Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01087

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/01150 дугаар шийдвэртэй, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э холбогдох үйлчилгээний төлбөр 557 375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацрал, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Э нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монголдоо 40 дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, 14720823 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингээд 90254523 дугаарын эзэмшигч болж улмаар Huawei P20 PRO маркийн гар утсыг 24 сарын хугацаанд тасралтгүй ашиглах урамшуулалтай нөхцөлөөр худалдан авсан. Хариуцагч нь гэрээний үүргээ үл биелүүлж 90254523 дугаарын утасны 2019 оны 5-12 дугаар саруудад, 2020 оны 1-7 дугаар саруудад, нийт 15 сарын төлбөрийг төлөөгүй болно. Үүнийг задалж хэлбэл, 2019 оны 05 дугаар сард 41 175 төгрөг, 06 дугаар сард 41 200 төгрөг, нийт 82 375 төгрөг, 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 07 дугар сар дуусталх 13 сард 40 000 төгрөгөөр тооцон 520 000 төгрөг, нийтдээ 602 375 төгрөг төлөгдөөгүй үлдсэнээс гэрээний 6.5-д зааснаар барьцаанд үлдээсэн 50 000 төгрөгийг хасч 552 375 төгрөг болсон. Мөн нотариатын зардалд 5 000 төгрөг, бүгд 557 375 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэл маань хариуцагч нь Дараа төлбөрт үйлчилгээний гэрээний 6.1, 6.4-т засан үүргээ болон Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ-ний 6.1-т заасан үүргээ биелүүлээгүй, сарын суурь хураамж, хэрэглээний нэмэлт төлбөрийг биелүүлээгүй байх тул үйлчилгээг хаасан. Хариуцагчаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, утсаар төлбөрийн нэхэмжлэхийг илгээсэн байдаг. Нотлох баримтуудыг хэрэгт хуулийн шаардлага ханган гаргаж өгсөн. Хариуцагч нь сард 80 000 төгрөгөөр төлбөрийг төлж байсан гэж тайлбарладаг боловч төлбөр төлөлтийг баримтаар шүүж үзэхэд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 467 427 төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс хойш төлөлт хийсэн баримт огт байхгүй байна. Хариуцагчийг гэрээ байгуулах үед манай байгууллага дараа төлбөрт үйлчилгээний 4G LTE дата багцыг хэрэглэгчийн үйлчилгээнд нэвтрүүлсэн хэрэглэж байсан. Энэ талаарх С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-339 тоот тушаалыг хавсралтын хамт нотлох баримтаар өгсөн. Бид нэхэмжлэлээс нотариатын үйлчилгээний хөлсөнд нэхэмжилсэн 5 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хариуцагчаас 552 375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Б.Эгээс шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Миний зүгээс сард 80 000 төгрөгийг төлбөрт төлсөн, одоо төлөх төлбөргүй, нэхэмжлэгч байгууллагын үйлчилгээ маш муу мөртлөө төлбөр нэхээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгчийн эрх бүхий хүмүүстэй уулзан төлбөрийн тооцоог хийсний үндсэн дээр эвлэрэн хэлэлцэх боломжтой. Гаргаж өгөх баримтгүй. Нэхэмжлэгчээс гаргасан баримтуудтай танилцсан. Үүнтэй холбоотой санал байхгүй гэжээ.

Шүүх: Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Эгээс 552 375 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК нь 5 000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, тэмдэгтийн хураамжинд хариуцагч Б.Эгээс 17 221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 3 дэх хэсэг огт байж боломгүй шийдвэр гарсан. Мөн шүүхээс талуудыг эвлэрүүлэх ажиллагаа огт хийгээгүй. Шүүгч өөрийн ээлжийн амралттай үед хэрэг шийдэж, мэргэжлийн алдаа гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Э холбогдуулан 557 375 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 5 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Талууд 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 14720823 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон мөн өдөр Гар утас /төхөөрөмж/ худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 5,6 дугаар тал/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, гар утас худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байжээ. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчтай байгуулсан аль гэрээний үүрэгт 552 375 төгрөгийг шаардаж буй нь тодорхойгүй байх ба хариуцагчаас дээрх 2 гэрээний үүрэгт хэдэн төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймээс анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч байгууллага үүрэн телефон, пейжерийн холбооны үйлчилгээ, үүрэг телефоны төгсгөлийн төхөөрөмжийн худалдаа үйлчилгээ эрхлэх эрхтэй хуулийн этгээдийн хувьд байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг өөрт нь хандсан үйлчлүүлэгчид санал болгон гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. /хэргийн 3 дугаар тал/

Хэдийгээр хариуцагч дээрх гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээний гол нөхцөл болох гэрээний үнийн дүн, тухайлбал сард төлөх төлөлтийн хэмжээний талаар маргасан. Энэ тохиолдолд, нэхэмжлэгчээс хариуцагчтай гэрээ байгуулахдаа гэрээний нөхцөлийг тодорхой тайлбарлаж, танилцуулсан гэх байдал тодорхой байх учиртай.

Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/01150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 221 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

С.ЭНХТӨР