Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01118

 

 

Г.Д, Д.О нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02564 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Д, Д.Онарын хариуцагч “М К” ХХК-д холбогдуулан гаргасан 20 789 328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О, Г.Д нар нь “М К” ХХК-ийн барихаар төлөвлөсөн Polars apartment-1 хотхоны Б блокийн 10 давхрын 43.94 м.кв орон сууцыг тохиролцон захиалж, 2017 оны 9 дүгээр сарн 19-ний өдөр Б-17/80 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан ба орон сууцны гэрчилгээг Г.Дын нэр дээр гаргуулахаар, төлбөрийг гэрээнд заасан журмын дагуу хугацаандаа төлж дуусгасан. Гэрээнд заасны дагуу “М К” ХХК нь орон сууцны барилгыг 2018 оны 2 дугаар улирал буюу мөн оны 6 дугаар сарын 30-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөхөөр гэрээнд тохирсон ч гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлэн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэгч талын хариуцлагагүй, удаашралтай гүйцэтгэлийн улмаас захиалагч Г.Д нь орон сууц хөлслөн суусны төлбөрт их хэмжээний төлбөр төлж хохирол хүлээсэн. Тухайн орон сууцны нэг м.кв-ыг 1 200 000 төгрөгөөр захиалан бариулсан ба нийт 52 728 000 төгрөгийг төлсөн. Орон сууцыг хүлээн авснаас хойш оршин суугчид байрны талбайн хэмжээ дутуу байгаа гэдгийг хэлсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны талбайг хэмждэг мэргэжлийн компаниар хэмжүүлэхэд 3,4 м.кв дутуу буюу 40.54 м.кв талбайтай орон сууц болох нь тогтоогдсон. Энэ нь 3 600 000 төгрөг илүү төлсөн ба гэрээний үүргийн зөрчилд алданги төлүүлэх шаардлагыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “М К” ХХК-д хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөхгүй, уулзахаар түр хүлээж бай гэх тайлбар өгч, хэзээ шийдвэрлэх нь тодорхойгүй байсан. Хариуцагчаас гэрээнд заасан хугацааны дотор 2020 оны 02 дугаар сард гаргасан, хариу өгөөгүй тул 3 дугаар сард нэхэмжлэл гаргасан. 2 өрөө орон сууцны м.кв-ын зөрүү 3,4 м.кв-ын үнэ болох 3 600 000 төгрөг, алданги 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон. Иймд алданги 17 189 328 төгрөг, нийт 20 789 328 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Хариу тайлбарт 52 000 000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн учраас энэ дээр маргахгүй байна гэж үзээд баримт шаардлагагүй гэж үзсэн.  2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу орон сууц хүлээж авах хүртэл алданги тооцсон. Орон сууц захиалгын гэрээнд байгаа 60 хоногийг тооцсон. Гэрээний дагуу 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх байсан. 2018 оны 9 дүгээр сарын алданги 1 581 840 төгрөг, 10 дугаар сар 1 634 568 төгрөг, 11 дүгээр сар 1 581 840 төгрөг, 12 дугаар сар 1 634 568 төгрөг, 2019 оны 01 дүгээр сар 1 634 568 төгрөг, 02 дугаар сар 1 476 384 төгрөг, 3 дугаар сар 1 581 840 төгрөг, 4 дүгээр сар 1 581 840 төгрөг, 05 дугаар сар 1 634 568 төгрөг, 6 дугаар сар 1 581 840 төгрөг, 7 дугаар сар 1 634 568 төгрөг, 8 дугаар сарыг 25 хоногоор тооцож 1 265 472 төгрөг, нийт 17 189 328 төгрөг болсон. Иймд Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороолол 57/2 дугаар байрны 1003 тоотод байрлах 2 өрөө орон сууцны м.кв-ын зөрүү 3,4 м.квын үнэ болох 3 600 000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн гэрээний үүргийн зөрчилд алданги 17 189 328 төгрөг, нийт 20 789 328 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М К” ХХК-аас шүүхэд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-аас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан,гэрээний дагуу захиалагч үнийг төлж гүйцэтгэгч орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэдийгээр “М К” ХХК гэрээний үүргээ биелүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн ч орон сууцыг барих үүргээ биелүүлж байсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлин 232.6 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцохоор хуульчилсан. Гэрээнд дурьдсан орон сууцыг хүлээлгэн өгөх өдрийн байдлаар манай байгууллага гэрээний үүргээ биелүүлж байсан байхад гэрээний үүргээ огт биелүүлээгүй гэж үзэн гэрээний 100 хувь үнийн дүнгээс алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууц захиалгын гэрээнд 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх, гэрээний 5.5-д хүлээлгийн 60 хоног гэж тусгасан. 61 дэх хоногоос алданги тооцохоор заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд алданги тооцож эхэлсэн гэж байна. Тиймээс 60 хоногийн алдангийг хасаж тооцох үндэслэлтэй. Гэрээний 5.1-д хугацаа хэтрүүлсэн үндэслэл нь төрийн байгууллагын бодлого, шийдвэрийн улмаас хойшилсон тохиолдолд гүйцэтгэгчийн буруу гэж үзэхгүй гэсэн. Хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллага хот байгуулалт хөгжлийн газарт манайх барилгаа бариад дууссан улсын комиссоо ажиллуулж хүлээж авна уу гэдэг албан тоот явуулсан. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу захиалагчид хүлээлгэж өгөх хүртэл 58 хоног манай буруугаас болоогүй, төрийн байгууллагын удааширлаас шалтгаалсан асуудал гэж үзнэ. Барилгын норм, дүрэмд төрийн байгууллага, комисс 14 хоногийн дотор ирж ажиллах заалттай. Алдангиас хасаж тооцох ёстой. Нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хувьд бид орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулаад орон сууцаа бариад захиалагчид хүлээлгэж өгөх ёстой байсан. Энэ хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй биш, биелүүлээд бид 2019 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгч, ажлаа дуусгасан гэсэн албан тоот явуулж байсан. Тухайн үед барилгын явц ямар байсныг харгалзаж үзэлгүйгээр 100 хувь гэрээний үнийн дүнгээс тооцох нь хууль зүйн үндэслэлгүй. Бид нэхэмжлэгчид 100 хувь бүрэн цутгамал байрыг хүлээлгэж өгсөн. Энэ байр нь өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн доод тал нь 2 000 000 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл бид м.кв 1 200 000 төгрөгөөр буюу нийт 52 000 000 төгрөгөөр өгсөн байхад эргээд 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээ хэт их байна гэж үзэж байна. Монгол Улсын барилгын салбарын хөгжил, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 1 м.кв-ын дундаж үнэ 2 000 000 төгрөг байхад 52 728 000 төгрөгөөр орон сууц захиалж, өмчлөлдөө шилжүүлж аваад 17 189 328 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах зааснаар хариуцагч “М К” ХХК-иас 12 194 664 /арван хоёр сая нэг зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Д, Д.Онарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 8 594 664 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261 897 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М К” ХХК-иас хариуцах хураамжид 210 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт адил тэнцүү хэмжээгээр хувааж олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ирээдүйд бий болох эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэж буруу дүгнэсэн байна. Учир нь талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Шүүхээс хариуцагч талд ашигтай байдлаар буюу хэт удаан хугацааны туршид бичгээр гаргалгүй явсаар 2021 оны 06 сарын 03-ны өдөр бичгээр гаргаж, нэхэмжлэгч талд гардуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, зарим хэсэг хэрэгсэхгүй болгосон 8 594 664 төгрөгийн алдангийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс алданги тооцохдоо хууль буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцож Орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба анх гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байхаар харилцан тохиролцсон. Шүүхээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцолгүй гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцсоныг хуулийг алдаатай хэрэглэж гэрээг дүгнэсэн гэж үзэж байна. Нотлох баримтыг буруу үнэлсэн. “М К” ХХК-н зүгээс 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид захиалсан орон сууцыг нь хүлээлгэн өгч, Орон сууц хүлээлцсэн акт үйлдсэн юм. Тус актад захиалагчийн захиалсан 1003 тоот орон сууцанд бүрэн хийгдсэн болон хаалганы цоож засах, ламп байхгүй гэх мэт дутуу ажлуудыг хүлээлцсэнийг тэмдэглэсэн. Энэ нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 хэсэгт “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй” гэж үзнэ гэсэнтэй нийцэж байна. Өөрөөр хэлбэл Орон сууц хүлээлцэх актад дурдсан дутуу эд зүйлсийг дурдсан нь захиалагч метр квадратын зөрүүг мэдэх боломжийг хаагаагүй болно. Иймд 2019 оны 8 сарын 25-нд орон сууцыг хүлээлгэн өгсөн байхад гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрөөгүй гэж үзэн метр квадратын зөрүү авах гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн “М К” ХХК-аас 12 194 664 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 210 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Д, Д.Онар нь хариуцагч “М К” ХХК-д холбогдуулан талбайн зөрүү 3 600 000 төгрөг, алданги 17 189 328 төгрөг, нийт 20 789 328 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

            Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Polars apartment цогцолбор хорооллын Б блокны 1003 тоот, 43,94 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч 2018 оны 2 дугаар улиралд багтаан нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нараас орон сууцны төлбөрт 52 728 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 12-14 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Г.Д, Д.Онар нь дээрх гэрээний үүрэгт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 32 728 000 төгрөг, нийт 52 728 000 төгрөгийг хариуцагч “М К” ХХК-д шилжүүлж, гэрээний үүргийг биелүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараас үзвэл, хариуцагчаас 2019 оны 8 сарын 25-ны өдөр “Орон сууц хүлээлцсэн акт” үйлдэн, гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгч, улмаар 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Г.Дын нэр дээр гэрээний зүйл болох орон сууц бүртгэгдэж, Ү-2204106527 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /хэргийн 11 дүгээр тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлээ “хариуцагчаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлж, орон сууцыг хүлээлгэн өгсөн тул талуудын хооронд байгуулсан гэрээний 5.5-д зааснаар “төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад орох хугацааг 2018 оны 2 дугаар улирлаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1 хувиар алданги захиалагч талд төлнө” гэж заасны дагуу алданги гаргуулахаар шаарджээ.

            Анхан шатны шүүхээс 2018 оны 2 дугаар улирлаас 60 хоног тооцон 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгчийн орон сууц хүлээн авсан 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд буюу 360 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзэж, орон сууцны үнийн дүнгээр тооцоход уг хугацааны алданги 18 982 080 төгрөг болох боловч нэхэмжлэгчийн алдангид шаардсан 17 189 328 төгрөгийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан 50 хувиар багасгаж, алдангид 8 594 664 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232.3, 232.6, 232.8 дах хэсэгт заасанд тус тус нийцжээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “метр квадратын зөрүүг нэхэмжлэх гомдол гаргах хугацаа өнгөрсөн” гэх агуулгаар тайлбарлажээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.21-д “захиалагч нь орон сууцны байшинг өөрийн өмчлөлд шилжүүлснээс хойш 1 жилийн хугацаанд гомдлын шаардлага гаргах эрхтэй.” гэж заажээ. Нэхэмжлэгч нараас шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шаардлага гаргах эрхээ алдаагүй байна.

            Нэхэмжлэгч талаас “Г О” ХХК-д хандан, маргаан бүхий орон сууцны талбайг хэмжүүлэхэд уг орон сууцны нийт талбайн хэмжээ 40.54 м.кв болохыг тогтоосон баримтыг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй. Түүнчлэн, энэ талаар нэхэмжлэгч мэдэгдэж байсан гэх тайлбарыг хариуцагч няцаагаагүй. Иймд анхан шатны шүүхээс уг баримтыг үндэслэн дутуу талбайн үнэ 3 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3, 254 дүгээр зүйлийн 254.3, 254.4 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.

            Түүнчлэн, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж, анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гардуулжээ. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэг хүлээсэн байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дах хэсэгт нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөхөөр зохицуулсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулах тухай хүсэлтээ шүүх хуралдаан дээр гаргах болсон хүндэтгэн үзэх шалтгаан үндэслэлийг нотлоогүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ирээдүйд эд хөрөнгө худалдах-худалдан авах буюу опцион гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзвэл нэг тал нь орон сууцыг шилжүүлэн өгөх, нөгөө тал мөнгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 167  дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02564 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “269 дүгээр зүйлийн 269.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Г.Дын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 464 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн             210 065 төгрөгийг тустус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

 

                                                                                     С.ЭНХТӨР