Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0452

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХН /РД:**********/

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох албан татварын буцаан олголт /хөнгөлөлт/ олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, татварын буцаан олголт олгохыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.М********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н********, М.Г********, Б.Д********, М.О********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “*******” ХХН-өөс тус шүүхэд хандан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “…Татварын буцаан олголт авахаар татварын цахим системээр гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33:39 цагт “цуцалсан” нь хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/705 дугаар “Хариу хүргүүлэх тухай”  албан бичгийг хүчингүй болгуулж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу ******** төгрөгийн татварын буцаан олголт олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгахнэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХН нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу аж ахуй нэгжийн албан орлогын албан татварын 2024 оны буцаан олголтыг авах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр etax.mta.mn татварын цахим системээр гаргасан.

2.2. Дээрх хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарны 14-ний өдөр etax.mta.mn татварын цахим системд “цуцалсан” төлөвтэй болгожээ.

2.3. Улмаар дээрх хүсэлтийг цуцалсан шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХН-өөс  Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн М-25/31 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.[1]

2.4. Дээрх гомдлын хариуд, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/705 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Татвар ногдуулах орлого гэдэг нь татвар ногдох орлогоос хуулийн дагуу хасагдах зардлыг хасаж ногдуулсан төлбөл зохих албан татварын дүн юм ... Танай байгууллагын албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс их дүнгээр жилийн эцсийн тайланд тусгагдсан байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй” гэх хариуг “*******” ХХН-д өгсөн.[2]

2.5. Мөн нэхэмжлэгч “*******” ХХН-өөс Нийслэлийн Татварын газрын даргад хандан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн М-25/32 дугаартай албан бичгээр гомдол гаргасан боловч Нийслэлийн Татварын газрын даргаас хариу өгөөгүй байна.

2.6. Улмаар нэхэмжлэгч “*******” ХХН-өөс Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “…Татварын буцаан олголт авахаар татварын цахим системээр гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33:39 цагт “цуцалсан” нь хууль бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/705 дугаар “Хариу хүргүүлэх тухай”  албан бичгийг хүчингүй болгуулж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу ********** төгрөгийн татварын буцаан олголт олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан.

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс “...Нэхэмжлэгч нь 2024 онд нийт 1,901,639,771.79 төгрөгийн орлоготой, нийтлэг хувь хэмжээгээр татвар ногдуулах орлого 1,131,961,844.07 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 113,198,703.21 төгрөгийн ногдолтой гарсан. Манай байгууллагад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу ********** төгрөгийн татварын буцаан олголт авах эрх үүссэн. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2-д зааснаар "албан татвар ногдох борлуулалтын орлогын нийт дүн болох 1,901,639,771.79 төгрөгөөс тус хуульд заасан зардал буюу 768,421,519.89 төгрөг, үндсэн бус үйл ажиллагааны зардал болон хасагдахгүй зардлын зөрүү 1,256,407.83 төгрөгийг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдал байхгүй буюу "0"-ийг хасаж 2024 оны албан татвар ногдуулах орлогыг тодорхойлоход 1,131,961,844.07 төгрөг гарсан. Хариуцагч татварын байгууллага нь манай байгууллагын татварын тайланг буруу дүгнэн, улмаар хөнгөлөлт эдлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаад байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс “...Нэхэмжлэгчээс ирүүлсэн тайланг хянаж үзэхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хамрагдах хүсэлт буюу Албан татварын хөнгөлөлтийн тооцоолол ХМ-02(8)-г бөглөж ирүүлээгүй байсан нь Сангийн сайдын баталсан журмын дагуу тайлан болон хүсэлтийг илгээгүй, хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдах боломжгүй, хүсэлтийг "цуцлах" үндэслэлтэй байсан. Татварын ноогдох орлого, ноогдуулах орлого гэдгийг зөв тодорхойлох шаардлагатай. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2-т “татвар ноогдох нийт орлогоосоо зардлаа хасаад ноогдуулах орлогыг тодорхойлно” гэж заасан. Нэхэмжлэл гаргагчийн татвар ногдох орлого Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан 1.5 тэрбум төгрөгийг давсан буюу 1,901,639,771.79 төгрөг тул хуульд заасан хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Манай хуулийн фирмийн хувьд 2024 онд нийтдээ 1.9 тэрбум төгрөгийн орлоготой, нийтлэг хувь хэмжээгээр 1.1 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлоготой гэж гарсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 113.1 сая төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөр болоод, үүний дагуу 2024 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 113.1 сая төгрөгийг төлсөн. Үүнээс үзвэл манай байгууллага Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт зааснаар 90 хувийн буцаалт буюу 101.8 сая төгрөгийн татварын хөнгөлөлт авах эрх үүсэхээр байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг татварын тооцоололд уялдуулан тайлбарлавал, албан татвар ноогдох борлуулалтын орлогын нийт дүн 1.9 тэрбум хуулийн дээрх хэсэгт зааснаар хэрхэн тодорхойлох гэж байна гэхээр хуульд заасан зардал буюу 768,4 сая төгрөгийн зардал, хасагдахгүй зардлын зөрүү 1,256,000 төгрөгийг хасаад, албан татвар ноогдох орлогыг тодорхойлж байна. Үүнээс өмнөх жилийн шилжүүлэн тооцох алдагдал гэж байхгүй учраас 0 дүн хасагдаад, 2024 оны албан татвар ноогдуулах орлогыг тодорхойлоход 1,1 тэрбум төгрөгийн татварын дүн гарч байна.

Бидний хувьд 2024 оны жилийн эцсийн тайлангаа гаргаад дээр дурдсанаар 113.1 сая төгрөгийн татвараа бүрэн төлсөн учраас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар 90 хувийн буцаан олголт авах үндэслэлтэй гэж үзээд татварын цахим системээр 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19:59 цагт хөнгөлөлт авах хүсэлтээ гаргасан. Тус хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33 цагт систем дээр цуцалсан хариу гарсан. Үүнтэй холбоотойгоор 03 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргад хандан “татварын буцаан олголт өгнө үү” гэх агуулгатай хүсэлт гомдлыг гаргасан. 04 дүгээр сарын 14-ний өдөр тус газраас “дүгнэлт хэлэх боломжгүй байна” гэх хариу өгсөн. Хуульд заасан процессын дагуу Нийслэлийн татварын газар мөн хандсан ч албан бичгээр тухайлсан хариу ирээгүй. “Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс хариу өгөөд явж байгаа” гэсэн хариу өгсөн.

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 18.2-т заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй бол...” гэж заасан.  Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар татвар ноогдох орлогоо тодорхойлоод, тэр нь 1.5 тэрбум төгрөгөөс бага байх юм бол хөнгөлөлт авч болох агуулгаар хуульд зохицуулсан байна. Гэтэл татварын байгууллага “энэ бол нийт дүнгээс ноогдох юм” гэж тайлбарлаад байдаг. Хэрэв нийт дүнгээр ноогдох байсан бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалтыг эшлэхгүй байсан. Нийт дүнгээр ноогдох байсан бол мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг буюу бараа, ажил, үйлчилгээний нийт орлого 1.9 тэрбум төгрөг гэж заасныг эшлэх ёстой байсан. Гэтэл хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг эшилснээр хуульд зааснаар зардлууд хасагдсан дүнгээр буюу 1.1 төгрөг гэсэн дүнгээс хөнгөлөлтийн асуудал яригдана гэдгийг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан дүнгээр тодорхойлж өгсөн. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн тайланд энэ дүнгүүд тодорхой дурдагдсан.

 Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/56 дугаар тушаалаар батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх зааврын 33 дахь талд “хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу албан татварын хөнгөлөлт буцаан авахаар тооцсон дүн буюу тавин тавдугаар мөрийн дүн нь татвар төлөгчийн 20.1-т заасны дагуу ноогдуулсан албан татвар 90 хувиар хөнгөлсөн дүн байна” гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т энэ хуулийн 18.2-т заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар татвар ногдуулахаар заасан. Үүний дагуу 10 хувиар татвар ноогдуулаад, 113 сая төгрөгийн татварын ноогдол гараад, үүнээс 90 хувийн хөнгөлөлт авах үндэслэл үүсээд байгаа юм.

