| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0191/э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Л.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Лхагваагийн Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 1811004750191 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Лхагваагийн Эрдэнэбаатар, 1969 оны 10 дугаар сарын 30-ний өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэг 243 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УЕ.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 37 дугаар тоотод хохирогч Т.Ганбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага хүлээхэд бэлэн...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Т.Ганбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 14.30 цагийн үед гэртээ байж байтал миний хуучны танил Манлайбаатар утсаар яриад ганц шил архи аваад хүрээд ир, жаахан ярьж сууя гэсэн ба түүний эхнэр нас бараад удаагүй, ажил явдалд нь оролцож чадаагүй учраас тэгэлгүй яах вэ гээд 1 шил 0.5 граммын хараа нэртэй архи аваад найз Базаррагчаагийн хамтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 11 дүгээр байрны 37 тоотод очиход Манлайбаатар миний огт танихгүй 3 эрэгтэй хүний хамтаар ширээ тойроод юм яриад сууж байсан. Тэгээд 18:00 цагийн үед найз Базаррагчаа ажил дээрээ хуралтай гээд яваад өгсөн. Би Манлайбаатар болон хамт байсан хүмүүстэй нь юм яриад үлдсэн. Гэтэл удалгүй хоёр эрэгтэй нь гадагш явах ажилтай гээд гараад явцгаасан. Ингээд Манлайбаатар болон түүний найз Эрдэнэбаатар бид гурав үлдэж архи дуусах үед би Манлайбаатарт хандаж эхнэр чинь өөд болоод удаагүй байхад миний найз архи бага уу, хоёр хүүхдээ бодоод хүн шиг амьдар гэж хэлсэн. Би тэр айлд очихоос өмнө гэртээ ганцаараа 0.5 граммын архи талыг нь уучихсан байдалтай очсон болохоор нилээн согтчихсон байсан ба зарим нэг зүйлийг санахгүй байгаа юм. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн миний толгой хагарчихсан цус гараад байсан. Нөгөө хоёрын нэг нь наад цусаа ариун цэврийн өрөө орж угаагаач ээ гэж хэлж байсан. Манлайбаатар тэгж хэлсэн байж магадгүй. Тэгээд цусаа угаагаад ерөөсөө л эмнэлэг явах ёстой юм байна гэж бодоод гарч гүйж байхдаа цагдаа ойрхон байгааг гэнэт санаад шууд цагдаад орж гэмтлийн эмнэлэг явсан. ...Эрдэнэбаатар бид хоёр гар барилдаан хийж байх үед би Эрдэнэбаатарыг болох болохгүй үгээр хэлж дайрах үед Эрдэнэбаатар архины шилээр миний толгой руу цохиж хагалсан. Нэгдүгээр эмнэлэг болон хувийн эмнэлэгт бариачаар бариулж эмчлүүлсэн. Гарсан 1.500.000 төгрөгийн зардлыг Эрдэнэбаатар төлж эмчилгээ хийлгэсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. биеийн байдал эдгэрээд хэвийн болсон...” гэжээ /хх-8-11/.
Гэрч Г.Манлайбаатар мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 14:00 цагийн үед 10 жилийн ангийн хүүхэд Л.Э 0.33 граммын хараа нэртэй архи авчихсан ирсэн. Би хуучны найз Т.Ганбат руу залгаад манай найз ирчихсэн байна. Чи ирэх үү гэж асуутал, ганц юм аваад очих уу гэхээр нь хүрээд ир гэж дуудсан ба 17:00 цагийн үед 0.5 граммын 1 шил архи авчихсан ирсэн. ...Ингээд Эрдэнэбаатар бид гурав үлдээд архи ууж дуусах үед гар барилдаан хийж би Ганбаттай барилдаж ялаад Эрдэнэбаатар тэр хоёр барилдаж Эрдэнэбаатар Ганбатыг ялчихсан. Тэр үед би ариун цэврийн өрөө ороод гарч иртэл Ганбатын толгойноос цус гарсан байхаар нь ариун цэврийн өрөө орж угаа гэж хэлээд оруулаад Эрдэнэбаатараас юу болсон талаар асуутал Ганбат намайг хэл амаар доромжлоод байсан, нээх сүртэй юм болоогүй гэж хариулсан...” гэжээ /хх-13-15/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №2130 дугаар дүгнэлтэд:
“1. Т.Ганбатын биед тархи доргилт, баруун зулай, зүүн нүдний гадна хэсэгт шарх, баруун зулай, чамархай, шанаа, нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун хацарт цус хуралт, баруун ухархайн дотор хана, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-48-50/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоол /хх-59/, шүүгдэгч Л.Э, хохирогч Т.Ганбат нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-56-57/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн орой 18 -19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 37 тоотод хохирогч Т.Ганбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Т.Ганбат, гэрч Г.Манлайбаатар, шүүгдэгч Л.Э нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн №2130 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Л.Эт ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал зэргийг тус тус харгалзав.
Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Т.Ганбат нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Т.Ганбат миний бие Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хугацаанд Эрдэнэбаатар нь надаас уучлалт гуйж, эмчилгээний зардал болох 1.5 сая төгрөг хүлээлгэн өгч бид хоёр сайн дураар эвлэрсэн тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Лхагваагийн Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН