| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00203/И |
| Дугаар | 309/ШШ2025/00513 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 309/ШШ2025/00513
| 2025 оны 05 сарын 06 өдөр | Дугаар 309/ШШ2025/00513 | Дорнод аймаг |
2025 05 06 309/ШШ2025/00513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Энхцэцэгийн ийн,
Хариуцагч: Оюунчимэгийн ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, 65 000 000 төгрөгийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* 2016 онд танилцаж сайн болоод хадмындаа амьдарч эхэлсэн. Тэр үед би жирэмсэн болсон байсан. Үүнийгээ ******* хэлэхэд тэр хүлээн зөвшөөрч хүүхдийн эцэг байж чадна гэсэн. Ингээд би 2016 оны 5 сарын 11-нд охин ******* төрүүлсэн. 2017 оноос эхлэн би дэлгүүр нээж ажиллуулж эхэлсэн. Ашиг орлого сайтай амьдралаа бүрэн хангаад аваад явдаг байсан. Бид 2 нийлж суугаад 3 хүүхдийн эцэг эх болсон. 2017.11.10-ны өдөр ******* охин, 2019.08.01-ний өдөр охин *******, 2022.02.11-ны өдөр хүү нарыг тус тус төрүүлсэн. Нөхөр бид 2 эхний жилүүдэд хэрүүл маргаангүй ойлголцдог, амьдралын төлөө хэн аль нь зүтгэдэг байсан. Нөхөр бол 2023 он хүртэл ажил хийдэггүй байсан. Ер нь 2017 оноос том охиныг хүний хүүхэд гэж хэрүүл хийж гэдэсээ чирсэн, янхан гичий гэж намайг элдэвээр доромжилж, харддаг байсан. Надад эрэгтэй, эмэгтэй найзууд байдаг. Хааяа жаргал зовлонгоо хуваалцах гэж уулздаг, чаталж мэссэж бичихэд ойлгодоггүй. Түүгээр далимдуулж хардаж сэрдэж хэрүүл хийдэг болсон. Хадам ээж хэрүүлийн үрийг тавьж хүүгээсээ дутахгүй доромжилдог байсан. Намайг нөхөр олон удаа зодож гэр бүлийн хүчирхийлэлээрээ баривчлагдаж байсан. Заримдаа гомдолгүй гээд салдаг байсан. Хамгийн сүүлд найзтайгаа чаталж нөхөрөө ч бичсэн. Гэтэл тэрнээс болж аймар зодсон, тэгээд утсыг булааж авч холбоо ч барьж мэдэгдэх аргагүй байсан учир арай гэж машины дотроос зугтаагаад шууд Дархан руу төрсөн ганц эгч рүүгээ явсан. Ингээд эгчтэйгээ ирж бага хүүгээ болон ойр зуурын хувцасаа авсан. Хүүхдийн амралт эхэлхээр шилжүүлэг хийж авна гээд 3 том охиноо орхисон. Нөхөр болохоор хүүхдүүдээ өгөхгүй юугаараа хооллох юм гэж элдэвээр доромжилсон. Том охины гар хугарсан байсан. Би эмчид үзүүлж хоол ундны юмыг нь авч өгөөд тэнд ажилтай байсан болохоор яарч явсан. Хүүхдүүдийн хичээл сургуульд нөхөр тусалдаггүй. Би бүгдийн явуулдаг. Нөхөр 14 хоног ажилаад 10 хоноод буцдаг. Иймд хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Хамтын амьдралын явцад бий болсон Хэрлэн сум, 1 дүгээр баг, 8-р гудамж, 803 тоотын 1080 м2 өмчлөлийн газар, уг газар дээрх 6x8 харьцаатай хувийн сууц, маркийн машин зэрэг хөрөнгөтэй. Эдгээрээс өөрт болон хүүхдүүддээ ноогдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие *******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие *******тэй 2016 онд танилцаад гэр бүл болсон. Гэхдээ бид 2 гэрлэлтээ батлуулаагүй. Хамтран амьдраад 4 хүүхэдтэй болсон. Анхны охин 2016.05.11-ны