Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

*******ид холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Д.Ганзориг, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                               М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Ө.Батболд

Шүүгдэгч                                                *******

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/331 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

2. Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “*******” гэх ой мод бүхий газраас Портер маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, бензин хөдөлгүүрт хөрөө ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүй 12 ширхэг босоо нарс мод хууль бусаар тайрч, 4 метрийн урттай 25 ширхэг болгон бэлтгэж, байгаль экологид 626,312 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ид 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******ид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******оос ойн санд учруулсан хохиролд 1,771,046.3 /нэг сая долоон зуун далан нэгэн мянга дөчин зургаан төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 25 ширхэг нарс модыг тус тус хураан авч *******ийн ойн санд учруулсан 1,771,046.3 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж,

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, 25 ширхэг нарийн нарс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бензин моторт хөрөө нэг ширхгийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс *******ид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсанд маш их гомдолтой байна.

Үйлдсэн хэргийн хувьд өмхөрч муудсан хашаа саравчаа засаж сайжруулах зорилгоор 2023 оны 9 сарын 16-ны өдөр ******* боомт явдаг замын терасс цэвэрлэх хэсгээс 12 ширхэг нарийн нарс мод тайрч бэлдсэн үйлдэл байгаа юм. Гэтэл анхан шатны шүүхээс 2020 оны 7 сарын 09-ний өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжлийг олоогүй, хууль бус үйлдэл хийснээ ойлгож, ухамсарлаагүй, хувийн байдал, ойн санд учруулсан хохирлыг хэр хэмжээ зэргийг харгалзан үзээд 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж дүгнэж байгаа нь үнэхээр зохимжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” талаар хуульчилхаас гадна гэмт халдлагын обьект болж байгаа 12 ширхэг нарс мод нь *******ийг тайрсан тайраагүй бусад модны адилаар тайрагдах л байсан моднууд юм. Түүнээс гадна өөр газраас мод аваагүй, терассны дагуу ургасан модноос амьдралдаа хэрэглэх мод 12 ширхэг авсан нь энэ төрлийн гэмт хэргийн хамгийн хүнд шийтгэл авах үндэслэл болохгүй юм.

******* нь өндөр настай аав, ээжтэйгээ хамт амьдардаг, ээж нь хорт хавдар өвчтэйн улмаас шилмүүст модны агаарт байх заалттай бөгөөд байнга Дорнод аймаг, Улаанбаатар хотын хооронд эмнэлэгт үзүүлэхээр авч явдаг, өөрөөс нь өөр эцэг эхийг нь харж хандах хүн байхгүй зэрэг шалтгааныг шүүхээс бодолцож, анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг 2 сар болгож багасгах, эсхүл 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

6. Прокурор М.Бамбадорж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэм буруутай маргах зүйлгүй гэж хэлж байна. Ял шийтгэл хүнд байна гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай байдаг. ******* нь урьд нь 2020 онд яг энэ ашигласан машин, техник хэрэгслийг ашиглан энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байсан. Урьд нь 580.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Энэ байдал нь хөнгөн байсан учраас дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохоор байна. Энэ бол гэмт хэрэг үйлдсэний төлөө авч байгаа хуулийн зохицуулалт юм. Үнэхээр тийм өвчтэй зовлонтой байсан бол гэмт хэрэг үйлдэхгүй байх бүрэн боломжтой байсан. Гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд тохирсон шийтгэл гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “*******” гэх газраас ******* ДОА улсын дугаартай, Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл, бензин моторт хөрөөг ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр 12 ширхэг нарс модыг хууль бусаар тайрч 4 метрийн урттай 25 ширхэг болгон бэлтгэж, ойн санд 626,312.7 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 53-54/,

иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ... хяналт шалгалтын ажлаар явах үед тус сумын 6 дугаар багийн иргэн ******* гэх залуу ******* боомт руу явдаг замын хойд талын хэсэгт зам дагуу хууль бусаар 12 ширхэг босоо мод тайрч бэлтгэн хөх өнгийн Портер маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 25 ширхэг 4 метр урттай болгосон нарийн нарсан шургааг аччихсан байх үед нь таарсан юм. Замын ажил явагдаж байгаатай холбогдуулан сумын захиргаа Ойн ангийн зүгээс замын зураг төсөлд орсон зулзаган ногоон модыг нүүлгэн шилжүүлэх, хэрэглэж болохуйц нарс, шинэс зэрэг моднуудыг мэргэжлийн мод тайрч бэлтгэх эрхтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж замын хажуу талын модыг байгаль хамгаалагч нарын хяналтан дор тайрч бэлтгүүлэн чөлөөлүүлэхээр болсон. Гэтэл ******* нь өөрөө дур мэдэн хууль бусаар замын хажуу талын модыг тайрч бэлтгэж байхтай халз таарсан. *******ийн хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 626,312.7 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №2023/13 тоот “...Дээрх 16 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургаж байсан буюу ургах чадвартай мод байсан байна. Харин 9 ширхэг хэрэглээний нарс төрлийн моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ургах чадвараа бүрэн алдсан мод байсан байна. ******* нь 2023 онд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг Сум дундын ойн ангиас аваагүй байна. Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газар нь мод бэлтгэлийн үйл ажиллагаа төлөвлөгдөөгүй газар бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг 25 ширхэг хэрэглээний нарс моднууд нь хэрэглээний стандартаар бэлтгэгдсэн буюу хашааны хөндлөн болгон ашиглах боломжтой мод болно. Бэлтгэсэн 16 ширхэг ургах чадвартай нарс мод нь хэрэглээний бөөрөнхий мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсний буюу нийт үнээр 1-р мужийн ургах чадвартай нарс төрлийн мод хэсэгт орох тул нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 712.101 төгрөг болно. 16 ширхэг ургах чадвартай нарс мод 572,366.8 төгрөг болно. Бэлтгэсэн 9 ширхэг ургах чадваргүй буюу хуурай нарс модны нэг шоо метрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 168.655 төгрөг болно. 9 ширхэг ургах чадваргүй буюу хуурай нарс мод нь 53,945.9 төгрөг болно. Иргэн *******ийн хууль бусаар бэлтгэсэн нийт модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь 572,366.8+53,945.9=626,312.7 төгрөг болно...” гэх дүгнэлт /хх 35-37/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-13/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 15-16/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-20, 21-24/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ДЦ-23-265 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 41-47/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

5. Шүүгдэгч *******ийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж, хэрэглээний зориулалтаар мод тайрч бэлтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар 1 жилийн хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэн, зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

7. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирлыг зөв тооцож, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоон, шүүгдэгч *******оос ойн санд учруулсан хохиролд 1 771 046.3 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

8. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь давж заалдах журмаар “... өвчтэй, настай аав ээжийгээ харж хандах хүнгүй амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан  нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сар болгон хөнгөрүүлэх, эсхүл 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох ялын төрлөөс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ойн санд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

9. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх, торгох ялаар өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/331 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

                        ШҮҮГЧИД                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                Г.УРТНАСАН