Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 311/ШШ2025/00255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ......... тоотод оршин суух хаягтай, Н.Х.......... хүсэлттэй,

Ч.О........эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Х.........., нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Х........ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .............. миний бие эхнэр Ч.О........ 2016 онд танилцаж, 2021 онд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд намайг удаа дараа мөнгөний өрөнд оруулж мөнгө авсан. Одоо өр төлбөрөө авах гээд гэр бүлээ цуцлуулах гээд гэртээ байхгүй, хаяг нь тодорхойгүй байна. 2024 оны 6 сард Улаанбаатар хот руу яваад одоо болтол ирээгүй сураггүй байна. ........... гэсэн дугаартай байх ёстой. Миний 2 дугаарыг болон Фэсбүүк, чатыг блоклосон. Өнгөрсөн оны 12 сард Налайхын ......... амралтын газарт бэлтгэгч хийж байна гэсэн. Он гараад 2 сард цагаан сарын үеэр, чатаар ярихад тэр газраа ажлын хувцастайгаа байсан. Ажлын газар нэрийг нь сайн мэдэхгүй байна. Одоо миний бие нь гэр бүлээ цуцлуулах гэтэл ......... нь хаана оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа учраас эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н........ хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Н.........нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Н......... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч........... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн Ч.О....... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч......... эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлтийн дагуу Ч......... оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн ......... даалгах нь зүйтэй байна.

Маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч......... хаягийг түүний аав .......... /Завхан аймгийн Алдархаан сумын ......../-оос тодруулах боломжтойг дурдах нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд .......ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч......... эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч Н........... мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт ........... даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