2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/04714

 

 

 

 

 

 

 

     2025             06              02                                            192/ШШ2025/04714

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байр хаягт оршин байх “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар” Төрийн байгууллага, албан газар/РД:9090142/-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “*******” ХХК/РД:*******/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13ы өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа “*******” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйл 21.1 дэх хэсэг “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө”, 32 дугаар зүйл 32.2.2-д “орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, cap бүр нийгмийн даатгалын санд төлөх” гэсэн ажил олгогчийн үүргийг зөрчин нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 28,617,985.16 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 14,308,992.58 төгрөг, нийт 42,926,977.74 төгрөгийн өрийг үүсгээд байна. Нийгмийн даатгалын сангийн орлогыг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11,1.5 дах хэсэгт “нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа хэтрүүлсэн, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг бууруулсан болон нуусан орлогод тооцсон алданги, торгууль” байна гэж, тус хуулийн 37 дугаар зүйл 37.13.3 дах хэсэгт “нийгмийн даатгалын доод шатны байгууллага, байцаагчийн тогтоосон шимтгэл, алданги, хүү, торгуулийг төлөхөөс зайлсхийсэн, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг зөрчсөн ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх” гэж тус тус хуульчилсан байна. Нийгмийн даатгалын байгууллагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/199 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх” журамд заасны дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид дээрх үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардаж 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 18 дугаартай “Дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг төлүүлэх тухай” мэдэгдлийг Хаан банканд хүргүүлсэн. Нийгмийн даатгалын байцаагчаас тухайн аж ахуйн нэгжтэй холбогдож нийгмийн даатгалын улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэх, шимтгэлийн өр барагдуулах гэрээ байгуулах талаар 99905776 дугаарын утас руу удаа дараа холбогдоход утсаа авдаггүй, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр залгахад зарагдсан гэж хариу хэлсэн талаар тайлбар бичиж өгсөн болно. Иймд “*******” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 28,617,985.16 төгрөг, шимтгэлийн өрнөөс үүссэн алданги болох 14,308,992.58 төгрөг, нийт 42,926,977.74 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын дансанд төлүүлж өгөх талаар нэхэмжлэл гаргасан. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/Ш32025/09541 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгосон. Одоо уг компани нь хаана үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхойгүй улмаас өр төлбөрөө барагдуулах талаар шаардлага хүргүүлэх боломжгүй болоод байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад зааснаар хариуцагчийг онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.  

  Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нармандах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь “*******” ХХК-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч ******* нь өөрийн биеэр шүүхэд хүрэлцэн ирж оршин суух хаягийн мэдээллээ өгсөн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “*******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ “... хариуцагчийн төлөөлөгч ******* нь өөрийн биеэр шүүхэд хүрэлцэн ирж оршин суух хаягийн мэдээллээ өгсөн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна.…” хэмээн тайлбарлажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын хүсэлттэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “*******” ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

  

                                               

 

ШҮҮГЧ                                      ****