Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01090

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б -ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б -ийн хариуцагч Н- бөгөөд У-ид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 529 753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 4 дүгээр сард Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргаар томилогдож, 2019-2020 онд хангалттай сайн ажилласан боловч 2020 онд Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтний буруугаас болж хангалтгүй ажилласан гэдэг дүгнэлт гаргасан. Тухайн үеийн Нийслэлийн өмчийн харилцааны газар руу манай байгууллага 2020 онд хангалттай сайн ажилласан байхад танай байгууллагаас яагаад хангалтгүй ажилласан гэдэг дүгнэлтийг гаргасан бэ гэдэг албан бичиг явуулж, тухайн үеийн Н- байсан н.Уртнасангийн өрөөнд Нийслэлийн өмчийн харилцааны газрын үүрэг гүйцэтгэгч н.Р-ыг дуудаж уулзаж, ярилцахад Нийслэлийн өмчийн харилцааны газрын үүрэг гүйцэтгэгч н.Р-а манай зүгээс алдаа гарсан байна, үүнийг бид нар залруулна гээд Н-гын тамгын газар руу албан бичиг явуулж, 2020 оны гэрээг сунгасан. 2019 оны гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газрын зүгээс хангалтгүй гэж үзсэн боловч 2020 онд гэрээ байгуулсан. 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Уг нь ажилд томилох гэж байсан заалтыг ажлаас чөлөөлөх гэж ажлаас халах тушаалын үндэслэл дээр бичсэн байсан. Иймд ажлаас үндэслэлгүй халсан захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н- 2020 оны А226 дугаар захирамжийг гаргахдаа хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уг арга хэмжээг авсан. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот газрын дарга зөвхөн контрактын гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргатай байгуулж, Н- баталдаг. Тухайн контрактын гэрээний дагуу хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан. Контрактаар хүлээсэн Б.Б -ийн үүрэг бол ажил сайжруулах байсан бөгөөд Н-гын контрактын гэрээг үндэслэн захирамжаар ажил сайжруулах шаардлагатай гэж үзсэн учир Б.Б -ийг чөлөөлсөн. Тухайн шийдвэрийг гаргахад контрактад өөрчлөлт оруулах, цуцлах тухай заалтын 7.4.7-д заасан бусад хуульд заасан үндэслэлээр Б.Б -ийг ажлаас чөлөөлсөн нь зорилгодоо нийцсэн захиргааны акт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Б.Б -ийг Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, Н- бөгөөд У-аас 9 529 753 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б -өд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын төсвөөс 240 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б -өд олгож, хариуцагч Н- бөгөөд У-аас улсын тэмдэгтийн хураамж 167 426 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шийдвэрийг хариуцагч Н-гын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ыг Н-гын 2020 оны 6 дугаар сарын А/900 дүгээр захирамжаар тухайн байгууллагын ажлыг дүгнэсэн бөгөөд тус захирамжийн 1 дүгээр хавсралтад зааснаар хангалтгүй гэсэн үнэлгээ авсныг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн. Н-гын тамгын газрын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Контрактын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хийсэн хяналт шинжилгээний тухай тайлангаар нэхэмжлэгч нь 56% хувь буюу ажил сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн бөгөөд тус үнэлгээг алдаатай гаргасан тухайн үнэлгээнд Нийслэлийн өмчийн харилцааны газраас залруулга хийнэ гээд Н-гын Тамгын газар руу албан бичиг хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад баримтыг ирүүлсэн мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны тогтоолд заасан журмын дагуу дүгнээгүй гэж шүүхийн шийдвэрт бичсэн бөгөөд яг журмын ямар заалтын дагуу дүгнээгүй талаарх баримт нотолгоог харгалзан үзээгүй. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасныг зөрчсөн бөгөөд нотариатаар гэрчлүүлээгүй баримтуудыг үндэслэн дээрх шүүхийн шийдвэрийг гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б - нь хариуцагч Н- бөгөөд У-ид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 529 753 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ажил олгогчийн зүгээс 2020 оны контрактыг дүгнээгүй, ажлаас чөлөөлөх тухай захирамжид зөвхөн Н-гын бүрэн эрхийг тусгаж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч ажилтан контрактаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тул Н- хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Хариуцагч Н-гын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/59 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Б - нь Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон, контрактыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулжээ. Улмаар талууд 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15/2020 дугаартай контрактыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан байх бөгөөд Н- нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/226 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасныг тус тус үндэслэн, нэхэмжлэгч Б.Б -ийг ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 3-5, 7-23-р тал/

 

Ажил олгогчийн зүгээс орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын захиралтай байгуулсан 2019 оны контрактын гэрээ болон эдийн засгийн үр дүнг дээшлүүлэх зорилтот түвшний биелэлтийг дүгнэхэд нэхэмжлэгч Б.Б - 56 оноо авсан болох нь контракт дүгнэсэн үнэлгээ, контрактын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хийсэн хяналт шинжилгээний тухай танилцуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 191-197-р тал/

 

Хэдийгээр нэхэмжлэгч Б.Б -ийн 2019 оны контрактын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт 56 оноогоор буюу хангалтгүй дүгнэгдсэн боловч хариуцагч Н-гын зүгээс тухайн онд зохих арга хэмжээг аваагүй, улмаар ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Б -тэй 2020 оныг дуустал дахин контракт байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч Н- нь нэхэмжлэгч Б.Б -ийг 2019 онд контрактаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр контрактыг дахин байгуулсан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 - 41.1.4-т ажил олгогчийн санаачилгаар контрактыг цуцлах үндэслэл, журмыг заасан. Ажил олгогч нь дээрх заалтуудын аль үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь захирамжид тодорхой заагдаагүй байх бөгөөд ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хэлбэрийн болон агуулгын хувьд хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч Б.Б - нь контрактаар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх боловч 2020 оны контрактыг дүгнэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хуулийн үндэслэл бүрдсэн болохыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын ажил хангалтгүй дүгнэгдсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б -ийг Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 529 753 төгрөгийг хариуцагч Н-ас гаргуулан нэхэмжлэгч Б.Б -өд олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг заасанд тус тус нийцжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б - нь ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргаагүй хэдий ч ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт тус тус зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийх үүрэгтэй юм. Анхан шатны шүүх энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй байх боловч нэгэнт ажил олгогчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул энэ агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримт үнэлсэн гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрт заасан ач холбогдол бүхий баримтууд хэргийн 191-197 дугаар талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Г.ДАВААДОРЖ