өдөр, ******* охин 2017.11.10-ны өдөр, охин ******* 2019.08.01-ны өдөр, 2022.02.11-ны өдөр хүү нар мэндэлсэн. Бид хоёрын хувьд хэн аль нь амьдралынхаа төлөө хичээн зүтгэж болно бүтнэ гэсэн итгэлтэйгээр л амьдарч байсан. ******* ганцаараа л энэ амьдралыг бий болгосон мэт, үүрч явсан мэт бичсэн байгаа нь хэтэрхий өөрийгөө дөвийлгөсөн гэж хэлмээр байна. Би эр хүн ганцхан эхнэрийнхээ нуруун дээр амьдралыг үүрүүлээд яваагүй. Гэр бүлийн харилцааг таслах шалтгаан нөхцөл *******ээс болсон. Эхнэр маань гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгээд нилээн замбараагүй байсан. Энэ талаар охид минь надад хэлсэн. Ээжид өөр эрэгтэй байна. Тэр эрэгтэй дээрээ хүүхдүүдээ авч очдог байсан. Орой гэрээсээ гарч яваад өглөө ирдэг байсан. Хүүхдүүд минь бага болохоор эзэнгүй гэрт үлддэг байсан байна. Хамгийн сүүлд нөгөө залуутайгаа чатласан чатыг би олж хараад түүнээс болж муудалцсан. Түүнээс болж нь Дархан явсан ба гэртээ эргэж ирээгүй. Хэрвээ буруугүй байсан бол үр хүүхдүүдээ бодоод амьдрах ёстой биз дээ. Цаанаа өөр эрэгтэйтэй байсан болохоор далимдуулан яваад өгсөн. Ер нь том 2 охинтойгоо тэр эрэгтэйтэй уулзахдаа дагуулж явдаг байсан байна. Би 14 хоног аймгийн д ажиллаад 14 хоног амардаг. Намайг байхгүй хооронд эхнэр маань өөр эрэгтэйтэй уулзаж учирч явсан учраас энэ асуудлаас болж бид 2 салсан. Тэр цагаас хойш буюу 2024 оны 10-р сараас би 3 охиноо асраад явж байна. 3 охин маань аавтайгаа байна гэдэг. Хүүгээ нь аваад байгаа. Би хэзээ ч том охиноо хүний хүүхэд гэж ад үзээгүй. Нэг удаа уурлаад гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгээд байсан тул гэдсээ чирчихээд гэж хэлсэн. Гэхдээ би хүний хүүхэд гэж үзээгүй тул өдийг хүртэл хайрлаад явж байгаа. Охидыгоо аавдаа хов зөөлөө гэж хэлээд зодсон байсан. Тиймээс цаашид амьдрахгүй учраас би түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авах тал дээр 3 охиноо би өөрийн асрамжиндаа үлдээнэ. Энд хүүхдүүд маань өөрийн гэсэн гэртээ, дассан орчиндоо, сургууль, цэцэрлэгтээ байх нь зөв гэж үзэж байна. Би хүүхдүүдээ өсгөөд аваад явчих чадвартай эр хүн. Би хүүхдүүдийнхээ хоол унд, хувцас хунар хэрэглээний зүйлийг хангаад л явж байгаа. Харин ээж нь сургуулийн хэрэгтэй цэвэрлэгээ болон ангиас шаардсан мөнгийг өгдөг. Бид 2 хамт амьдрах хугацаандаа Хэрлэн сумын 1-р баг бунханы 8-р гудамжны 803 тоотын 1080 мкв талбай бүхий газартай 6:8 харьцаатай хувийн орон сууцыг 2020 оны эхээр 14 сая төгрөгөөр худалдан авсан. Үүнийгээ бид 2 засаж янзлаад одоо хүртэл амьдарч байна. 40 сая төгрөгөөр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2024.09-р сард бид 2 приус 41 маркийн 91-97 доу улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хашаа байшингаа зээлийн барьцаанд тавиад 23 сая төгрөгөөр худалдан авсан. Банкинд бид 2 одоог хүртэл зээлтэй байна. Эд хөрөнгөө хуулийн дагуу хуваан авахад татгалзах зүйлгүй. Ямар ч байсан би 3 охидоо хөнгөн явдалтай хүнд өгөхгүй гэжээ.
3. Зохигчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* миний бие хариуцагч *******тай ярилцаад амьдралаа тусгаарлахыг 2 тал зөвшөөрч байна. Бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Миний хувьд хүүхдийн тэтгэлэг нэхсэн нэхэмжлэлээсээ доорх тохиролцооны үндсэнд татгалзаж байна. Үүнд:
1. Хоёр бага хүүхэдээ өөрөө авч том охин ******* аавтайгаа амьдрана гэсэн тул охин *******г аавтайгаа үлдэхийг зөвшөөрч байна.
2. *******аас 10 000 000 төгрөг нэхэмжлэн авч цаашид хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй.
3. Дорнод аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах 1080м2 газар мөн уг газарт байрлах 6x8 харьцаатай байшинг нэхэмжлэгч *******т үлдээж,
4. 2012 онд орж ирсэн Прүс41 маркийн автомашиныг миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож байгаа тул тохиролцооны талаарх шүүхийн шийдвэрт ямар нэгэн гомдол гаргах эрхгүйг ойлгосон гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: иргэний үнэмлэхний хуулбар /хм 4-р тал/, төрсний бүртгэлийн лавлагаанууд /хм 5-8-р талууд/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хм 9-р тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хм 10-р тал/ зэргийг шинжлэн судлав.
5. Хариуцагч ******* нь шүүхэд хариу тайлбар ирүүлсэн байна. Шүүхэд өөр нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан Хүүхдийн асрамж тогтоолгож, 65 000 000 төгрөгийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь хамтран амьдарч байсан ба тэдний дундаас 2017 оны 11 сарын 10-нд төрсөн охин *******, 2019 оны 08 сарын 01-нд төрсөн охин О.*******, 2023 оны 02 сарын 07-нд төрсөн хүү Ш. нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. Тэд хамтран амьдрах боломжгүй болж, тусдаа амьдарч байх ба хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгө хуваалгах шаардлага гаргасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй, мөн хүүхдийн асрамжийн талаар талууд маргаангүй байдлыг харгалзан 2016 оны 5 сарын 11-нд төрсөн охин О., 2019 оны 08 сарын 01-нд төрсөн охин О.*******, 2023 оны 02 сарын 07-нд төрсөн хүү Ш. нарыг эх *******ийн асрамжид, 2017 оны 11 сарын 10-нд төрсөн охин *******г эцэг *******ын асрамжинд тус тус үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин О., О.*******, Ш. нарыг эх *******ийн, охин *******г эцэг ******* нарын асрамжинд үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд түүний эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа. Өөрөөр хэлбэл эцэг нь хүүхэдтэйгээ, эх нь хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзаж байх эрхтэй, уулзуулж байх үүргийг талууд тэгш эдэлнэ гэж ойлгоно.
... *******ийн нэхэмжлэлтэй “Хүүхдийн асрамж тогтоолгох, 65 000 000 төгрөгийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч нар нь дараах байдлаар сайн дураар харилцан тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж ирүүлсэн байна. Үүнд:
1. Хоёр бага хүүхэдээ буюу өөрөө авч том охин Үжин аавтайгаа амьдрана гэсэн тул охин аавтайгаа үлдэхийг зөвшөөрч байна.
2. *******аас 10 000 000 төгрөг нэхэмжилж цаашид хүүхдийн тэтгэмж нэхэмжлэхгүй
3. Дорнод аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах 1080м2 газар мөн уг газарт байрлах 6x8 харьцаатай байшин авч байгаа
4. 2012 онд орж ирсэн Прүс41 маркийн автомашиныг миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож байгаа тул тохиролцооны талаарх шүүхийн шийдвэрт ямар нэгэн гомдол гаргах эрхгүйг ойлгосон болно гэж эвлэрэн хэлэлцсэн болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2016 оны 5 сарын 11-нд төрсөн охин О., 2019 оны 08 сарын 01-нд төрсөн охин О.*******, 2023 оны 02 сарын 07-нд төрсөн хүү Ш. нарыг эх *******ийн, 2017 оны 11 сарын 10-нд төрсөн охин *******г эцэг *******ын асрамжинд үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч хариуцагч нар нь эд хөрөнгийн талаар буюу Дорнод аймаг, Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах 1080м2 газар мөн уг газарт байрлах 6x8 харьцаатай байшин, 2012 онд орж ирсэн Прүс41 маркийн автомашиныг ийн нэр дээр шилжүүлэх, хариуцагч ******* нь *******т 10 000 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.4, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