| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Уртнасан |
| Хэргийн индекс | 168/2023/0316/Э |
| Дугаар | 2024/ДШМ/04 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/04
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Д.Ганзориг, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор М.Бамбадорж
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1974 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Бичил хорооллын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/
Урьд: Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан.
2. Шүүгдэгч ******* нь өөрийн танил *******ын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс *******ын 105 ширхэг хонины гулууз махыг “Улаанбаатар хот руу хүргэж өгнө” гэж хууран авч, бусдад зарж борлуулан *******ад 12,075,000 /арван хоёр сая далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг хуурч, эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 12 075 000 /арван хоёр сая далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Сонгинохайран дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол 12-313 тоотод оршин суух ******* овогт ын /РД: /-д олгохоор тогтоож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ
Учир нь би ам бүл 4 эхнэр, дунд ангид суралцдаг 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний эхнэр үсчин ажилтай. Би ар гэр, амьдралаа авч гэр бүлээ тэжээж яваа өрхийн тэргүүн хүн юм. Би гэр бүлээ тэжээх гэж ажилтай орлоготой амьдрах гэж банкнаас 50 сая төгрөгний зээл аваад хот хөдөөгийн хооронд наймаа хийдэг юм. Хэрвээ би зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүйгээр эдлэх бол саяхан банкнаас авсан зээлээ төлж чадахгүй хүнд байдалд орох болоод байна. Хамгийн гол асуудал нь би танил, хуурай ах дүү гэж явдаг *******ын махыг тэр чигт нь өгөхгүй өөрийгөө хэрэгт оруулсандаа гэмшиж байна.
Миний ээж 72 настай, өндөр настай, тахины цус харвалт өвчнөөр бусдын асрамжинд байдаг. Ээжийнхээ эм тариа, хоол хүнсийг цуглуулах үүрэг надад ноогддог. Энэ мэтчилэн эрх хязгаарласан нөхцөлд ар гэрийн асуудал маш хэцүү болж байна.
Миний насны хүмүүст тогтсон ажил олдохгүй, өөрийгөө л ажилтай, орлоготой байлгаж амьдралаа залгуулж байна гэдгийг ойлгож яг одоогоор хувийн амьдралын асуудлыг харгалзан үзэж оногдуулсан эрүүгийн хариуцлагыг торгох ялын багаар, эсвэл нийтэд тустай ажил хийх ялаар өөрчилж өгнө үү.” гэжээ.
6. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Хэнтий аймагт бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гээд банкнаас 50 сая төгрөг зээлж авсан. Мөн дараагийн дугаарт ээж маань хоёр удаа цус харвасан настай хүн байдаг. Би асарч хамгаалдаг хүн нь юм. Энэ бүхнээс шалтгаалж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэхэд хүндрэлтэй байна.” гэв.
7. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдөр өмгөөлөгчийн дансаар дамжуулж хохиролоос 4 800 000 төгрөг авсан. Үлдэгдэл төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн. ... Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ял хариуцлагыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. Хохирогч ч гэсэн нэгэнт зорчих эрхээ хязгаарлуулах юм бол надад хохирол төлбөр авахад ч гэсэн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх байх энэ талаар дамжуулж хэлж өгөхийг хүссэн байгаа. Зарим төлбөрийг төлсөн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
8. Прокурор М.Бамбадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Шүүхээс оногдуулсан ял түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон ял гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******ын 105 ширхэг хонины гулууз махыг “Улаанбаатар хот руу хүргэж өгнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хууран авч, бусдад зарж борлуулан 12 075 000 /арван хоёр сая далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, /хх 127-128, 187/
хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би *******т “ гэдэг хүнд 105 хонины гулууз байгаа, түүнийг аас аваад над руу явуулчих” гэж хэлсэн. Түүнээс хойш 2 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 12-ны өдрийн орчим байх ******* над руу утсаар яриад "Би ын ажлынх нь үүдэнд ирчихлээ, та одоо руу утсаар яриад “бүх махаа надад өг” гээд хэлчих гэж хэлсэн. ...Би *******т “За ахын дүү чи яг найдвартай ахынхаа махыг авчирч өгнө шүү” гэж хэлсэн. Тэр үед ******* надад "Санаа зоволтгүй ахаа, би ажлыг чинь хамгийн түрүүнд бүтээж өгнө, одоо удахгүй" гэж хэлсэн. Би тэр үед *******т итгэсэн. Ингээд түүнийг хүлээсэн боловч ******* махыг маань авчирч өгөхгүй байсан. ...Тухайн мөчөөс хойш би аль болох *******ыг аргадаж, зөндөө олон удаа түүнээс мөнгөө гуйсан. Гэвч 2023 оны 01 дүгээр сараас хойш одоог хүртэл ******* миний махыг болон мах зарсан мөнгийг маань буцааж өгөөгүй юм. ...Сүүлдээ бүр ******* цагаандаа гараад “Цагдаадаа өг” гээд утсаар хэрэлдэж эхэлсэн тул би цагдаагийн газарт гомдол гаргасан...” гэх мэдүүлэг, /хх 79-85/
гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчимд үлдэгдэл 10,500,000 төгрөгөнд бэлтгэсэн хонины махыг гэрээ байгуулсан талаас нягтлан болон ******* нь утсаар холбогдож “*******т бэлтгэсэн махаа өгөх шаардлагатай байна. Бид мах хэрэгцээтэй болоод ******* гэгчээс үхрийн мах авсан тул үлдэгдэл мөнгийг нь *******т өгөх шаардлагатай байна.” гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 15-нд ******* нь манай авто сургуулийн контороос портер маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй ирж нийт 105 гулуузыг дундажлаад 6000 төгрөгөнд бодож авсан...” гэх мэдүүлэг, /хх 103-105/
гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр миний танил болох ******* цэнхэр өнгийн Портер машинтай “Их чулуут” зах дээр хүрч ирээд “Найз нь хонины гулууз зарах гээд явж байна, эд нар муусайнууд миний хонины гулуузыг 1 кг-ийг нь 5,000 төгрөгөнд авах гээд доошоо хийгээд байна, чи 5,500 төгрөгөнд авчихаач” гэж хэлсэн. Тухайн үед би уг хонины гулуузыг нь харахад жижиг алцайсан туранхай гулууз байсан. Би түүнд “Яаж ийм туранхай гулуузыг 5,500-д авдаг юм, 5,300 төгрөгөнд авбал авах юм байна” гэж хэлсэн. Ингээд ******* бид хоёр 5,300 төгрөгөнд хонины гулуузыг нь авахаар тохиролцоод түүнээс нийт 40 ширхэг /813 кг/ хонины гулуузыг 4,308,000 төгрөгөөр /813 x 5,300=4.308.900/ худалдан авч, гулуузнуудыг нь Бунханы гудамжинд байрлах өөрийнхөө мал мах авдаг скалад дээрээ буулгасан...” гэх мэдүүлэг, /хх 93-94/
гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би өөрөө мал мах худалдан авч, Улаанбаатар хот руу тээвэрлэж, зардаг бизнес хийдэг юм. ... ******* гэх хүний ХААН банкин дахь ... тоот данс руу шилжүүлсэн мөнгө 2022 оны 12 дугаар сарын 19, 22-ны өдрүүдэд хоёр хуваагдаж орсон байснаас харвал надад зарсан уг мах нь асуудалтай, гарал үүслийн бичиггүй байсан гэсэн үг. Ийм бичиггүй махыг би авахдаа мөнгөө дутуу хийгээд махныхаа гарал үүслийн бичгийг нь авчирсны дараа үлдэгдэл мөнгийг нь шилжүүлдэг юм. ... Хонь гэсэн утгатай шилжүүлснийг бодвол хонины мах надад зарсан гэсэн үг. Үүнийг би мал мах авдаг дэвтэр дээрээсээ хараад хэдэн кг, хэдэн гулууз мах өгснийг нь мэдэж өгч болно. Би 2022 оны дэвтрээ олоод *******аас авсан махны бүртгэлээ хуулбарлан өгье...” гэх мэдүүлэг, /хх 97-98/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 18/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-32/, ХААН банкин дахь *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 35-76/, ээс гаргаж өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх 95/, ээс гаргаж өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх 100/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Р23-70 тоот үнэлгээний тайлан /хх 108-114/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг хуурч, эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тус тус тохирсон байна гэж үзэв.
6. Түүнчлэн шүүхээс хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан болон бусад баримтуудыг үндэслэн хохирогч *******ад учирсан бодит хохирлыг зөв тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 12 075 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
7. Шүүгдэгч ******* нь давж заалдах журмаар “... анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг торгох ялын багаар, эсвэл нийтэд тустай ажил хийх ялаар өөрчилж өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох ялын төрлөөс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад 12 075 000 төгрөгийн хохирол учруулсан хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 4 800 000 төгрөгийг хохирогч *******ын өмгөөлөгч Ц.Эрдэнэбатын ХААН банкны тоот дансанд 2024 оны 01 сарын 16-ны өдөр төлсөн тухай баримт, мөн өөрийн хувийн байдалтай холбоотой гэх баримтуудыг шүүх хуралдааны явцад гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар хүлээн авсан боловч дээрх баримтууд болон шүүгдэгчийн хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан байдал нь түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх үндэслэл болохгүй болно.
9. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/320 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө буюу 2024 оны 01 сарын 16-ны өдөр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 4 800 000 төгрөгийг хохирогч *******ад төлснийг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ
ШҮҮГЧИД Д.ГАНЗОРИГ
Г.УРТНАСАН