Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/01082

 

В- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/01375 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В- ХХК-ийн хариуцагч А.Б-т холбогдуулан гаргасан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохиролд 23 980 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. 2020 оны 11 дүгээр сард А.Б- нь борлуулж байсан бараа бүтээгдэхүүний мөнгийг компанид бүрэн тушаагаагүй нь илэрч, тооцоо нийлж үзэхэд 23 980 300 төгрөгийг хувьдаа ашигласан байсан. Бараа бүтээгдэхүүний мөнгийг яагаад хувьдаа авч ашигласныг асуухад мөрийтэй тоглоод үрж дуусгасан гэж байсан. Ингээд ажлаасаа халагдсан бөгөөд хувьдаа ашигласан мөнгөө төлж барагдуулна гэсэн амлалт өгсөн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд А.Б-аас 23 980 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр В- ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа эд хөрөнгийн дутагдал гаргаагүй. В- ХХК нь бүтээгдэхүүнээ аж ахуйн нэгж, хувь хүнд зээлээр худалдан борлуулахдаа, зээлийн гэрээ байгуулдаггүй, итгэлцлийн үндсэн дээр явагдаж, төлбөр тооцоог худалдааны төлөөлөгч нь тодорхой маршрутын дагуу биеэр очиж аваад 7 хоногт багтаан санхүүд тушаадаг гэх боловч В- ХХК нь дотоодын зохион байгуулалт байхгүй, худалдааны төлөөлөгч яг хэзээ мөнгөө компанид тушаадаг болох нь тодорхойгүй, тухай бүрт тооцоо хийдэггүй, ямар үндэслэлээр бараа дутагдуулсныг тогтоогоогүй атлаа, өмнөх ажиллаж байсан хүний өр авлагыг дараагийн ажилтанд шилжүүлэн үүсгэснээс болж худалдааны төлөөлөгчид их хэмжээний өр үүсгэдэг ба энэ өрийг ямар аргачлалаар гаргадаг нь тодорхой бус юм. В- ХХК-ийн захирал Ц.Отгонхуяг нь харилцааны доголдолтой хүн байдаг ба миний биеийг өрөөндөө дуудаж, загнасан. Мөн миний унаж очсон, хүний машины түлхүүрийг хүчээр булаан авч дарамталж байгаад надаар амлалт бичүүлж төлбөрөө барагдуулж машинаа ав гэсэн. Иймд 23 980 300 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагч А.Б-аас 21 029 810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Витсамо фрут жүүс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 950 490 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 263 099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Витсамо фрут жүүс ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар Витсамо фрут жүүс ХХК-ийн нэхэмжлзлтэй, А.Б-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн билээ. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/01375 дугаар шийдвэрийг 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гардан авч, шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрт өмгөөлөгч Ж.Ганболд миний нэрийг буруу бичсэн өмгөөлөгч Ж.Ганбат гэж, мөн хариуцагч А.Б- нь 21 029 810 төгрөгийн эд хөрөнгө авсныг санхүүгийн ямар баримтанд тулгуурлан гаргасан болох нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөерөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч В- ХХК нь хариуцагч А.Б-т холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад учруулсан хохиролд 23 980 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч А.Б- нь манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа борлуулсан бүтээгдэхүүний үнэ болох 23 980 300 төгрөгийг компанид бүрэн тушаагаагүй, хувьдаа ашигласан гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч компани нь дотоод зохион байгуулалт муутай, өмнөх ажилтны өр авлагыг дараагийн ажилтанд шилжүүлснээс болж өр үүссэн гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Хариуцагч А.Б- нь нэхэмжлэгч В- ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/14 дугаар тушаалаар маркетинг, борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 11 сард ажлаас чөлөөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажилд авах тухай тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 10-12-р тал/

 

Нэхэмжлэгч В- ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч А.Б-тай тооцоо нийлж, борлуулсан бүтээгдэхүүний үнийг тулгахад нийт 23 980 300 төгрөгийн авлага үүссэн байна. Хариуцагч А.Б- нь дээрх өр төлбөрөөс 21 029 810 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэг жилийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь нэхэмжлэгч В- ХХК-д хандан гаргасан хариуцагч А.Б-ын хоёр удаагийн өргөдөл, өрийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.Б-ын гарын үсэг бүхий баримт, авлагын товчоо зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 17-23-р тал/

 

Ажилтан, ажил олгогч нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээний 4.2-т ажилтны буруугаас байгууллагад учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлж төлүүлнэ гэж заасан байна. /хх-ийн 13-14-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд мөн хуулийн 136 дугаар зүйлд байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох нөхцөлүүдийг заасан. Нэхэмжлэгч В- ХХК нь хариуцагч А.Б-ын байгууллагад учруулсан хохирлын хэмжээг тогтоохдоо өөрийн компанийн нягтлан бодогчийн гаргасан авлагын товчоо гэх баримтыг үндэслэн, улмаар хариуцагч А.Б-тай тооцоо нийлж баталгаажуулсан нь дээрх хууль болон гэрээний заалтад нийцсэн байх тул хохирлыг ямар баримтад үндэслэн тогтоосон нь тодорхой бус гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд хариуцагч А.Б-аас 21 029 810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 950 490 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ. Харин анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч компанийн нэрийг улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөрөөр бичсэн, мөн хариуцагч А.Б-ын өмгөөлөгч Ж.Г нэрийг Ж.Г гэж тус тус буруу бичсэнийг залруулан өөрчилсөн болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/01375 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн ... хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ганбат ... гэснийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ганболд гэж, тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... Витсамо фрут жүүс ... гэснийг В- гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 099 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