Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч Д.Ганзориг, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                   Д.Ганчимэг

Хохирогчийн өмгөөлөгч                            Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.Солонго

Шүүгдэгч                                                   *******

Нарийн бичгийн дарга                               Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/322 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2321000000269 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06ы өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн хороонд 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, Ивээлийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй.  /РД: *******/ Урьд:

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

2. Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах хүүхдийн цэцэрлэгийн зүүн хойно хохирогч *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүү ясны зөрөөтэй хугарал, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 3 /гурав/ сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлс худалдан авсан 123,082 төгрөг, нийт 1,123,082 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,831,252 /нэг сая найман зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогч *******т олгож,

Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан бэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс оногдуулсан ял нь миний хувийн байдал болон гэм буруугийн хэлбэрт тохироогүй болно. Тухайн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс надад зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргахдаа “урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон торгох ял оногдуулсан байхад өөртөө дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн тул торгохоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлтэй” гэж тайлбарласан бөгөөд шүүхээс дээрх саналын хүрээнд надад тухайн зүйл ангид заасан ялаас хамгийн хүнд буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй болно.

Надад 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь миний хувийн байдалд тохироогүй төдийгүй хохирогчийн эрх ашгийг давхар хөндсөн шийдвэр болсон юм. Учир нь би одоогоор Баян-Уул сумын 6 дугаар баг, Эрээн гэх газарт мал маллаж, мал махны бизнес эрхлэн амьдардаг. Нөгөө талаас тус шийтгэх тогтоолд надаас гэм хорын төлбөрт 1 831 252 төгрөг гаргуулж хохирогчид олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхээр дурдсан.

Гэтэл намайг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаанд гарахыг хориглосон тул миний амьжиргаагаа залгуулах, хохирогчийн хохирол төлөгдөх боломж хаагдсан тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй гэж үзэж байна.

Хувийн байдлын тухайд миний бие Баян-Уул сум, Хэрлэн сум, Улаанбаатар хот гэсэн маршрутаар мал махны бизнес хийдэг. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр ажил эрхэлдэггүй, 4-14 насны 3 хүүхэд, гэр бүлээ би тэжээн тэтгэж ирсэн болно. Дээрх ял хэрэгжиж эхэлснээр миний хүүхдүүдийн тэжээн тэтгүүлэх эрх алдагдахад хүрэх юм. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

6. Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ял шийтгэлийг багасгуулах саналыг шүүгдэгч талаас гаргаж байна. Энэ байдал байж болно. Гэхдээ гол нь хохирогчид учруулсан хохирлыг эхлээд төлж барагдуулах ёстой байсан юм. Гэтэл хохирол төлөгдөөгүй байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд Улаанбаатар хот, Баян-Уул сум, Дорнод аймгийн хооронд мах тээвэрлэж амьжиргаагаа залгуулдаг. Зорчих эрхийг хязгаарласнаар хохирогчид хохирол төлбөр төлөхөд асуудал үүсэх боломжтой. Одоогийн байдлаар гарсан зардал болох 1.8 сая орчим төгрөг төлөгдөөгүй байгаа. Цаашид ч удаашрах нөхцөл байдал үүсэх боломжтой байна. Тиймээс торгох ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

8. Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Одоо гомдолдоо хохирогчид хохирол төлбөр төлөхөд хэцүү болох нөхцөл байдлыг бүрдүүлж байна гэж бичсэн байна. Гэтэл энэ хэрэг 2023 оны 10 дугаар сард шийдвэрлэгдсэн. Энэ хугацаанд хохирогчид учирсан хохирлыг төлөх бүрэн боломжтой байсан. Заавал ял хариуцлагыг эдэлж эхэлснээс хойш төлөх шаардлагагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

3. Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах хүүхдийн цэцэрлэгийн зүүн хойно хохирогч *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны зөрөөтэй хугарал, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, /хх 66-67, 152-153/

хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...******* нь надад хандаж “та новшийн зан гаргалаа” гэхээр нь би  “ямар новшийн зан гаргасан юм бэ” гэж хэлээд бид 2 маргалдаж эхэлсэн. Ингээд ******* надад тодорхой юм хэлэлгүйгээр гэнэт л миний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад 2-3 удаа зангидсан гараараа цохисон. ...Ингээд намайг машинаас буухад ******* мөн адил бууж над руу дайрч надтай зууралдаж байгаад намайг газарт унагаан дээр гарч суугаад нүүр хэсэгт зангидсан гараараа уруул, хамар, хацар хэсэгт олон удаа цохиж, хүзүүнээс боогоод байж байхад манай сумын /Батбаяр/ гэх залуу ирээд *******ийг надаас салгаж холдуулсан. ...******* миний нүүр хэсэгт цохиж гэмтэл учруулсан үйлдлээс болж эм тариа авах, эрүүний мэс заслын хагалгааны төлбөр, эрүү хадуулсан төлбөр, эмчилгээгээ хийлгэхэд нааш цааш явсан такси үйлчилгээний төлбөр зэргийг өөрөөсөө гаргасан тул *******ээс 2,183,586 төгрөгийг нэхэмжилж байна. ... эмчилгээ өнөөдрийн байдлаар дуусаагүй, эмчилгээ хийгдэж байна. ... Прокурорын шатанд нэмэлтээр 1,203,928 төгрөгийн баримтыг шинээр гаргаж өгсөн ба үүнийг мөн нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 1 000 000 төгрөг төлсөн тул нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх 13-16, 116, 155-156/

гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Машин дотор байхдаа ямар шалтгааны улмаас ******* Батхуягийг цохисныг бүү мэд. Цэцэрлэгийн хойд талд зогсоод их удалгүй ******* баруун гараараа Батхуягийн хаана цохисныг хараагүй. Ямар ч байсан ******* Батхуягийг цохисны дараа тэр хоёр машинаас буух үед Батхуяг чи намайг согтуу байхад цохиод яаж байгаа юм бэ гээд буусан. ...” гэх мэдүүлэг, /хх 35-36/

гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн...2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 06 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад дэлгүүр орох гээд Баян-Уул сумын зүүн захын цэцэрлэгийн ертөнцийн зүгээр хойд талд явж байхад цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр цэнхэр өнгийн портер машин зогсож байсан бөгөөд тухайн машины хажууд манай сумын Батхуяг гэх залуу газарт хэвтсэн, харин дээр нь манай сумын ахын хүү ******* биеэрээ дарж сууж байгаад Батхуягийн нүүр хэсэгт атгасан гараараа цохиж байхаар нь би шууд тэр хоёр руу очиж *******ийг татаж Батхуягийн дээрээс нь салгаж холдуулсан. ...” гэх мэдүүлэг, /хх 42-43/

гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ...Тэр хоёр гаднаас орж ирэхдээ Батхуяг ах “ах нь дөнгөж саяхан цэцэрлэгийн хойд талд Нарсын гийн хүү *******т зодуулчихлаа” гэж хэлсэн. ******* ах манайд орж ирээд сууж байхдаа зүүн талынхаа шанааг гараараа дараад энэ эрүү эвгүй болчихсон байна гээд гараараа нухаад суугаад байсан. Намайг харахад уруул нь язарч бага зэрэг цус шүүрсэн, зүүн шанаа нь овойж хавдсан байдалтай харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг, /хх 47-48/

гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн... манайд манай нөхөр *******ийг дагуулж орж ирэхдээ “Хуягаа ахыг Нарсын гийн хүү зодож байхад нь би салгаж ирлээ” гэхээр нь би Нарсын гийн хүү гэж хэн юм гэхэд ******* гэдэг юм гэж хэлсэн. ... Би нөхөр Батхуягаас болсон асуудлын талаар тодруулахад намайг дэлгүүрийн гадаа явж байхад ******* таараад Хуяг ахаа наашаа суучих гэж хэлээд машиндаа суулгаад цэцэрлэгийн хойд талд аваачаад машин дотор нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон  гэж хэлж байсан. Тухайн үед манай нөхөр гэртээ орж ирэхэд уруул нь дотор талдаа бага зэрэг язарсан, зүүн талын шанаа нь овойж хавдсан байдалтай харагдаж байсан. Би гараар дарж үзэхэд эрүүнийх нь яс хугарсан шинжтэй шажигнаад гарт мэдрэгдээд байсан. ...” гэх мэдүүлэг, /хх 51-52/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 397 тоот: “...*******ийн биед эрүү ясны зөрөөтэй хугарал, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 58-59 /, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6/, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эрүү, нүүрний дэлгэмэл зураг /хх 105-110, 114-115/, хохирогч ийн хохирол нэхэмжилсэн баримтууд /хх 18-21, 113/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

5. Шүүгдэгч *******ийн хохирогч ийн нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар 3 сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэн, зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.

7. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний болон бусад зардлын баримтуудыг шинжлэн судлан хохирогч т учирсан бодит хохирлыг зөв тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 1 831 252 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулан хохирогч т олгож, гэм хорын хохиролтой холбоогүй зардлыг хэрэгсэхгүй болгон, цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

8. Шүүгдэгч ******* нь давж заалдах журмаар “... анхан шатны шүүхээс тухайн зүйл ангид заасан ялаас хамгийн хүнд ял буюу 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй ... тул уг ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү ...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Тухайлбал, Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох ялын төрлөөс шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх, торгох ялаар өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/322 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЗУУ

                        ШҮҮГЧИД                                              Д.ГАНЗОРИГ                                                                                                                       Г.УРТНАСАН