2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/02006

 

 

 

 

 

 

 

 

 

 2025          03          13                                           191/ШШ2025/02006

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Илүү цагийн нэмэгдэл хөлс 29,853,012 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.П,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б, З.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч З.Ц нь О ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4-т заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байхаар заасан бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан хуулийн 108.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 109 дүгээр зүйлийн 109.1-т илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж тус тус заасан. Харин хариуцагч нь ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа болно.

Тиймээс бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасны дагуу нь З.Цы илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 09 дүгээр сарын 18,774,083 төгрөг, 10 сарын 16,636,819 төгрөг, 11 сарын 16,073,186 төгрөгийн цалингаас, нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 100,554.86 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 8,446,608 төгрөг байна гэж тооцож энэ цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, эцсийн байдлаар 2022 оны 09 сард 56 цаг илүү ажилласан, нэг цагийн ажлын хөлс 97,596 төгрөг, нийт 8,198,064 төгрөг, 10 сард 56 цаг илүү ажилласан, нэг цагийн ажлын хөлс 125,376 төгрөг, нийт 10,531,584 төгрөг, 11 сард 56 цаг илүү ажилласан, нэг цагийн ажлын хөлс 132,421 төгрөг, нийт 11,123,364 төгрөг, бүгд 29,853,012 төгрөг болсон бөгөөд цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлэн тооцсон байгаа. Бид цалин хөлсний талаарх гомдлоо анх 2023.02.17-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд, 2023.03.10-нд маргаан таслах комисс тус тус гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч О ХХК-иас 2022 оны 09, 10, 11 сарын илүү цагийн хөлсөнд нийт 29,853,012 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэг: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2021.07.02-ны өдөр батлагдаж 2022.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба тус хуулиар анх удаа уул уурхай, олборлох салбарт ажиллаж буй ажилтны ажил амралтын хуваарь буюу уртын ээлжийн зохицуулалтыг хуульчилсан. Тус хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг батлан гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 92 дугаар зүйлийн 92.3 дахь заалтад “уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно”, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” хэмээн хуульчилсан. Компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021.10.08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “тодруулга’’ авахаар хүсэлт гаргасан. Улмаар тус яамнаас Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн хариуг ирүүлсэн болно. Үүнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1. 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

Нэхэмжлэгч З.Ц нь 2014.10.09-ний өдөр хариуцагч компанитай өрөм, тэсэлгээний туслах ажилтан албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний өөрчлөлтийг 2022.03.01-ний өдөр байгуулсан бөгөөд энэ үеэс илүү цагийн зохицуулалтын талаар мэдэж байсан. Нэхэмжлэгч З.Ц нь 2022 оны 09 дүгээр сард 192 цаг, 10 дугаар сард 196 цаг, 11 дүгээр сард 168 цаг ажилласан бөгөөд ажилласан илүү цагт ногдох цалин хөлсийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. З.Ц нь 09 дүгээр сард 17 хоног ажиллаж, 14 хоног амарсан, 10 дугаар сард 15 хоног ажиллаж, 15 хоног амарсан, 11 дүгээр сард 14 хоног ажиллаж 17 хоног амарсан байна. Бид нэхэмжлэгчийн илүү цагийн нэмэгдэл хөлс нэхэмжилсэн хугацааны цагийн бүртгэл, цалингийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж өгсөн ба эдгээр баримтуудаар нэхэмжлэгч нь сар бүр 168 цагаас дээш гарсан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгосон болох нь нотлогдож байгаа.

Хоёр: Манай байгууллагын зарим ажилтнууд илүү цагийн хөлсөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба, зарим маргааныг Улсын дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэж жишиг байдалтай тогтоол гаргасан. Тухайлбал Аийн нэхэмжлэлтэй хэрэг байна. Энэ тогтоолоор илүү цагийг 168 цагаар бодохгүй, харин 112 цагаас дээш болбол илүү цаг бодно, ингэхдээ 0,5 дахин тооцогдох цалин хөлсийг гаргуулах боломжтой байна гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн. Тиймээс бидний хувьд нэхэмжлэгчийг 2022 оны 09, 10, 11 сард 56 цаг илүү ажилласан гэдэгт маргахгүй болж байна. Харин цалин хөлсний талаарх хөөн хэлэлцэх хугацаа болон тооцооллын тухайд маргаантай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгохгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 90 хоногийн дотор байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах байсан. Тодруулбал, нэхэмжлэгч нь 09 сарын цалин хөлсөө 10 сард мэдэх, 10 сарын цалин хөлсөө 11 сард, 11 сарын цалин хөлсөө 12 сард мэдсэн байх учиртай ба, тэрээр анх удаа 2025.03.10-ны өдөр  Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байгаа нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн гэж үзэхээр байх ба манай байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл гэж байхгүй болно. Нөгөө талаар бид нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин хөлсийг бүтэн олгочихсон учраас зөрүү нь 0,5 дахин бодогдох ёстой байна. Нэхэмжлэгчийн тооцсон 1 цагийн цалин хөлсийг бид маргахгүй, манай тооцоололтой тохирч байсан. Харин нэхэмжлэгч 1,5 дахин тооцож цалин хөлсөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал нотлох баримтаар,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.19-ний өдрийн 8879 дугаар шүүгчийн захирамж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024.02.20-ны өдрийн 238 дугаар албан бичиг, ажилтан Л.Мын гаргасан тайлбар гэсэн баримтуудыг,

 

4.Хариуцагч тал нотлох баримтаар,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч О ХХК-ийн 2021.10.08-ны өдрийн 1472/HR дугаар албан бичиг, 2021.12.20-ны өдрийн 6/3391 дугаар албан бичиг, 2022.01.24-ний өдрийн 173/HR дугаар албан бичиг, доктор, профессор Б.Уранцэцэгийн хууль зүйн дүгнэлт, МУУҮА-ын 2023.12.13-ны өдрийн 23/244 дугаар албан бичиг, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2022.06.29-ний өдрийн 16 дугаар магадлал, 2022.01.31-ний өдөр нийт ажилтнуудад хүргүүлсэн и-мэйлийн хуулбар, МҮХАҮТ-аас зохион байгуулсан хэлэлцүүлгийн баримт, 2024.11.21-ний өдрийн хамтын гэрээний төсөл, 2024.11.12-ны өдрийн хамтын хэлэлцээний хурлын тэмдэглэл гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна. 

 

5.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр О ХХК-ийн 2022-2025 оны хамтын гэрээ, нэхэмжлэгч З.Цы 2022 оны 10, 11, 12 саруудад ажилласан цагийн бүртгэл, олгосон цалин хөлсний талаарх мэдээлэл, хариуцагч О ХХК-ийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн дотоод журам, ээлжийн хуваарь, ээлжээр ажилладаг ажилтны ажлын цагийг бодох журам, 2024.11.21-ний өдрийн хамтын гэрээ гэсэн баримтуудыг,

Хариуцагч талын гаргасан хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хувийн хэрэг, 2023.03.10-ны өдөр О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, ирүүлсэн хариу, нэхэмжлэгч З.Цы төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан өргөдөл, Монголын үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2023.04.21-ний өдрийн 01/386 тоот албан бичиг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны А/164 тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, тайлан гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.Ц нь хариуцагч О ХХК-нд холбогдуулж 2022 оны 09, 10, 11 сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 29,853,012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчийн гарган өгсөн, шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал нь гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...нэхэмжлэгч нь 2022 оны 09, 10, 11 сард уртын ээлжээр ажиллахдаа 168 цаг /56 цаг* 3 сар/ илүү ажилласан байхад хариуцагч нь илүү цагийн хөлсийг олгоогүй, энэ талаар хуульд заасан хугацаанд Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж хариу авсан, нэхэмжлэл үндэслэлтэй тул шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг “...Яг энэ асуудлаар зарим ажилчид маргаан үүсгэж, энэ нэхэмжлэлийн шаардлагатай адил маргааныг Улсын дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэж жишиг байдалтай тогтоол гарсан. Тиймээс бид нэхэмжлэгчийг тухайн саруудад 168 цаг илүү ажилласан тухайд маргаангүй, харин нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах байтал хандаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, нөгөө талаар нэхэмжлэгч нь тухайн үеийн цалин хөлсөө бүтэн тооцуулж авсан учраас цалин хөлсийг 0,5 дахин тооцох асуудал яригдах учиртай, харин нэхэмжлэгч нь 1,5 дахин нэмэгдүүлж цалин хөлсөө шаардаж байгаа нь үндэслэлгүй учир зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан мэтгэлцэнэ.

 

3.Нэхэмжлэгч З.Ц нь 2014.10.09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хариуцагч О ХХК-ийн ... аймгий ... суманд байрлах уурхайд өрөм, тэсэлгээний туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн байх ба, энэхүү хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь 949 ам доллартай тэнцэх /G4/ цалин хөлс авах, 14 хоног ажиллаж, 7 хоног амрах, хэвийн нөхцөлд 8 цаг, илүү 4 цаг ажиллах, хариуцагч нь ажиллах нөхцөлөөр хангах, цалин хөлс, илүү цагийн хөлс олгохоор харилцан тохиролцсон байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль 2021 онд шинэчлэн батлагдаж, 2022.01.01-ний өдрөөс дагаж мөрдсөн байх ба, тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно” гэж, 92.4.-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж тус тус заасан бөгөөд уул уурхай, олборлох салбарын ажил олгогч, түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь ажилчдыг уртын ээлжээр ажиллуулах горимыг онцлог ялгаатай байдлаар эрх зүйн хувьд зохицуулжээ.  

 

Улмаар хуулийн 92 дугаар зүйлийн 92.5.-д дээрх хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа, амрах хугацаа тэнцүү байхаар ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцох, 92.6.-д уртын ээлжийн ажил эхлэх болон дуусахад  ажилтны ирэх буцах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах, 92.8.-д уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг ажил олгогч өөрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулахаар тодорхойлсон. Энэ хүрээнд зохигч харилцан тохиролцож 2014.10.09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд 2022.03.06-ны өдөр “...14 хоног ажиллаад 14 хоног амрах...” гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.

 

4.Түүнчлэн хариуцагч О ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу гүйцэтгэх захирлын 2021 оны 72/21 тоот тушаалаар “Ажлын цагийн тухай журам”, 69/21 тоот тушаалаар “Цалин хөлсний журам”, 2023 оны А/44 тоот тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг тус тус шинэчлэн баталж, 2022.04.22-нд хариуцагч нь ажилтны төлөөлөл болох Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон, 2022-2025 оны хооронд дагаж мөрдөх Хамтын гэрээг байгуулж эдгээр хэм хэмжээ тогтоосон баримтуудаар уртын ээлжийн ажилтны ажил, амралтын хуваарь, цалин хөлсний бүрэлдэхүүн болох үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох журмыг зохицуулжээ.

 

Тодруулбал, 2022-2025 оны хооронд дагаж мөрдөх “Хамтын гэрээ”-ний 2.14, 2.15-д зааснаар шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг ажилласан цагт дундаж цалин хөлсийг 1,2 дахин, нийтээр амрах баярын өдөр ажилласан үед үндсэн цалинг 2 дахин нэмэгдүүлж олгохоор, 2.16 дах заалтын “а”-д уртын ээлжийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувьтай тэнцэх хэмжээгээр олгох, “б”-д хоол унааны нэмэгдэлд 500,000 төгрөг олгохоор,

