Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 0018

 

Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч

биелүүлснээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай    

 

       Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Г.Гантуяа би Булган аймгийн Булган сумын иргэн Г.Дуламсүрэнгээс Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Болормаа/-д холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, албан тушаалыг хэвээр хадгалахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.Дуламсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гонгорын Дуламсүрэн миний бие Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2008 оны 02 дугаар сард “Архив бичиг хэргийн эрэхлэгч”-ээр ажилд орж, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тушаал дэвшиж /Улсын байцаагчийн шалгалтанд тэнцэн/ хяналтын байцаагчаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хуульд зааснаар жирэмсний амралтаа авсан болно.

       Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эмчдээ үзүүлж, хяналтын графикын дагуу жирэмсний амралтаа 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бичүүлж тус өдрийн өглөө 10 цаг 30 минутын үед хүний нөөцийн ажилтанд бүртгүүлэн үйл ажиллагааны нягтлан Б.Баттунгалагт өгсөн. Ингээд тэр өдөр ажлаа хүлээлцэхэд бэлэн болоод байж байхад дарга оройн 18 цаг өнгөрч байхад өрөөндөө дуудан элдэвээр аашлан загнаж, шүүх, цагдаад шалгуулна гэж айлган сүрдүүлж, сэтгэл санааны болон ажлын байрны дарамтыг үзүүлсэн.

        2016 оны 05 дугаар сарын 17-ны орой мөн 18 цагаас хойш өрөөндөө дуудаж, дахин дарамт үзүүлж, уур чинь гарсан уу гэх мэтээр даапаалж байгаад чиний албан тушаалыг бууруулсан гэж амаар хэлсэн.

      Миний бие тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор  уншиж танилцсан. Уг тушаалд 2 зөрчилийг дурьдан албан тушаал бууруулсугай гэсэн боловч  эргээд ямар албан тушаалд томилсон нь тодорхойгүй байдлаар тушаалыг үйлдсэн байсан.

     Төрийн жинхэнэ албан хаагч намайг зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол жирэмсний амралтаа авахаас өмнө уг зөрчлийг танилцуулан холбогдох арга хэмжээг авч ажиллах ёстой байсан ч ингэж ажиллаагүй, эмнэлгийн хуудсаа өгсөний маргаашнаас албан тушаал бууруулан ажиллуулах тушаал гаргаж, элдэвээр дарамтлан, доромжилж бие, сэтгэл санааны дарамтыг үзүүлсэнд гомдолтой байна.

       Миний бие жирэмсэн, хяналтанд байх хугацаандаа бие өвдөж эмнэлэгт хэвтсэн хэдий ч дээрдээгүй, хавагнаж, даралт ихсэж, нойргүйдэж байгаа энэ үед маань ингэж албан тушаалын дарамт үзүүлж байгаад нь удирдлагад гомдож байна.

     Энэхүү гомдлоо Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэхэд албан тушаалыг хэвээр хадгалж, гаргасан тушаалыг хүчингүй болгох шаардлагатай гэсэн хариу ирүүлсэн боловч одоог хүртэл хэрэгжүүлэн ажиллаагүй байна. 

      Иймд Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, албан тушаалыг хэвээр хадгалахыг даалгаж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч Г.Дуламсүрэн нь 2016.08.04-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, албан тушаалыг хэвээр хадгалахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан болно.

      Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хэлтсийн бичиг хэргийн ажилтан Н.Нарантуяагаар дамжуулан 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 тоот “Ажилд эгүүлэн томилох тухай” даргын тушаалыг гардан авсан бөгөөд хариуцагч сайн дураараа миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

      Хариуцагч Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа 2016.08.04-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ ...  2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай Б/28 тушаалыг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалаар хүчингүй болгож Г.Дуламсүрэнгийн гарт өгсөн байх тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Дуламсүрэнгийн шүүхэд гаргасан “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, албан тушаалыг хэвээр хадгалахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гардан авч танилцаад, “Г.Дуламсүрэнг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгосон” тухай Б/35тоот тушаалыг 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид бичиг хэргийн ажилтнаараа хүргүүлсэн болох нь нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

       Иймд Хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Булган аймгийн Булган сумын иргэн Г.Дуламсүрэнгээс Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Болормаа/-д холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, албан тушаалыг хэвээр хадгалахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0017/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар...нөхөн төлүүлнэ”, 47.6-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч, биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг 50 хувиар хөнгөлнө”, 48 дугаар зүйлийн 48.1-д “ Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно.” мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.4-т “ энэ хуулийн 47.6-д заасан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг буцаан олгоно” гэж тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Булган Төрийн сангийн 041400995 дугаарын дансанд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Дуламсүрэнд олгох нь зүйтэй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь заалтуудыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Булган аймгийн Булган сумын иргэн Г.Дуламсүрэнгээс Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга /Г.Болормаа/-д холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, албан тушаалыг хэвээр хадгалахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 158/2016/0017/3 дугаарын индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Булган Төрийн сангийн 041400995 дугаарын дансанд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг буцаан, мөн хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Дуламсүрэнд олгосугай.

        3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т  зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

       4. Захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Булганчимэгт даалгасугай.

 

ШҮҮГЧ                                   Г.ГАНТУЯА