Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01088

 

 

 

 

 

 

 

 

 

Г.М-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/01035 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.М-гийн хариуцагч У.Х-т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 50 419 664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн. шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.М- нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хариуцагч У.Х-тай багын найзууд юм. Хариуцагч У.Х- нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн зуслангийн замд согтууруулах ундаа хэтрүүлсэн үедээ 85-94 УГУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, гэрлийн шон мөргөсний улмаас зорчигч болох Г.М-гийн биед хүнд хохирол учруулсан. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 994 тоот шийтгэх тогтоол гарсан, шийтгэх тогтоолоор хариуцагч У.Х-ыг гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжилж болохыг дурдсан. Эрүүгийн хэргийн явцад хариуцагч У.Х- нь 26 033 522 төгрөгийг нэхэмжлэгч Г.М-д төлсөн. Тийм учраас шийтгэх тогтоол гарснаас хойш Монгол Улс болон БНСУд хийлгэсэн эмчилгээний зардал болон уг эмчилгээтэй холбоотой зайлшгүй гарсан зардлуудыг хамтад нэхэмжилсэн. Нэхэмжлэгч Г.М- нь хөдөлмөрийн чадвараа 80% алдсан, ослын улмаас нуруу, нугасны хүнд гэмтэл авсан, бүсэлхийнээс доош ямар нэгэн мэдээ байхгүй, мэдрэлийн судас гэмтсэн, байнгын бусдын асаргаанд байдаг, тэргэнцэртэй, түүний төлөөлөгч болох дүү Г.Бүрэнжаргал нь харж хандаж байна. Өөрөөр хэлбэл Г.М-г эмнэлэг рүү машинаар авч явдаг бөгөөд шатахууны зардал гардаг, эм тарианы зардал гэх мэт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй их зардал гарч байгаа. Гэхдээ энэ бүгдийг нэхээгүй. Нэхэмжлэгч Г.М- нь Монгол Улсад эмчлүүлсэн, Самандбадраа эмнэлэгт хэвтсэн, өдрөөр эмчлүүлсэн, байнгын эмчийн хяналтад байсан боловч сайн үр дүн гарахгүй байсан учир БНСУын эмнэлэгтэй холбогдон эмчлүүлэхээр болсон. Ингээд ээж Цэнгэлийн хамт явсан. Г.М-д зайлшгүй бусдын асаргаа шаардлагатай байдаг болсон. Ингээд БНСУ-руу 2020 оны 02 сард явж, Жэсон эмнэлэгт уламжлалт зүү төөнүүр, бариа засал зэрэг эмчилгээ хийлгэсэн. Корона вирусын халдвартай холбоотойгоор гаднаас ирсэн хүмүүс 30 хоногийн тусгаарлалтад байсан учир Г.М-, ээжийн хамт цэргийн төв эмнэлэгт хэвтэн тусгаарлагдсан байдаг. Иймд Г.М- нь Монгол Улс болон БНСУд эмчилгээ хийлгэсэн эмчилгээний зардал, 2 хүний онгоцны тийз, тусгаарлалтад байсан зардал зэрэг нийт 50 419 664 төгрөгийг хариуцагч У.Х-аас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: У.Х- Г.М- хоёр багын найзууд бөгөөд тухайн үед У.Х-ынд очиж хоол идээд, архи уусан. Хэн аль нь согтуу байсан, У.Х- нь согтуу машин жолоодож Г.М-г гэрт нь хүргэж өгөх гэж яваад зам тээврийн осол гаргаж, Г.М-гийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлдээ 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 994 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн. Гэм буруугийн талаар маргаагүй учраас шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байдаг. Шийтгэх тогтоолд дурдсанаар хариуцагч У.Х- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 26 033 522 төгрөгийг төлсөн байдаг. Бидний зүгээс нэхэмжлэгч Г.М-гийн эмчилгээтэй холбоотой Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардлыг төлнө. Харин шатахууны зардал, тусгаарлалтын зардал, БНСУын тийзний зардал зэрэг нэмэлт зардлыг зөвшөөрөхгүй байна. Ер нь нэхэмжлэгч Г.М- нь ямар эмчийн заавраар, юуг үндэслэж БНСУ-д эмчлүүлсэн нь тодорхойгүй байна гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч: Зохигчдын мэтгэлцээнийг бүхэлд нь сонслоо. Хариуцагч гэм буруутай талаараа маргасангүй, хүний эрүүл мэнд чухал, эмчилгээ хийхтэй холбоотой зардлууд байх тул нэхэмжлэл үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1д заасныг баримтлан хариуцагч У.Х-аас 46 874 518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлээс 3 545 146 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч У.Х-аас 392 323 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн визний зардал 117 000 төгрөг, нислэгийн зардал 1 904 200 төгрөг, тусгаарлалтад байсан зардал 2 100 000 төгрөг, нийт 4 121 200 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч байна. Г.М-гийн эмчилгээтэй холбоотой Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зайлшгүй зардлыг төлөхийг зөвшөөрч байгаа. Хариуцагч У.Х- нь эрүүгийн хэргийн явцад нийт 26 033 522 төгрөг төлсөн байдаг. Шаардлагатай эмчилгээний зардлыг тухай бүрт нь бүрэн төлж байсан. Харин виз, нислэгийн тийз, шатахууны зардал, тусгаарлалтын зардал зэрэг нэмэлт, давсан зардлыг зөвшөөрөхгүй. Учир нь ямар эмчийн заавраар, юуг үндэслэж БНСУ-д эмчлүүлсэн нь тодорхойгүй байгаа. Хэргийн материалд энэ талаар баримт гаргаж өгөөгүй, нотолж чадаагүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505 дэх хэсэгт заасан зайлшгүй зардал гэдэг нь нотлох баримттай мөн заавал гарах шаардлагатай зардал байх учиртай. Гэтэл нэхэмжлэгч Г.М- нь зайлшгүй БНСУ-руу явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн баримт хэрэгт авагдаагүй. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, зөвлөмж, эмчийн бичиг байхгүй. Тиймээс үүнийг зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дах хэсэгт Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж заасан байдаг. Хариуцагч У.Х-аас нэхэмжлэгч Г.М-д гэм хор учруулсан үйлдэлд нэхэмжлэгч нь өөрөө ч мөн нөлөөлсөн байдаг. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.М- нь У.Х- дээр очиж архи уулгасан, хүүхдийн сандал дээр сууж явсны улмаас осол гарах үед урд, хойд суудлын голд хэвтэж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл дээрх гэм буруутай үйлдэлд нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зайлшгүй зардлаас давсан зардлуудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч У.Х-т холбогдуулан гэм хорын хохиролд 50 419 664 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч У.Х- нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож гэрлийн шон мөргөсний улмаас зорчигч болох Г.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, энэ асуудал эрүүгийн шүүхээр шийдэгдсэн бөгөөд Г.М- нь Солонгос Улс руу явж эмчилгээ хийлгэсэн, иймд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 50 419 664 төгрөгийг гаргуулна гэсэн бол хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 26 033 522 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэлд дурдсан зарим зардал нь зайлшгүй зардал биш байх тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч У.Х- нь 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота ист маркийн 35-94 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-ын Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас гэрлийн шон мөргөж зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч Г.М-гийн эрүүл мэндэд гэм хор учруулсан байна.