Ажлын цагийн тухай журмын 8.1.7-д “Уртын ээлжийн ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна”, 8.1.8-д “Уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно”, 9.2.3-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны…сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно…168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ноогдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг “Цалин хөлсний журам”-д заасны дагуу олгоно” гэж тус тус зааж, 10.1.1, 10.1.2, 10.1.3-т  зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтнуудын ажилд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт нь тооцох, энэ хугацаанд ноогдох олговрыг “Цалин хөлсний журам”-д зааснаар олгох,  энэ хугацааг уртын ээлжийн ажиллах ажлын өдрийн цагт оруулж тооцохгүй байхаар,

Цалин хөлсний журмын 14.1.2 дах заалтын “а”-д “…ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба …ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно”, “в”-д “Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтны …өдөр тутамд нэмэлт нэг цаг илүү ажилласнаар тооцох…”, 14.5.1-д “…уртын ээлжээр ажилладаг ажилтнуудад уурхайн талбарт ажилласан өдрүүдэд сарын үндсэн цалингийн 13 хувьтай тэнцэх уртын ээлжийн нэмэгдэл олгоно”, 14.3.1-д “…ажилтнуудын уртын ээлж  эхлэх болон дуусахад ажилдаа ирэх буцах хугацааг “Ажлын цагийн журамд тодорхойлсны дагуу олгоно”, 14.6.3-т “Ажлын байранд хүргэх, буцаах хугацаанд ноогдох олговрыг үндсэн цалингаас тооцох ба энэ хугацааг уртын ээлжээр ажиллах ажлын өдрийн хугацаанд оруулан тооцохгүй” гэж тус тус заасан.

 

5.Хариуцагч байгууллагын цагийн бүртгэл буюу цагийн хүснэгт, цалингийн тооцоолол, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаас үзэхэд, хариуцагч нь дээр дурдсан хамтын гэрээ, ажлын цагийн тухай журам, цалин хөлсний журмын дагуу нэхэмжлэгчид үндсэн цалин, илүү цагийн олговор, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, уртын ээлжийн нэмэгдэл, шөнийн ээлжийн нэмэгдэл, уурхайн цогцолборт ирж буцах цагийн нэмэгдэл зэргийг олгосон байх ба, нэхэмжлэгч З.Ц нь 2022 оны 09 сард 132 цаг, үүнээс шөнийн ээлжид 88 цаг, илүү 23 цаг ажиллаж, гарт олгох дүнгээр 12,644,392 төгрөг, 10 сард 192 цаг, үүнээс шөнийн ээлжид 24 цаг, илүү 40 цаг ажиллаж, гарт олгох дүнгээр 12,080,088 төгрөг, 11 сард 180 цаг, үүнээс шөнийн ээлжид 112 цаг, илүү 43 цаг ажиллаж, гарт олгох дүнгээр 23,768,696 төгрөгийн цалин хөлс, нэмэгдэл цалин хөлс авсан байх ба, нэхэмжлэгч З.Ц нь 2022 оны 09, 10, 11 сард тус бүр 56 цаг, нийт 168 цаг илүү ажилласан тухайд хариуцагч тал маргаангүй.  

 

5.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1., 84.2.-т зааснаар ажилтан ээлжээр ажилласан, эсхүл ажлын цагийг нэгтгэн бодсон эсэхээс үл хамаарч долоо хоногт ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байх, ердийн нэг ажлын өдрийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байх, 84.4.-т зааснаар долоо хоногийн ажлын дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй, өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь 4 цагаас илүүгүй байх тухай зохицуулалтууд нь ажилтны нэг өдөрт болон долоо хоногт хөдөлмөр эрхлэх хугацааны үндсэн зохицуулалт байх бөгөөд үүнийг баталгаажуулан хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.-т “Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл 8 цагаас илүүгүй байна”, 87.3.-т “Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг 4-с илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно.

 

Энэ тохиолдолд 7 хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1.-д заасны дагуу нэмж олгоно” гэж  ээлжийн ажлын цагийг нарийвчлан тодорхойлон заасан байна. Эндээс үзвэл ердийн ажлын үргэлжлэх хугацаа 8 цагаас илүүгүй байх, энэ журам нь ээлжийн ажилтны ажиллах цагийн үргэлжлэлд мөн хамаарч байхаар буюу ердийн ажил, уртын ээлжээр ажиллах ажлын аль аль тохиолдолд нэг өдөрт ажиллах цаг нь 8 цаг байх, илүү цагаар ажиллавал дээд хязгаар нь 4 цагаас илүүгүй байхаар хуульчилж тогтоосон гэж ойлгохоор байна.

 

5.2.Өөрөөр хэлбэл, уртын ээлжээр ажиллах горимд ердийн ажлын нэгэн адилаар өдрийн 8 цагийг мөн баримтлах  бөгөөд, нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэл 8 цаг байх үндсэн зохицуулалт нь уртын ээлжээр ажиллах ажилтны хувьд ч ажиллавал зохих ажлын цагийн зохицуулалт хэвээр байж үйлчлэхээр байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3.-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж заасан нь уртын ээлжээр ажиллах горимд 12 цаг ажиллах горим хамаарахгүй гэж үзэхээр байх ба, Хөдөлмөрийн тухай  хуулийн 92 дугаар зүйлийн 92.4.-т  зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, уртын ээлжийн ажилтны нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг  /өдөрт 8 цаг х14 хоног/  байна. 

 

Энэ ойлголтын талаар зохигч маргаантай байсан боловч Улсын дээд шүүхээс үүнтэй адил маргааныг дурдсан үндэслэлээр тайлбарлаж, дүгнэн шийдвэрлэсэн байдлыг тэд хүлээн зөвшөөрсөн, улмаар нэхэмжлэгч З.Ц нь 2022 оны 09, 10, 11 сард нийтдээ 168 цаг ажилласан тухайд маргаангүй болсон байх ба, нэхэмжлэгч З.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3., 109 дүгээр зүйлийн 109.1.-д зааснаар илүү цагийн нэмэгдэл хөлсийг хариуцагч ************** ХХК-иас шаардах эрхтэй, хариуцагч ************** ХХК нь түүнд илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй байна.

 

6.Зохигч нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн үеэс эхлэн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн болон илүү цагийн хөлсийг 1,5 дахин эсхүл 0,5 дахин нэмэгдүүлэн олгох эсэх тооцооллын тухайд маргаантай байх ба, хариуцагч тал нь нэхэмжлэгчид олгосон 168 цагийн цалин хөлсөнд илүү цагийн хөлсөнд олгох нэмэгдэл хөлсний 1 хувь олгогдсон гэж, мөн сар бүрийн 10-ны өдөр цалин олгодог учраас нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг мэдэх боломжтой гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй болно.

 

6.1.Нэхэмжлэгч талын үндэслэл болгосон 2023.03.01-ний өдрийн “Гомдол буцаах тухай” Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хариугаар, О ХХК нь нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Пүрэвдолгорын гаргасан 2023.02.17-ны өдрийн гомдолд “…Хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл гэх байгууллага байхгүй учраас гомдлыг хэлэлцэх, урьдчилан шийдвэрлэх боломжгүй…” гэсэн хариу өгч, гомдол, холбогдох баримтыг түүнд буцаажээ.

 

Тиймээс нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь 2023.03.10-ны өдөр “…байгууллага ажилтныг нөхөн амраалгүй, тасралтгүй 14 хоног, 12 цагаар, өдөр бүр 4 цаг, дунджаар 56 цаг илүү ажиллуулсан боловч 2022.01.01-ний өдрөөс эхлэн илүү цагийн цалин хөлс олгоогүй, ажилтны хөдөлмөрлөх эрх ноцтой зөрчигдөж байна…” гэсэн агуулгаар О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан, тус комисс нь 2023.03.16-ны өдөр “…2022.01.01-ний өдөр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.-т заасан маргалдагч талын эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан, …гомдол гаргагчийн Комисст хандах хуульд заасан хугацаа хэтэрсэн байна…” гэсэн агуулгаар гомдол буцаах тухай хариуг өгчээ.

 

Улмаар нэхэмжлэгч тал Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх ба, тус байгууллагын 2023.04.28-ны өдрийн 50 дугаар тэмдэглэлээр “…талууд зөвшилцөж, эвлэрч чадаагүй, харилцан тохиролцоогүй…” үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, талууд тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд хандах эрхтэйг тайлбарлажээ. Иймд нэхэмжлэгч З.Ц болон бусад нэр бүхий ажилтнууд хамтран Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023.05.12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх 2023.05.19-ний өдрийн 8879 дүгээр шүүгчийн захирамжаар “…нэхэмжлэгч нар шаардлагаа тус тусдаа гаргах нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хурдан шуурхай явагдахад ач холбогдолтой…” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

 

6.2.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч З.Ц нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр болох 2022 оны 09, 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний тухайд 2022.10.10 болон 2022.11.10-ны өдрөөс эхлэн 90 хоногийн дотор буюу 2023.01.10 болон 2023.02.10-ны өдрийн дотор О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, асуудлаа урьдчилан шийдвэрлүүлэх ёстой байтал уг хугацааг хэтрүүлсэн, харин тэрээр 2023.02.17-ны өдөр анх О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан үйл баримт тогтоогдсон тул энэ хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлсийг О ХХК хариуцан төлөх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэгч З.Ц нь 2022 оны 11 сарын илүү цагийн нэмэгдэл хөлсний тухайд 2022.12.10-ны өдрөөс эхлэн 90 хоногийн дотор буюу 2023.03.10-ны өдрийн дотор О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, асуудлаа урьдчилан шийдвэрлүүлсэн болох нь тогтоогдсон тул энэ хугацааны нэмэгдэл хөлсийг О ХХК хариуцан төлөх үүрэгтэй.

 

6.3.Нэхэмжлэгч тал 2022 оны 11 сарын илүү цагийн цалин хөлсний тооцоололд бичигдсэн “…илүү цаг 1,5-ийн олговор, 43 цаг, 8,541,194 төгрөг…” гэснийг үндэслэн, 1 цагийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг 132,421 /8,541,194 төг : 43 цаг : 1.5 дахин/ төгрөг гэж тооцоолсныг хариуцагч тал маргаагүй ба, нэхэмжлэгч нь илүү ажилласан 56 цагийг 11,123,364 /132,421 төг * 56 цаг * 1,5 дахин/ төгрөг гэж тооцсон. Шүүх илүү ажилласан 56 цагийн нэмэгдэл хөлсийг 1,5 дахин бус 0,5 дахин тооцох үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд дээр нэгэнт дүгнэснээр нэхэмжлэгч нь маргаан бүхий цаг хугацааны 180 цагийн цалин хөлсийг бүтэн авсан, үүнд 1,5 дахин бодогдох цалин хөлсний 1 дахин бодогдох хэмжээ багтсан гэж үзэхээр байх ба, энэ талаарх хариуцагч талын тайлбар  үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгч З.Цы 2022 оны 11 сард илүү ажилласан 56 цагийн нэмэгдэл хөлсийг 3,707,788 /132,421 төг * 56 цаг * 0,5 дахин/ төгрөг гэж тооцон тогтоож, хариуцагч О ХХК-иас 3,707,788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Цд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2022 оны 09, 10 сарын илүү цагийн нэмэгдэл хөлс болох 26,145,224 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

7.Нэхэмжлэгч З.Ц нь хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал 2023.06.08-ны өдөр 151,096 төгрөг төлсөн байх тул энэхүү 151,096 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Цд олгож, хариуцагч О ХХК-иас 307,215 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., 44 дүгээр зүйлийн 44.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т заасантай нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1., 92 дугаар зүйлийн 92.3., 109 дүгээр зүйлийн 109.1.-д зааснаар О ХХК-иас 3,707,788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Цд олгож, нэхэмжлэлээс үлдэх 26,145,224 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., 44 дүгээр зүйлийн 44.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгч З.Ц нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, түүний тэмдэгтийн хураамжид төлсөн 151,096 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Цд олгож, хариуцагч О ХХК-иас 307,215 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХТУЯА