Ханхужирт амралтын мөнгийг ч төлөөгүй, 264 сая төгрөгийг л эмчилгээнд туслах зорилгоор зээлүүлсэн, бодит үнэн болсон зүйл бол энэ. Үүнийгээ ч анхан шатны шүүх хуралдаанд хэлж, зөв бурууг ялгаж, салган, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурийг илэрхийлсээр байсан. Харамсалтай нь анхан шатны шүүхээс өөртөө давуу байдал бий болгохоор хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэсэн. Уг нь А.М ы ажил байдал нь надад болон манай компанид ямар ч давуу байдал олгох нөхцөл байдал байхгүй, хамааралгүй бөгөөд хэрэгт авагдсан эмнэлгийн төслийн гүйцэтгэгчээр шалгарч, Э яамтай гэрээ байгуулсан Ерөнхий гүйцэтгэгч компани нь Австри Улсын “В” гэх компани байдаг. Харин манай компани нь тухайн гадаадын компанитай туслан гүйцэтгэгчээр л гэрээ байгуулсан, Э яам болон аль нэг төрийн байгууллагатай гэрээ байгуулж эрх зүйн харилцаанд орсон зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл, манай компани төслийн ерөнхий гүйцэтгэгч “В” компанид ажил гүйцэтгэн өгч, тухайн гадаад компаниас л гэрээний төлбөрөө авч байсан ба “В” компаниас надтай болон манай компанитай холбогдуулан аливаа авлига, нөлөөллийн асуудлаар хэзээ ч ярьж байгаагүй, хуулийн байгууллагад энэ тухай хандаж байгаагүй болно. Түүнчлэн уг төслийн ерөнхий гүйцэтгэгч “В” компанийн ажлын гүйцэтгэлийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Э яам, Сангийн яам болон ЭМСХХ 4, 4+ төслийн нэгж, А банк зэрэг байгууллагууд хянан шалгаж байсан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байхад эсрэгээр нь иргэн Д.Э  намайг л ганцааранг нь онцлон шалгаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж муйхарлан үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Өмгөөлөгч нарын хэлснээр, хэдийгээр шинэ Эрүүгийн хуулиар давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин нэмэлт ажиллагаа хийлгэх, мөрдөгч, прокурорын дутуу шалгасан ажлыг нөхөж нягтлан шалгуулахаар прокурорт буцаах боломжгүй болсон гэдгийг ойлгож байгаа ч өмгөөлөгч нарын гомдолд дурдсанчлан энэ хэргийг шалгахдаа хуулийн хүрээнд шалгаж, нягтлах асуудал дутуу орхигдуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн гэдгийг хэлэхийг хүсч байна. Хэрэв тийм зөрчил байна гэж давж заалдах шатны шүүхээс үзвэл анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох боломжтой эсэх, мөн миний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгох боломжтой эсэх зэрэг миний хэргийг сайтар нягтлан үзэж эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийн боломж байгааг анхаарч үзэн, шийдвэрлэж өгнө үү. Түүнээс гадна өмгөөлөгчийн хэлснээр, А.М  нь элэг шилжүүлснээс үүдэлтэй Э тогтворгүй хүнд байдлаасаа болж хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлснээр эрх зүйн байдлын хувьд асуудлыг хурдан дуусгахын тулд хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байхад эсрэгээрээ миний хувьд эрх зүйн байдлаа дээрдүүлэх болон өөрийгөө өмгөөлүүлэх алхам хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, улмаар юу ч яриад нэмэргүй байдалд өөрийн эрхгүй оруулж байна. Эцэст нь миний энэ хэргийн талаар Авлигатай тэмцэх газарт илчилж мэдэгдэж байсан, тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, нотолбол зохих байдлыг хангалттай хуульд зааснаар шалгаж нотолж чадаагүй, хохирол, төлбөргүй, өөртөө ямар нэгэн давуу байдал бий болгоогүй зэргийг харгалзан үзнэ үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.М  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч нарынхаа гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Би 264 сая төгрөгийг хагалгаанд орохын тулд зээлж авсан талаараа анхнаасаа мэдүүлсэн. Харин 175 сая төгрөг аваагүй. Намайг 461 дүгээр хорих ангид хоригдоод 15 хонож байхад мөрдөгч Дамдинсүрэн “та 175 сая төгрөг авсан байна” гэж надад танилцуулсан. Тухайн үед Б.