Татвар ноогдуулах 1.1 тэрбумын дүн гэдгийг тодорхой заасан гэж харж байна. Үүнтэй холбоотой бас нэг асуудал нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын орлогын албан татварын тухай хуулийн 19.14-т “энэ хуулийн 7.3-т заасан тодорхойлогдох татварын жилийн албан татвар ноогдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй бол 90 хувь хөнгөлнө” гэж заасан. 2006 оны хуульд “нийт дүнгээс” гэдгийг маш тодорхой заасан байсан. Өөрөөр хэлбэл татвар ноогдох орлогын нийт дүн гэдгийг эшлээд 2006 оны хуулиар зохицуулсан байсан. 2019 онд батлахдаа энэ нөхцөл байдлыг өөрчлөөд 18.2 дахь хэсгийг эшилсэн. Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг “нийт ноогдох дүнгээс” гэж байсан бол яг л адилхан 7 дугаар зүйлээ эшлээд батлах ёстой байсан. Гэтэл 18.2 дахь хэсгийг эшилж байгаа нь агуулгын хувьд ийм өөрчлөлтийг оруулж ирж байна. Хуулийн 18.2 дахь хэсгээр маш тодорхой заасан байгаа учраас тодорхой зохицуулалт нь байна. Гэхдээ хэрэв эргэлзээтэй бол татвар төлөгчид ашигтайгаар тайлбарлана гэдэг зарчимтай...” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Нэхэмжлэгч татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах тухай хүсэлтээ 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19:59 цагт татварын удирдлагын мэдээллийн нэгдсэн санд ирүүлсэн тайланг татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн дагуу хянаж шалгаад татварын хөнгөлөлтөд хамруулаагүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж заасан. Ноогдуулах орлого гэдгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 8.1.2-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс уг орлогыг олохтой холбогдон гарсан энэ хуулийн 13.1-д заасан нөхцөлийг хангасан зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасаж, албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно” гэж зааснаар ойлгоно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ноогдох борлуулалтын орлогын нийт дүн болох 1.9 тэрбум гэж дурдсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “...татвар ноогдох орлого 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байх...” гэж заасан байдаг тул 1.9 тэрбум төгрөгийн татвар ноогдох орлогод татварын 90 хувийн хөнгөлөлт олгох боломжгүй.” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлээр татвар ноогдох орлогыг,  18 дугаар зүйлээр татвар ноогдуулах орлогыг тодорхойлсон. Татвар ноогдох орлого, ноогдуулах орлогыг тодорхой болгох зорилгоор хуульд тус тусад нь зүйл заалтаар ялгасан. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд татвар төлөгчийн татварын тайланг хүлээж авах, хянаж боловсруулалт хийх, шалгах нь татварын улсын байцаагчийн эрх хэмжээний асуудал. Энэ тайланг батлагдсан маягтын дагуу үнэн, зөв үйлдсэн эсэхэд хяналт тавина гэж хуульд заасан. Татварын алба эрх хэмжээнийхээ хүрээнд, татварын хууль тогтоомжийн дагуу тайлангийн маягтыг үйлдсэн. Энэ маягтын дагуу татвар төлөгчид тайлагнадаг. 2019 онд батлагдаж, 2020 хэрэгжиж эхэлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн энэ заалттай холбоотой ижил төрлийн маргаан өмнө нь гарч байгаагүй, анхны тохиолдол болж байна. Хуулийг зөв ойлгож хэрэглээсэй гэж хүсэж байна. Татварын ноогдох орлого, ноогдуулах орлого гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй байх. Хуулийн 18.2-т “татвар ноогдох нийт орлогоосоо зардлаа хасаад ноогдуулах орлогыг тодорхойлно” гэж заасан. Татвар ноогдох орлого нь 1.5 тэрбум биш 1.9 тэрбум тул хөнгөлөлт эдлүүлээгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр “Татварын буцаан олголт авахаар татварын цахим системээр гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33:39 цагт “цуцалсан” нь хууль бус болохыг тогтоолгох, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу ********** төгрөгийн татварын буцаан олголт олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Харин “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/705 дугаар “Хариу хүргүүлэх тухай”  албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны  өдрийн 128/ШЗ2025/3868 дугаартай захирамжаар энэ захиргааны хэргээс тусгаарлан, мөн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн  128/ШЗ2025/3869 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.

1. Энэхүү маргаан нь үйл баримтын бус, хууль хэрэглээний маргаан болно.

2. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “*******” ХХН нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу аж ахуй нэгжийн албан орлогын албан татварын 2024 оны буцаан олголтыг авах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр etax.mta.mn татварын цахим системээр гаргасан.

3. Дээрх хүсэлтийг хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарны 14-ний өдөр etax.mta.mn татварын цахим системд “цуцалсан” төлөвтэй болгосон ба энэ үйл баримттай талууд маргаангүй.

4. Улмаар дээрх хүсэлтийг цуцалсан шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч “*******” ХХН-өөс  Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн даргад 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн М-25/31 дугаартай албан бичгээр гомдол гаргасан.

5. Дээрх гомдлын хариуд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/705 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…Татвар ногдуулах орлого гэдэг нь татвар ногдох орлогоос хуулийн дагуу хасагдах зардлыг хасаж ногдуулсан төлбөл зохих албан татварын дүн юм ... Танай байгууллагын албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс их дүнгээр жилийн эцсийн тайланд тусгагдсан байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан албан татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй” гэх хариуг “*******” ХХН-д өгчээ.

6. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2-д зааснаар "албан татвар ногдох борлуулалтын орлогын нийт дүн болох 1,901,639,771.79 төгрөгөөс тус хуульд заасан зардал буюу 768,421,519.89 төгрөг, үндсэн бус үйл ажиллагааны зардал болон хасагдахгүй зардлын зөрүү 1,256,407.83 төгрөгийг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдал байхгүй буюу "0"-ийг хасаж 2024 оны албан татвар ногдуулах орлогыг тодорхойлоход 1,131,961,844.07 төгрөг гарсан. Хариуцагч татварын байгууллага нь манай байгууллагын татварын тайланг буруу дүгнэн, улмаар хөнгөлөлт эдлүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан ...” гэж, хариуцагчийн зүгээс “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2-т “татвар ноогдох нийт орлогоосоо зардлаа хасаад ноогдуулах орлогыг тодорхойлно” гэж заасан. Нэхэмжлэл гаргагчийн татвар ногдох орлого Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан 1.5 тэрбум төгрөгийг давсан буюу 1,901,639,771.79 төгрөг тул хуульд заасан хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй ...” гэх агуулгаар маргасан.

7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө:” гэж, 22.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 22.1-д заасан албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдрийн дотор олгоно.” гэж тус тус заажээ.

8. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Албан татвар ногдох нийт орлогоос энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан зардлыг хасаж, зардлын илүү гарсан хэсгийг татварын тайлангаар гарсан алдагдал /цаашид "алдагдал" гэх/ гэнэ.” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.” гэж тус тус зохицуулсан байна.

9. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэх суурь буюу албан татварын хөнгөлөлт эдлүүлэх эрх үүсэх дүнг тооцох хэмжээ нь “албан татвар ногдуулах орлого” байхаар байна.

10. Гэтэл энэ маргаан бүхий тохиолдолд хариуцагчийн зүгээс “албан татвар ногдох орлого”-оос тооцно гэж үзэж байгаа нь энэхүү маргаан үүсэх үндэс болжээ.

11. Эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах үг зүйн аргын үүднээс харахад, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн гипотезэд “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг ...” гэсэн байх буюу үг зүйн хувьд “албан татвар ногдох орлого”[3] гэж заасан байх боловч эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах системчилсэн тайлбарын үүднээс авч үзвэл, хууль тогтоогч энэхүү хэм хэмжээний гипотез хэсэгт мөн хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5 дахь хэсгийг шууд иш татан заасан байгаагаас үзэхэд албан татвар ногдох орлого бус, харин “албан татвар ногдуулах орлого” нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байх нөхцөл нь албан татварын хөнгөлөлт эдлэх эрх үүсгэхээр байна.

12. Өөрөөр хэлбэл, “албан татвар ногдуулах орлого” гэдэг нь тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан хасагдах зардлыг хасаж, түүнчлэн, хэрэв уг орлогоос мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдал байгаа бол түүнийг хасаж гаргасан эцсийн байдлаарх албан татвар ногдуулах орлого юм.

13. Тодруулбал, энэ тохиолдолд татварын эрх зүй болон нягтлан бодох бүртгэлийн зарчмын үүднээс “хасалтын арга” буюу дедукцийн аргыг[4] хэрэглэх замаар албан татварын хөнгөлөлтийн суурийг тооцоолохоор хууль тогтоогч хуульчилжээ.

14. Мөн эрх зүйн харьцуулалтын аргын үүднээс судлахад, хүчингүй болсон 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн[5] 19 дүгээр зүйлийн 19.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.3-т зааснаар тодорхойлогдох татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, доор дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлнө:” гэж зааснаас үзэхэд, тус хэм хэмжээний гипотез хэсэгт “энэ хуулийн 7.3-т зааснаар” гэсэн байгаа нь албан татвар ногдох орлого байсан байна.

15. Харин өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсгийн агуулгаас үзэхэд хууль тогтоогч албан татвар ногдуулах орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байх шаардлагыг тогтоосон байгааг хариуцагч анхаарах ёстой юм.

16. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй.

17. Дээрх байдлаар буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу дедукцийн аргаар тооцоход, нэхэмжлэгч нь 2024 онд нийт 1,901,639,771.79 төгрөгийн орлоготой, үүнээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар албан татвар ногдох борлуулалтын орлогын нийт дүн болох 1,901,639,771.79 төгрөгөөс тус хуульд заасан зардал буюу 768,421,519.89 төгрөг, үндсэн бус үйл ажиллагааны зардал болон хасагдахгүй зардлын зөрүү 1,256,407.83 төгрөгийг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдал байхгүй буюу "0"-ийг хасаж 2024 оны албан татвар ногдуулах орлогыг тодорхойлоход 1,131,961,844.07 төгрөг гарсан.[6]

18. Дээрх 1,131,961,844.07 төгрөгийн дүнгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь 2024 онд **********төгрөгийн татварын хөнгөлөлт авах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

19. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “Татварын буцаан олголт авахаар татварын цахим системээр гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33:39 цагт “цуцалсан” нь хууль бус болохыг тогтоолгох, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу **********төгрөгийн татварын буцаан олголт олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 18 дугаар зүйлийн 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХН-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, татварын буцаан олголт авахаар татварын цахим системээр гаргасан хүсэлтийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:33:39 цагт цуцалсан нь хууль бус болохыг тогтоож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасны дагуу ********** /*******/ төгрөгийн татварын буцаан олголтыг нэхэмжлэгчид олгохыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэг, 54.1.1 дэх заалтыг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03/705 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг энэ захиргааны хэргээс тусгаарлан хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн 35,100 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 21 дэх тал

[2] Хх 23 дахь тал

[3] Албан татвар ногдох орлого гэдэг нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан албан татвар ногдох суурь буюу аливаа чөлөөлөлт болон зардал хасагдаагүй орлого болно.

[4] Ред. Ч.Золбаяр, Ш.Цогзолмаа, Татварын нэр томьёоны тайлбар толь бичиг., УБ., 2018., 131-132 дахь тал

[5] https://legalinfo.mn/mn/detail?lawId=33 /нийтэд илэрхий нотлох баримт/

[6] Хх 14-17, 48-50 дахь тал