Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 213

 

“А х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд

болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                  Г.Банзрагч

                                                 Б.Мөнхтуяа

                                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                        Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Жишиг үнэ батлах тухай” 366/131 дүгээр тушаал, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ариутгал халдваргүйжүүлэлтийн үнэ батлах тухай” 521 дүгээр тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 221/ШШ2019/0005 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ма,

Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Шадар сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-О, Т.Т, И.М нар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 221/ШШ2019/0005 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан “Сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Жишиг үнэ батлах тухай” 366/131 дүгээр тушаал, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ариутгал халдваргүйжүүлэлтийн үнэ батлах тухай” 521 дүгээр тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “А х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Монгол Улсын Сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Жишиг үнэ батлах тухай” 366/131 дүгээр тушаалын 1 дэх хэсэгт “Хилээр нэвтэрч буй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн жишиг үнийг хавсралт ёсоор баталсугай” гэсэн байх бөгөөд уг тушаал нь “Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Гэтэл хуулийн уг заалтанд “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн /цаашид “амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн” гэх/-д шинжилгээ, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх үйлчилгээний хөлсний жишиг үнийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн санхүүгийн асуудал эрхэлсэн сайд тогтооно” гэж заасан боловч хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийх, жишиг үнэ тогтоох эрхийг олгосон хуулийн зохицуулалт байхгүй. ... Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлтэй байна.

3. Мөн Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2 т “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн /цаашид “амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн гэх/-д шинжилгээ, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэл хийх үйлчилгээний хөлсний жишиг үнийг улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн санхүүгийн асуудал эрхэлсэн сайд тогтооно” гэж заасан байна. Гэтэл улсын мэргэжлийн хяналтын байгууллага энэ асуудлаар дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

4. Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ариутгал халдваргүйжүүлэлтийн үнэ батлах тухай” 521 дүгээр тушаал нь Монгол Улсын Сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Жишиг үнэ батлах тухай" 366/131 дүгээр тушаалыг үндэслэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47.3-т заасан “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэсэн шинжийг агуулж байна.

5. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 221/ШШ2019/0005 тоот шийдвэрийг бүхэлд нь өөрчилж Монгол Улсын Сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Жишиг үнэ батлах тухай” 366/131 дүгээр тушаал болон Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ариутгал халдваргүйжүүлэлтийн үнэ батлах тухай” 521 дүгээр тушаалыг тус тус илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Монгол Улсын сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Жишиг үнэ батлах тухай” 366/131 дүгээр тушаалын 1 дэх заалтаар “Хилээр нэвтэрч буй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд ,бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн жишиг үнэ”-ийг хавсралтаар баталж, 2 дахь заалтаар “Тухайн жилийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн хураамжийн үнийг батлагдсан жишиг үнэлгээний дагуу тогтоож, хилийн боомтод хийсэн ариутгал халдваргүйжүүлэлтийн орлогыг төвлөрүүлэн захиран зарцуулах”-ыг Улсын мэргэжлийн хяналтын газар /газрын дарга/-т зөвшөөрсөн;

8. Уг тушаалыг үндэслэн Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2006 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнэ батлах тухай” 521 дүгээр тушаалаар “Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнэ”-ийг нэгдүгээр, “Ариутгал, халдваргүйжүүлэлтийн хураамж авах баримт”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хураамжийн орлогыг өөрийн дансанд төвлөрүүлэн захиран зарцуулахыг Хилийн мэргэжлийн хяналтын алба, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт зөвшөөрч, тушаалыг 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр заажээ.

9. Нэхэмжлэгч “А х” ХХК нь дээрх тушаалуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сангийн сайд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 316/А/163 дугаар тушаалаар 2006 оны 366/131 дугаартай хамтарсан тушаалыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/36 дугаар тушаалаар 2006 оны 521 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгосон байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох ...” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт захиргааны хэм хэмжээний актад тавигдах агуулга болон хэлбэрийн шаардлага, шийдвэр гаргах ажиллагааны шаардлага зэргийг зохицуулсан байдлаас үзэхэд захиргааны хэм хэмжээний акт нь тус хуулийн 47 дугаар зүйлд тодорхойлсон “илт хууль бус болох” шинжийг өөртөө агуулах боломжгүй, иймээс хэм хэмжээний актын талаар гаргах нэхэмжлэлд “илт хууль бус болох”-ыг тогтоох шаардлагын төрөл хамаардаггүй, шүүхээс гаргах шийдвэрийн төрөлд ч ийм төрлийн шийдвэр байхгүй юм.

11. Иймд, хэм хэмжээний актыг “илт хууль бус болох”-ыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хуулиар гаргах боломжгүй учир шүүх энэ тохиолдлын хувьд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзнэ.

12. Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ хэм хэмжээний актыг “илт хууль бус болох”-ыг тогтоолгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.3-т “захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус заасныг тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн нь зөрчилтэй гэж үзэх ч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд нөлөөлөөгүй байна.

13. Түүнчлэн, маргаан бүхий 2006 оны 366/131 дүгээр, 2006 оны 521 дүгээр тушаалыг хариуцагч нар нь тус тус хүчингүй болгосноор уг шийдвэрүүдийн эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байна.

14. Иймд, дээрх үндэслэлээр хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л-гийн давж заалдах журмаар гаргасан “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 221/ШШ2019/0005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