Баатарсайхан өмгөөлөгч надтай хамт байсан. Тэр үед би нэгэнт миний амийг аврахад тусалсан хүн ингэж хэлж байгаа бол яахав дээ гэж бодоод “тийм” гэж хэлсэн. Тухайн үед би олон хүнээс мөнгө асууж цуглуулсан. Би Олон улсын байгууллагад сүүлийн 15 жил ажилласан. Энэ хугацаанд намайг төрийн албан хаагч гэж үздэггүй байсан. Э яамнаас ч надад нийтийн албан тушаалтан гэдгийг маань хэлээгүй. Гэтэл мөрдөгч Улсын хурлын тогтоол харуулж, уг тогтоолд зааснаар нийтийн албан тушаалтан гэдгийг хэлж өгсөн. Тэрнээс өмнө би нийтийн албан тушаалтан гэдгээ мэдээгүй явсан. Би зээлж авсан мөнгөө төлсөөр байгаа. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э гийн хэлсэн зүйлс үнэн зөв. Би матрасыг өөрийнхөө бонусаар худалдаж авсан. “Х” амралтын газарт би өөрөө мөнгө төлж амарсан. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Э гийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн материалаас харахад миний үйлчлүүлэгчийн ажиллаж байсан компани Монгол Улсын Э салбарт маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Миний үйлчлүүлэгч А.М тай эрх зүйн харилцаанд орж байгаагүй бөгөөд анхан шатны шүүхээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, тухайн тендерийг Австрийн компани авсан ба Д.Э гийн компани нь туслан гүйцэтгэгч компани байсан. Мөн А.М  нь өөрийн амь нас аюултай байдалд байгаа талаар Д.Э д хэлж ойлгуулан түүнээс 264 сая төгрөгийг зээлсэн. Миний үйлчлүүлэгч хүний амь насыг аврах гэж хүн ёсны үүднээс энэ мөнгийг зээлсэн талаараа тогтвортой мэдүүлсэн байдаг. Түүнчлэн 175 сая төгрөг өгсөн гэх хэрэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дурдсан баримтууд нь агуулгын хувьд зөрүүтэй байдаг. Тухайлбал, хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн 2 удаагийн албан бичиг зөрүүтэй байна. Авлигатай тэмцэх газраас энэ зөрүүг арилгах талаар ажиллагаа хийж мэдүүлэг аваагүй. Мөн “Х” амралтын газарт миний үйлчлүүлэгч захиалга өгсөн боловч төлбөрийг Б.Ц  төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Матрасыг Б.Ц  бонусаараа авсан гэдгээ өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүллээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасан яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг дангаар тэдгээрийн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн эргэлзээтэй мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгч Монголд эмчлэгдэх боломжгүй зүрхний өвчний оноштой бөгөөд холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Яаралтай гадаад улсад хагалгаа хийлгэх шаардлагатай тул давж заалдах шатны шүүх шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалтыг цуцалж өгнө үү. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд миний үйлчлүүлэгч хэргийг илчилж мэдүүлэг өгсөн байдаг ба энэ талаар Авлигын эсрэг конвенцэд дурдахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлсэн, хэргээ хүлээсэн зэрэг байдлыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамааруулахаар заасан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмаар миний үйлчлүүлэгчийн үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц ийн өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие энэ хэрэгт давж заалдах шүүхийн шатнаас оролцож байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, нотлох баримтууд эргэлзээтэй, хэргийн бодит нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх хэргийн талаар бодит дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгчийн зүгээс Б.Ц ийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэрэгт тооцохооргүй үйлдэл гэж үзэж байна. Б.Ц ид Б.Э гийн компанид санхүүжилтийг шийдвэрлэж өгөх, бусад байдлаар давуу байдал олгох сэдэлт, санаа зорилго байгаагүй. Д.Э гийн компани нь туслан гүйцэтгэгч компани. Миний үйлчлүүлэгч “Х” гэх сүлжээний компанид элссэн хүн. Энэ компанид элссэн хүн дороо хүн элсүүлбэл бонус оноо нэмэгддэг. Тийм учир өөрийн танил Б.Э г дээрх компанид элсүүлсэн. Б.Ц , Б.