Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01117

 

 

 

 

 

 

 

 

 

С.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00757 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Аын хариуцагч “М  Т К ” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниаста-99Б байрны 14 тоот орон сууц болон 18 болон 47 тоот гараашийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста-99Б тоот хаягт байрлах орон сууцыг гараашийн хамт захиалан бариулахаар АХОС-99Б/14 тоот орон сууц захиалан бариулах гэрээг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч болох “М  Т К ” ХХК-тай байгуулсан. Тус гэрээний 1.1, 2.1-д заасны дагуу “М  Т К ” ХХК нь орон сууцыг гараашийн хамт гэрээнд заасан хугацаанд барьж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түүний гаргуулахад шаардагдах баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх, харин захиалагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Үүний дараа С.А нь орон сууц болон гараашийн төлбөрийг 100 хувь бүрэн төлж дуусгасан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, түүнд холбогдох баримт материалыг шилжүүлэн өгөхийг 2017 оноос хойш хариуцагч талаас шаардсан боловч тус компанийн захирал Н.Батмагнай, Т.Мөнхбаяр нар удахгүй танай орон сууц болон гараашийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө гэсээр өдийг хүрчээ. Орон сууц захиалан бариулах гэрээний 6.1, 6.4-д заасны дагуу орон сууц захиалан бариулах гэрээний дагуу захиалагч төлбөрөө хугацаандаа бүрэн төлж дуусмагц гүйцэтгэгч компани гэрээний зүйл болсон орон сууц болон гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх, түүнийг гаргуулахад шаардлагатай баримт материалыг захиалагчид шилжүүлж өгөх учиртай. Нэхэмжлэгч С.А нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлсөн байтал гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түүнийг гаргуулахад шаардлагатай материалуудыг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд АХОС-99Б тоот орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг гүйцэтгүүлэх үүднээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста-99Б байрны 14 тоот орон болон 18, 47 тоот гараашийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг С.Ат гарган өгөхийг хариуцагч “М  Т К ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М  Т К ” ХХК-тай холбогдох иргэн С.Аын нэхэмжлэлийг компанийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахтай холбоотой бичиг баримтыг гарган хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.2, 112.1 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста-99Б байрны 14 тоот орон сууц болон 18 болон 47 тоот гараашнуудыг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг нэхэмжлэгч С.Ат гаргаж өгөхийг хариуцагч “М  Т К ” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М  Т К ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ат олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байна. Гуравдагч этгээдийн төлөөлөгч миний бие шүүхэд хариу тайлбар нотлох баримтыг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлэхэд шүүх хуралдааныг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн болно. Зээлдэгч “Өгөөмөрбор хужирт” ХХК, “Империал Кастел” ХХК, Н.Батмагнай, Т.Мөнхбаяр нар нь ХААН Банкны байгууллагын банкны газартай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-14/123 дугаартай зээлийн гэрээ байгуулж зээл авсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БГ-14/123 тоот барьцааны гэрээ байгуулж нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан бөгөөд уг барьцаанд “М  Т К ” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206035579 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил, 99Б тоот хаягт байрлах 2307.35 мкв талбайтай, орон сууцны зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн барьцаалуулж барьцааны гэрээ байгуулсан. Ийнхүү талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “М  Т К ” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста-99Б байрны 14 тоот орон сууц болон 18 болон 47 тоот гараашийг тус тус улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардлагатай бичиг баримт, материалуудыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч компаниас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Б.Батцэцэгт компанийн нэрийн өмнөөс шүүхэд төлөөлөх эрхийг нэг жилийн хугацаатай олгосон байх боловч уг итгэмжлэлийг олгосон Н.Батмагнай нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь тогтоогдохгүй байна. 

 

Тодруулбал, 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн 9011413041 улсын бүртгэлийн дугаартай “М  Т К ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Р.Нэргүйг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байх бөгөөд Н.Батмагнай төлөөлөх эрхтэй талаар баримт хэрэгт авагдаагүй байна. /хэргийн 22 дугаар тал/ Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Н.Батмагнай нь хариуцагч компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй эсэхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулж асуухад, тухайн компанийн гүйцэтгэх захирал Р.Нэргүйгийн гэр бүлийн хүн гэж тайлбарласан. Иймд төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл авсан Б.Батцэцэгийг уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхгүй.

           

Анхан шатны шүүхээс хариуцагчийг төлөөлөх эрхгүй Б.Батцэцэгт нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн оролцогчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг явуулж, шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дах хэсэгт заасанд нийцээгүй байна. Улмаар түүний гаргасан тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан нотлох баримтад тооцогдохгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр болох шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах Б.Соронзонболдоос хэргийн оролцогчдод 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байна. /хэргийн 63 дугаар тал/ Дээрх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх”, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт зааснаар “шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болно” гэж заасанд нийцээгүй байна. Учир нь шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэх боломжгүй, хэргийн оролцогчид утсаар мэдэгдэх шаардлага үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

           

            Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлд хариу тайлбар өгөх боломж олгоогүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтоход нэхэмжлэлийн хувийг 2021 оны 3  дугаар сарын 04-ний өдөр гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариу тайлбар өгөх 14 хоногийн хугацаа олгосон байх бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хугацаанд хариу тайлбар гаргаагүй нь шүүх хуралдааныг явуулахад саад болохгүй.

 

Давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг арилгах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2021/00757 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                      ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                С.ЭНХТӨР