 

Дээрх ослын улмаас зорчигч Г.М-гийн биед хүзүүний 6, 7 дугаар нугалмын мултрал, гулсалт, арын холбоосуудын урагдал, хүзүүний 7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, нугасны дарагдал гэмтэл, доод мөчдийн саажил, аарцгийн эрхтний үйл ажиллагааны алдагдал гэмтэл учирсан байх бөгөөд дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 994 дугаар шийтгэх тогтоол, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах коммиссийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр зэрэг нолох баримтуудаар тогтоогджээ. /хх-ийн 4-8-р тал/

 

Хариуцагч У.Х-т холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 994 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч У.Х- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрүүл мэндийн хохиролд нийт 26 033 522 төгрөгийг төлсөн байна. /хх-ийн 5-8-р тал/

 

Нэхэмжлэгч Г.М-гийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас Монгол Улс болон БНСУ-д эмчилгээ хийлгэж, нийт 46 874 518 төгрөгийн зардал гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Г.М- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдсэнээс хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Монгол Улсад эмчилгээ хийлгэж, 8 242 793 төгрөгийн зардал гаргасан, мөн өөрийн ээж Л.Цэнгэлийн хамт БНСУ руу явах виз мэдүүлгийн төлбөрт 117 000 төгрөг, 2 хүний нислэгийн тийзний төлбөрт 1 904 200 төгрөг, ковид 19 цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад тусгаарлагдсаны төлбөрт 2 100 000 төгрөг, БНСУ-д эмчилгээ хийлгэсний төлбөрт нийт 14 319 720 вон буюу 34 510 525 төгрөг, нийт 46 874 518 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд, Цэргийн төв эмнэлгийн тодорхойлолт, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эмчийн магадлагаа, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 9-166, 238-250, 2хх-ийн 1-8, 2хх-ийн 64, 2хх-ийн 66-70-р тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Хариуцагч У.Х- нь дээрх хуульд зааснаар бусдын эрүүл мэндэд хүнд гэм хор учруулснаас үүссэн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй боловч гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл байсан эсэхийг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Осол гарах үед буюу 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч У.Х-ын согтуугаар жолоодсон тээврийн хэрэгсэлд зорчигч буюу нэхэмжлэгч Г.М- мөн адил согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа сууж, бусдыг согтуугаар машин жолоодоход хамт байлцсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулж авсан гэрч Э.Гандуулгын мэдүүлэгт ... зорчигч гэх нэг залуу хойд суудал дээр согтуу тасарчихсан байдалтай байсан гэж мэдүүлжээ. /хх-ийн 6-р тал/

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.а-д зорчигч хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Г.Хосбаярыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг мэдсээр байж түүний автомашинд зорчсон, зохигчид найз нөхдийн хувийн харилцаатай, хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, түүнчлэн нэхэмжлэгчийг гэрт нь хүргэж өгөхөөр хариуцагч тээврийн хэрэгсэл жолоодож явсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэвэл Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учрахад хохирогч буюу нэхэмжлэгч Г.М-гийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2 дах хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг бус буюу тохиолдлын гэмт хэрэг учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх нөхөн төлбөрийн хэмжээг багасгаж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Хосбаяр нь нэхэмжлэгчид 26 033 522 төгрөгийн хохирол төлсөн нөхцөл байдал, дээр дурдсан нэхэмжлэгчийн болгоомжгүй байдал зэргийг харгалзан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан нийт 4 121 200 төгрөгийн зардлыг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хариуцагч гэм буруутай талаараа маргасангүй, хүний эрүүл мэнд чухал, эмчилгээ хийхтэй холбоотой зардлууд байх тул нэхэмжлэл үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч нь хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролтой хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд тэрээр мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар дүгнэлт гаргах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч У.Х-аас 42 753 318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлээс 7 666 346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/01035 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 505.1 ... гэсний дараа , 514 дүгээр зүйлийн 514.1 гэж нэмж, 46,874,518 гэснийг 42 753 318 гэж, ... 3,545,146 ... гэснийг 7 666 346 гэж,

2 дах заалтын ... 392,323... гэснийг 371 716 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