Э  нар хоёулаа тэр гудаснаас авсан байдаг бөгөөд миний үйлчлүүлэгч өөрийн бонус оноогоор тухай гудсыг авсан. “Х” амралтын газарт миний үйлчлүүлэгч өөрөө мөнгөө төлж амарсан ба Б.Э д гайгүй өрөө захиалаад өгөөрэй гэж ярьж байснаас биш Б.Э гаар мөнгө төлүүлсэн гэх баримт байхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Дээрх мэдүүлгүүд хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдох ёстой байтал хэрэгт авагдсан бусад баримтууд нь эргэлзээтэй. Түүнчлэн шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа мэдүүлгийг хөтөлсөн, дарамталсан, айлган сүрдүүлсэн, тулгасан, оролцогчийн эрхийг зөрчсөн нөхцөл байдлууд харагддаг. Энэ талаар шүүгдэгч удаа дараа гомдол гаргаж байсан ч үүнийг шүүх анхаарч үзээгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч Б.Э  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан А.М , Б.Ц  нарт 2018-2022 он хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх гэмт хэргийг, шүүгдэгч А.М , Б.Ц  нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон, тогтоогдсон. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх зөвхөн яллагдагч нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна. Шүүгдэгч нарын гэм буруутай болох нь дээрх мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогддог. Жишээлбэл, тухайн матрасыг худалдан борлуулдаг дэлгүүрт Авлигатай тэмцэх газраас нэгжлэг, үзлэг хийсэн. Үзлэг хийсэн тэмдэглэлээр тухай матрасыг Б.Э  худалдан авсан болох нь тогтоогдсон бөгөөд тухайн дэлгүүрээс ирүүлсэн албан бичигт мөн дурдагдсан байдаг. Б.Э  мэдүүлэгтээ энэ талаар дэлгэрэнгүй дурдсан. Энэ мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцож байсан бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Б.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...миний мөнгө өгсөн шалтгаан ажлаа хурдан явуулах зорилготой байсан...” гэж дурдсан байдаг ба 264 сая төгрөгийг санхүүжилтээ авах зорилготой өгсөн гэдгээ мэдүүлсэн. Түүнчлэн шүүгдэгч А.М  дээрх мөнгийг хахууль хэлбэрээр авсан гэдгээ хүлээж мэдүүлсэн. Дээрх мэдүүлгүүдийг авахад өмгөөлөгч байлцуулсан. Шүүгдэгч Б.Э  175 сая төгрөгийн хахууль өгсөн талаар өөрөө анх мэдээлсэн. Уг мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж гар утсанд үзлэг хийх явцад А.М , Б.Э  нар мөнгөний талаар харилцсан болох нь тогтоогдсон бөгөөд тухай мөнгийг Шангрила дэлгүүрийн гадаа дүүгээрээ хүргүүлсэн талаараа Б.Э  мэдүүлсэн. Түүний дүү Ууганбаатар мөнгийг хүргэж өгсөн талаараа гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Иймд анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтыг үнэлж үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.М, Б.Ц, Д.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.М ы өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат, шүүгдэгч Д.Э  нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч А.М  нь 2015 оноос 2022 оны хооронд Э яамны Э с зохицуулагчаар ажиллаж байсан ба тэрээр 2017 оноос 2021 он хүртэл А банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах С барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М " ХХК-ийн ерөнхий захирал Д.Э гаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 264.000.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “С ХХК”-ийн нягтлан бодогч Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим 175.000.000 төгрөгийн тус тус хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэрч В.Гын “...А.М д 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 264 сая төгрөгийн хувьд элэгний эмчилгээнд зориулж манай байгууллагаас сайн санааны хандив болгон өгсөн. ...тэр үед Д.Э  захирал надад А.М  нь албан тушаалын байдлаар дарамтад оруулж мөнгө нэхдэг талаар ярьдаг байсан. ...Одоо санаж байхад 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Д.Э  захирал надад  А.М ы хууль бусаар манай санхүүжилтийг удаашруулдаг, улмаар авлига нэхдэг зүйлийг хэлж хуулийн байгууллагад хандаж өргөдөл бичсэн. ...” /2хх 25-27/,

