Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

2024            02           14                                       2024/ДШМ/08                             

 

 

Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, Л.Батжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/573 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн 2239000000059 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Ц- нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин 4 дүгээр баг Үйлдвэрийн 1-3 тоотод байх өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ц.Э-ыг “хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, Ц.Э-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгээс шүүгдэгч Б.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн 2239000000059 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлон хэлэлцэж мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцаажээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэг давж заалтад шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Б.Ц-д холбогдох хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хурлаар шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгээр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хэргийг хүлээж аваад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2023/Ш3/195 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн байна.

Харин анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхээс дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дах хэсэгт "Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй" гэснийг ноцтой зөрчсөн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна..." гэж хуульчилсны дагуу тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх боломжтой байна.

Мөн шүүгчийн захирамжид талийгаач Ц.Э- нь гар утастай байсан эсэх, байсан бол талийгаачийн гар утсыг олж тогтоон үзлэг хийж, 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэнтэй ярьсан болохыг нэмэлт мөрдөн байцаалт явуулж шалгаж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж дурдсан байна.

Хэрэгт авагдсан баримт сэлтээр талийгаач Ц.Э-ын нэр дээр бүртгэлтэй утасны дугаар байхгүй, тухайн хэрэг гарсан цаг хугацааны утасны ярианы дэлгэрэнгүй лавлагаа гаргаж өгөх боломжгүй тухай эрх бүхий байгууллагын албан бичиг хэрэгт авагдсан ба тус мөрдөн шалгах ажиллагааг хийх боломжгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг товлож 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 195 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг нь шүүхийн шатанд байгаа хэрэг юм.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр 573 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан.

Прокуророос хууль хэрэглээний асуудлаар эсэргүүцэл бичсэн. Магадлал болон шүүгчийн захирамжид заасан ажиллагааг прокурор хийж болно. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар эргэлзээ төрвөл шүүхийн шатанд дахин шинжээч томилж болно. Мөн ажиллагааг 60 хоногоор хойшлуулаад хийлгүүлж болох хуулийн зохицуулалтууд байдаг. Талийгаачийг гар утастай байсан эсэхийг шалгуулах асуудлын хувьд лавлагааг хэрэгт хавсаргасан.

Нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. Уг захирамж хүчин төгөлдөр хэвээр байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцааж байгаа явдал нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэсэн заалтыг зөрчсөн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын иргэний эрхийг маань зөрчсөн. Энэ хэрэгт үнэхээр хайхрамжгүй хандаж байна. Тухайн үед үхэл хагацал үзээд хашхирсан дээр минь үндэслээд намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шалгасан. Мөрдөн байцаалтын шатанд шалгах шаардлагатай зүйлээ шалгаагүй. Өмгөөлөгч хүсэлт гаргахаар хүлээж авдаггүй. Би тухайн үед өөрөө хашхирснаа ч санахгүй, ухаангүй байсан. Миний хань надаас 2 дахин том биетэй хүн байсан. Би 44 жил ханилсан 7 хүүхдийнхээ эцгийг алах шаардлага байхгүй. Бид хоёр хоорондоо хэрэлдэж муудалцдаггүй байсан. Би үнэхээр гомдолтой байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” зарчмыг хуульчилсан. Шүүгч гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулахгүй байх, гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмыг баримтлан ажилладаг. Шүүгч хариуцлагатай ажил хийдэг учраас тухайн хүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хуульд зааснаар тухайн нотлох баримт нь эргэлзээгүй нотлогдсон тохиолдолд тухайн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хуулийн үндсэн зарчим байдаг. Уг зарчмын хүрээнд “Б.Ц-д холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтаар шийдвэрлэх боломжгүй” гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь улсын яллагчийн Б.Ц-г яллаад байгаа нотлох баримтууд нь бүгд зөрүүтэй, жишээ нь хутганы мөр, хутган дээрх гарын хурууны хээ, хувцас дээр үлдсэн мөр зэрэг. Ийм зөрүүтэй нотлох баримтуудаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан учраас шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан.

Мөн гар утасны асуудлыг прокурор дутуу шалгасан, уг ажиллагааг шүүхийн шатанд хийлгэх боломжгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 37-38 хуудсанд авагдсан нотлох баримтаас харахад амь хохирогчийн болон Б.Ц-, түүний охин Э.М-нарын 3 ширхэг гар утсыг хурааж авсан байдаг. Мөрдөгч уг гэмт хэргийг Б.Ц- үйлдсэн гэж үзээд Б.Ц-н болон охин Э.М-ын гар утсанд үзлэг хийгээд амь хохирогчийн “G-Mobile маркийн гар утсанд үзлэг хийгээгүй буцаасан. Мөн амь хохирогчид “Samsung маркийн гар утас байсан талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэлсэн. Уг гар утсыг олж тогтоож шалгах шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан байна.

Хууль хэрэглээний хувьд урьдчилсан хэлэлцүүлгийг хэргийн оролцогчдын хүсэлтээр болон шүүх өөрийн санаачилгаараа хэдэн ч удаа явуулж болно. Шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд хэргийг мөрдөн байцаалтад буцааж болохгүй, урьдчилсан хэлэлцүүлэг явуулж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндсэн зарчим, агуулга нь шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн итгэл үнэмшил байвал өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг мөрдөн байцаалтад буцааж болно гэсэн утгатай юм. Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх хуулийн зохицуулалттай. Хүний биед 4.5-5 литр цус байдаг. Гэтэл гэрт их хэмжээний цус тогтсон зүйл байхгүй. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй.

 Гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, гэрт үйлдсэн үү, зөөвөрлөгдсөн зүйл байна уу, гэрт үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол 2 литр цус хаана байгааг тогтоогоогүй. Уг ажиллагааг зайлшгүй тогтоох шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжав давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэсэн хэсэг байгаа, үүн дотроо 33 дугаар бүлэгт “шүүгдэгчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа” гээд байдаг.

 Өөрөөр хэлбэл анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулчихсан учраас, тогтоогоод хүчингүй болгочихсон учраас өнөөдөр дахиад эхнээс нь буюу шүүхэд шилжүүлэх биш урьдчилсан хэлэлцүүлэг хийх асуудлыг ярьж байна гэж ойлгож байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр мөрдөн байцаалтад буцаах хуулийн заалт байхгүй учраас шүүхийн практикт яг энэ шатаар хэргийг шийдвэрлээд л явж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцсан тохиолдолд хамаарахгүй. Уг заалт анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдэж байх явцад хэргийн оролцогчдоос хэргийг мөрдөн байцаалтад буцаах талаар санал гаргавал хамаарна гэж үзэж байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэснийг шүүх хэрэглэх боломжтой байсан гэж прокурор үзсэн.

Шүүхийн шатанд шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулаад хийх боломжтой ажиллагаа, боломжгүй ажиллагаа гэж байна.

Шинжээч дахин томилуулах зэрэг асуудлыг шүүхийн шатанд явуулж болно. Гэтэл амь хохирогч 2 гар утастай байсныг гэр бүлийнхэн нь гэрчилдэг. Хуульд заасан тогтоох шаардлагатай зургаан зүйлийн нэг болох гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтооход алга болсон гэх гар утас шаардлагатай гэж бидний зүгээс үзсэн. Гэтэл уг гар утсыг тогтоох ажиллагааг 60 хоногт багтаан шүүхийн шатанд гүйцэтгэх боломжгүй.

Прокурор “амь хохирогчийг утастай байсан эсэхийг тогтоолгохоор оператор компаниудад хандсан боловч түүний нэр дээр утас байгаагүй” гэсэн байна. Амь хохирогчийн барьж явсан гар утаснууд өөр хүний нэр дээр байх боломжтой. Иймд уг ажиллагааг шүүхийн шатанд явуулах боломжгүй юм. Иймд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн захирамж зөв байсан гэж үзэж байна.

3. Бидний зүгээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн гэж ойлгож байна. Гэтэл прокурорын эсэргүүцэлд ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн эсэргүүцэл бичсэн талаар огт байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар дүгнэлтээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн. Уг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Энэ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Иймд прокурор эсэргүүцэл бичих эрхгүй гэж үзэж байна. Иймд шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авахгүй байх гэж бодож байна.

Нэмж хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс хэрэг анхан шатны шүүхэд буцсан бол анхан шатны шүүх хянан хэлэлцээд прокурорт буцааж болно гэсэн зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зааж өгсөн юм. Хууль хэрэглээний асуудлыг шууд болон шууд бусаар дамжуулан хэрэглэдэг.

Прокурорын эсэргүүцэлд дурдсан хуулийн заалтууд нь анхан шатны шүүх уг хуулийн заалтуудыг барьж хэргийг прокурорт буцаасан гэж бичсэнээс биш прокурор хуулийн энэ зүйл, заалтыг барьж эсэргүүцэл бичсэн гэсэн зүйл байхгүй байна. Гэхдээ прокурор агуулгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг барьж эсэргүүцэл бичсэн нь ойлгомжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэргийг прокурорт буцаах тохиолдолд прокурор эсэргүүцэл бичих эрхийг нь тодорхой хугацаагаар Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, үүнийг хүлээн авсан Монгол Улсын Их хурлын шийдвэр мөн хүчин төгөлдөр хэвээр байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авахгүй байх үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн “хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

3. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгээс шүүгдэгч Б.Ц-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ц.Э-ыг “хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, Ц.Э-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл учруулж алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 162А дугаартай яллах дүгнэлт үйлдэж /3хх 32-37/ шүүхэд шилжүүлснийг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн авч 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/195 дугаартай шүүгчийн захирамж /3хх 77-79/-аар яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ. 

 

4. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэж 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоол /3хх 127-146/ гаргасныг давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ДШМ/26 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн /3хх 204-211/ байна.

 

5. Анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/195 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг удаа дараа сунгах, дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоох тухай захирамжуудыг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт "Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй" гэж заасныг зөрчсөн илтэд үндэслэлгүй шийдвэр болжээ.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана...” гэж заасны дагуу шүүгч хэргийг хянаад яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш дахин урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай заалт хуульд тусгагдаагүй байна.

 

6. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжавын гаргасан “прокурорын эсэргүүцэл бичих эрхийг Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлсэн” гэх тайлбарын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7 дугаар дүгнэлтээр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлснийг Монгол Улсын Их Хурлын  2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн байна.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн агуулга нь хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж уг эрхийг сэргээлгэхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах агуулгатай байсан бөгөөд уг хуулийн заалтад 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж “Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” байхаар хуульд өөрчлөлт оруулан нийтээр дагаж мөрдөж байна. Иймд тухайн заалтыг бүхэлд нь түдгэлзүүлсэн гэх агуулга бүхий өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

8. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул прокурорын эсэргүүцэл, оролцогч нарын гаргасан тайлбарт дурдагдсан асуудлыг хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

            1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ЗШ/573 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

            2. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгийн бичсэн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

            3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА 

 

                           ШҮҮГЧИД                                                Г.БОЛОРМАА

           

                                                                                            Д.ГАНЗОРИГ