 

гэрч Б.У ын “...манай захирал Д.Э  намайг дуудаж уулзаад чи А.М  гэдэг хүн рүү вабер интернэт сүлжээгээр яриад энэ цүнхтэй зүйлийг өгчих гэж хэлсэн. Би түүнийг аваад 99018213 гэсэн дугаарын утас руу вабер интернэт сүлжээгээр залгахад намайг А.М  Шангрила зочид буудлын ард талд, Хуримын ордны урд хүрээд ир гэсэн, тэгээд би өдөр 14-15 цагийн орчимд Шангрила зочид буудлын ард талд очоод А.М д өгсөн. ...” /2хх 36-37/,

 

гэрч Ц.Ггийн “...2018 онд “Энконто тауэр” хотхонд нөхөр М бид хоёр байр авахдаа зориулж Д.Э гаас 264 сая төгрөгийг зээлсэн. Үүнийгээ төлөх зорилгоор байранд нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан. ...” /2хх 33/,

 

Д.Э гийн яллагдагчаар “...төлбөр, тооцоо авах болох үед л А.М тай харьцах болдог, санхүүжилт өгөхгүй удаад байдаг болохоор их төвөгтэй, сунжраад байдаг. Манайх бүтэн жил санхүүжилтээ авч чадаагүй. Бүх юм аа барьж дууссаны дараа л санхүүжилтээ авч байсан. Санхүүжилтээ авах гэж л асуудалд ордог. Санхүүжилтээ авъя гэхээр шалтаг хэлэхгүй, удаад сунжраад тэрийгээ хий, энийгээ хий гээд л байдаг. ...Санхүүжилтээ авъя гэхээр М надаас хэдийг өгч чадах уу гээд 150-200 сая төгрөг өгөх боломж байна уу гэж асуудаг. ...Би санхүүжилтээ авахын тулд энэ мөнгийг нь дундажлаад 175 сая төгрөг өгөхөөр болсон. Боломжгүй гэж хэлэх боломжгүй, боломжгүй гэвэл дараагийн санхүүжилтээ боолгох учраас хэлсэн зүйлээс нь татгалзах боломжгүй байдаг. Энэ мөнгөний талаар надтай 2022 оны 4 дүгээр сард ажил дээр нь уулзах үед хэлж байсан. Тэгээд хэлсэн мөнгийг нь цуглуулж байгаад 2022 оны 4 сарын сүүлээр билүү 5 сарын эхээр 175 сая төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд үеэл дүү У -аар өгч явуулсан. Уг мөнгийг Шангрила зочид буудлын ард уулзаад авъя гэж М хэлсэн. Ууганбаатар Шангрила зочид буудлын хойд талынх нь зам дээр нь өглөө гэж хэлсэн. Энэ мөнгийг өгсний дараа 1,2 сая долларын буюу 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авсан. ...М намайг 264 сая төгрөг шилжүүлээч гээд дансны дугаар өгсөн. ...Тухайн үедээ В.Гантулгын дансанд байсан компанийн барилгын материалд явах гэж байсан 200 гаруй сая төгрөгнөөс үлдсэн 187 сая төгрөгийг гаргуулан авч үлдсэн мөнгийг нь компанийн данснаас гаргуулан нийт 264 сая төгрөг болгон А.М гийн надад өгсөн Худалдаа хөгжлийн банк дахь “К” ХХК-ийн дансанд түүний хэлсний дагуу гүйлгээний утгаар шилжүүлсэн. Би мөнгийг дуртайдаа өгөөгүй гэдгээ ярих хэрэгтэй байх тухайн үед компанийн санхүү маш хүнд байсан үе. А.М  нь ажилдаа өглөө 10 цагт ирээд 14 цаг гэхэд яваад өгнө, уулзахад маш хүнд, санхүүжилтээ хянуулахад хүнд байсан. ....2019 оны хавьд А.М  надтай уулзаад танай компанид өр төлбөрөө төлж дуусаагүй барилга байгаа юу гэж асуухаар нь би “Ж ” ХХК-тай 525 м2 талбай бүхий оффис худалдан авах гэрээ байгуулсан талаараа хэлсэн юм. Би бодохдоо А.М  манай компанийг “Ж ” ХХК-аас оффис худалдан авч байгаа гэдгийг мэдэж байсан юм байна лээ. Тэгээд А.М  уг оффисыг үлдэгдэл төлбөрөөс 600 сая төгрөг төлөөд хүүхдийн  цэцэрлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах санал тавьсан. Би тухайн үедээ гайхаад энэ хүн миний оффисыг авах гэж байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэхдээ би үгүй гэх хэлж чадаагүй, хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед А.М  нь намайг албан тушаалаараа дарамталж байгаа юм шиг санагдсан. Ерөнхийдөө хандлага нь их хэцүү хүн. Тухайн үедээ намайг дарамтад оруулж байгаад уг байранд үйл ажиллагаа явуулсан гэж ойлгож болно. ...ажлын чиг үүргийн хувьд А.М   нь барилгын ажлын явцад хяналт тавих үүрэгтэйгээр оролцдог байсан. Тэрээр доод албан тушаалтнуудаараа манай гүйцэтгэлийн хяналтыг дахин хянуулах, оновчтой бодитой бус алдаа гаргуулан буцаах, дахин, дахин хянуулах зэргээр албан тушаалын байдлаар дарамт шахалт үүсгэдэг байсан. Маш их цаг зав гаргаж ажил хийсэн манай ажилчдыг байнга үндэслэлтэй бус шалтгаанаар буцаах, Э яамны нэг дарга солигдоход бүх баримт бичгийг өөрчлөх зэргээр дарамт, шахалт ирүүлдэг байсан. ...А.М д мөнгө өгсөн шалтгаан бол ерөөсөө ажлаа хурдан явуулах л байсан. Учир нь албан тушаалтан гарын үсгээ зурахгүй байна гэдэг нь компанийн ажлыг хэвийн явуулахад маш хүндрэлтэй байдаг байсан. ...” /2хх 122-123, 131-133/,

 

А.М ы яллагдагчаар “...2018 онд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж ” ХХК-ийн барьсан “Романа резидентс” хотхонд 4 өрөө бүхий 170 м2 байранд амьдарч байснаа худалдан борлуулсан. Тэгээд “Кс” ХХК-ийн Энканто хотхонд шинэ байр худалдан авахаар захиалга өгсөн. Тэгээд хуваарьт төлбөрөө хийгээд явж байсан, 2018 оны 12 дугаар сард төлбөр хийх шаардлагатай болсон бөгөөд би Д.Э тай уулзаж 264 сая төгрөг зээлэх талаар ярилцан тохиролцсон. ...2019 оны 10 дугаар сарыг дуустал эмчилгээ хийлгэж элэгээ бүтэн солиулсан. Тэгээд мөнгийг тухайн үедээ өгч чадаагүй хойшлуулаад яваад байсан. ...Д.Э гийн мэдүүлсэн зүйл үнэн зөв байна. ...264 сая төгрөгийг бусдаас хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д.Э гийн дүү гэх залуу 175 сая төгрөгийг Шангрилагийн гадаа авчирч өгсөн. Мөнгөний хагас хэсгийг ам.доллар болгож солиулсан, харин хагасыг нь хэвээр хадгалж байсан. ...Миний хувьд Д.Э гаас зээл нэрээр халхавчлаад уг мөнгийг хахуульд авсан гэж ойлгож болно. ...Д.Э гийн компанийн хувьд гүйцэтгэл маш сайтай компани байсан. Яахав гүйцэтгэлээ манай дээр авчирхаар нь төслийн инженер Ц, санхүү Маргад бид гурав танилцсан талаар гарын үсэг зурдаг. ...Миний хувьд зарим тохиолдолд гүйцэтгэлийг удаах зэрэг үйлдэл гаргадаг байсан. ...” /2хх 102-103, 106/ гэсэн мэдүүлгүүд, мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 700 дугаартай зөвшөөрөл /1хх 136-137/, баримт бичигт үзлэг хийж хураан авсан тухай 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, хавсралт /1хх 138-140/, А.М ы хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүд /2хх 149-169/, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт /2хх 170-172/,  Э яамны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2/3103 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд /2хх 174-184/,  Худалдаа хөгжлийн банк дахь ********* дугаартай дансны хуулга /2хх 209-210, 3хх 15-39/, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6/4449 дугаартай албан бичиг, хавсралт /3хх 59/, дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /3хх 61-62/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 170-175/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн болон Э байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч А.М ы өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат нарын нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солиулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин шүүгдэгч А.М ы үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар болон хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнийг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай болжээ.

Хавтас хэрэгт Д.Э гийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн “...санхүүжилтээ авъя гэхээр М надаас хэдийг өгч чадах уу гээд 150-200 сая төгрөг өгөх боломж байна уу гэж асуудаг. ...би мөнгийг дуртайдаа өгөөгүй гэдгээ ярих хэрэгтэй байх, тухайн үед компанийн санхүү маш хүнд байсан үе. А.М  нь ажилдаа өглөө 10 цагт ирээд 14 цаг гэхэд явчихдаг. Уулзахад маш хүнд, санхүүжилтээ хянуулахад хүнд байсан.  ...А.М д мөнгө өгсөн шалтгаан бол ерөөсөө ажлаа хурдан явуулах л байсан. Учир нь албан тушаалтан гарын үсгээ зурахгүй байна гэдэг нь компанийн ажлыг хэвийн явуулахад маш хүндрэлтэй байдаг байсан. ...” /2хх 122-123, /,

А.М ы 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Д.Э гийн мэдүүлсэн зүйл үнэн зөв байна. ...Д.Э гийн компанийн хувьд гүйцэтгэл маш сайтай компани байсан. ...Миний хувьд зарим тохиолдолд гүйцэтгэлийг удаах зэрэг үйлдэл гаргадаг байсан. ...” /2хх 102-103/,

 В.Г 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрчээр өгсөн “...тэр үед Д.Э  захирал надад А.М  нь албан тушаалын байдлаар дарамтад оруулж мөнгө нэхдэг талаар ярьдаг байсан. ...Одоо санаж байхад 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Д.Э  захирал надад  А.М ы хууль бусаар манай санхүүжилтийг удаашруулдаг, улмаар авлига нэхдэг зүйлийг хэлж хуулийн байгууллагад хандаж өргөдөл бичсэн. Тэрээр Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хаяглан өргөдөл гаргасан бөгөөд намайг хуулийн байгууллагад ажилладаг байсан учраас хаана, яаж хандахыг мэддэг гэдэг утгаар надад өгсөн. ...Би тухайн үедээ хэрвээ хуулийн байгууллагад гомдол гаргах юм бол улам дарамтад орж компанийн санхүүжилт гацах магадлалтай, харин А.М тай учир зүйгээ олоод цаашаа ажиллаж болох байх гэдэг үүднээс Д.Э гийн бичсэн өргөдлийг Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн газарт өгөөгүйгээс болж өнөөдрийн байдалд хүргэлээ гэж бодож байна. ...” /2хх 27/  гэсэн мэдүүлгүүд,  Д.Э гийн Авлигатай тэмцэх газарт гараар бичиж гаргасан тайлбар, гэмт хэргийн талаар гаргасан мэдээлэл /2хх 119-120, 127-128/ зэрэг баримтууд авагджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл, Д.Э гийн шүүгдэгч А.М д мөнгө өгсөн үйлдэл нь хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Учир нь, ажил төрлийн болон бусад нөхцөл байдлын хувьд зайлшгүй тулсан нөхцөл байдал, /барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан санхүүжилтээ авах гэх мэт/ тулгамдсан хэрэгцээг далимдуулан гацаах, эсхүл эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хүндрэл учруулах зэргээр залхааж нэг талын ашиг сонирхлоор хахууль авсан бол “хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэж үзнэ.

Шүүгдэгч А.М  нь албаны чиг үүргийн хувьд Э яамны Э с зохицуулагчийн хүрээнд барилгын ажлын явцад хяналт тавих, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэх эрх хэмжээтэй. Харин А банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн С эмнэлэг барих олон улсын тендерт сонгон шалгарсан төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “М  ХХК”-ийн барилгын гүйцэтгэлийг үндэслэлгүйгээр дахин хянуулах, буцаах зэргээр санхүүжилт олгох зөвшөөрлийг удааж, хахууль өгөхийг шаардаж, хясан боогдуулсны улмаас Д.Э  нь төслийн хүрээнд “”барилга угсралтын ажил, эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх” /гэрээнд заагдсан/ үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор мөнгө өгсөн бөгөөд энэ нь хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд, эсхүл өөрт давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн гэж үзэхгүй бөгөөд тэдний хооронд ашиг сонирхлын нэгдэл байсныг илэрхийлэхгүй байна.

Иймд Прокуророос шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Нөгөөтээгүүр, шүүгдэгч Д.Э гийн шүүгдэгч Б.Ц ид хахууль өгсөн, шүүгдэгч Б.Ц ийн хахууль авсан гэх хэргийн тухайд,

Б.Ц ийн 2022 оны 5 дугаар сарын 01, 25-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Солонгосын “Х ” компанийн эрүүл мэндэд сайн гудас авах гэж байхдаа Эд санал тавиад Д.Э гийн хамт очиж үзээд 4 сая гаруй төгрөгийн үнэтэй 1 ширхэг гудас авахаар болсон. Би өөрийн авсан гудасны мөнгийг төлөх гээд байж байхад Д.Э  би 3 гудас авсан гээд тооцоо хийхдээ миний гудасны мөнгийг өгчихсөн байсан. ...тэр гудсаа гэртээ авчираад хэрэглэхэд надад таарахгүй байсан тул авсан дэлгүүр лүүгээ холбогдоод гудас хөнжлөөр сольж авсан. ...2021 оны 9 дүгээр сарын 15-нд нөхрийн хамтаар 7 хоног “Х”  амралтын газарт амарсан. Амралтын газрын төлбөр, захиалгыг Д.Э  хийсэн. ...би ямар нэг байдлаар шаардаагүй, санал тавиагүй. ...” /2хх 14-16, 21/,

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн “...“Х ” компаниас гудас авсан. Эд санал тавиад хамт компани дээр очсон. Тухайн үед Э маш их хэмжээний бараа, бүтээгдэхүүн, гудас авсан. Э дээр бонус үүссэн. Эгаас бонусаа хэрэглэх үү гэхэд хэрэглэхгүй гэсэн. Тэгээд Эгийн бонусыг над дээр бичсэн, мөн манай найзуудын бонус над дээр бичигдсэн учраас бонус оноогоороо гудас авсан. Гудсыг 2 хоног хэрэглэсэн боловч надад таарахгүй байсан учраас буцааж өгөөд хөнжлөөр сольсон. ...Амралтад амрахдаа би өөрөө төлбөрөө хийсэн. Гэхдээ төлбөрөө манайд ирж гэр цэвэрлэдэг охинд бэлэн 4 сая гаруй төгрөг өгч хийлгүүлсэн. Э эмнэлгийн хүн болохоор надад аятайхан өрөө захиалаад өгөөч гэсэн. Тэгээд 11 сард очиж амраад үлдэгдэл тооцоог нь өөрөө төлөөд ирсэн. ...” /6хх 52-53/,

 Д.Э гийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Б.Ц  нь барилгын хяналтын инженерээр ажилладаг байсан. Ааш зангийн хувьд хэцүү байдаг байсан, их мэдэмхийрээд байдаг. Үндэслэлгүй шаардлага тавьдаг, түүнийг нь биелүүлэхгүй бол буцаах зэргээр дарамт үзүүлдэг гэхэд болно. Он, сар өдрийг нь санахгүй байна, би түүнтэй хамт тураах, гоо сайхны сүлжээний бүтээгдэхүүн зардаг дэлгүүр лүү түүний зааж өгснөөр хамт явж би өөртөө болон ээждээ мөн Б.Ц  эгчид нийт 3 ширхэг үе мөчинд сайн гудас худалдан авч байсан. Уг гудас нь нэг ширхэг нь 1.000.000 орчим төгрөгийн үнэтэй байсан санагдаж байна. Мөн Б.Ц  эгчийг нөхрийнх нь хамтаар 2021 онд 5-7 хоног “Хужирт” амралтын газарт амрааж байсан. Ойролцоогоор 3.000.000 орчим төгрөг болж байсан. ...” /2хх 122-123/,

2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн “...Санхүүжилт авах гээд баримт бичиг боловсруулаад өгөхөд тэр нь болохгүй байна, энэ нь болохгүй байна гээд буцаачихдаг, энэ байдал нь санхүүжилт авахад төвөгтэй байдаг. Мөн бичиг баримт буцаагдах бүрд дахин шаардлага хангуулж гарын үсэг зуруулах, бүрдэл хангах гээд хугацаа алддаг. Тийм болохоор би ая талыг нь засах гээд очиж уулздаг. “Х ” гэх сүлжээний дэлгүүрийн барааг би мэдэхгүй байхад өөрөө надад “сүлжээний дэлгүүр, эрүүл мэндэд ашиг тустай матрас зардаг” гэж хэлсэн. Надад хэлэх үедээ өөрөө гишүүнчлэлээр нь бүртгүүлчихсэн байсан. Намайг хамт явъя гэхэд нь би дагаад явсан. Дэлгүүр дээр очоод нэг ширхэг 4.700.000 төгрөгийн үнэтэй матрас авсан. Зорилго ойлгомжтой байсан.  ...Б.Ц  менежертэй очиж уулзахад би шөнө орой ажиллаж байна, ядарч байна гэж ярьдаг. Тэгээд 7 хоногоор өвчтэй гээд явчихдаг. Би өвдөх нь бага болоод ажлыг нь хурдан хийлгэж санхүүжилтээ авах гэсэн учраас “Х” амралтын газарт 2 хүний захиалга өгч, төлбөрийг нь төлсөн. Өвдөөд явчихаараа олон хоногоор ирдэггүй, гарын үсгээ зурдаггүй, гарын үсэг зурахгүй болохоор ажил явдаггүй учраас хэрэглэсэн арга байгаа юм. ...” /2хх 131-133/ гэсэн Д.Э , Б.Ц  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэйгээс гадна “Х” ХХК-ийн захирал Н.Д-ын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай “...Д.Э  нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дэлгүүрээс лазер туяан аппарат 1 ширхэг 2.990.000 төгрөг, Матрас 2 ширхэг 9.400.000 /1 ширхэг 4.700.000 төгрөг/, барааны төлбөр 12.390.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн. Авсан матрасныхаа 1 ширхгийг буцааж оронд хөнжлийн сет ширхэг 3.875.000 төгрөгийн бараагаар сольж авсан. ...” /1хх 151/,

мөн тус компанийн захирал Н.Д-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаартай “...Балдандорж овогтой Ц /гишүүний дугаар 1214/ нь манай дэлгүүрт 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гишүүнээр элссэн болно.

2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн худалдан авалтын урамшуулал болон сурталчилгааны урамшуулал /жишээ нь Д.Э  гишүүний дугаар 4779 гэх мэт хүмүүст бараа бүтээгдэхүүн сурталчилсны урамшуулал/ гишүүн Д.Э  нь урамшуулал хэрэггүй гэсэн учраас манай дэлгүүр энэхүү гурван урамшууллыг нийлүүлээд гишүүн Цид 4.700.000 төгрөгийн өртөг бүхий матрасыг урамшуулал болгон өгсөн нь үнэн болно. Гишүүн Д.Э  нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр худалдан авалт хийсэн бөгөөд худалдан авсан матрасыг хөнжлөөр солиогүй ба Д.Э г дагуулж ирсэн Ц гишүүн сольсон болохыг үүгээр залруулж байна. ...” /6 хх 79/,

 “Х” ХХК-ийн захирал Б.О-ын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/040 дугаартай “...Д.Э  нь Балдандоржийн Ц /РД:***********, утасны дугаар ********/ -н 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд 7 хоног амарсан тооцоог төлсөн. ...” /1хх 153/,

мөн тус компанийн захирал Б.О-ын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/073 дугаартай “...Б овогтой Ц /РД:***********/ нь тус компанийн “Х” амралт рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 06-наас хойш 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд амарч, урьдчилгаа 4.037.600 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ний өдөр, үлдэгдэл төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 202.395 төгрөгийг тушаасан болно. ...” /6хх 80-82/ гэх албан бичгүүд харилцан зөрүүтэй байхад анхан шатны шүүх аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасантай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Тодруулбал, Д.Э гийн Б.Ц ид хахууль өгсөн, Б.Ц ийн хахууль авсан гэх үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Эргэлзээтэй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотлогооны стандарт шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Э гийн шүүгдэгч Б.Ц т хахууль өгсөн, шүүгдэгч Б.Ц ийн шүүгдэгч Д.Э гаас хахууль авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч А.М ы үйлдэл нь албаны чиг үүргээ хувийн зорилгод ашиглаж, албан үүрэгт нөлөөлөхүйц харилцаа бүхий этгээдээс хясан боогдуулах аргаар мөнгөн тусламж авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх ёстой.

 

Гэвч, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч А.М д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Э гийн “...би өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөөгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.М ы өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат нарын “...А.М д торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ц ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Э д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож, Б.Ц , Д.Э  нарыг цагаатгасугай.

 

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2023/ШЦТ/902 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн шүүгдэгч Б овогт Бийн Ц, Ө овогт Дгийн Э нарт холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М ы өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат нарын “...А.М д торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ                   

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН